Эрчим хүчний сайд М.Сономпилтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Улаанбаатар хотын цахилгааны шинэ эх үүсвэрийг бий болгох тал дээр танай яам хэрхэн ажиллаж байна вэ?
-Баянзүрх дүүрэгт дулааны цахилгаан станцын ТЭЗҮ-г нь хийж Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдүүлсэн. Мөн олон жил яригдсан Багануурын станц, Таван толгойн цахилгаан станц зэрэг ажлууд ирэх онд хийгдээд явна.
-Баянзүрх дүүрэгт барих цахилгаан станцын байршлыг нарийн тогтсон уу. Нэлээн олон газрын нэр дуулдаж байсан шүү дээ?
-Үүний ТЭЗҮ нь батлагдаад Засгийн газрын хуралдаанаар орж, сонгон шалгаруулалт нь явагдсан. Байршлын хувьд 10 гаруй газраас Чулуутын ам гэдэг газрыг сонгож Засгийн газрын хуралдаанд өргөн барихад бэлэн болоод байна. Чулуутын ам маань тусгай хамгаалалттай газар байсан. Үүнийг хамгаалалтаас нь гаргана. Тэр газар нь намаг, ус ихтэй газар. Энд барихад намаг ихтэй учир хөрөнгө оруулалт нь ялимгүй нэмэгдэх байх. Түүнээс өөр сөрөг үр дагавар байхгүй.
-Цахилгаан дулааны асуудал нийслэлд хүндэрч саяхан Хан-Уул дүүргийн зарим хэсэгт цахилгааны хязгаарлалт хийсэн гэсэн мэдээлэл байсан. Энэ өвлийг өнөтэй давах боломж байна уу?
-Хүндрэлтэй байгаа нь үнэн. Гэхдээ хязгаарлалт хийсэн зүйл байхгүй. Ер нь, бид ОХУ-аас импортоор цахилгаанаа авч байна. Авах хэмжээ маань дээд цэгтээ тулчихсан. 175 мгВт цахилгаан авдаг бол оргил цагтаа энэ хэмжээндээ хүрчихээд байгаа. Тэгэхээр нийслэлийн хэрэглээг өнгөрсөн онтой харьцуулахад 30-32 хувиар өссөн гэсэн дүн бий.
-Ойрын үедээ дотоодынхоо цахилгааны хэрэглээг өөрсдөө шийдэх гарц байна уу. Тийм боломж нь хэр байна вэ?
-Ойрын үед дотоодынхоо цахилгааны хэрэгцээг хангах асуудлыг шийдэхийн тулд IV цахилгаан станцыг 100 мгВт-аар өргөтгөх шийдвэр гаргаад Уралын турбаны турбины зовудтай гэрээ хэлцэл нь хийгдсэн. 16 сарын дараа эрчим хүчний хэрэгцээг нэмэгдүүлэх боломжтой. Түүнээс гадна 188 килоклор дулааныг нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм. Хамгийн хурдан шийдэх арга замыг эрэлхийлж байна. Шинэчлэлийн Засгийн газар, Эрчим хүчний яам сэргээгдэх эрчим хүчийг тэргүүлэх зорилгоо болгосон. Энэ нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, маш хурдан шийдэж болдог зүйл. 6-8 сарын хугацаанд нар салхины эрчим хүчийг ашиглах боломжийг бүрдүүлж болно. Энэ чиглэлийн ажлуудыг ирэх онд хийхээр төлөвлөсөн.
-Сүүлийн үед цахилгаан дулааны үнэ нэмэгдэх тухай яриа гарах болж. Хэрэв нэмэхээр бол хэзээнээс эхэлж нэмэх вэ?
-Цахилгаан дулааны үнэ нэмэх бүх л үндэслэл судалгааг нь гаргасан байдаг юм билээ. Улс төрийн шалтгаантайгаар нэмээгүй байсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуультай байсан болохоор цахилгаан дулааны үнийг нэмээгүй өдий хүрсэн. Одоогийн гүйцэтгэлээр 50 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтайгаар энэ оныг үдэх гэж байна. Үнэ тарифыг хянаж байдаг Эрчим хүчний хороо үнэ тарифт бүтэн жилийн турш ажилласан.
Ард иргэдэд хүрч байгаа цахилгааны үнэ төдийлөн өсөхгүй. Нэг кВт нь 3-5 төгрөгөөр өсөх тооцоо гарсан байна билээ. Харин аж ахуйн нэгжийн цахилгаан үнэ 10-15 төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарсан.
-Хэзээнээс мөрдөгдөж эхэлнэ гэсэн үг вэ?
-Ирэх сарын 1-нээс мөрдүүлье гэдэг саналаа ирүүлсэн. Хараахан шийдээгүй байна. УИХ-ын 72 дугаар тогтоолоор 2013 оноос эрчим хүчний салбар бүхэлдээ чөлөөт зах зээлийнхээ зарчмаар ажилла. Улсаас татаас авахгүй бай гэсэн байдаг. Миний хувьд үнэ нэмэх асуудалд нухацтай хандаж байгаа. Үнэ нэмэх гэдэг талаасаа бус дотоод зардлаа бууруулах ёстой юм. Эрчим хүчний үйлдвэр үнэхээр алдагдалтай байна уу, үнээ өсгөөд өөрсдийнхөө цалин мөнгийг нэмээд байна уу гэдгийг аудитаар илрүүлнэ. Ингэж байж үнэ нэмэх асуудлыг ярина. Тиймээс одоо үнэ нэмнэ гэж хэлэх хараахан болоогүй байна.
-Эрчим хүчний салбарын өр нэлээд байдаг гэсэн. Тухайлбал, Багануурын уурхайд чамгүй их хэмжээний өртэй гэх юм билээ?
-Би дээр хэлсэн. 50 гаруй тэрбум төгрөгийн өртэй. Үүнээс 18 тэрбум төгрөгийн өр нь зөвхөн Багануурын уурхайд өгөх юм. Уурхайгаас 20500 төгрөгийн үнэ л нүүрс хэрэглэж байгаа. Тэгэхээр эрчим хүчний үнийг 80 төгрөгөөр барихын тулд нүүрсний үнийг тэр хэмжээнд зориудаар барьж байна. Гэтэл нийслэлд нэг тонн нүүрс ямар байгааг бодох л хэрэгтэй. Үнэхээр хүндрэлтэй л байна.
-Тэгвэл иргэдээс нэлээд мөнгө авах ёстой биз?
-Иргэдээс авах авлага таван тэрбум төгрөг байгаа л даа. Иргэд цаг хугацаанд нь биш ч гэсэн өгөөд байдаг болохоор 3-5 тэрбум төгрөгт л эргэлдэж байдаг юм. Мөн хулгайн асуудал хүндрэлтэй. Дээрээс нь шугамын алдагдал бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд алдагдлыг бууруулах талаар нэлээн сайн ажиллаж байгаа.