Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Ганбаяр: Хөрөнгийн биржид бүртгэлтэй 115 компаниас 14 нь ногдол ашгаа тараасан



“Хөрөнгийн зах зээлийн эрсдэл” уулзалтын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн Д.Ганбаяртай ярилцлаа.

 -Манай хөрөнгийн зах зээл хэр эрсдэлтэйд тооцогддог вэ. Монголын хөрөнгийн зах зээлийн хөрөнгө оруулалтын 92,4 хувь нь гадаадын хөрөнгө оруулагчид байдаг гэсэн тооцоо байна. Энэ нь нэг талаараа эрсдэлтэй биз дээ?

-Эрсдэл гэдэг ямар айхтар байдгийн тод жишээг бид сая харлаа шүү дээ. Энэ сарын 21-нд дэлхий сүйрнэ гэдэг эрсдэлээс айгаад хэчнээн хүн хотоос дайжиж, хүнс, лаа, шүдэнз нөөцлөв. Тэгэхээр бид эрсдэлийн талаар мэдээлэл, судалгаатай байх шаардлагатай. Үүний адил санхүүгийн болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд ирээдүйд гарах эрсдэлийг тооцож, дүрэм журмаа боловсруулах нь зүйтэй. Олон улсын нэгдсэн менежментийн холбоо гээд дэлхийн 120 гаруй улсыг нэгтгэсэн байгууллагаас “Санхүүгийн зах зээлийн эрсдэлээ тооцох хэрэгтэй юм байна” гэдгийг зөвлөсөн.

-Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран “Millennium IT” системийг нэвтрүүлсэн. Энэ нь хэр үр дүнгээ өгөх бол?

-Брокер, диллерын компаниудын мэргэжилтнүүдийн яриагаар мэдээлэл хэрэгтэй байна, тоглоомын дүрэм нь тодорхой байх шаардлагатай хэмээн ярьж байна. Тиймээс цаашдаа мэргэжлийн байгууллага, зах зээлд оролцогч газрууд хамтын ажиллагаагаа улам ойртуулах болно. Энэхүү системийг нэвтрүүлснээр “Айвенхоу майнз”, “Оюу толгой”, “Таван толгой” компанийн гадаадад арилжаалж буй хувьцааны 10 хувийг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан худалдаж авах боломжтой болох юм. Ингэснээр хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэнэ. Нөгөө талаар, хөрөнгө босгох зорилготой уул уурхайн компаниуд хувьцаагаа гаргах боломжтой. Уул уурхайн компаниуд жилийн 18 хувийн хүү төлж, зээл авах шаардлагагүй болно гэсэн үг.

-Монголын зах зээлийн 95 хувийг банк, санхүүгийн байгууллага авч явдаг. Хөгжсөн оронд бол хөрөнгийн болон мөнгөний зах зээл нь энэ тэнцүү хэмжээтэй, уялдаатай байж зөв явдаг гэдэг. Цаашдаа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд ямар алхам хийсэн нь дээр вэ?

-Нэгдүгээрт, бодлого, зохицуултад анхаарах шаардлагатай. Жишээ нь, 115 компани хувьцаа татаж авсан мөртлөө мэдээллээ өгдөггүй. Өнгөрсөн жилийн хувьд гэхэд 14-хөн компани ногдол ашиг тараасан. Бусад нь огт өгөөгүй.

-Тэгэхээр 100 орчим байгууллага ашиггүй ажилласан гэж хэлэх гээд байна уу?

-Үгүй. Хэзээ ч ашиггүй ажиллана гэж байхгүй. Ашигтай ажилласан мөртлөө өгөхийг хүсэхгүй байна. Иймд эхлээд орлогын үнэлгээ хийх хэрэгтэй. Татварт өгдөг тайлан, татвараас нуудаг тайланг болиулах шаардлагатай. Татварт өгсөн тайланг нь үндэслэж арилжааны банкууд зээл өгдөг болмоор юм. “Анод” банкыг гол дампууруулах болсон шалтгаан нь “Алтан дорнод” компани байх жишээтэй. Олон лиценз эзэмшчихээд үйл ажиллагаагаа явуулдаггүй шүү дээ. Тийм учраас банкнаас зээл олгохдоо үйл ажиллагаа явуулахгүй байгаад нь зээл олгохгүй баймаар байна. Монголбанк бодлогоор арилжааны банкуудад ийм шаардлага тавих хэрэгтэй.

-Хувьцаат компани гэсэн атлаа ногдол ашгаа өгөхгүй бол хууль бус үйл ажиллагаа биш юм уу. Үүнийг зохицуулах дүрэм журам, авах арга хэмжээ  байдаг уу?

-Компанийн тухай хуульд өөрчлөлт орсон нь сайн хэрэг болсон. ТУЗ-ийн гишүүдийн гуравны нэг нь хараат бус байх ёстой гээд хуульд тусгасан байгаа. Энэхүү хуулийг хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагууд түлхүү анхаарч хүчтэй ажиллах ёстой. Ингэж байж бүртгэлтэй мөртлөө ногдол ашиг тараадаггүй, худлаа тайлан өгдөг компаниудыг цэгцлэх арга хэмжээ авах болно. Тэднийг цэгцэлж байж хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах гээд байгаа, хувьцаа худалдаж авах хүмүүст итгэл төрүүлнэ. Өнөөдөр хувьцаа худалдаж авлаа гэхэд нөгөө хэд нь ногдол ашиг тараахгүй учраас хүмүүс итгэхгүй байна шүү дээ. Худлаа тайлан өгчихөөд ашигтай ажиллаад байж болохгүй. Үүнийг болиулсан цагт таны асуугаад байгаа хөрөнгийн зах зээл хөгжих гарц нээгдэнэ. Хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалах талд түлхүү анхаарах ёстой.

-Ойрын хугацаанд цэгцэлж амжих уу?

- Амжина. Ирэх он гэхэд тайлангаа шударгаар гаргахгүй бол шууд захиргааны арга хэмжээ авна. Санхүүгийн зохицуулах хорооноос үүнд хяналт тавина. Бодит байдалд хувьцаат компанийн захирлууд нь хувьцаагаа маш хямдхан авахын тулд орлогоо нуун дарагдуулдаг ашиг сонирхлын зөрчил гаргаад байгаа. Үүнийг цэгцэлж байж хөрөнгийн зах зээл хөгжинө. Тэрнээс биш хэчнээн шинэ систем нэвтрүүлээд юу ч өөрчлөгдөхгүй.

-Шинэчлэлийн Засгийн газар “Чингис” бондыг дэлхийн хөрөнгийн зах зээлд эрэлттэй байлгаж чадсан. Энэ нь эргээд Монголын хөрөнгийн зах зээлийн том сурталчилгаа болох болов уу?

-Бонд гэхээр хүмүүс бэлэг өгчихсөн юм шиг санадаг. Монголоор орчуулбал, бонд өрийн бичиг. Хөгжлийн банкны 500 сая ам.доллар, “Чингис” бондын 1,5 ам.долларын өрийн бичигтэй боллоо гэсэн үг. Гэхдээ энэ бондыг гаргаснаар гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж чадсан нь сайн хэрэг.   

0 Сэтгэгдэл
asuultaa oilgokhgui l khariulaad baidag turiin alban khaagch bna daa.
haha Hurdiin Ganbayar bna shdee zurag ni, hehe
Хамгийн их уншсан