Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Ганбаатар: Би зангиа зүүдэггүй олон хүнийг төлөөлж дуугардаг хүн


УИХ-ын гишүүн С.Ганбаатартай улс төрөөс ангид сэдвээр ярилцлаа.

-Таны өрөөний тохижилтоос яриагаа эхлэе. УИХ-ын гишүүд өөрийн сонирхож цуглуулдаг янз бүрийн эд зүйлээр өрөөгөө чимэглэдэг. Таны өрөө их энгийн юм?
-Энэ хананд Дархан-Уул аймгийн газрын зургийг өлгөсөн. Тэр ханыг цэлгэр байлгаж буй нь учиртай. Тэнд хийх ажлаа төлөвлөж, бичих юм. Оюутолгойн гэрээг өөрчилж сайжруулна, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай болон Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль өргөн барьсан байгаа. Эхлээд энэ мэт холбогдох ажлаа бичнэ. Голд нь, Дархан-Уул аймагт хийх ажил Төмөрлөгийн үйлдвэр, орон сууцны хөтөлбөр, жижиг дунд үйлдвэрлэлийн томоохон хөтөлбөрүүдээ тавих юм. Дараа нь, үндэсний хэмжээнд хийж байгаа ажлаа оруулна.

Яаж хүмүүсийг ажилтай болгох уу, хэрхэн тэтгэвэр тэтгэмжийг нь нэмэгдүүлэх, хувийн хэвшилд байгаа хүмүүсийн цалинг яаж нэмэх вэ гэсэн ажлаа төлөвлөнө. Чамайг дараа ороод ирэхэд чинь өрөөгөө төлөвлөгөөнийхөө дагуу, хийх ажлаараа гоёсон байна шүү.

Ширээн дээр байгаа тулга, азарга гэх мэт зүйлийг бэлгэнд авсан юм. Бас Ард Аюушийн зураг байна. Үүнийг харсан хүмүүс намайг Ховдынх уу гээд байдаг. Монголчууд нут­гархаад хэрэггүй. Монголын түүхэнд үлдсэн хамгийн хүчтэй заргач, ард түмний төлөө өөрийгөө золиослож явсан энэ сайхан хүний хөрөгнөөс эрч хүч мэдэрч, шүтэн биширч явдаг юм.

-Таныг фенг шүй Ганбаатар гэдэг шүү дээ. Тиймээс фенг шүйгээр өөрөөгөө тохижуулсан болов уу гэж бодож байлаа.
-Суудал, ширээний чигт бол фенг шүйгээ дагасан. Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй яримааргүй байна. Монголчууд яагаад байрлал зүйн ухаанаа үл ойшоодог юм бол гэж их гайхдаг. Монгол гэрт оронгуут л усаа хаана тавих уу, эргэнэг хаана тавих уу, ширээ хаана байх вэ, гал хаанаа байрлах уу, галын ам хаашаа харах уу гэдэгтэй л адил. Монгол гэрийн баруун хойд талд аавыг суулгаж, хүндэлдэг. Баруун хойт тал­даа хийморь сүлдтэй морины эдлэл хэрэглэл залдаг шүү дээ. Яагаад гэхээр өглөө мандсан нар гэрийн баруун хойт талд тусдаг. Энэ бол ажиглалтын агуу ухаан. Монголчуудын за­рим нь яагаад үүнийг үнэлдэггүй, хүн­дэлдэггүй юм бүү мэд. Гэтэл дэл­хий нийт үүнийг биширч, хүндэлж байна.

-Таныг өглөө болгон наранд залбирдаг гэж сонссон. Энэ ямар учиртай юм бэ?
-Үүнийг ажиглалтын ухаантай холбон тайлбарлаж болно. Манай улсын төрийн сүлдэнд нар байдаг шүү дээ. Өглөө болгон наранд залбирах ёстой. Долоо хоногт нэг удаа ч юм уу галын дөл бадраавал зүгээр.  Бид яагаад галыг хүндэлж, дээдлэх ёстой вэ гэвэл, тэнгэр газрыг холбогч болохоор. Японы сүлдэнд нар, Туркийнхэд сар байна. Энэ мэтээр олон орон сүлдэндээ нар юм уу, сарыг оруулсан байдаг. Нар, сарны дээр галыг залсан орон бол ганцхан Монгол. Газар, тэнгэр хоёрыг холбож байдаг учир тэр. Газарт гал асахад утаа тортог нь тэнгэр рүү явдаг даа. Энэ бол билэгдлийн ухаан. Зарим нь үүнийг мухар сүсэг, шашин болгохоор оролддог.  
Энэ ажиглалтын ухааныг бид өвөг дээдсээсээ суралцах ёстой. Өвөг дээдсийнхээ уламжлалыг хэзээ ч битгий гээгээч гэж хэлмээр байна. Би үүний нэг фэн нь. Чухал зүйл гэдгийг мэддэг учраас амьдралдаа байнга ашигладаг.

-Бага нас тань Дархан-Уул аймагт өнгөрсөн үү. Бага насныхаа тухай дурсахгүй юу?
-Би Баянхонгор аймагт төрсөн. Гурван настай байхад минь манайх Дархан-Уул аймагт нүүж ирсэн. Найман настайдаа гуравдугаар сургуульд орж суралцсан. Дараа нь есдүгээр сургууль руу шилжсэн. Ангийн багш, найз нөхөд маань бүгд Дарханд байна. УИХ-ын гишүүн асан Сүхбаатартай нэг байрных. Би хүүхэд байхдаа их даруухан, ичимхий байсан. Өдөржингөө гадаа тоглоно. Аав, ээжээсээ нуугдаж, зугатаж гол руу явна. Хүүхэд нас яаж өнгөрдөг тэгж л өнгөрсөн дөө. Гэхдээ би хүүхэд байхдаа цэцэрлэгт явж үзээгүй. Долоон хүүхэдтэй айлын том нь. Доороо зургаан дүүтэй. Цэцэрлэг олдоогүй юм уу, эсвэл аав ээж маань хэнэггүйтсэн ч юм уу мэдэхгүй. Уг нь, манай гэрийн хажууд цэцэрлэг байсан. Явж үзэх юмсан гэж их хүсдэг байж билээ. Цэцэрлэгээс ирсэн хүүхдүүдийн авчирдаг 24-ийн чихрийн үнэр ямар сайхан байдаг гээч. Бас ахтай байхгүй яав аа гэж их боддог байж билээ.

-Хүүхэд байхдаа ямар хочтой байв?
-Манайх байрныхаа дөрөвдүгээр давхарт амьдардаг байсан. Тиймээс хүүхдүүд намайг “дөрвийн” Ганбаа гэж хочилно. Нэгдүгээр давхарт бас нэг Ганбаа гэж хүүхэд байсан юм. Хочийг нь хэлчихвэл найз маань гомдчих байх.

-Та багадаа ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байв. Тэр хүслээ биелүүлж чадсан уу?
-Аав маань сайн инженер байсан. Аав шигээ инженер болно гэж боддог байлаа. Математикийн хичээлдээ ч их сайн. Олимпиад алгасахгүй оролцож, эхний байруу­дыг эзэлнэ. Тэгээд гадаадад сургуульд явлаа. Лондонд өөрийгөө боловсруулж, өсч дэвжсэний дараа бизнесмэн болно гэж боддог болсон. Дараа нь, бизнес эдийн засгийн ухаанд суралцахыг хүссэн. Тэр тусмаа зах зээлийн эдийн засгийн чиглэлээр. Зах зээлийн хэцүү давалгаанд хүчтэй байхыг бодож, сайн эдийн засагч, бизнесмэн болъё гэж Лондонд нэг хэсэг суралцаж, өөрийгөө бэлдсэн дээ. Сүүлд нь миний амьдрал ойлгомжтой болсон. Лондонд ч, Монголд ч гайгүй амьдарна гэдгээ мэдэрч, хүмүүсийн төлөө зүтгэхээр шийдсэн юм. Оюутан байхдаа өрөнд орж, хүнд бэрхшээлтэй амьдрал туулж, зовж үзсэн. Одоо залууст миний туулсан зовлон, бэрхшээл тулгарч байгаа. Тиймээс тусламж хэрэгтэй хүмүүст туслах боломж надад байна. Ингээд л 27 настайгаасаа эхлээд хүмүүсийн төлөө зүтгэх итгэл үнэмшил төрж, зорилготой болсон доо.  
    
-Ажил хийх гараагаа яаж эхэлж байв. Анхны цалингаа юунд зарцуулсан бол?
-Германд инженерийн бэлтгэлд суралцаж байгаад 1989 оны зун амралтаар ирчихээд Пионерийн зуслангийн багшаар ажилласан. Тодруулбал, сувиллын зуслан шүү. Хоёр, гурван ээлжинд нь багшилсан л даа. Нэг ээлж 14 хоног гэж бодохоор сар гаруй хугацаанд багшилсан юм байна. Ингээд 200 гаруй төгрөг авч билээ. Тэр үед 200 төгрөг гэдэг чинь ямар их мөнгө гэж санана. Ер нь, зусланд явж буй хүүхдүүдтэйгээ адилхан хүүхэд байж. Ирээд зусланд явсан хүүхдүүдээ бүгдийг нь цуглуулж, хамгийн гоё ресторанд хооллоод, зургаа татууллаа. Бүтэн өдрийг тэдэнтэй тоглож наадаж өнгөрөөв өө. Орой нь гэртээ иртэл аав асууж байна. “Яасан миний хүү” гэхээр нь “Цалингаа аваад хүүхдүүдтэйгээ арга хэмжээ зохион байгуулаад ирлээ” гэлээ. “Хэд үлдсэн байна хүүхээ” гэхэд нь харсан чинь гурван төгрөг л үлдэж. Тэгээд аавдаа загнуулсандаа гомдоод гэрээсээ явчихсан. Гэртээ орохгүй л гэж уурласан хэрэг. Хоёр, гурав хоног эмээ, найз нөхдийнхөөрөө хоно­лоо. Голдуу найзуудынхаа гэрт хоносон. Гурав дахь хоног дээрээ ээж ирж  “Миний хүү, аав нь чиний төлөө л ярьсан шүү дээ. Чи битгий ингэ” гэж намайг аргадсанаар гэртээ харьж билээ. Хөөрхий дөө, муу аавыгаа ингэж зовоосондоо одоо болтол гэмшдэг юм. Аав минь хүн хөдөлмөрлөж олсон юмаа хайр гамгүй зарцуулдаг нь тэнэглэл гэдгийг л хүүдээ ойлгуулах гэж оролдсон хэрэг. Гэтэл хүү нь тэрийг нь ойлгохгүй тэнэг ч байж дээ.

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Би дөрвөн хөөрхөн охинтой. Зав гарвал хүүхдүүдтэйгээ л цагийг өнгөрөөх дуртай. Чөлөөт цаг гарах л юм бол уул руу гардаг. Бас “Фэйсбүүк”-ээрээ дамжуулж, цай­ны уулзалт зохион байгуулдаг юм. Долоо, 14 хоногт, эсвэл сард нэг удаа ийм уулзалт зохион байгуулна. Ер нь, надтай уулзъя гэсэн хүн бүртэй л уулздаг. Уулзах хугацаагаа “Фэйсбүүк”-ээрээ тохиролцчихдог. Саяхан клубийнхэнтэй ууланд гарсан. Би өөрийнхөө мэдэж байгаа зүйлийг хүмүүстэй хуваалцахыг хүсдэг. Өнөөд­рийг хүртэл найман жил хү­ний төлөө зүтгэсэн туршлагаа за­луучуудтайгаа хуваалцах дуртай.  Ийм л зүйлд чөлөөт цагаа зарцуулдаг юм. Их, дээд сургуулиудад очиж, лекц уншина. Марк цуглуулах ч юм уу, гольф тоглодог цаг зав байдаггүй. 

-Спортын ямар төрлөөр хэчээллэдэг вэ?
-Хүүхэд байхдаа воллейбол сонирхдог байлаа. Нараа багшийнхаа хөнгөн атлетикийн секцэнд явдаг, гүйдэг байсан. Одоо бол ууланд л гардаг. Ном л их уншдаг даа.

-Хамгийн сүүлд ямар ном уншив?
-Питр Дракийн “Ороо бусгаа үед менежмент удирдахуйн ухааныг яаж хийх вэ” гэсэн ном уншиж байна. Англи хэл дээр нь. Үндсэндээ дуусч байгаа, сүүлийн хэдэн хуудас нь л үлдсэн. 

-Та хэл сурахдаа их муу хүүхэд байсан гэлээ. Ингэхэд англи хэлийг яаж сурсан талаараа яривал?
-Өөрийгөө англи хэл сурахаас өөр аргагүй байдалд оруулсан даа. /инээв/ Үнэхээр хэлний авьяасгүй байсан. Арван жилд байхдаа орос хэлний хичээлдээ их тааруу байлаа. Германд инжерийн бэлтгэл сургуульд очоод герман хэл сурч чадаагүйгээсээ болж хөөгдсөн. Тэгээд Полийн дээдэд орсон доо. Найман жил Лондонд амьдарлаа. Эхний хоёр жил англи хэл сурч чадаагүй. Их тааруу байлаа. Сүүлдээ аргаа бараад, хэл сурч чадахгүй байгаадаа санаа зовоод зөвлөгөө авах гэж нэг мэргэн хүнд очлоо. Түүнд учир байдлаа хэлсэн. Тэгсэн тэр хүн маань “Чи ч хэл сурах нь сурна байх аа” гэж байна. Яаж гэсэн чинь “Чи төрөлх монгол хэлээ мартаагүй явж байна шүү дээ” гэсэн. /инээв/ “Чи ч хэл сурах нь сурна байх аа” гэсэн үгнээс нь урам авсан л даа.

-Англи хэл сурах гэж мунгинаж байгаа хүмүүст зориулж, товчхонд зөвлөгөө өгөөч гэвэл?
-Ер нь, англи хэл унших, бичих, ярих гурваас бүтдэг. Хүмүүсийн олонхи нь ярих гээд юм уу, эсвэл бичих гэж оролддог. Хамгийн гол нь, унших шүү. Эхлээд уншиж сур. Ойлгож сур. Ном сайн унш. Үүнийг хийж чадвал энэ нь англи хэл сурах ажлын 80 хувь нь болно. Англи хэл сурах хамгийн сайн арга хамгийн өргөн хэрэглэдэг 100 үгийг эхлээд цээжил. Ярих гэж тэдгээр үгээ хойно, урд нь оруулах гэж оролд. Тэгээд л болоо. Үндсэндээ өдөр тутам хэрэглэдэг 200 үгээ цээжил. Эдгээр үгээ нийлүүлж ярьж сурсны дараа цээжлэх үгээ 500, 1000 болго. Дараа нь тодорхой мэргэжлийн үг рүү ор. Ингэж сурвал англи хэлийг амархан сурна.

-Сүүлийн үед хүмүүс эдэлж хэрэглэж байгаа зүйлдээ их анхаардаг болж. Та ямар маркын машин унадаг вэ?
-Би машингүй. Өглөө болгон ажилдаа алхаж ирдэг. Яаралтай ажил гарвал УИХ-аас дуудлагын машин уначихдаг. Хөдөө явахдаа үйлдвэрчний эвлэлээс машин авна. Харин миний хань “Рав 4” маркын машинтай.

-Удахгүй Цагаан сарын баяр болно. Гишүүд дээл, хөөргөө бэлдэж эхэлсэн байх. Таны хувьд?
-Би их сайхан хөөрөгтэй /Халаас­наасаа гаргаж ирж үзүүлэв/. Энэ бол миний ханийн өвөөгөөс уламжилж ирсэн хөөрөг. Хүргэн хүүдээ хөөргөө өгнө гэдэг чинь их нэр хүндийн асуудал.  Миний аав, ээж хоёр хоёулаа бурхны оронд байгаа. Ханийн минь аав, ээж их сайн хүмүүс байдаг юм. Жил болгон шахуу надад дээл хийж өгдөг. Энэ жил Хүннү загвартай дээл хийлгэж байгаа. Цагаан сараар тэр дээлээрээ гоёно доо. “25 дугаар суваг” телевизийн “Урилга” нэвтрүүлэгт оролцоно. Энэ нэвтрүүлэгт долоо дахь жилдээ оролцох гэж байгаа.

-Цагаан сар дөхөхөөр түшээд теле­визүүдийн янз бүрийн хө­төл­бөрт оролцож, дуулж харагддаг. Танд тийм урилга ирж байна уу?
-Урилга ирнэ л дээ. Хүнд чаддаггүй юм гэж байдаг. Миний хувьд тэр бол дуу дуулах. /инээв/ Бас бичгийн хэвээ засч чадахгүй байгаа юм. Их муухай бичдэг. Арван жилд байхдаа муухай бичдэгээсээ болж ангийнхнаа монгол хэлний олимпиадаас хойш нь чангаасан удаатай. Үүнээс болж өөр сургууль руу шилжих тухай хүртэл бодож, шаналж явлаа.

-Таныг зангиа зүүсэн байхыг ерөөсөө хараагүй юм байна. Яагаад зангиа зүүдэггүй юм бэ?
-Би олон олон зангиа зүүдэггүй хүнийг төлөөлж дуугардаг хүн. Энэ бол Олон улсын үйлдвэрчний холбооныхон дотор чимээгүй байдаг зүйл. Би элитүүдийг төлөөлдөггүй. Ажил хийдэг жирийн сэхээтэн, инженер, багш, тариаланч, малчны төлөөлөл. Төрийн ордонд орж ирлээ гээд УИХ-ын бусад гишүүнийг дуурайх албагүй. Өөрийнхөөрөө л байна. Парламентын чуулганы танхимд босч  үгээ хэлдэг. Үүнээс болж “Босоо гишүүн”, “Босоо Ганбаа” нэртэй болчихлоо. Тэглээ гээд би хүн дуурайх албагүй. 

-Өрөөгөөр чинь хэн ч хамаагүй чөлөөтэй орж ирэх юм. Зарим ги­шүүний туслах оруулахгүй, цаг ав гэсэн шаардлага тавьдаг л даа?  
-Би чинь түмний элч төлөөлөгч шүү дээ. Тиймээс хэн ч орж гарсан миний өрөөний үүд хаалга үргэлж нээлттэй.  

Түүний замналаас




















3 Сэтгэгдэл
Худлаа юу ч ойлгохгүй юм. Санагддаг гшш Тодорхой мэдэргүй бол зүгээр чимээгүй бай
Худлаа юу ч ойлгохгүй юм. Санагддаг гшш Тодорхой мэдэргүй бол зүгээр чимээгүй бай
Худлаа юу ч ойлгохгүй юм. Санагддаг гшш Тодорхой мэдэргүй бол зүгээр чимээгүй бай
Амжилт.
мундаг эр шүү
temtseerei Bid ard chin baigaa
bolj
бусад гишүүд хямсаганаад, зарим нь айгаад юу ч дугарахгүй байхад ганц дугардаг хүн нь шүү.
Энэ хүн худлаа шоудаад байдаг юм шиг санагддаг
ene xun xumuusiin tolool duugarch bdag shuudee iim xuniig demjix xeregt
жинхэнэ тэмцэгч түмний төлөө хүн гэж боддог
ard tumnii neriig barij reklam hiidgee bolivol taarna,
Хамгийн их уншсан