Үер ус, гал түймэр, гэнэтийн гамшиг, осол болсон үед Онцгой байдлын албаныхан өөрийн амь насаа үл хайрлан аврах ажиллагаа явуулдаг. Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр тэдэнтэй уулзаж, ажилтай нь танилцсан юм. Энэ үеэр түүнээс цөөн асуултад хариу авлаа.
-Та Онцгой байдлын салбарынхны ажил байдалтай нь танилцлаа. Цаашид юунд, хэрхэн анхаарах шаардлагатай байна вэ?
-Гамшиг бол үнэхээр давагдашгүй хүчин зүйлээс үүдэлтэй. Тийм учраас онцгой байдлын албаны ажил амаргүй гэдгийг бүгдээрээ мэднэ. Давагдашгүй хүчин зүйлээс гадна албан байгууллага, хувь хүний хариуцлагагүй үйлдлээс болж гал түймэр гарах гээд янз янзын зүйл гардаг. ОБЕГ-т сүүлийн үед хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн ч хийх ажил их байна. Улаанбаатар хотын хэмжээнд л гэхэд техникийн хэрэгслийн хангалт 50 орчим хувьтай л байна. Үлдсэн 50 хувийг нь орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах шаардлагатай нь харагдлаа.
-Албан нийгмийн асуудлын тухайд юу хэлэх вэ?
-Энэ талаар бодох зүйл их байна. Ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийн 10 хүрэхгүй хувь нь орон сууцанд амьдардаг юм билээ. Гэр хороолол, айлын байшинд түрээсээр амьдардаг нь олон байна. Өдөр, шөнөгүй осол аваар гэх мэт хүнд нөхцөлд ажиллачихаад гэртээ харихад тохитой, тухтай, ажлын байранд ч тодорхой хэмжээгээр амраах орчин хэрэгтэй юм байна.
-Манайх шиг аврагчид нь түймэр гарсан уул руу савтай ус үүрээд алхаад явдаг улс ховор байх. Нисдэг тэрэгтэй болгох боломж бий юу?
-Нисдэг тэрэгний асуудлыг гарцаагүй шийдвэрлэх ёстой.