Нийслэлийн авто замчид өчигдөр чууллаа. Уулзалтыг нээн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл авто замыг шинэчлэхэд зам барилгын компаниудтай хамтран ажиллахаа мэдэгдэж, тэдний санал бодлыг сонсохоор хүрэлцэн ирснээ дуулгасан юм. Үүний дараа нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж ирэх онд нийслэлд баригдах зам гүүрийн ажлыг танилцуулав. Ирэх онд улсын төсвөөс нийслэлийн авто замын салбарт 89.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 75.5 километр авто замыг өргөтгөн шинэчлэх буюу шинээр барьж эхлүүлэхээр төлөвлөжээ. Харин нийслэлийн 34.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 22.7 километр авто замыг шинээр барих буюу өргөтгөн шинэчлэх юм байна. Үүнээс гадна шалган бүртгэх товчоодод автомат хаалт болон хяналтын систем суурилуулах онцгой байдлын нөхцөл болон барилгын явцад авто замын хөдөлгөөний саадгүй байдлыг хангахаар түр гүүр барих юм билээ. Хотын төвийн авто замуудыг шинэчлэхээс гадна гэр хороолол тэр дундаа Зүүн салаа, Яармаг, Биокомбинат, Бэлх, Хайлаастын замыг 2013 онд өргөтгөн шинээр тавихаар төлөвлөжээ.
Энэ үеэр нийслэлийн Авто замын газрын хяналтын инженер Э.Ганболдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Зам барилгын компаниуд гэрээт хугацаандаа замаа барьж өгдөггүй. Энэ юунаас шалтгаалдаг юм бол. Танайх яагаад хяналт тавьж чадахгүй байна вэ?
-Тендер нь эрт зарлагддаг хэдий ч газраа чөлөөлөх гэсээр байтал цаг хугацаа их алддаг. Манайх шиг зам барилгын ажлаа зуны гурван сард хийдэг улс дэлхийд бараг байхгүй.
Дэлхийн бусад оронд жилийн аль ч улиралд хэдхэн хоногийн дотор замаа засаад гоё болгочихож байна шүү дээ. Үүнээс гадна инженерийн шугам сүлжээ, цахилгаан, кабелийн утас том бэрхшээл болдог. Хамгийн гол нь, замын гүйцэтгэгч компаниуд холбогдох байгууллагуудтайгаа харилцан уялдаатай ажиллах хэрэгтэй.
-Гүйцэтгэгч ажлаа эхлэхээсээ өмнө засч, шинэчлэх гэж байгаа замынх нь дор шугам, сүлжээний утас байна уу гэдгийг шалгадаггүй хэрэг үү?
-Өнөөдөр дулаан, холбооны гээд энэ олон шугамын учрыг олдог газар алга.
Наад зах нь холбогдох албанаас нь зөвшөөрөл аваагүй хэрнээ цахилгааны утас татчихсан байдаг. Гэтэл төрийн байгууллага тавьсныг нь мэддэггүй. Замын ажил эхлэхээр зөвшөөрөлгүй тавьсан цахилгааны утас нь гарч ирж, ажил саатдаг. Үүнийг цэгцлэх хэрэгтэй. Замын ажил эхлэх үеэд утас тасарна. Тэгээд тэднийг зас гэнэ. Гэтэл манай зам барилгын компаниудын хүчин чадал, санхүү тааруу шүү дээ.
-Тэгвэл дээрх бэрхшээлээс гарах гарцын тухайд?
-Авто замын салбарынхан өнөөдөр цуглаад зөвлөлгөөн хийж байна. Эндээс цаашид хэрэгжүүлэх арга зам гарах байх аа.
Зам барилгын гүйцэтгэгч байгууллагууд, зураг төслийг нь гаргаж байгаа аж ахуйн нэгжүүд, төрийн шат шатны байгууллагууд хамтарч нэгдсэн дүрэм журамтай болох хэрэгтэй. Уг нь, замынхаа өртөгт борооны ус зайлуулах систем, гэрэлтүүлгийн төсвийг оруулаад явж байгаа. Ингэсэн тохиолдолд ажил цэгцэрнэ.
“Жэй Ки Си” ХХК-ийн инженер Б.Жавхлантөгстэй цөөн хором ярилцлаа.
-Манай зам барилгын компаниуд чанаргүй зам барилаа хэмээгддэг. Гэтэл япончуудын барьсан нарны зам, гүүр хэдэн зуун жилийн эдэлгээтэй хэмээн баталгаа өгч буй. Энэ юунаас шалтгаалж байна вэ?
-Зам барилгын ажлыг манай замын компаниуд Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу л барьдаг. Тэрнээс өөрсдөө дур мэдэн хямд чанаргүй материалаар хийгээд байгаа юм биш.
Шалгадаг байгууллагууд нь хянаад хүлээж авч байгаа шүү дээ. Манай арчлалтын ажил таваас зургадугаар сард л хийгддэг. Тэгж байтал хүйтэн болоод арчлалт хамгаалалт ерөөсөө байхгүй болчихдог. Энэ нь замын чанарт нөлөөлж байгаа юм.
-Өнөөдөр замын компаниудад тулгамдсан ямар асуудал байна вэ. Ингээд шийдээд өгвөл энэ замыг барьчихна гэсэн хүсэлт бий юү?
-Манайх Гүнтийн таван километр замыг барьж байгаа. Зам барилгын ажил хийхэд карьерын асуудал хамгийн хүнд байдаг. Карьер байхгүйгээс хотоос 25-26 километрийн холоос зөөдөг.
-Тулгарч байгаа хүндрэл бэрхшээлүүдээс гарах ямар арга зам байна вэ?
-Засгийн газраас хөнгөлөлттэй зээл олговол тоног төхөөрөмжийн шинэчлэлээ хийж чадавхижна. Одоо зам барилгын компаниуд бор зүрхээрээ л яваа.
Ер нь, зам барилгын компаниудад өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж амин сүнс нь байдаг.