Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэнгээс хадгаламжийн даатгал болон “Чингис” бондын талаар асуулаа.
-Энэ онд арилжааны банкуудын санхүүгийн чадавхи сайжирсан гэж буй. Тэгэхээр өөрийн хөрөнгө нь хэдэн хувиар өсөөд байгаа вэ?
-Нийтдээ хоёр дахин өссөн. Арилжааны банкны өөрийн хөрөнгө нийт системийн дүнгээр 1.1 их наяд төгрөгт хүрсэн. 2008 оны хямралын үед 150 тэрбум төгрөг байсан юм. Үүнээс хойш нийтдээ зургаа дахин өслөө гэж хэлж болно.
-Хадгаламжид баталгаа гаргасан хуулийн хэрэгжих хугацаа дууссан. Одоо Хадгаламжийн даатгалын тухай хуультай болох гэж байна. Энэ хууль батлагдах ажил ямар шатанд явна вэ?
-Даатгалын тогтолцоо санхүүгийн аюулгүй байдлын нэг хэрэгсэл. Манай улсад эдийн засгийн хямрал нүүрлэсэн 2008 онд банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль гарсан. Энэ хууль өнгөрсөн сарын 25-нд хүчингүй болсон. Одоо хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх юм. Монголбанк Хадгаламжийн даатгалын хуулийг эцэслэн боловсруулж Засгийн газраар дамжуулж УИХ-д өргөн барьсан. Эхний хэлэлцүүлэг нь хийгдсэн. Ажлын хэсэг сайжруулах тал дээр ажиллаж байгаа.
-Тухайн банк дампуурлаа гэхэд харилцагчдад даатгалын нөхөн олговорт 20 сая хүртэлх төгрөг өгнө гэж байгаа. Үүнээс илүү хадгаламжтай бол яах вэ?
-Даатгалын корпорациас дампуурсан банкны харилцагчдад өгөх нөхөн олголтыг 20 сая хүртэл төгрөг гэж заасан. Уг хэмжээнд хүртэлх хадгаламжтай хүн мөнгөө бүтнээр нь авна. Харин илүү хадгаламжтай бол дээрх хэмжээний мөнгө л авна гэсэн үг.
Даатгалын корпорац эхлээд харилцагчдад мөнгийг нь олгоно. Дараа нь, санхүү нь муудсан тухайн банкны эрх хүлээн авагчтай хамтран ажиллаж гаргасан хөрөнгөө олж авна. Тэгээд мөнгө үлдвэл 20 сая төгрөгөөс илүү хадгаламжтай иргэдийн хохирлыг барагдуулах юм. Ер нь нийт хадгаламж эзэмшигчдийн 99.3 хувь даатгалд хамрагдах юм.
-Даатгалын корпорацийн найдвартай, тогтвортой ажиллагааг яаж хангах вэ?
-Энэ байгууллага урт удаан хугацаанд тогтвортой ажиллах гол үндэс нь санхүүгийн нөөц хөрөнгө буюу хуримтлал юм. Тэгэхээр Засгийн газар, Монголбанк эхлэлийн хөрөнгө гаргахад нь тодорхой хэмжээгээр дэмжиж ажиллах байр суурьтай байгаа. Мөн Хадгаламжийн баталгааны хуульд 2010 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр арилжааны банкууд баталгаа гаргасан харилцах данс, хадгаламж дахь мөнгөндөө тодорхой хэмжээний шимтгэл төлж ирсэн. Энэ мөнгө нь бас дээрх байгууллагын эхлэлийн хөрөнгөд орох учиртай. Улсын төсөв, Монголбанкнаас тус бүр 50 тэрбум төгрөг өгчихвөл Даатгалын корпорацийн суурь хөрөнгө бүрдэж баталгаатай болно гэж үзэж байгаа.
-Жишээлбэл, 100 сая төгрөгтэй хүн таван банкинд хуваагаад тус бүр 20 сая төгрөг хийж болно шүү дээ. Энэ тохиолдолд банк, санхүүгийн салбарт ямар нэг эрсдэл гарах болов уу?
-Хадгаламжийн даатгал иргэдийн мөнгийг хамгаалж байгаа төрийн арга хэмжээ тул сөрөг үр дагавар маш бага. Ер нь, тухайн банкинд хөрөнгө нь төвлөрч чадалгүй дампуурсан тохиолдолд даатгалын корпорацид эрсдэлтэй. Гэсэн хэдий ч энэ хуульд корпорацийн цаана төрөөс батлан даана гэсэн тодорхой нөхцөл байгаа учраас сөрөг үр дагавар, эрсдэл бага гэж бодож байна.
-Нөгөө талдаа арилжааны банкуудын хариуцлага суларч мэдэх тал бий юу?
-Тийм зүйл байхгүй гэж хэлж болно. Харин арилжааны банк өөрт нь итгэж мөнгөө хадгалуулсан харилцах, хадгаламжийг нь өөрөө шимтгэл төлж даатгаж байгаа учраас илүү хариуцлагатай ажиллах юм. Мөн хураамжийн хэмжээг 0.5 гэж хуульд зааж байгаа. Гэсэн хэдий ч яваандаа тухайн банкны эрсдэлээс хамаарч дээш, доош хөдлөх боломжтой. Тэгэхээр арилжааны банк өөрөө эрсдэлээ бага байлгавал төлөх хураамж нь бага байна.
-Засгийн газар “Чингис” бонд гаргалаа. Энэ мөнгийг улс орны хэмжээний томоохон бүтээн байгуулалтад зарцуулна гэж байгаа. Тэгэхээр эдгээр төслийн санхүүжилтийг төрөөс шууд өгөх үү эсвэл банкаар дамжуулах юм болов уу?
-Бондоор босгосон мөнгө нь Засгийн газрын баталгаатай. Энэ мөнгийг эдийн засагт нөлөөлөх төрийн мэдлийн том, том төсөлд зарцуулахаас гадна хувийн хэвшилд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийж дэмжих байх. Учир нь, манай улсын ДНБ-ий 80-90 орчим хувийг нь хувийн хэвшил бүтээдэг юм. Гэхдээ төрөөс шууд хувийн хэвшилд май үүнийг ав гээд өгөхгүй. Яагаад гэвэл, төр хамгийн муу менежер гэдэг. Тэгэхээр банкаар дамжуулж олгоно гэж ойлгож байгаа. Банк бол хариуцлага, туршлагатай. Иймд төр, хувийн хэвшлээ дэмжих хөрөнгө оруулалт хийх болбол банкаар дамжуулж гаргах нь зүйтэй болов уу. Тэгэхээр энэ мөнгөний нэг хэсэг нь банкинд байрших байх гэж бодож байна. Дээр нь, манай банкууд өөрсдөө сайн эх үүсвэртэй байх юм бол тэр хэмжээгээрээ томоохон төслүүдийг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалт хийх боломжтой юм. Гэтэл манай арилжааны банкуудад “Чингис бонд”-оор босгосон шиг урт хугацаатай хөрөнгө оруулалт хийх санхүүгийн чадавхи байгаагүй. Иймээс дотоодын томоохон төслүүдээ өнөөдрийг хүртэл санхүүжүүлж чадахгүй байсан. Засгийн газар одоо урт хугацаатай мөнгө босгож чадсан учир эдийн засгаа бэхжүүлхэд чухал нөлөө үзүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдээ санхүүжүүлэх боломж бүрдэж байна.
-Моргейжийн зээлийг дэмжинэ гэсэн. Энэ бондын мөнгөнөөс гаргах боломж бий юу?
-Засгийн газраас энэ бондоор босгосон мөнгийг тийм, ийм зүйлд зарцуулна гэсэн тодорхой хөтөлбөр гарч ирээгүй байна. Моргейж бол чухал зүйл. Ард иргэд мөнгөө хоёр хэлбэрээр хадгалдаг. Нэгдүгээрт, харилцах хадгаламж, хоёрдугаарт өөрийн амьдрах орчноо сайжруулж орон сууцны зээл авах явдал юм. Тэгэхээр моргейжид зарцуулах нь зөв. Гэхдээ их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийхгүй байх. Яагаад гэвэл, энэ нь үйлдвэрлэгчээс хамаарна. Барилга орон сууц олноор баригдахгүй бол моргейжийн зээл гарч чадахгүй.
-Чингис бонд жилийн 4.125-5.125 хувийн хүүтэй. Арилжааны банкуудаар дамжуулаад санхүүжилт олгохоор тодорхой хэмжээний хүү тооцогдох байх. Тэгэхээр энэ зээл, санхүүжилтийн хүү нь ямар байх бол?
-Төр хямдхан босгосон мөнгөө үнэ хүргэж гаргахгүй гэсэн бодлого байгаа шүү дээ. Энэ гаргаж байгаа мөнгө нь улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой салбарт очино. Иймд тодорхой нөхцөл тавьж өгөх байх гэж бодож байна.