Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.ЧУЛУУНБИЛЭГ: УЛСТӨРЧ БЭЛДЭХИЙГ ЗОРИОГҮЙ, УЛС ТӨРИЙН СОЁЛ, ЁС ЗҮЙ ТҮГЭЭХ НЬ ЧУХАЛ

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Чулуунбилэгтэй уулзаж олон нийт, сошиал орон зайд ярианы сэдэв болоод буй Улс төрд шинэ манлайлагч төслийн талаар ярилцлаа.

-Улс төрд шинэ манлайлагч төслийн тухай мэдээлэл түгэж эхэллээ. “Либерал хаус” гэдэг байгууллагаас зохион байгуулж байгаа юм уу?
-“Либерал хаус” гэдэг бол бодлогын судалгааны хүрээлэн юм. Энэ бол Улс төрд шинэ манлайлагч гэдэг “UBS” телевизийн нийгмийн хариуцлагын төсөлд тийм ч их хамааралтай биш л дээ. Гэхдээ “Либерал хаус” нь төслийн дотоод сургалт явуулах, телевизийн контент бэлдэх бодлогын түвшинд үүрэг хүлээж байгаа. Улс төрийн шинэ манлайлал төслийн гол зорилго нь шинэ үеийн лидер бэлдэх, 22-40 насны залуусыг улс төрд гаргаж ирж, олон нийтэд танилцуулах. Тэд нараар дамжуулаад зөв улс төр, шинэ соёл, сэтгэлгээний тухай бодит ойлголт түгээх юм. Хамгийн гол нь шинэ шийдэл. Хүмүүс энэ нэвтрүүлгийг буруу ойлгоод байгаа. Бид олон залууг цуглуулж бэлдээд, дээш нь гаргаж ирэх гээд сурталчлаагүй ээ. Гол зорилго маань 90 залуу шалгаруулж бэлдэх, од болгох биш. Одоо та бид мэднэ. Нийгэмд хамгийн нэр хүнд муутай салбар бол улс төр болчихсон. Ялангуяа улс төрд оролцсон залуусын хувьд аль нэг дарга дагаж гүйсэн, танил талтайдаа эсвэл арчаагүйдээ улс төрд яваа гэж харах хүн олширлоо. Хамгийн гол нь тийм хүмүүс улс төрд явааг харчихаад жинхэнэ чадвартай, боловсрол, мэдлэгтэй, улстөрч байх ёстой залуус тийшээ орж зүрхлэхгүй байгаа юм. Би улс төрд ороод эд нар шиг муу имижтэй болчих байх гээд л. Тийм хүмүүст л зориулж энэ төслөө хийж байгаа.
-Таны хэлсэн шиг шинэ улстөрч бэлтгэх нь гэдэг ойлголт үндсээрээ буруу байх нь ээ?
-Буруу. Нэг шоугаар гараад ирдэг улстөрч ч гэж юу байх билээ. Бид тэр хүнийг бэлдчихнэ гэдэг ч инээдтэй. Цаг хугацааны шалгуураар 30, 40, 50 жилийн эцэст ганц, хоёр л хүлээн зөвшөөрөгдсөн улстөрч гардаг шүү дээ. Бид зүгээр л энэ залуусаар дамжуулаад улстөрч гэж ёс зүйтэй, соёлтой, мэдлэгтэй, оролцоотой, нийгэмд үйлчлэх хүмүүс байдаг шүү гэдгийг л хүмүүст ойлгуулах гэсэн юм. Оролцогчид маань төслөө дуусгаад хэрхэх нь өөрийн сонголт байхгүй юу. Магадгүй бидний бодсончлон улс төрийн намд элсэх, бие даагаад сонгуульд оролцож ч болох. Заавал УИХ биш гэхэд аймаг, хот, сум, дүүрэгт ч нэр дэвших эрх нээлттэй. Тэр болгон чинь улс төр шүү дээ.
-Нэвтрүүлэгт оролцъё гэж зориглосон залуус ямар байвал болох вэ. Жи­шээ нь, би оролцохын тулд надаас юу шаардах бол?
-Чамд хэрэв ямар нэг асуудал шийдэх гаргалгаа байвал түүнийгээ бариад л ороод ир. Заавал даргын цүнх бариад, үсээ гельдээд явснаар улстөрч болдоггүй, хэн нэг даргын юм уу, олигархийн хүүхэд байх албагүйг л ойлгох хэрэгтэй. Шийдэл байгаа бол түүгээр чинь чамайг дэмжье гэсэн юм. Нөгөөтэйгүүр, би улс төрд орсон бол бут цохиод өгөх чадалтай байсан ч нам намайг ойлгоогүй, дэмжээгүй гээд явдаг хэсэг бий. Тийм хүмүүст ч боломж гаргаж өгсөн хэрэг. Шийдэл ямар ч байж болно. Заавал гараг эрхсийн, галактикаа аврах асуудлыг шийдье гэх шаардлагагүй. Ердөө л сумандаа, хороондоо шийдэж болох зүйлийг сонгох хэрэгтэй. Эсвэл өөрийн мэргэшсэн салбартаа дутагдаж буй зүйлийг шийдэж болно. Одоо тулгарсан зүйлсээ л төлөвлөгөөнд оруулаад ирээрэй, тэгвэл хоёрдугаар шатанд шалгаруулъя гэсэн юм. Олон зуун залуу хүн тэр шийдлийг олон талаас нь яриад эхлэхээр улс төрийн тухай шинэ ойлголт аяндаа нийгэмд төрнө.
Онолын хувьд улстөрч хүн юу хийх вэ гэдгийн хариулт олон талаас явсаар ганц зүйл дээр нэгддэг. Улс­төрч та нийгмийн менеж­мент л хийх ёстой. Гэтэл орчин үед нийгмийн менеж­мен­тийн шийдэл олж чаддаг­гүй. Магадгүй зарим нь социа­лизмын үед боловсрол эзэмшсэн түүгээрээ өнөөгийн асуудлыг шийдэх гээд байдаг. Үнэндээ шинээр ургаж буй асуудал бүхэн шинэ шийдэл л шаардана. Тэр бүгдэд суралцаад явж байгаа учраас нийг­мийнхээ шаардлагыг хан­гаж чадахгүй байна л даа. Ямар ч нам, улстөрч үү­нийг гүйцэлдүүлэхэд хэцүү бол­чихсон учраас шинэ үе л үү­нийг хариуцна. Энэ болгоны эцэст улстөрч гэж хийрхсэн, пиво ууж суугаа нөхдийн яриа биш харин асуудлыг шийддэг, юм хийдэг хүмүүсийг хэлдэг байх нь гэх зөв ойлголтыг нэвт­рүүлгээр дамжуулан олон ний­тэд хүргэх нь хамгийн чухал.
-Хоёрдугаар шатанд 90 залуу шалгарч бусдаасаа илүү боломж атгах байх. Тэд­нийг юу хүлээж байгаа вэ?
-Ер нь, улстөрч хүн хамгийн ухаантай нь байх ч албагүй. Улстөрч та хамгийн түрүүнд нийгмийн хамгийн сайн менежер. Хариуцаж буй албан тушаалдаа зайлшгүй шаардах ур чадвар, мэдлэгтэй байх ёстой. Энэ мэт дагалдах чадварыг л залуустаа сур­гал­таар олгоно. Тэгээд ба­гаар зохион байгуулаад өрсөл­дөөний хасагдах журмаар явсаар ирэх оны эх гэхэд 30 залуутай үлдэнэ. Манай залуус нийгмийн байгууламжийн тухай мэдлэгтэй, Үндсэн хуулийн наад захын ойлголттой, улс төрийн үзэл санаануудын үнэт зүйл, ялгааг гадарлах, улстөрчийн үүрэг, онцлогийн төсөөлөлтэй байх ёстой. Түүнээс гадна Монголын түүх, улс төрийн тэмцэл, алдаа онооны тухай ойлголт бол наад захын шаардлага шүү дээ. Энэ мэтээр олон сургалтыг тухайн чиглэлээр нь мэргэшсэн доктор, эрдэмтэн профессороос авна. Нөгөө талаас, нийгэмд тулгамдаж байгаа асуудалд шийдэл эрэх, хэлэлцэж байгаа хуулийн төсөл боловсруулахад оролцож, сурах юм. Тэгээд тэр хуулийн төслөө нийгэмд таниулж, яаж лобби хийдэг тухай, аль болох батлуулахын төлөө хэрхэн ажиллах гээд улстөрч хүний маш том чанарт сургахыг хичээнэ. Гуравдугаарт, улстөрчийн ёс зүйн асуудлыг хөндөнө. Олон улсад улстөрчийн ёс зүйн код гэж бий. Тэгвэл манай улсад ямар байх ёстой юм. Улстөрч хүний нийгэмд зориулж хийдэг нэг чухал ажил volunteer буюу сайн дурын ажилд ч өрсөлдөөн өрнүүлэх болно.
Эцсийн дүнд 30 залуу Америк улсад манлайллын сургалтад хамрагдаж, тэн­дэхийн улстөрчидтэй уул­зах юм. Мөн шалгарсан нэг баг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагаж НҮБ-ын хуралдаанд оролцоно. Шилдэг залуу нь Харвардын түргэвчилсэн сургалтад хамрагдах юм. Энэ бүгд ердөө шагнал. Хоёрдугаар шатанд шалгарсан 90 залуу бүгдээрээ Удирдлагын академийн манлайллын сертификаттай сургалтад бүтэн жил суралцаад явна.
-Улс төрийн ажил эр­хэлж, бай­­­гаагийн хувьд энэ сал­бар “бохир” байгаагийн шалт­­гааныг юу гэж хардаг бол?
-Чөлөөт, ардчилсан ний­гэмд олон нийт янз бүрээр харж, ойлгодог. Улс төрийн ертөнцийг муухай, бохир зүйл гэж хэвлэлээр их түгээдэг. Түүгээр нь улс төрд орох гэсэн хүн тийшээ зүглэхээс татгалзах юм уу, эмээх хандлага ажиглагддаг. Миний хувийн бодлоор улс төр маш муухай гэж сурталчилдаг улстөрч ч байдаг юм шиг. Энэ маш аюултай ойлголт шүү дээ. Яагаад гэхээр тэнд эрүүл, залуу сэтгэлгээ орох, тэмцэх, тэсэхэд бэрх болчихно. Өөрөөр хэлбэл, залуус зугатаж нэгэнт улстөрч болсон хүмүүс л тэндээ байх болчихоод байгаа юм. Улс төрийн нэг онцлог нь оролцоо л шаарддаг юм. Бохир гэж үзээд улс төр рүү та орохгүй сууж болно, гэвч танаас муухай бодолтой, буруу сэтгэлтэй хэн нэгэн тэр орон зайд очдог. Тийм хүмүүс улс төрийг бохир болгоод тэндээ байсаар л байх болно, таны болон хүүхдийн чинь хувь заяаг шийдсээр сууна шүү дээ. Оролцоо зайлшгүй шаарддаг учраас зугатаах нь асуудлын шийдэл биш.
-Та яриандаа улстөрч нийгмийн сайн менежер байх ёстой, асуудлыг шийддэг хүн гэж хэллээ. Өнөөдөр улс төрийн намууд сонгууль бүрээр мөрийн хөтөлбөр дэвшүүлээд ажилладаг, тэдгээр нь шаард­лага хангахгүй байна гэсэн үг үү?
-Ямар ард түмэн байна тийм л төр тогтоно гэж үг байдаг даа. Сонгогч ямар байна тийм л мөрийн хөтөлбөр гарна шүү дээ. Хүмүүс нийгмийн халамж хүсч байвал намын дарга түүн рүү л анхаарах нь үнэн. Нийгэмд дундаж давхарга олонх бүрдүүлээгүй, орлого багатай өрх ихэнх байгаа цагт нийгмийн халамжийн бодлогыг л сонгоно. Өөрөөр хэлбэл, улстөрч сонгогчдодоо захирагдаж байгаа хэрэг. Гэхдээ энэ нь ард түмэн тийм байна, одоо тэгээд яах вэ дээ гэсэн үг биш. Нийгмийнхээ дундаж давхаргыг яаж нэмэх вэ, яаж амьжиргааны түвшинг сайжруулах вэ, улс төрийн намы шинэчлэлийг хэрхэн хийх гэдэг шийдлийг илэрхийлж чаддаг хүмүүс л төрөөсэй гэж хүсч байна. Яагаад гэвэл энэ бүгд чинь улс төрийн соёл юм. Ийм арга зам руу орж шийдэхгүй бол эргээд улс төрийн намаа унагааж, нэр хүндийг бууруулж эхэллээ. Хэн ч насаараа мөнгө тараагаад сууж чадахгүй учраас тэр амлалтад итгээд сонгосон хүн уурлана биз дээ. Дараагийн илүү их мөнгө тараах хүнийг хүсч эхэлнэ. Энэ нь өөрөө бидний сонгосон ардчилалд их хортой. Тийм учраас үндсээр нь өөрчилдөг, улс төрийн соёл түгээдэг, асуудлыг үндсээр нь шийдэх зориг гаргадаг сэтгэлгээ түгээх шаардлагатай байгаа.
-Улс төрийн лидер, олны танил хүмүүсийг төсөлд хамруулна гэсэн. Жишээ нь, Ерөнхий сайд асан Д.Бям­басүрэн, Н.Содном гуай ямар оролцоотой байх бол?
-Одоохондоо санал тавь­чихаад, шийдээ эргэж хэлээгүй л байна. Нэвтрүүлэг эхэлж байгаа учраас шийдэгдэх байх. Ер нь, улстөрчийг таних тухай, шийдвэр гаргаж ажиллахын жаргал, зовлонг тэр дундуур туулж гараад Ерөнхий сайд болсон хүмүүс л мэднэ шүү дээ. Тэгээд асуудлыг өргөн хүрээнд, томоор харж чаддаг болчихсон, улс төрийн намын гишүүнчлэл сонин байхаа больчихсон тийм хүмүүст л санал тавьсан. Өөрийнх нь туулсан замаар алдаа, оноотой яваа эсэхийг хараад хэлэх эрхтэй тэр хүмүүсийг оруулах нь зөв л дөө. Яг одоо улс төрд байгаа хүмүүс оновчтой биш. Ямар байх ёстой вэ гэдгийг онолын багш нар нь ярьж чадна.
-Сум бүрээс шалгаруул­сан залуусаас хоёрдугаар шатанд 90 хүн үлдэнэ гэлээ. Тэд нас, идэвхийн хувьд ямар дүр зураг харагдаж байгаа бол?
-Одоогоор материал ирүүл­сэн хүмүүсийн дунд судал­гаа хийсэн л дээ. Дун­даж нас 29 байгаа. Анх эхэлж байхад идэвхээрээ дандаа л улс төрийн намын залуус орж ирэх болов уу гэж бодож байтал үгүй юм билээ. Барууны оронд сургууль төгссөн хүн, докторууд хэд хэд харагдсан. Намын харьяалалгүй, “эрүүл” хүмүүс. Тодорхой хэм­жээнд улс төрийн чиглэ­лээр ажиллачихаад түүнийгээ сайжруулъя гэсэн хүн ч байна лээ. Чухам эссэгээ бичихдээ юу юу гэж бичсэнийг мэдэхгүй. Түүнийг есдүгээр сарын 9-нд шүүгч нар задална. Бидний хувьд ирүүлсэн товч танилцуулгыг хараад л ерөнхий төсөөлөл авсан юм.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан