Улсын хэмжээнд 10 аймгийн 32 суманд өвөлжилт хүндэрч, 40-80 см цастай байгаа гэсэн мэдээллийг Ус цаг уурын хүрээлэнгээс өгөөд байгаа. Үүнтэй холбогдуулан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас цас их орсон, өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан өвлийг хохирол багатай давахын тулд малчдад малаа нядалж мах болгохыг зөвлөж байгаа аж. Хэрэв малчид хэсэг бүлгээрээ дундаас доогуур тарга тэвээрэг авсан малаа нийлүүлж, таван тонн болгосон тохиолдолд орон нутагт мах авч байгаа “Жаст агро” компанийнхан газар дээр нь очиж авч байгаа аж. Ингэхдээ махыг элдвээр муулж, үнийг нь буулгахгүйгээр нэг үнээр авч байгаа гэнэ. Тухайлбал, ямааны махыг 3200-3800, хонины махыг 4000-4200, үхрийн махыг 4800-5000 төгрөгийн хооронд авч байгаа аж.