Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уулсын сайхныг тольдохуй


Хэрвээ та Соёлын төв өргөөний хажуугаар хаяахан явдаг бол Монголын дүрслэх урлагийн галерейд саатаад нэг үзээрэй.
Монгол орны аж амьдрал, үзэсгэлэнт байгалийг өчигдөртэй нь, өнөөдөртэй нь бас маргааштай нь толидоно.  Манай сэтгүүл энэ удаад Дүрслэх урлагийн галерейгээс хийсэн сурвалжлагаа танд хүргэж байна.

Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд
Хойт зvгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд
 Энэ бол миний төрсөн нутаг
Монголын сайхан орон

Д.Нацагдорж


Л.Гаваа “Алтайн уулс”

Алтайн мөнх цаст сүрлэг уулс  манан татаад дүнхийх ч зун цаг ирж хүн малын нуруу тэнийж байгаа харагдана. Энэ бол Ардын зураач Л.Гаваа гуайн “Алтайн уулс” хэмээх бүтээл. Монголын орчин үеийн уран зурагт байгаль дэлхийг зурсан мэт буулгасан бүтээлүүдийн эхийг Л.Гаваа хэмээх эрхэм тавьсан гэж үздэг. Бодит сэтгэлгээний байгалийн зургийн томоохон төлөөлөл, бас үнэт дурсгал болсон зураг бол Алтайн уулс гэдгийг урлаг судлаачид нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг.
Цөн түржээ. Голын эрэг дэх шугуйн бургаснууд нар өөд тэмүүлэн хавар ирснийг илтгэнэ. Ай даа, миний нутгийн хавар хэмээн аргагүй л дуу алдам энэ бүтээлийг “Орхоны хавар” гэж нэрлэжээ. Зураач Ц.Жамсрангийн энэ мэт олон сайхан бүтээл галерейн алтан сан хөмрөгт хадгалагддаг юм билээ.Түүний бүтээл нь зохиомж, өнгө будгийн хувьд ч тэр орчин үеийн Монголын гэрэл зургийн хөгжилд нөлөөлсөн хэмээн мэргэжлийнхэн үнэлдэг билээ.
1950-1960-аад оны үед Монголын уран зураг нэг өнгө хэвэнд баригдлаа гэх шүүмжлэл ширүүсч  байх үед орж ирсэн Ардын зураач Б.Чогсом хурц тод өнгө бичилтээрээ өөрийн эрхгүй ялгарчээ. Байгалийн болоод аж байдлын сэдэвт уран зурагт шинэчлэл хийж гарч ирсэн хэмээн түүнийг үнэлдэг. 1968 онд бүтээсэн “Говийн дуун” бол түүний хамгийн алдартай бүтээлийн нэг юм. Тэрээр тухайн үедээ бодит сэтгэлгээнээс ангижирч хийсвэр сэтгэлгээ буюу хөрөнгөтний нийгмийн бүтээл туурвиж байна хэмээн хэлмэгдсэн байдаг. “Говийн дуун” зургийг харахаар говьд байдаг бил үү гэж өөрийн эрхгүй бодмоор тийм хурц тод өнгөнүүд, хөнхөр зохиомжоор говийн байгалийн үзэмжийг харуулснаараа үнэхээр гайхалтай юм.  Говьд бүх зүйл байгаа гэдгийг өгүүлэхийн ялдамд дүрүүд үйл явдлыг бий болгосон аж. Түүний өөр нэг зураг. Бидний танил “Тайхар чулуу” намын үзэл суртлыг гаргаж, анхны ниссэн онгоцны утаат замыг дүрсэлсэн ч бас л хурц тод өнгөнүүд өвөрмөц өнцөгтүүд байгаа юм. Энэ бол тухайн үедээ байгалийн зурагт жинхэнэ шинэчлэл болсон гэдэг.


Ч.Ичинноров “Хөвсгөлийн уулс”

Ч.Ичинноров зураачийн хувьд ихэвчлэн дархан цаазат, төрийн тахилгат уулсыг дүрслэн зурсан байдаг байна. Жишээ нь, Хөвсгөлийн уулс гэдэг 2002 оны бүтээл. Байгалийн өнгөний цул бичилтүүд.  Намын үзэл суртлын нэгээхэн хэсэг болсон дүрүүд энэ удаад шаардлагагүй болчихож байгаа юм. Бодит реалистаар үзүүлдэг дүрслэлүүд бий болоод эхэлжээ.  Гэрэл сүүдрээр л байгалийнхаа гоо үзэмжийг дүрсэлчихэж.
Орчин үед Монголын дүрслэх урлагийн алтан үед тооцогдож байгаа зураач бол Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Нарангэрэл. “Нам гүм “- Оройн нар жаргаад нам гүмхэн болчихсон байгаа тэр л дүрслэл өөрийн эрхгүй нүдэнд тусна.


Ц.Жамсран “Орхоны хавар”

Байгалийн сэдэвт уран зурагт бидний эртний  өвөг дээдсийн үлдээсэн ул мөр болох хүн чулуу, хадны сүг зураг булш хэрэгсүүр соёлын хөдлөшгүй өв гэдгийн хувьд яалт ч үгүй бууж үлддэг аж. “Өвгөд” гээд түүний хүн чулуун дүрслэл бүтээл байна.
 
Б.Чогсом “Говийн дуун”

Уран сайхны хэтрүүлгийг байгалийн зурагт маш гайхалтайгаар зохицуулж өгвөл зураг нь хүнд зөв мэдрэмж төрүүлдэг гэдэг. Хэтрүүлэг их байсан ч хүнд харах өнцгөөсөө зөв харагдаж, донж нь тохирсон бүтээл олон байдгийн нэг нь Ц.Нарангэрэлийн “Намрын оройд” зураг. Ойд явж байгаа буу үүрч нохой дагуулсан анчин. Гэтэл тэр ойд буй ан амьтан нь хадны сүг зургийн дүрслэлтэй харагдана.

Ц.Нарангэрэл “Нам гүм”

Байгаль гэдэг  энэ л сэдэв уран бүтээлч хүний сэтгэлгээнд тэр чигээрээ заавал байдаг.
Орчин үеийн уран зургийн дүрслэлүүд бол сэтгэлгээгээр л илэрдэг. Монголын абстракц зургийн гол төлөөлөл болсон Урлагийн гавьяат зүтгэлтэн До. Болд.Түүний “Шаргачин тахиа сарын шинийн 17” гэсэн бүтээлийн өмнө очлоо. Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдрийг баяр баясгалантай, жаргалтай нар хур тэгширсэн гэдгийг өнгөөр дүрсэлжээ. Ер нь, уран бүтээлч хүний сэтгэлгээнд байгаль тэр чигээрээ байдаг аж. Харин өөртөө хүлээж авч, уран бүтээлдээ тусгаж бидэнд харуулж байгаа нь өөр өөр байдаг.
 Энэ бүх бүтээлээс хамгийн их сэтгэгдэл төрүүлж буй нь Ардын зураач М.Цэмбэлдоржийн бүтээлүүд. Ингээд түүний тухай уншигч танд цухас өгүүлье.

М.Цэмбэлдорж “Шуудан зөөгч”

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан