Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧАРГА ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖ ТЕХНОЛОГИ НЬ БАЙГАА Ч...


Хотын утаанаас зугатаж уулын аманд байх амралтын газарт хоёр өдрийг хүүхдүүдтэйгээ өнгөрөөлөө. Хүүхдүүд цас хараад л чаргаар гулгая гэж шулганалдав. Амралтын газрын хуванцар чарга нь цагт 5000 төгрөгний үнэтэй гэдгийг хожим нь л мэдлээ. Хоёр хүүхэд маань чаргаар гулгасаар... Тэр бүр олдоод байдаггүй боломж учир эхнэр бид хоёр ч хүүхдүүдтэйгээ хэдэн цаг тоглов. Энэ хооронд цаг тутамд 10 мянган төгрөг хэтэвчнээс хасагдаж буйг би мэдсэнгүй. Хоол идчихээд үдшийн бүрий болтол гулгалаа. Орой нь чаргаа өгөхөд 90 мянган төгрөгний төлбөр гарчээ. Сарын цалингийн дөрөвний нэг нь цас руу хуйлраад явчих шиг л санагдав. Цагаан сараар нэг хүнд өгөх бэлэг 2000-3000 төгрөгт багтааж болно гэх тооцооллыг УИХ-ын эмэгтэйчүүд миний цалинг харгалзан бодож санаа чилээж байхад бид нэг л өдөр 30 хүний бэлгэний үнээр гулгасан болж таарав. За яахав, хүүхдүүд минь эрүүл агаарт, эрчимтэй хөдөлгөөн хийсний төлбөр л болог. Гэвч цагийн 5000 төгрөгийн үнэтэй улаан өнгөтэй, хавтгай чаргаа эргүүлж тойруулж нэг сонирхоход Солонгост үйлдвэрлэсэн гэж. Дэлгүүрийн үнэ бичсэн шошгыг хуулаагүй бөгөөд “Бөөн: 51 мянга, зургаан ширхгээс цөөн: 60 мянган төгрөг” гэж бичжээ. Хөнгөхөн, хуванцар чарга ийм үнэтэй болохоор л цагийн хөлс нь 5000 байгаа ч юм болов уу гэж бодлоо. Хэрэв чаргаа хямдхан авсан бол төлбөрийг нь төдий бага байлгаж чадах болов уу гэсэн бодол ч зэрэгцлээ.

Манай улсад хуванцрыг дахин боловсруулж сандал, ширээ хийдэг туршлага байгааг гэнэт саналаа. Одоогийн байдлаар хоёр компани энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Дархан-Уул аймгийн “Сан Оргиу” ХХК анхдагч нь. Түүний дараа “Төв төгөлдөр” гэдэг компани байгуулагджээ. Хаягдал хуванцрыг цэвэрлэж, ялгаж, бутлах, хайлуулах, хэвэнд цутгах, хөргөх гээд 10 гаруй дамжлагын дараа шинэ бүтээгдэхүүн гардаг аж. Зөвхөн ус, ундааны сав гэлтгүй гялгар уутыг ч хүртэл боловсруулж болдог нь бас нэг давуу тал. Энэ түүхий эдээр 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ч миний санахад хоол идэх сав, нялхас үмхэж суух тоглоомноос бусад хэрэгслийг хуванцраар орлуулах боломжтой.

Жишээ нь, 600 тонн гялгар уут, хуванцар савыг боловсрууллаа гэж бодъё. Эндээс 12 мянган метр хашаа, 600 ширхэг сандал, 400 хогийн сав 30 мянган ширхэг хуванцар шон гарна гээд бодохоор Монгол даяар бүрхсэн хаягдал хуванцар хэдий хэмжээний баялаг вэ гэдэг тойм тодорно. 2003-2004 онд манай улсад уг технологийг анхлан нэвтрүүлсэн “Сан Оргиу” компанийн дараа “Төв төгөлдөр” байгуулагдахдаа арга, технологийг монгол санаагаар бий болгохыг чармайсан гэдэг.

Гялгар уут газрын хөрсөнд задралд ортлоо 60-100 жил шаарддаг бол хуванцар сав 450 орчим жил хог хэвээр оршдог байна. Тиймээс Австрали, Хятад, Австри, Бангладеш, Ирланд, Европын орнууд гялгар уутны хэрэглээг хязгаарласан. Хамгийн сүүлд Мавританд гялгар уутыг бүрмөсөн хориглолоо. Дэлхийд пластик дахин ашиглалт аль хэдийнэ ажил болж АНУ-д гэхэд 1600 үйлдвэр ажиллаж байна.  “Форд” компани 22 ширхэг ундааны саваар машины нэг суудал хийх төслөө туршиж байх явцдаа нийт хоёр сая гаруй сав боловсруулжээ. Солонгосчууд нийслэл хотынхоо метрог хуванцраар хийсэн гээд пластик “баялаг” газраар зогсохгүй далайн усанд хүртэл байгаа бөгөөд хөвүүр, тор, бөглөө зэргийг амьтад хоолтой андуурч иддэг мэдээ ч бий.

Дэлхий дахинд 25 ширхэг хуванцар саваар усанд хөвдөг хүрэм нэг ширхгийг хийдэг технологи ч бий болчихсон. Америкт үйлдвэрлэсэн таван цүнхний дөрөв нь хуванцар орсон материалтай. Монголчууд хашаа, хайс, хогийн сав, сандал, ширээ, машины дугуйн ивүүр, траншейны таг, шон зэргийг төрөл төрлөөр нь үйлдвэрлэж байгаа. Наанадаж Солонгост үйлдвэрлэж буй улаан чаргыг эх орондоо хийж болмоор доо. Манай хоёр компани нэг кг пластикийг 100 төгрөгөөр үнэлж авдаг байна. Үүнийг хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүн болгоод нэг кг нь 800-1000 төгрөгний ханштай худалдаанд гаргадаг гэнэ. Тэгвэл жишээ татсан чарга маань сайндаа л таван кг ч хүрэхгүй гэж үзвэл үйлдвэрээс гарах үнэ нь 5-6 мянган төгрөг байх аж. Импортоор орж ирсэн чаргатай чанарын хувьд адилхан монгол бүтээгдэхүүнийг зургаа дахин хямд буюу 10 мянган төгрөгөөр зарсан ч болно. Амралтын газрууд чарганы түрээсийн төлбөрөө 5000-аас буулгадаггүй юм гэхэд айл бүхэн хүүхэддээ монгол чарга аваад өгчих боломж бүрдэх юм.
Уг нь хуванцар боловсруулагч компаниуд маань экологийн зах зээлд анхаарал хандуулж, модыг хуванцараар орлуулах бүхий л боломжийг хайж, үүнийгээ ч ажил хэрэг болгох талаар сурталчилдаг.

Гэхдээ бидний хэрэглээ сандал, ширээ төдийхнөөр хэмжигдэхгүй учраас дотооддоо үйлдвэрлэх бүтээгдэхүүн, түүний түүхий эдийг ч судалж амьдралд нэвтрүүлэхэд юу нь болохгүй гэж. “Монголчууд боломжийн үнээр, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг саяхан хэлсэн нь өнөөдрийн пластик ашиглах боломжийн талаар оносон үг ч гэж хэлж болох юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан