Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Ганхуяг: оногдсон ганц дэд сайдын суудлыг нь буцаагаад өгөх иргэний зориг бидэнд бий


Хөдөө аж ахуйн сайд байхаас нь мэдэх энэ эрхэм Бүгд найрамдах Болгар улсад Элчин сайдаар ажиллаж байгаад эх орондоо ирээд удаагүй байна. Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдийн нэг, Иргэний зориг намыг байгуулалцсан хүмүүсийн нэг  түүнтэй ярьж хөөрөх сэдэв ч өргөн хүрээг хамарсан юм. Тэртээх 25 жилийн өмнө болоод эдүгээ улс төрийн амьдралд өрнөөд буй үйл явдлуудын талаар ИЗНН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн Ц.Ганхуягтай ярилцлаа.

-Монголд ардчилсан хувьсгал өрнөсний 25 жилийн ой энэ сарын 10-наас эхэллээ. Монголын Ардчилсан хувьсгалд оролцож явсан хүний хувьд энэхүү 25 жилийг дүгнэж хэлэх үг бий байх?
-Ардчилсан хувьсгалт хөдөлгөөнд залуу насаа зориулсан хүний хувьд эдүгээ 25 жилийн тэртээх өдрүүд, түүний дараачийн үйл явцыг өнөөдөр санан дурсахад сайхан байна. Шинэ нийгэм байгуулж, шинэ зорилтуудыг хэрэгжүүлэх шинэ оргилсон хүмүүсээр дүүрэн он жилүүд байж. Ардчиллын зүтгэлтнүүд нойр хоолоо умартан зүтгэж, хатуу ширүүн тэмцлийн дундуур шинэ нийгмийн үндэс суурийг тавилцсан. Тэр л жилүүдийн анд нартаа ардчиллын баярын мэнд хүргэе.
Сайн сайхан үйл, эрх чөлөөний төлөө амь биеэ золиослон байж эхлүүлсэн энэхүү үйл явцын үр дүнг харахаар ардчилал жирийн ард олны сайхан, тогтуун амьдралын механизм нь болж чадаагүй, дараагийн шинэчлэлүүдийг эхлүүлэх түүхэн цаг үетэйгээ бид золгож байна. Би ардчилалд яг бодитой ямар хувь нэмэр оруулсан бэ гээд бодоход хоёр том ажил л санаанд бууж байна. Эхнийх нь малыг малчдад олгох Ардын аж ахуйтны хөдөлгөөнийг зохион байгуулж удирдсан. Хоёр дахь нь Атрын гуравдугаар аяныг эхлүүлсэн гээд хоёр том төсөлтэй яах аргагүй холбогддог.

-Та МоАХ-той анх хэрхэн холбогдож байсан юм бэ?
-Би МоАХ-ны Завхан аймгийн зохицуулагчаар 1990 онд томилогдон, 1991 оны зургадугаар сар хүртэл ажиллаад МоАХ-ны II Их хурлаас С. Зоригийн тэргүүлсэн МоАХ-ны Тэргүүлэгчдийн танхимын гишүүнээр сонгогдон ажилласан. Энэ хурлаас Ардын аж ахуйтны Улсын зөвлөлгөөн зохион байгуулах ажлыг надад хариуцуулсан тогтоол гарсан юм. Тэгээд тэр жилийнхээ зургадугаар сарын 27-28-нд Монголын Ардын аж ахуйтны анхдугаар зөвлөлгөөнөө хийж, холбоогоо байгуулан, анхны Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж, нарийн бичгийн даргаар нь миний бие сонгогдож байлаа.
Завханы МоАХ-г удирдаж байх үед тухайн үеийн Нэгдлийн холбооны Дээд зөвлөлийг татан буулгах зорилготой улс төрийн суулт, өлсгөлөн зохион байгуулагдаж, эрх баригчидтай хамтран дөрвөн сумын ХАА-н нэгдлийг задлах тохиролцоонд хүрсэн. Мөн мал хувьчлах зөвлөмжийг боловсруулаад үүнийгээ улс даяар хөдөлгөөн болгон өрнүүлэв. 1992 он гэхэд дийлэнх нэгдэл задран Монголын анхны хувийн өмчтөнүүд төрөн гарч байлаа. Тэр үед ХАА-н нэгдлийн дэд бүтцийг авч үлдэхээр тэмцсэн ч нэгдлийн удирдлагууд нь хувьцаат компани байгуулах нэрээр худаг ус, хашаа хороог устгах замбараагүй байдал руу түлхсэн. Бидний нөхдийг нэр заан шоронд явуулах хүсэлтэй улстөрчид ч байсан үе. Монгол орны мал сүрэг барагдан модоо барина гэж муу ёрлож байсан хүмүүс тэр үеийн 18 сая мал өнөөдөр 60 саяд хүрснийг хараад нэгийг боддог байлгүй дээ.
 
-МоАХ-ны II Их хурлын тогтоол танд байдаг юм билээ. Танд ер нь тэр үеийн баримтууд хэр олон байна вэ?
-Баримтууд бий бий. Ном товхимол, тэр үеийн сонин сэтгүүл, миний өөрийн бичиж байсан нийтлэлүүд байгаа. Сониноос би “Ардчилал” сонины эрхлэгч Ш.Мягмарсамбуу байх үед сурвалжлагчаар ажиллаж байлаа. Голдуу хөдөөгийн байдал, хөдөө аж ахуйн талаар бичнэ. Тухай үеийн тавьсан илтгэлүүд, хайчилбарууд гээд тоочвол баримт бий. Тэр үед бид их хурц, юунаас ч айдаггүй, цалин хөлс гээд байх юмгүй, найз нөхдөөсөө жаал жуул хандив энэ тэр босгон хөдөлгөөнийхөө үйлсэд зориулдаг байсан шүү дээ. Аймаг бүрт Ардын аж ахуйтны салбар зөвлөл байгуулах гэж явж зүтгэж байснаа өнөөдөр бодохоор гайхдаг. Их тийм гэгээлэг, дайчин байж.

-МоАХ-ны тухай гэхээсээ С.Зориг агсан, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл гээд лидерүүдийн тухай илүүтэй ярьдаг. Энэ хүмүүсийг яаж тэмцэж явсныг мэддэггүй хүмүүс ч цөөхөн. Тухайн үед нэг зорилгын төлөө зүтгэж байсан олон хүний нэр ус хаягдаж гээгдсэн тохиолдол ч бий. Таны санаанд үлдсэн хамтран зүтгэгч нөхдөө эргэн дурсвал?
-Ардчиллын анхны лидерүүдээс С.Зориг, Ц.Элбэгдорж нартай түлхүү хамтран ажилладаг байсан. Ц.Элбэгдоржтой хамтран Ардын аж ахуйтны хөдөлгөөнөө зохион байгуулж, С.Зоригтой улс төрийн нам талаасаа илүү ажиллана. 1991 онд С.Зориг бид нар Бүгд Найрамдах Намыг байгуулж, “Бүгд найрамдах ёс” нэртэй улс төрийн намын анхны сонин гаргаж байлаа. Монголын боловсролын тогтолцоог шинэчлэх нь нэртэй томоохон хөтөлбөр боловсруулан тухайн үеийн Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуайд биечлэн гардуулж билээ.
Германы Конрад Аденауэрын сан Монголд анх төлөөлөгчийн газраа нээх үеэс ААА хөтөлбөр төсөл эхлүүлж, Монголын хөдөө сарлагийн сүүгээр швейцарь бяслаг үйлдвэрлэн, тарваганы тосыг Германы эмийн үйлдвэрүүдэд нийлүүлэх, ердийн хөсгийн үйлдвэрлэлийн төсөл гээд олон ажилд гар бие оролцжээ. Энэ сангийн дэмжлэгээр байгуулагдсан “Сантмарал” судалгааны сан, Улс төрийн боловсролын Академийг нөхдийн хамт үүсгэн байгуулалцсанаа өнөөдөр дурсахад таатай байна. Ер нь тэр жилүүдэд олон сайхан үйлс эхэллээ тавьж, урам зоригтой ажиллах боломж бүрдэж байсан юм.
ХАА-н нэгдлийн хувьчлалыг эхлүүлэх тэр анхны тэмцэлд оролцож байсан Завханы Батболд, Цэвэлжид, Бүжинлхам, өвгөн Багабанди гээд нөхдөө дурсахгүй байхын аргагүй. Тэднийхээ тэмцэл, Ардын аж ахуйтны хөдөлгөөний ялалтын талаар ирэх онд нэг ном гаргах санаа бий. Номондоо олон сайхан баримт, тэмдэглэлээ оруулна.

-МоАХ-ны партизанууд манай “Ардчиллын анхдагчид” буланд урьд нь сонсоогүй сонир­холтой түүхээ хуучилдаг. Танд ч бас сонирхуулах түүх байдаг болов уу?
-Би эхнэр хоёр хүүхдээ Завханд орхиод Улаанбаатарт ирээд айл айлын өрөөнд амьдарч тэмцэлд нэгдэж байсан. С.Зориг агсаны гэрт ээжтэй нь хамт гурвуулаа хэсэгхэн хугацаанд амьдарч л байлаа. Одоо бодоход Улаанбаатарын бүх дүүрэг тэр бүү хэл Нисэхэд хүртэл амьдарч үзсэн байдаг юм. Өнөөдөр бий болсон эрх чөлөө ямар их үнэ цэнээр олдсоныг залууст сайн ойлгуулах нь бидний өнөөгийн нэг үүрэг. Ийм ярилцлага, тусгайлсан буланг танай сонин хөтөлж байгаа нь зөв, зүйтэй ажил. Амьд ахуйд нь тэдний түүхийг буулган үлдээх нь буянтай сайхан ажил шүү дээ.  
1991 оны дөрөвдүгээр сард МоАХ-ны Ерөнхий зөвлөлийн анхны 35-ыг огцруулсан айхтар хурал болж, лидерүүдийг ээлж дараалан байцааж, ардчилалдаа үнэнч эсэхийг нь шалгасан юм. Таван хоног дараалан хуралдаж, сүүлчийн өдрийн хурал үүрээр өндөрлөсөн. Энэ хурлын үеэр хотын голдуу хүмүүс С.Зоригийг МоАХ-ны ерөнхий зохицуулагчаас авч хаях зорилготой байсан юм. Харин аймаг орон нутгаас ирсэн МоАХ-ныхон С.Зоригийгоо авч үлдэх тэмцэл явуулж билээ. Тэр хурлыг Эрдэнэтийн Баттүвшин, Жияандорж, бид гурав удирдсан юм. Хурлаас МоАХ-ны II их хурал хуралдуулах шийдвэр, Нэгдлийн холбооны дээд зөвлөлийг татан буулгах шаардлага гаргав. Шаардлагын төслийг Баттүвшин бид хоёр одоогийн КТМС-ийн байранд шөнө дүлээр боловсруулж саналаа хэлэлцүүлэн дэмжлэг авсан. Энэ хурлын дараа С.Зоригийг эсэргүүцсэн 87-гийн бүлэг гэж байгуулагдан, МоАХ-ны II их хурал хурц ширүүн тэмцэл дунд болсон. Гэхдээ С.Зоригийн ялалтаар хурал өндөрлөсөн ч тухайн жилийнхээ намар тэд С.Зоригийг суудлаас нь буулган Ц.Элбэгдоржийг зохицуулагчаар томилсноор үүргээ гүйцэтгэсэн юм.

-Та улс төрөөс түр завсарлаад эргээд ирлээ гэсэн байсан. Одоо нэлээд идэвхтэй байна гэсэн үг үү. Эргэж ирлээ гэдгийг ямар нэг албан тушаалд очино гэж ойлгодог. Та ер нь цаашдаа юу хийх вэ?
-Дөрвөн жил шахам Элчин сайдаар томилогдон ажиллаад өнгөрсөн жил эх орондоо ирлээ. Хэсэг хугацаанд амарч, хөдөөгүүр явсан. Энэ оны хавраас ИЗНН-ын Улс төрийн гишүүний сонгуульт үүрэг хүлээн, намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн. ИЗНН-ыг 2000 онд хэсэг нөхдийн хамтаар үүсгэн байгуулсны хувьд намынхаа өнөөгийн байдалд маш их санаа зовж байгаа. Манай улсын гүн гүнзгий хямралыг даамжруулахгүйн үүднээс намын улс төрийн үйл ажиллагааг улам идэвхжүүлэх, улс орны өөрчлөлтийн талаарх бодитой бүтээлч саналуудаа төрдөө хүргэх их ажил бий. Тиймээс улс төрд дахин гүнзгий орох хэрэгтэй гэж үзээд энэ шийдвэрээ гаргасан.

-Элчин сайдаар яваад эргээд эх орондоо ирэхэд өөрчлөгдсөн зүйлүүд цөөнгүй байсан байх. Монгол Улсын өөрчлөлт танд хэр мэдрэгдэв. Эерэг болоод сөрөг талаасаа?
-Эерэг талаасаа гэвэл залуус маань улам өнгөлөг, боловсролтой болон нэгэн шинэ үе төрөн гарч байна. Тэд удахгүй улс орноо удирдана гэх итгэл төрж байна.
Ардчилсан төр нь ард иргэдээ аж төрөх арга ухаанд сургахын оронд бэлэнчлэх сэтгэлгээтэй болгон, нийгмийн баялаг цөөн хэдхэн хүний гарт орсон нь харамсалтай. Ийм том газар нутагтай, асар их баялагтай, аугаа түүхтэй орны гуравхан сая иргэн өлмөн зэлмэн амьдарч, ихэмсэг бардам өвгөдийн үрс тарчиг амьдралтай, толгой гудайлгасан байгааг хараад улс төр рүү дахин орохоос өөр замгүй юм гэж бодогдлоо.

-Улс төрөөс хөндийрөөд дипломатч болоод Монголын улс төрийг гадна талаас нь харахад ямар санагдсан бэ. Өмнө нь дандаа үйл явдал дунд нь явсан хүнд өөр өнцгөөс харагдсан уу,эсвэл?
-Элчин сайд бол тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагч гэдэг утгаараа зөвхөн эх орноо төлөөлөн бүх талын харилцааг хөгжүүлэхийн төлөө ажилладаг. Олон талын мэдлэг хэрэгтэйгээс гадна оролцохгүй ажил гэж үгүй. ЭСЯ-ны төлөвлөгөө, төсөв, уулзалт хүлээн авалт, гэрээ хэлэлцээр, хөрөнгө оруулалт гээд олон ажилд хутгалддаг. Ялангуяа цөөн орон тоотой ЭСЯ-д Элчин сайдад өндөр хариуцлага ирдэг юм. Ийм алба хашсан хүн улс төр рүү шууд ороход түвэгтэй байдаг болов уу. Миний хувьд дээр хэлсэн, хэсэг хугацаанд нам жим амьдралыг сонгон улс орны өнөөгийн байдлыг ажигласны эцэст сонголтоо хийлээ.
Монгол оронд маань засаглалын айхтар хямрал нүүрлэчихэж. Үүнийг шийдэхгүйгээр засаглалын олигархижсан бүтэц улам амь бөхтэй болж байна. Нийтийн баялаг цөөн хэсгийн гарт ингэж улам төвлөрвөл, түмэн олны уур хилэн асан бадрах нь гарцаагүй. Аливаа тэвчээрт хязгаар байдаг. Энэ хязгаар одоо дуусч байгаа болов уу.

-Хамтарсан Засгийн газар байгуулах ажлын хэсэгт ИЗНН-аа төлөөлж та ажилласан. Гэтэл ИЗНН өмнө нь намуудын тохиролцсон байсан Байгаль орчны асуудал хариуцсан яамандаа үлдэж чадаагүйд ажлын хэсгийн гишүүдийн хамтын ажиллагаа дутав уу. Аль эсвэл өөр хүчин зүйл нөлөөлөв үү?
-Хамтарна гэдэг нь үүрэг хүлээж, ажлаа ард олондоо дүгнүүлэх боломж юм. Гэтэл хамтарна гэчихээд АН-д оногдох хувиас хишиг хүртээх яриа өрнөөд эхлэхээр яагаад ч дэмжих нөхцөл үүсээгүй. Ажлын хэсэг дотроо болсон нарийн ширийнийг энд дэлгээд яахав. Гэхдээ та анзаарсан бол ИЗНН-ыг нэг хүний нам гэсэн явган ярианаас өргөн олны талархлыг хүлээсэн нийтийн нам болгоход би идэвхтэй ажиллахаа мэдэгдсэн нь ч үүнтэй холбоотой.

-МАН-ынхан ИЗНН-ын УИХ-д авсан суудлыг харьцуулаад бодохоор нэг байтугай, тал сайдын суудалд ч хүрэхгүй байна гэж ярьж байсан. Бусад хамтарч байгаа намуудаас татгалзсан зүйл илэрхийлж байв уу?
-Хамтарна гэдгийг ойлгоогүй, боловсрол тааруухан улстөрчид ийм зүйл ярьж байгаа. Хамтарна гэдэг нь эв нэгдлээ нэгтгэх гэсэн санаа. Үүнийг сандал ширээ оногдох төдийхнөөр боддог хүмүүс УИХ-д зөндөө байна. Энэ засаг ч яг ийм ойлголттой хүмүүсийн хүслээр байгуулагдлаа. Тэгэхлээр энэ Засаг шийдлийнх үү эсвэл шидлийнх үү гэдгээ удахгүй харуулах биз. МАН, АН-ын сонгуулийн амлалтууд улс орны эдийн засгийг ямар байдалд оруулсныг тэд өнөөдөр дөнгөж мэдсэн юм шиг толгой сэгсэрч, шогширцгоож байна. Улс төрийн хариуцлага хүлээлгэдэг механизм алга. Неолиберал бодлогыг хэт шүтээд, барууны ардчиллыг шууд хуулбарладаг сэтгэлгээнээсээ салахгүй бол улс орноо улам хүнд байдалд оруулах нь. Эдийн засаг эвгүйтсэн. Газардах үедээ ард олонд чанга тусах нь. Хөөрүү сагсуу, бусдыг даган дуурайдаг хэлбэрдэл ардчиллын нэр хүндийг унагааж байна.

-Анхнаасаа шоовдорлох маягтай үл тоож хандаж байсан юм бол заавал энэ Засгийн газарт орох хэрэг ИЗНН-д байсан юм гэж үү?
-Бид их тэвчээртэй хандаж байгаа. Сайханбилэг, Баярцогттон нар хэлсэн ярьснаасаа буцвал оногдсон ганц дэд сайдын суудлыг нь буцаагаад өгөх иргэний зориг бидэнд бий. Ийм ч байдлаар дэд сайдаа санал болгох шийдвэртээ тусгасан байгаа. Бид ногоон хөгжлийн бодлогоо улам сайжруулж, түмний хүртээл болгох, олон улсад Монголын ногоон хөгжлийн талаар бий болсон нэр хүндийг өсгөхөд хүчин зүтгэхэд бэлэн гэсэн. Өөр асуудлаар бид ярилцаагүй. Хамтарч байгаа юм бол энэ салбарт л бодитой хувь нэмэр оруулъя гэхээр тэд урдаас өөр зүйл ярих юм. Бодлого ярихын оронд сандал ширээ, наймаалцал ярихаар хэлэх үг олдоогүй шүү. Бид цаашид хүчтэй шүүмжилж, бүтээлч саналуудаа дэвшүүлж ажиллана.

-Салбар хариуцсан сайдын оронд Байнгын хорооны дарга, Төрийн нарийн бичгийн дарга гэсэн албан тушаал өгөхөөр тохирсон гэдэг мэдээлэл яваад байгаа тухайд?
-Тийм юм сонсогдоод л байгаа. Бид хамтрах зарчмаа, хамтарсан Засгийн газарт аль салбарт бодитой хувь нэмэр оруулахаа ярихаар нөгөө талд ийм яриа их давамгайлдаг. Хэлсэн ярьсандаа байх эсэхийг нь харна аа.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг парламентад суудалтай бүх намыг урьсан гэсэн мөртлөө зөвхөн АН, МАН хоёр л хамтран ажиллах гэрээгээ байгуулсан байна. Бусад намтай гэрээ байгуулах юм уу. Аман байдлаар тохироод явна гэсэн үг юм уу?
-Ёстой холион бантан гээч юм болж байна. Улс төрийн дөрвөн субъект хамтарсан Засаг байгуулж байгаа гэх хэрнээ дөрвүүлээ нэг дор суугаад “За ингэж бид хамтран ийм бодлого хэрэгжүүлнэ” гээд гарын үсгээ зурах ёстой баймаар. Гэтэл АН МАН хоёр хамтарна гэсэн гэрээнд гарын үсэг зурчихаж. Улс төрийн наад захын соёлыг ингэж л уландаа гишгэлээ дээ. Мордохын хазгай гэж манай ард олны хэлц үг бий. Тийм л юм болж байна.

-Сүүлийн хэд хэдэн сонгуульд ИЗНН хамтарсан Засгийн газарт орж ажиллалаа. Нэгэнт л эвсээд хамтраад болж байгаа юм чинь АН-тай нэгдэх нь зөв гэж үзэх АН-ын гишүүд байна л даа. ИЗНН туурга тусгаар байхыг та хувьдаа юу гэж ойлгож, ач холбогдлыг нь хэрхэн үнэлдэг юм бэ?
-Бид Үндсэн хуульдаа ардчилсан иргэний нийгэм байгуулж олон ургальч үзлийг төлөвшүүлэхээр заасан. Олон ургальч үзлийг яаж төлөвшүүлэх вэ. Иргэний нийгэм байгуулна гэдэг нь зөвхөн улс төрийн намуудаар хязгаарлагдах ёстой юу. Улс төрийн сонгуульд иргэний нийгэм, төрийн бус байгууллагууд оролцох уу зэргээр Таны асуултад хариулахаас өмнө буцаагаад асуулт тавимаар байна. Хамтарч нэгдэж болно. ИЗНН тусдаа байснаар хэнд ямар гай тариад байгааг ойлгодоггүй. АН-тай хамтран Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг хоёр удаагийн сонгуульд ИЗНН идэвхтэй дэмжин оролцсон. Бидэнд өөрсдийн итгэл үнэмшил, үнэт зүйл бий. Энэ хүрээнд 3-4 нам ИЗНН-д нэгдсэн байдаг. АН-ыг одоо харахад хэдэн фракцын нэгдэл гэдэг нь тодорхой байна. Бид нэгдлээ гэхэд ИЗНН фракц болно гэсэн үг үү. Нөгөө талаар АН нь хэвтээ бүтэцтэй, намуудын холбооны дүрэмтэй биз дээ. АН-тай хамтран ажиллаж ирсэн уламжлал Ч.Сайханбилэгийн үед алдагдлаа гэдгийг манай гишүүд бухимдан ярьцгааж байгаа. Бидний ярьсан бодлогод тэр, түүний нөхөд итгэхгүй байгааг улс төрийн шийдлүүдээр харууллаа шүү дээ.

-Танай нам дотор зөрчил хэр байдаг вэ. Яахав, АН, МАН-д бол дотоод зөрчил байсаар ч ирсэн, байж ч таарах нь. Түүнийгээ ч илэрхийлээд, ил гаргадаг.
-Зөрчилгүй нам, тэр бүү хэл гэр бүл гэж байдаггүй байх. ИЗНН нь 2000 оноос хойш ААА БББ хөтөлбөрөө дэвшүүлж, хэрэгжүүлэхийг чухалчилсан шийдвэрүүд гаргаж байж. Бодлогын шийдлийн зөрөлдөөн хааяа гарна. Байгуулагдсанаас хойш 15 жилийн хугацааг үдсэн, ирэх жил ойгоо тэмдэглэх үед намынхаа шинэчлэлийн асуудлыг хэлэлцэх байх. Нам маань нэг тийм зогсонги байдалд оржээ гэж хувьдаа үздэг.

-Одоогийн улс төрийн намуу­дын тухай хууль эрхзүйн орчин өөрч­лөгдөх шаардлага бий болчи­хож гэдгийг аль аль намууд хүлээн зөвшөөрч байна. Үндсэн хуулийг ч гэсэн өөрчлөх хэрэгтэй гэж байгаа. Хуулиас гадна  өөр ямар өөрчлөлт энэ улс төрийн намуудад хэрэгтэй байна вэ?
-Засаглалын хямралыг гэтлэн давах маш тодорхой гарц нь Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж засаглалын сонгодог хэлбэрээ сонгох. Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн тэнцвэр алдагдсан. Хууль тогтоох дээд байгууллагаа төрийн эрх барих дээд байгууллага гээд томъёолчихсон яваад байдаг. Ерөнхийлөгчийн хууль хүчний байгууллага талдаа эрх мэдэл нь улам нэмэгдээд байгааг бүгд харсаар. Сүүлдээ Төрийн албаны зөвлөлийн асуудал ч ерөнхийлөгчид хамаатай болж хувирсан. Тэгэхээр засаглалын асуудал дээр нэг талдаа гарах хэрэгтэй. Одоогийн парламентын магадгүй түүхэнд үлдэх гавьяа энэ асуудлыг шийдэхэд оршиж байж мэдэх юм. ИЗНН өөрийн тодорхой саналтай, цаг нь бүрдэхээр саналаа хэлэлцүүлнэ. Улс төрийн намууд гэхэд л орон нутгийн түвшинд гишүүнчлэлгүй байх нь зүйтэй юм. Орон нутгийг улс төржилтөөс гаргах хэрэгтэй. Засаг даргаа шууд сонгодог хэлбэр рүү орж, иргэдийн нийтийн хурлын эрх мэдлийг өргөжүүлэх цаг болсон. Улс төрийн сонгуульд намуудаас гадна иргэний нийгмийн байгууллагуудыг ч ижил тэнцүү өрсөлдөх эрхээр ч хангаж өгөх хэрэгтэй. Улс төрийн нам гэж хэт явцуурснаар энэ намууд нь нийгмийн цөөнх нийтийн баялгийг хувааж авдаг механизм болон хувирснаар төрд зөвхөн намаар дамждаг ордог сүлжээ бий болсон. Сонгууль нь ч тэр хүчинд үйлчилдэг, тэр хүчний захиалсан нэр дэвшигчийг гаргаж ирдэг болсныг хэн мөнгө эрх мэдэлтэй нь засагладаг хандлагыг өөрчлөхгүй бол цаг явах тусам улам хүндэрч байна.

-Та С.Баярын үед Хөдөө аж ахуйн сайд, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Элчин сайд байлаа. Тэгэхээр улстөрчийн хувиар сүүлийн 2-3 Засгийн газрын явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг харьцуулж харж, дүгнэж үзэв үү?
-С.Баярын Засгийн газрын үед Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа Атрын гуравдугаар аян хөтөлбөрийг эхлүүлснээр гаднаас олон жил хадгалсан /хортой гэж хэлж болох/ улаан буудайнаас Монгол Улс хараат байсныг өөрчилж одоо энэ бодлогын үрээр улаан буудай, төмсөөр өөрийн хэрэгцээгээ бүрэн дүүрэн хангаж байна. Энэ бодлогыг С.Баяраас хойшхи үе үеийн Засгийн газрууд дэмжин явуулж ирсэнд хувьдаа талархаж явдаг. Тухайн үед Атрын гуравдугаар аянаар Монголыг цөлжүүлэх гэж байна гээд л бөөн дайралт сөрөг хүчний зүгээс явуулж, тэр фонон дээр парламентад мод тарина гэсэн уриатай сонгогдсон эрхмийг хүмүүс мартаагүй байх.
Монгол хүнд итгэл хүлээлгээд бага зэрэг дэмжихэд асар их нөөц бий юм байна гэдгийг тэр үед мэдэрсэн. Улаан буудайн хэрэгцээнийхээ 25 хувиа дөнгөж хангадаг байсан улс хөтөлбөр баталж зарласнаас хойш найман сарын дараа хэрэгцээнийхээ 50 хувийг хангасан үр дүнг үзүүлж чадсан. Энэ хөтөлбөр бол хүнсний аюулгүй байдлыг хангах чухал алхам болсон.
Эдийн засгийг босгоё гэвэл монгол хүндээ итгэсэн бодлого явуулбал Сай­хан­билэгийн Засгийн гараас үр дүн харж чадна. 

-Ардын нам, Ардчилсан нам тус тусдаа, хамтраад эвсээд Засгийн эрх барилаа. Гэвч нөгөө л УИХ-ын гишүүн байсан сайд дарга байсан хүмүүс л төрд эргэлдээд дорвитой өөрчлөлт гарсангүй багагүй хугацаа өнгөрлөө. Үнэндээ нийгэм өөр хүмүүс, залуучууд, шинэ нүүр царайг илүү үгүйлээд байх шиг. Энэ талаар таны бодол?
-Энэ хоёр намын ялгаа улам бага болоод байх шиг санагддаг. Нийтийн баялгийг хуваах тал дээрээ тэд нэг бол­чихдог. Үүнийг намын гишүүд нь өөрс­дөө ч хэлдэг болсон байна лээ. Олон түмний нам бус олигархийн эрх ашгийг хамгаалагч бүтэц болон хувирсан байна.
Чадвартай залуус олноор төрд гараасай гэж хүсдэг. Гэхдээ бод­логын залгамж, туршлагыг үгүйсгэлгүй, тушлагатай хүмүүсээ залуустайгаа хос­луу­­лан удирдаж эрүүл саруул, тү­мэнд наалдсан бодлого явуулбал Монгол маань хурдан сэргэнэ гэдэгт би итгэдэг.

-Иргэд олон нийт, нийгмийн хүсэн хүлээж байгаа шиг шинэ хүмүүс, жинхэнэ удирдагч гарч ирэх боломж, нөхцөл хэр байгаа бол?
-Лидер өөрөө төрдөг. Цаг үе нь лидерээ өөрөө төрүүлдэг. Улс орноо удирдах төрийн чигч шударга зүтгэлтнүүд аль болох олон байгаасай.

-Эдийн засгийн хямрал танд хэр нөлөөлж байна?
-Нэг жилийн дотор 100 төгрөгийн худалдан авах чадвар 60 төгрөгтэй тэнцэхээр болсон нь мэдрэгдэж байна.

-Элчин сайд байх хугацаандаа хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж Болгарын төрийн хүндтэй одонгоор шагнуулсан байсан?
-Хоёр улсын харилцаанд онцгой гавьяа байгуулсан гадаадын иргэдийг шагнадаг одон юм. Ерөнхийлөгч нь зарлигаа гаргаад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нь  гарын үсэг зурдаг юм билээ. Гавьяаны нэгдүгээр зэргийн алтан одонгоор шагнуулсан. Хэд хэдэн хэлэлцээр тэр дундаа хоёр орны хооронд шийдэгдээгүй байсан өрийг нааштайгаар шийдвэрлэснийг үнэлсэн гэж байсан. Болгарын талд төлөх өрийн 80 хувийг хүчингүй болгуулж, үлдсэн 20 хувьд манай тал төлбөрөө хийгээд түүгээр нь 40 шахам хүнийг Болгар Улсад сургах тохироо хийсэн. Социализмын үеэс улбаатай энэ өрийг цэглэснээр хоёр улс хооронд гэрээ хэлцлүүд байгуулах зам шулуун болсон.

-Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйлийг асуухгүй өнгөрүүлж бо­лох­гүй санагдлаа. Ерөнхий сайд Ч.Сай­ханбилэг танхимаа бүрдүүлээд анхныхаа мэдэгдэлдээ маш олон асуудлыг хөндлөө. Энэ мэдэгдлийг та яаж хүлээж авав?
-Засгийн газрын тэргүүн гэдэг Монгол төдийгүй олон улсад Монгол Улсын тухай үнэн зөв мэдээлэл өгч байх ёстой. Гэтэл Монгол дампуурах ирмэг дээр ирсэн байна гэж хэлж болохгүй.  Энэ бол маш болгоомжгүй, буруу зүйл. Монгол хүн амны билгээс  ашдын билэг гэдэг. Монголын нэг ч хаан, нэг ч удирдагч дампуурах нь гэж хэлж байгаагүй. Дампуурах нь гэдэг бол монгол хүний үг биш. Зөвлөхүүд нь зөвлөсөн юм уу эсвэл хэн нэгэн хэлсэн юм уу. Үнэнийг хэлэхийг зорьсон ч араас нь орших уу, эс орших уу гэдэг шиг зүйл хэлсэн. Бид ингэж амлаад түүндээ хүрч чадаагүй, алдаа гаргаад ийм байдалд хүрлээ гэдгээ хүлээн зөвшөөрч ард түмнээс уулчлалт гуйчихаад дараа нь энэ арга хэмжээнүүдийг авна гэж хэлэх байсан юм. Гэтэл иргэдийг айлгаж байгаа юм шиг дампуурна шүү гэж болохгүй л дээ. Монгол Улс хэзээ ч дампуурахгүй, монгол хүн хэзээ ч өлсөхгүй.

0 Сэтгэгдэл
Kkk Gayaa bol *****. Gaayaa ah ni yu hiisen be. Chinii toloo
Ene hun ingej dongosood yanaa. Ardchilal garsnaas hoish ene hun yu hiiv. Ooroo alban tushaal avsan Said hiisen, Elchin said hiisen. Ta bid ,Ard tumen, engiin irgediin toloo ene hugatsaand yi hiiv. Yu hiisen be
sanaa zuv bol zaya zuv amjilt husie manan arilj tselmeg tengert ard tumen jargah boltugai
maash sain yariltslaga boljee.Gaya dargiinhaa ugiig sonsood namd maani jaahan ch atugai gerel gegeetei ireedui baigaag harlaa, bayarlalaa taniig demjij baina, Uraghsaa!
Хамгийн их уншсан