Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Арслан: Манай усан спорт сургалтын төвийг нураана гэж байна лээ


Усан спорт сургалтын төвийн дээврийн хэсэг төмөр унажээ.  Энэ талаар тус төвийн  дарга Г.Арслангаас тодрууллаа.

-Төв бассейны төмөр унасан гэсэн. Хүн бэртэж гэмтээгүй биз дээ?
-Уржигдар шөнийн 12 цагт душ янзалж байсан хоёр слесарь маань том бассейны дээврийн төмөр уначихлаа гэсэн. Очоод үзтэл дээврийн хэсэг төмөр унасан байсан. Усан спорт сургалтын төвийн барилга 1986 оны арванхоёрдугаар сарын 31-нд ашиглалтад орсноос хойш  нэг ч удаа их засварт орж байгаагүй. Яахав, будаг шунх түрхэх нэртэй урсгал засвар хийгдэж байсан.
-Дээврийн төмөр юунаас болж унав?
-Төв бассейны агааржуулалтын систем сайн ажилладаггүй. Чийгээ гадагшаа сайн гадагшуулдаггүйгээс  дээврийн төмрөнд зэврэлт үүссэн хэрэг. Тэрнээс сургалтын төвийн дээвэр нураагүй шүү.
-Ийм аюултай нөхцөл үүсч буйг мэдэж байсан уу. Шөнө байсан тулдаа хүн бэртэж гэмтээгүй байна шүү дээ?
-Би ШУТИС-ийн металл хийцийн тэнхмээр шинжилгээ хийлгэхэд дээврийн төмрийн 29-30 хувь нь зэврэлттэй байна гэж гарсан. Өөрөөр хэлбэл, газар хөдөлбөл нурах аюултай гэсэн үг. Өмнөх дарга нарын үед МХЕГ-аас шалгаад нурах аюултай гэсэн дүгнэлтээ гаргаж байсан юм билээ. Тиймээс би Германд барилгын инженерийн мэргэжил эзэмшсэн хүний хувьд хотын болон НИТХ-ын даргын аман зөвшөөрлөөр жил, нэг сар, 20 хоног ажиллуулсан. Одоо том бассейныг ажиллуулахгүй. Хэн нэг нь бэртвэл би шорон руу явна биз дээ.
-Дээврийг засварлахад хэдэн төгрөг хэрэгтэй вэ?
-Ойролцоогоор 3-6 тэрбум төгрөг. Би ажлаа авсан өдрөөсөө  эхлэн засвар хиймээр байна хэмээн нийслэлийн удирдлагуудад хандахад хэн ч ямар нэг хариулт өгөөгүй. НИТХ-ын нийгмийн асуудал хариуцсан төлөөлөгчтэй уулзахад танайд засварын мөнгө тусгаагүй, яваандаа нураах байх. Би сайн мэдэхгүй байна гэсэн. Тэгэхээр хотын А зэрэглэлд ордог энэ газрыг авахын тулд нурааж, өөр чиглэлийн ямар нэг барилга барих гэж байгаа нь анхаарал татаж байна.
-Уг нь, барилгын чанар гайгүй биз дээ?
-Тийм ээ. Орос ах нарын барьж өгсөн чанартай барилга шүү дээ. Өнөөг хүртэл нэг ч хагарсан, цуурсан хана байхгүй. Харин дээврийн засварын мөнгийг өмнөх дарга нар нь идэж, ууснаас өнөөдрийн имй байдалд  хүргэсэн гэхэд буруудахгүй байх.
-Хотын удирдлагуудад учир байдлаа хэлж үзэв үү?
-Өнөө өглөө /өчигдөр/ Энхцэнгэл даргатай ярих гэж оролдсон. Манай сургалтын төвийн дээвэр нурчихлаа гэсэн чинь би хуралтай байна гэсэн. Дараа нь, дахин залгатал авахгүй байна лээ. Харин хотын захирагч, нийслэлийн МХЕГ-аас хоёр хүн ирж уулзсан. Болсон явдлыг хэлсэн. Ямар арга хэмжээ авах юм, бүү мэд.
-Усан спорт сургалтын төвийн байр маань нийслэлд зориулалтын дагуу баригдсан ганц барилга биз дээ?
-Тийм. Дээвэрт хүний гар хүрээгүйгээс зэвэнд идэгдсэн болохоос энэ сургалтын төвийн барилгад ямар ч суулт, хагарал үүсээгүй. Үзсэн ч болно. Өнөөдөр орос ах нарын чанартай зүгээр байгаа барилгыг нураах нь хэнд ашигтай юм бэ. Цэцэрлэг барина гэж хэдэн жил болж байгаа билээ дээ. Барьсан нэгнийх нь хана нураад аюул дагуулж байгаа биз дээ.  Саяхан хороо бүрт мөнгө өгнө гэж ярьж байна лээ. Тэгвэл яагаад нийслэлийн хүүхэд, залуусын ганц очих дуртай Усан спорт сургалтын төвийн дээврийг засч болохгүй байгаа юм бэ. Усан спорт бол хамгийн эрүүл спорт. Европт хүүхдийг багаас нь усан спортоор хичээллүүлээд 12 настайгаас дуртай спортоор нь хичээллүүлдэг. Гэтэл манайд улсдаа ганц том бассейныг нураана гэж ярьж болох уу. Одоо том бассейн ажиллахгүй болохоор ачаалал нэмэгдэх биз.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан