Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Лхамсүрэн: Монголчуудын хоёр хувь нь л хөрөнгийн зах зээлийн талаар ойлголт, мэдлэгтэй байна

Хөрөнгө оруулалтын “Стандарт капитал” банкны ТУЗ-ийн дарга Ганболдын ЛХАМСҮРЭНТЭЙ хөрөнгийн зах зээлийн талаар яриа өрнүүллээ. Түүнийг “Хувьцааны цагаан толгой” номоор нь манай уншигчид мэдэх болсон юм.

 -Монгол Улс чөлөөт зах зээлийн системд шилжээд 20 гаруй жил болж байна. Үүнийг дагаж гарч ирсэн нэг салбар нь үнэт цаасны зах зээл байх. Энэ талаар манай иргэд ямар ойлголт, мэдлэг боловсролтой байдаг юм бол?
-Нүүдэлчин соёл иргэншилтэй монголчуудын хувьд хүн бүхэн өөрийн өмчтэй болох үйл явц 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд бий болсон. Үүнээс өмнө бид бүгд өмчлөгчийн бус эзэмшигчийн сэтгэлгээгээр бүх зүйлд ханддаг байлаа. 1991 оны нэгдүгээр сард гаргасан 22 дугаар тогтоолоор төгрөгийн ханшийг хоёр дахин унагасны дараа улсын өмчийн 475 үйлдвэрийн газрыг хувьчилсан байдаг. Энэ нь тухайн үеийн ханшаар 8.2 тэрбум төгрөгийн хөрөнгө байсан бөгөөд нийт ард иргэддээ цэнхэр, ягаан тасалбараар хуваасан. Бүх ард нийтийг өмч хөрөнгөтэй болгох гэсэн анхны оролдлого нь энэ байжээ. Өнөөдрийн “Тавантолгой”-н хувьцаа шиг. Харамсалтай нь, тухайн үед  бидэнд хувь хүний санхүүгийн соёл, хувьцаа, үнэт цаасны тухай ойлголт байсангүй. Одоо ч хангалтгүй байгаа. Дэлхийн хөгжингүй улс орнуудын нийт хүн амын 40-60 хувь нь хөрөнгийн зах зээлийн талаар тодорхой хэмжээний ойлголт, мэдлэгтэй байдаг гэнэ. Манайхны тухайд ердөө хоёр хувь нь л энэ талын мэдлэг боловсрол, ойлголттой байж үнэт цаасны арилжаа, үүний үйл явцад оролцож байна.
-Хүн амын цөөхөн хэсэг нь энэ зах зээлд оролцдог учраас санхүүгийн секторт эзлэх хувь хэмжээ ч бага байдаг байх. Хөрөнгийн зах зээл ер нь хэдэн хувийг бүрдүүлж байна вэ?
-Хөгжилтэй орнуудын санхүүгийн зах зээлийн 50 хувийг банкны салбар бүрдүүлдэг бол хөрөнгийн зах зээл мөн төдий хувийг нь дааж байдаг. Манайд байдал шал өөр. Банкны салбар 94 хувийг, үлдсэн багахан хэсгийг хөрөнгийн зах зээл төвлөрүүлж байна.
Энэ нь нөгөө л иргэдийн маань санхүүгийн боловсрол, соёлтой холбоотой. Наад зах нь “Цагийн хүрд” ч юм уу эдийн засгийн сэдэвтэй нэвтрүүлгээр олон улсын хөрөнгийн зах зээлтэй  холбоотой мэдээлэл гарахаар өөрөөсөө хол гэж үзээд сувгаа сольчихдог. Уг нь тэр бүхэн дэлхийн долоон тэрбум хүнд бүгдэд нь хамаатай мэдээлэл шүү дээ. Хэрэв та нимгэн зузаан нь хамаагүй түрийвчтэй л бол үүнийг сонирхох, цаашлаад санхүүгийн мэдлэгтэй болох хүсэл эрмэлзэлтэй байх ёстой юм. Үүнд бага боловч тус болох гэж “Хувьцааны цагаан толгой” номыг хэвлүүлсэн. Энэ маань өмнө нь цуврал лекц байсныг эмхэтгэж гаргасан нь тэр.
 
-Лекцийг тэр болгон ирж сонсоод байж чадахгүй. Ном болгож гаргасан нь олон хүнд хүргэх гэсэн нэг арга байх л даа. Хэр эрэлттэй байна вэ?
-Надад мөнгө олох нь чухал биш. Гагцхүү орлогын хоёрдахь эх үүсвэртэй болох арга замын нэг хөрөнгийн зах зээлд хүмүүс оролцоосой, үүний тулд энэ зах, хувьцааны талаар тодорхой хэмжээний ойлголттой байгаасай л гэж хүссэн юм. Яагаад гэвэл, манай иргэд энэ талаар ямар ч ойлголт, мэдлэггүй байгаа нь “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаанаас харагдлаа. Тэдний ихэнх нь 1072 ширхэг хувьцаагаа нэг сая төгрөгөөр худалдахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Энэ нь надад харамсалтай санагдсан.
-20 гаруй жилийн түүхтэй хөрөнгийн зах зээлийн талаархи иргэдийн ойлголт муу байгаагаас цэнхэр, ягаан тасалбар үнэгүйдэж байсан бол “Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцаа зарагдаад дуусах нь. Үүнээс үүдэн Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа тааруухан байна гэж үзэж болох уу?
-Энэ нь Хөрөнгийн биржийн гэхээсээ илүү төрийн нэгдсэн институцийн бодлогын асуудалтай холбоотой. 1990-ээд оны эхэн үед нийт иргэддээ хөрөнгийн зах зээлийн талаархи ойлголт, анхан шатны мэдлэгийг олгосны дараа цэнхэр, ягаан тасалбарыг тараасан бол өнөөдөр хүн амын амьдрал арай дээр байх байсан ч юм бил үү, яаж мэдэхэв. Саяхан “Тавантолгой”-н хувьцааг тараахаас өмнө сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийсэн бол хүмүүс яаж хандах байв гээд бодвол их л юм байна. Манайхан хадгаламж гэдэг санхүүгийн ганц хэрэгслийг л мэддэг. Уг нь хөрөнгийн захын талаар арай илүү мэдлэг мэдээлэлтэй байсан бол түүнийг л сонгох байсан байх. Би энгийн ганцхан жишээ хэлье. Та 2000 онд нэг сая төгрөгтэй байж. Түүнийгээ 15 хувийн хүүтэйгээр хадгалуулсан байхад арван жилийн дараа 1.8 сая төгрөгийн хүү,  хүүгийн хүүтэйгээ нийлээд 3.2 сая төгрөгийн хуримтлалтай болсон байна. Тухайн үед нэг сая төгрөгөөр нэг өрөө байр авч болж байлаа. Одоо 50 саяас наашгүй.
Тэгвэл тэр үед 80 төгрөг байсан орон нутгийн өмчийн “Тавантолгой” компанийн хувьцаанаас та нэг сая төгрөгөөр 12.5 мянган ширхэгийг авчихсан бол одоо 1.8 тэрбум төгрөгтэй сууж байх байлаа. Өнөөдөр “Тавантолгой”-н нэгж хувьцаа 150 мянгаас буухгүй байгаа. Ийм л юм. Манайхан компанийн захирал л болчихвол мөнгө  “ургуулж”,  баян тарган байх юм шиг санаад байдаг нь хамгийн буруу схем. Түүний оронд зураач нь урландаа өнжиж, сэтгүүлч нь дуртай сэдвээрээ бичиж, эмч нь өвчтөндөө анхаарал тавьж, цагдаа нь иргэдээ хамгаалахын зэрэгцээ хоёрдахь орлогын эх үүсвэрээ бүрдүүлэх боломж байна. Ингэснээр хүмүүсийн амьдрал сайжирч, нийгмийн харилцаа аядуу зөөлөн болно. Яагаад гэвэл, аливаа хэрүүл шуугиан, хэл ам зөвхөн санхүүгийн асуудлаас л үүдэлтэй байдаг.
-Санхүүгийн асуудлаа зохицуулах энэ сайхан боломжийг монголчуудын ихэнх нь алдчихжээ гэж бодогдлоо. Энд хувьцаагаа худалдсан иргэдийг хэлж байна л даа. Бас “Эрдэнэс-Тавантолгой”-ийн хувьцааг булаацалдаж байсан ч авахаас татгалзсан компанийн захирлуудад ч хамаатай. Та юу гэж бодож байна вэ, надтай санал нэгдэж байна уу?
-Энэ нь Монголын төр, засаг нийт ард иргэдээ хөрөнгөтэй болгох зорилготой хоёрдахь алхам, оролдлого байсан гэж хэлж болно. Өмнөговийн 72 мянган га, эрдэс баялаг бүхий газраас хүн бүрт хоёр ам метр талбайг үнэгүй олгосон. Гэтэл иргэд түүнийг нэг сая төгрөгөөр худалдчихаж байгаа нь эх орныхоо газар шороог зарж байгаатай утга ижил. Үндэсний компаниуд түүнийг нь худалдаж авна гэж бардамнаж байсан ч санхүүгийн бодит боломж, хөрөнгийн захын мэдлэг дутмагаас болоод татгалзсан. Одоо яах вэ. Мэдээж гаднын хөрөнгө оруулагчдад л хандаж таарна. Тэд эзэмшигчийн сэтгэхүйтэй монголчуудаас нөгөө олон тэрбум хувьцааг нь амархан худалдаад авчих байлгүй. Хувьцааныхаа оронд сая төгрөг авсан олонхи нь идэж уугаад  дуусгах байх. Даанч харамсалтай санагдаж байна.
-Хуримтлал үүсгээд банкинд хадгалуулж ч болно шүү дээ. Тэгэхээр та намайг шоолж байгаа байх. Нөгөө л хуучинсаг сэтгэлгээ гэж?
-Уг нь хөрөнгө оруулалтын 160 гаруй арга хэлбэр байдаг. Хадгаламж бол түүний нэг нь. Түүндээ ч манайхан тууштай байж чаддаггүйн дээр банкны салбарынхан ч түгжигдмэл ойлголттой байдаг. Та өдөр бүр хадгаламждаа 1000 төгрөг нэмдэг байж болно. Гэтэл банкны теллер таныг хараад гайхаж, эсвэл шоолж ч магадгүй. Энэ бол санхүүгийн эмгэг. Уул нь хөрөнгө оруулалтад хугацаа нь чухал болохоос хэмжээ нь гол биш гэсэн энгийн логик байдаг юм. Өнөөдөр биш юм аа гэхэд маргааш “Эрдэнэс-Тавантолгой”-н 15 тэрбум ширхэг хувьцаа эргэлтэд орж таарна. Энэ ордоо зөв ашиглаж, хувьцааг нь олон улсын хөрөнгийн зах дээр амжилттай борлуулж чадвал дэлхийн ТОП-500 компанийн нэг болохыг ч үгүйсгэх аргагүй. Цаг хугацаа өнгөрөх тусам тухайн компани, түүний хувьцаа үнэд орж байдаг бичигдээгүй хуультай. Иймээс дээрх компанийн хувьцаагаа юмыг яаж мэдэхэв гээд ч юм уу эсвэл хайхрамжгүйгээсээ, бүр эсрэгээрээ энэ хувьцаа ирээдүйд “чулуу” болно гэж тооцоолоод хадгалчихсан хүн бүхэн санхүүгийн соёл, үнэт цаасны тухай ойлголт, мэдлэгээ дээшлүүлээсэй гэж хүсэх байна.
-Та АНУ, Солонгос, Чехэд ажиллаж амьдарч байгаа монголчуудад хөрөнгийн зах зээлийн талаархи лекцээ уншсан гэсэн. Тэд арай өөр ойлголттой байж чадаж байна уу?
-Гадаадад байгаа монголчуудын хувьд орчин нь өөр болохоор хөрөнгийн захын тухай ойлголтыг маш хурдан тусгаж авч, мэдлэг болгож чаддаг юм шиг санагдсан. Бас хүн бүрт хүртээсэн “Эрдэнэс-Тавантол¬гой”-н хувьцаа тэднийг тодорхой хэмжээнд “сэрээсэн” байна лээ. Гол нь тэдэндээ бас нэг ойлголт, мэдлэг мэдээлэл өгчих гэсэн иргэний үүргээ л биелүүлж байгаа хэрэг юм даа. Хэн, юу мэдэж байна, түүнийгээ бусадтай хуваалцах ёстой гэж би боддог.

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан