Засгийн газрын өнөөдрийн хурлаар "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанийг шинээр үүсгэн байгуулахаар шийдвэрлэжээ. Тус компани Өмнөговь аймгийн нутаг дахь цахилгаан түгээх өндөр хүчдэлийн шугам сүлжээ, дэд станцын үйл ажиллагааг хариуцан ажиллах юм байна.
Уул уурхайд оруулах гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дагаад өмнөд бүсийн эрчим хүчний хэрэглээ өссөн, цаашид ч тогтмол өсөлттэй байх төлөвтэй байна. Тус бүсийн цахилгаан хангамжийг одоо таван өөр эх үүсвэрээс авдаг. Эдгээр нь төвийн эрчим хүчний систем, Даланзадгадын ДЦС, ӨМӨЗО-ын Алшаа аймгийн импортын шугам, Оюутолгой төслийн импортын цахилгаан дамжуулах шугам, Ухаа худгийн ДЦС юм. Ийм нөхцөлд өмнөд бүс дэх 15 сум, 3 том уурхайн цахилгаан хангамжийн болон түгээх сүлжээний хэвийн найдвартай үйл ажиллагааг ханган ажиллах мэргэжлийн байгууллага шаардлагатай. Мөн эрчим хүчний тарифын бодлого хэрэгжүүлэх нэгж байхгүйгээс Өмнөговь аймгийн хэрэглэгчид таван өөр тарифаар эрчим хүч хэрэглэж байгаа юм.
Энэ компани байгуулагдсанаар говийн бүсийн хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангах, үнэ тарифын зохицуулалт хийгдэх, мэргэжлийн инженер техникийн ажилчидаар хангагдах зэрэг олон давуу тал бий болно.