Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МӨРӨӨДӨЛ БОЛСОН ОРОН СУУЦ

Хувийн хэвшлийн салбарт ажилладаг, сарын 500 мянган төгрөгийн цалинтай найз маань ээж, аавынхаа “бөөрөнд” өдий болтол амьдарч байгаадаа ичиж буйгаа гомдоллон ярив. Учир нь, түүнийг нэгэн найз нь 30 гарчихаад эцэг, эхтэйгээ хамт амьдраад байх юм. Тусдаа гараач гэж хатуухан шүүмжлэл хүртээжээ. Монголд байр авах нөхцөл бүрдсэн бол аль хэдийнэ авах байсан юм хэмээн хариу барьсан ч эмзэг сэдвийг нь хөндчихсөн учир их л хүнд туссан аж. Уг нь, сарын 500 мянган төгрөг гэдэг Монголд дундаж цалин. Гэвч дундчуул нь нийгмийн доод давхарга руугаа хальтирчих гээд байгаа өнөө цагт ийм хэмжээний цалинтай хүн байртай болно гэдэг ёстой л бухын доодохыг хараад үнэг турж үхнэ гэдэг шиг л юм болж буй. Хатуухан ч гэлээ, 100 мянган айлыг орон сууцжуулах хөтөлбөрийн босгыг ч давж чадаагүй дундчуулд өнөөдөр гэр хорооллыг тэлэх эсвэл ээж, аавынхаа дэргэд өтөлтлөө амьдрах л сонголт бий.
Уг нь, арилжааны банкны зээлээр байр авах боломжтой ч өнөө маргаашаа яая даа гэж байгаа иргэд банкны хүүндээ дарлуулаад өндийхгүй болов уу гэсэн айдастай. Гэхдээ орон сууцжуулах хөтөлбөр нь хаалгаа барьсан энэ үед орон сууцны үнэ тэнгэрт цойлохоос өмнө банкны зээлээр авъя гэсэн хүн мэр сэр байэа. Тиймээс тэдэнд зориулан зарим банкаар орж, орон сууцны зээлийн талаархи мэдээлэл авахыг зорилоо. Хамгийн олон салбартай гэгдэх ХААН банкаар орвол орон сууцны зээл олгож байгаа гэнэ. Тус банкны тухайд байрныхаа урьдчилгааг хэдэн хувиар төлснөөс шалтгаалж төлөх зээлийн хүү харилцан адилгүй байх аж. Тухайлбал, урьдчилгаагаа 30-39 хувиар төлбөл сарын 2.1 хувь, 40-49.9 хувиар бол 2, 50-иас дээш хувиар төлсөн бол сарын 1.9 хувийн хүү бодогдох гэнэ. Зээлийн хүү яагаад нэмэгдсэнийг тус банкны зээлийн мэргэжилтнээс тодруулахад “Монголбанк бодлогын хүүгээ нэмсэнээс гадна бас бус хүчин зүйл нөлөөлсөн. Гэхдээ хувьсах хүүтэй байгааг анхаарах хэрэгтэй” хэмээв. Энэ нь, зургаан сар тутамд хүү нь өөрчлөгдөх магадлалтай гэсэн үг гэнэ. Харин ХАС банкны орон сууцны зээлийн төвд очвол үйлчлүүлэгч цөөн байв. Орон сууцны зээлийн бүтээгдэхүүн сонирхож яваагаа зээлийн мэргэжилтэнд нь хэлбэл “Манай банк одоогоор ам.доллараар зээл гаргаж байгаа. Та орон сууцны зээл авна гэвэл урьдчилгаа 40 хувиа төлөөд сарын 1.2 хувийн хүүтэйгээр зээл авч болно. Гэхдээ ам.доллараар тооцох учраас зээлийн эргэн төлөлт чинь тухайн өдрийн төгрөгтэй харьцах ам.долларын ханшаар төлөгдөнө гэдгийг анхаарах хэрэгтэй” гэв. Хэзээ төгрөгийн зээл олгохыг лавлан асуувал ”Энэ талаар сайн мэдэхгүй байна. Удахгүй гарах байх” гэсэн хариулт өгсөн юм. Хэрвээ тус банкнаас ам.доллараар орон сууцны зээл авбал хэр баргын хүн шалгуурыг нь хангана гэдэг хүнд. Тэгээд ч боломжийн цалинтай хүн төвөггүйхэн төлөх байх даа хэмээн бодлоо. Худалдаа хөгжлийн банкны санал болгож буй орон сууцны зээлд хамрагдана гэвэл байрны урьдчилгаагаа 30-40 хувь төлөөд жилийн 19.2 хувийн хүүтэй зээл авч болох гэнэ. Хэрвээ байрныхаа урьдчилгааг 41 хувиас дээш хийвэл 18 хувь болно гэлээ.
Зээлийн хүү нэмэгдсэн шалтгааныг банкуудын зээ­лийн мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр төв банк бодлогын хүүгээ нэмсэнээс гадна тухайн банкны дотоод санхүүгийн бодлогын хүрээнд өсч байгаа гэсэн тайлбар өгч байв. Монголбанк бодлогын хүүгээ 13.25 хувь болгосон нь зах зээлийг тогтворжуулахаас гадна арилжааны банкуудыг зээлийн бүтээгдэхүүний хүүндээ өөрчлөлт оруулахаас аргагүйд хүргэж. Энэ талаар эдийн засагчдын тайлбарлаж буйгаар Монгол Улсын эдийн засаг энэ онд өсөлттэй байна хэмээдэг ч хурдтай өсөлтийн цаана эрсдэл нуугдаж байдаг. Болзошгүй санхүүгийн нөхцөлөө тооцон банкууд шалгуураа өндөрсгөн, зээлийнхээ хүүг нэмсэн хэрэг. Тэгээд ч замбараагүй орон сууцны зээл гаргах нь хадгаламжинд суурилсан өнөөгийн арилжааны банкны системийг хямраагаад зогсохгүй эдийн засагт хор хохиролтой” хэмээн хэлж байсан. Тэгэхээр эзэн нь юм аа мэдэж, эрэг нь усаа хашиж буй өнөөгийн нөхцөлд хязгаарлагдмал компани хэлбэрээр явж байгаа банкуудыг хүүгээ доогуур барь гэх эрх төрд байхгүй. Төрийн эрх мэдлээрээ далайлгах нь ч зах зээлийг гажуудуулна. Тиймээс хувийн хэвшилд суурилсан төрийн мэргэн бодлогоор иргэдээ орон сууцжуулах хэрэгтэй хэмээн давхар сануулан хэлж байлаа. Тоо бодоод үзье л дээ. Зөвхөн ХАС банкаар дамжуулан 42 сая төгрөгийн үнэтэй нэг өрөө байр авна гэж тооцвол урьдчилгаа 40 хувийнхаа 16 сая 800 мянган төгрөг төлнө. Ингээд сар бүр төлөх мөнгөө ам.долларт хөрвүүлэн төлнө гэвэл нэлээн бэл бэнчин шаардагдах бололтой. Гэхдээ банкуудын зээлийн мэргэжилтнүүдийн хэлснээр орон сууцны зээлд дор хаяж сая төгрөгийн орлоготой хүн л хамрагдах боломжтойг сануулж байсан. Тэгэхээр одоохондоо сарын 500 мянган төгрөгийн цалинтай залуусын хувьд байртай болохоор төлөвлөсөн бол ойрын хэдэн жилдээ мөнгөө цуглуулж байсан нь дээр бололтой.
Амьжиргааны өртөг бага, хүмүүсийн худалдан авах чадвар муу байгаа энэ үед байрны үнэ буурах боломжтой эсэхийг Монголын Барилгын үндэсний ассоциацын гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяраас асуухад “Өнөөдөр жилд дунджаар 10 мянга гаруй л орон сууц ашиглалтад орж байна. Тиймээс эрэлт их байгаа өнөө үед ойрын хоёр жилдээ байрны үнэ буухгүй. Жилд хэдэн залуус гэрлэж байгаа билээ дээ. Шинэ гэр бүлүүдэд байр хүрэхгүй байхад монгол гэрт амьдарч байгаа хүмүүсийг орон сууцаар хангана гэдэг хэцүү. Орон сууцны барилгууд зэрэг баригдаж байж хангамж нь нэмэгдэнэ. Түүнээс биш өнөөдрийнх шиг барилгын компани өөрийнхөө чадлаар газар олоод есөн давхар 32 айлын орон сууц бариад ч эрэлтийг хангахгүй. Тэрнээс төрөөс дэд бүтцийг нь шийдээд өгвөл энэ салбарт үйл ажиллагаагаа явуулж буй 200-300 компани барилга барихад бэлэн байна” хэмээсэн. Тэгэхээр арилжааны банкны зээлийн шалгуурыг ч хангаж чадахгүй байгаа жинхэнэ баялаг бүтээгч иргэдийг орон сууцжуулахад төрийн мэргэн бодлого хэрэгтэй. Энэ талаар ч “Мастер пропертис” ХХК-ийн захирал Г.Дашцэрэн “Үл хөдлөх хөрөнгийн зээл жилд 2.5 триллион төгрөгийн хөрөнгөөр өсч байна. Эрэлтээ дагаад нийлүүлэлт ч нэмэгдэж байгаа үед тэнцвэрийг нь зохистой барих бодлого төрөөс явуулах хэрэгтэй. Төрөөс дан ганц эрэлтийг дэмжсэн  бодлого явуулснаас өдгөө байрны үнэ 30-40 хувиар өсчихлөө. Түүнчлэн барилгын материалынхаа 80 хувийг импортоор хангадаг манай улсын хувьд Замын-Үүд боомтын ачаа нэвтрүүлэх чадварыг  нэмэгдүүлбэл байрны үнэ буурна. Ингэж чадвал барилгын хөгжлийн оргил үе нь 2020 он байх болно гэсэн таамаглал гарсан” гэж ярьсан ч удаатай.
Тэгэхээр орон сууцтай болох гэсэн иргэдийн мөрөөд­лийг биелүүлэхэд төрөөс мэр­гэн санаа, оновчтой бодлого л  явуулбал 100 мянга байтугай 200 мянган айлыг ч төвөггүйхэн орон сууцжуулах боломжтой аж. Магадгүй, зах зээлийн хуулийн дагуу эрэлт, нийлүүлэлт нь тэнцвэржин арилжааны банкны хүү ч буурах юм бил үү. Цаашлаад, гэр хорооллыг тэлэх гэж буй залуу гэр бүлийг ч тохилог орон сууцанд амьдрах болом­жийг бүрдүүлэхийн тулд Ши­нэч­лэлийн Засгийн газ­раас зөв бодлоготой, зөв менежменттэй бодлого хэрэг­жүүлээ­сэй гэж залуус, тэр дундаа залуу гэр бүлүүд хүлээж буйг дуулгая.

0 Сэтгэгдэл
ene niitleliig toriin tusheeduud nertei luiwarchid eh oron ard tumnee hudaldaj idsen erh medeltnuud unshdag ch bolosoi hugiin archaagui nowshnuud ta nariin ur huuhed oodlohgui dee
muruudul muruudul gewch ene muruudul yum surii eh delhiigee hamgaalii gsn bish horogdpoh orom gertei bolii gsn muruudul Uuriiguu uruwduj bna bi
Хамгийн их уншсан