Японд сурч байгаад ирсэн найз маань эх орондоо ирэнгүүтээ “Хамгийн түрүүнд мах идмээр байна. Монгол малын мах шиг сайхан амттай, идүүртэй зүйл алга” хэмээн хүүхэд шиг л шүлсээ залгин ярив. Хааяа махсахаараа кг мах авах хэдий ч резинэн чихэр шиг зажлагдаад идсэн ч болдоггүй юм хэмээхийг нь сонсоод өрөвдөх шиг бас монгол махаараа гайхуулахсан гэсэн сэтгэл төрснийг нуух юун.
Үнэндээ дэлхий даяараа мал аж ахуйн ферм эрхлэх болсон өнөө үед бэлчээрийн системээрээ явж байгаа нь манайх. Тэглээ гээд муудсан зүйл ч алга бололтой. Харин ч бэлчээрийн мал аж ахуй нь давуу тал гэлтэй. Учир нь, монгол мал байгалийн бэлчээрийн олон зүйлийн амтлаг ургамлаас шилэн иддэг болохоор хүний биед шаардлагатай уураг, тос, эрдэс бодис, амин дэм зохих хэмжээгээр маханд нь агуулагдсан байдаг аж. Судлаачдын хийсэн судалгаагаар монгол хонины махны уургийн үл орлогдох амин хүчлийн бүрэлдэхүүнийг Киргиз, Шинэ зеландын адил төрлийн махнаас нийт дүнгээрээ 2.61-12.6 хувиар илүү байгаа нь тогтоогдож, үүний дотор лизин метионин триптофан 5.2-50.7 хувь байна гэжээ. Уургийн чанарын үзүүлэлт 5.0–аас доошгүй байвал сайн чанарын маханд тооцогддог бол монгол хонины махны уургийн чанар 7.5 байсан нь амин дэм ихтэй гэдгийг нь нотолно. Ганц хониных гэлтгүй адууны махны илчлэг чанар нь 2886-3000 ккалор. Тэгэхдээ өөх нь ханаагүй тосны хүчлээр бaялаг, цусны даралт ихсэх, судасны хана хатуурах зэрэг өвчний эсрэг үйлчилгээтэйгээс гадна найрлаганд нь хүний бие махбодид онц чухал хэрэгтэй глютамины болон бусад амин хүчлүүд 16.2 хувь байдаг тул шим тэжээлтэй, шингэц сайтай байдаг нь тэр гэнэ.
Зах зээл судлаачдын судалгаагаар нийгмийн хөгжил, хүн амын амьдралын төвшин дээшлэхэд мах, махан бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгддэг байна. Энэ өсөлттэй уялдуулан өндөр хөгжилтэй орнууд эрчимжсэн мал аж ахуй эрхлэн малын өсөлт, хөгжилтийг хурдасгах, махны гарцыг нь нэмэгдүүлэх зорилгоор бэлдмэл хэрэглэж буйгаас сөрөг үр дагавар гарах болж. Мал өвчинд өртөмтгий болж, махны шимт нэгдлүүдийн харьцаа алдагдан улмаар зарим шинж чанар нь өөрчлөгдөхийн чацуу хүний эрүүл мэндэд дам нөлөөлөх үр дагавар дагуулдаг аж. Их Британид явуулсан махны полиен хүчлийн агууламжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн удаан хугацааны генетикийн туршилтаар ханасан хүчлийн агууламж ихтэй липид нь олон өвчин, түүний дотор зүрх-судасны өвчний шалтгаан болдог гэж үзжээ. Мах, махан бүтээгдэхүүнд полиен хүчлийн, түүний дотор n-6 хүчлийн агууламж хэт нэмэгдсэн нь мөн л хорт хавдар, зүрх судасны өвчинд хүргэх эрсдэл дагуулдаг нь нотлогдсон байна. Тиймээс дэлхийн улс орнуудын эрдэмтэд аль болох байгалийн тэр тусмаа органик хоол хүнс идэхийг зөвлөж, тэр талын бодлогыг ч улс орнууд баримтлах болжээ. Дэлхий нийтийн энэ эрэлтийг хангаж, зах зээлийн эл орон зайг ашиглан монгол малын махаа яагаад брэнд болгон экспортолж болохгүй гэж. Брэнд гэдэг дан ганц гутал, хувцсаар хязгаарлагдахгүй юу ч байж болно гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Голланд улс бяслагаа, Солонгос улс кимчигээ брэнд болгож байхад бид яагаад таван хошуу малынхаа махыг брэнд болгож болохгүй гэж...
Тэгээд ч ашиг шим байтугай хүний биед шаардлагатай амин дэмийг нь эрдэмтэд нотолсон байхад брэндийн шаардлагыг ч хангах биз ээ. Монголын махны холбооны тэргүүн Л.Лхачинбалын хэлснээр манай улс жилд дунджаар 40 орчим сая ам.долларыг олон улсын махны худалдаанаас олдог хэмээсэн. Энэ жил ч гэсэн махны экспортоос ихээхэн ашиг олно гэж тооцоолж. Гэвч манайхаас мах экспортлогч Иран, Казахстан, Япон, Хятад, Араб, ОХУ эрүүл ахуйн шаардлага дээд зэргээр хангасан, зориулалтын савлагаатайгаар авна хэмээн босго тогтоосон нь бэрхшээлтэй байгаа аж. Бодлогоороо болдог бол мах экспортлогч орнуудын компанийн удирдлагуудын хэлсэнчлэн Монголд мах бэлтгэлийн үйлдвэр байгуулбал... Тэгвэл махаа стандартын дагуу савлан экспортлохоос гадна цус багадах, элэгний үйл ажиллагааг идэвхжүүлдэг хүний биед шаардлагатай амин дэм агуулдаг гэх элэг, зүрх цаашлаад эрдэмтдийн хэлсэнчлэн уураг ихтэй гэгддэг бод, бог малын засаа ч экспортолж болох гэнэ. Өнөөдөр Монгол Улс 40 гаруй сая малтай хэмээгдэж буй. Хэдийгээр бодлого нь алдагдсан ч монгол малын махаа брэнд болгож, дэлхий нийтийн хэрэгцээг хангах цаг ойрхон байна гэж санам. Нөөцийн махны бэлтгэл ажлын талаархи нэгэн хуралд ҮХААЯ-ны нэгэн мэргэжилтний хэлснээр энэ жил дэлхийн зах зээлд махны үнэ 20-30 хувиар нэмэгдэж байгаа гэнэ. Зүгээр суулгүй манайх ч гэсэн нэг кг үхрийн махаа 2.2 ам.доллараас 3.5 ам.доллар, хонины мах 1.8 ам.доллараас 2.5 ам.доллар хүртэл нэмж.
Гэхдээ зах зээлийн хуулийн дагуу чанар дагаж үнэ яригддагийн адил махаа өндөр үнээр экспортлох ёстой ч манай улс энэ боломжоо алддаг аж. Угтаа хотод үхрийн мах кг нь 9000-10 мянган төгрөгийн үнэтэй атлаа Орос руу гарахдаа 3.5 ам.доллар буюу 4720 төгрөгөөр экспортолдог. Гэтэл Москвад үхрийн кг мах доод тал нь 290 рубль буюу 12300 төгрөгийн үнэтэй байна хэмээн бодлогоо боловсронгуй болгох шаардлагатай талаар дурдаж байсан. Тэгвэл махаа гэлтгүй малынхаа дотор гэдсийг ч хүнсний хэрэглээнд төдийгүй эмийн зориулалтаар ч экспортолж болох юм. Өнөөдөр солонгосчууд хүний биед тустай хэмээн монгол хар ямааны зүрхээр хийсэн бэлдмэл гаргасан байхад болохгүй юм гэж алга.
Магадгүй, уул уурхайн салбарын улсын төсөвт оруулж буй хөрөнгийг гүйцэхгүй ч дотоодынхоо төдийгүй дэлхий нийтийн эрэлтийг хангахуйц Монголоор овоглосон брэнд бүтээгдэхүүн төрөхийг хэн мэдлээ. Тэр дундаа брэнд гэгдсэн монгол малын мах байхыг....