Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАМЫН-ҮҮД БООМТ БАРААНЫ ҮНЭ БУУРУУЛАХ ГОЛ ЗАНГИЛАА

Замын-Үүд боомтоор манай улсын нийт импортын 90 гаруй хувь нь орж ирдэг гэдэг. Тавдугаар сараас хойш анхны цас ортол хамгийн их ачаалалтай байдаг. Энэ байдал нь бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд шууд нөлөөлдөг. Тухайлбал, авто машинаар тээвэрлэгдэн орж ирсэн барааг вагонд ачих гэж олон хоног хүлээдэг  тул тээврийн хөлс нь 9-11 мянган юань болдог  байна.  Иймд тус боомтын Шилжүүлэн ачих анги ачааны 1000 вагон авах шаардлагатай ажээ. Үүнд, 138 шоо метр багтаамжтай битүү вагон 400 ширхэг хэрэгтэй. Мөн чингэлэг болон техник ачих зориулалттай тавцант вагон 300 ширхгийг авах юм.  Бас 77 шоо метр багтаамжтай 300 ширхэг вагон  шаардлагатай байна. Эдгээр вагоныг аваад, шилжүүлэн ачих анги, ачаа хүлээн авах талбайн хүчин чадлыг нэмэгдүүлж тээврийн зардлыг бууруулчихвал  бараа бүтээгдэхүүний түгжрэл арилж, үнэ хямдран инфляц уруудна. Иймээс Монголбанк, Зам тээврийн яамтай хамтарч “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн ажлын эхлэл ямар байгааг Замын-Үүд боомтоос сурвалжиллаа. Ингээд тус хөтөлбөр хэрхэн хэрэгжиж буй талаар зохих хүмүүстэй уулзаж, ярилцсанаа дор өгүүлье.

Л.БААСАНДОРЖ: НЭГ ВАГОН АЧАА ДУНДЖААР 800 МЯНГААС 1.2 САЯ ТӨГРӨГИЙН ТЭЭВРИЙН ХӨЛСТЭЙ

Замын-Үүд дэх ачаа шилжүүлэн ачих ангийн дарга Л.Баасандоржоос тухайн бараа бүтээгдэхүүнийг хэдий хугацаанд ачиж, буулгаж буй талаар тодрууллаа.

-Танай шилжүүлэн ачих анги хоногт хэдэн вагонд ачаа ачиж байгаа вэ?
-Замын-Үүдийн шилжүүлэн ачих анги гурван талбайтай. Хоногт 410 вагонд ачаа ачих хүчин чадалтай. Одоогийн байдлаар өргөн хэрэглээний барааг Улаанбаатар хот руу хоногт 180 вагонд ачиж байна. Хатуу графиктай хоёр галт тэргээр хоногт 100 вагон ачаа явж байгаа. Үлдсэн вагон нь гурав, дөрвөн галт тэргэнд хуваагдаад явдаг. Одоо ачаа бараа саатсан зүйл алга.
-Ачаа ачих цаг богино болсноор бараа бүтээгдэхүүний үнэ өртөг хямдрах бололцоо бий юү?
-Өргөн хэрэглээний барааны үнийг бууруулахад ачаа ачих хугацааг нь багасгах явдал гэж бодож байна. Мөн авто тээврээр орж ирж байгаа ачааг маш хурдан шилжүүлэн ачих ёстой. Тээвэр, шилжүүлэн ачилт хоёрын тариф буурах, хугацаа богино болсноор барааны өөрийн өртөг хямдрах юм. Ер нь, тав, зургадугаар сараас ачаа тээж орж ирж байгаа авто машин ихсээд ирвэл үнэ нэмэгдчих гээд байдаг.
-Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл нэг вагон ачааг ямар үнээр тээвэрлэж байна вэ?
-Тухайн ачааны группээс хамаараад янз бүр байдаг. Дунджаар 800 мянгаас 1.2 сая төгрөгийн хооронд тээврийн хөлс нь багтдаг юм. Ачилт буулгалтын хөлс нь 160-200 мянган төгрөг.
-Тэгэхээр нэг вагоныг хэдий хугацаанд ачдаг вэ?
-Тухайн бараа, бүтээгдэхүүнийг багцалсан бол нэг вагоныг 30 минутад ачина.  Хэрэв жижиг, жижгээрээ салангид байвал 4-5 таван цаг зарцуулдаг. Вагон аль болох богино хугацаанд зогсвол түүний хүрэлцээ сайжирч, эргэлт нь нэмэгдэнэ шүү дээ. Хамгийн гол нь манай импортлогчид цаанаасаа ачаагаа багцалж оруулж ирвэл хэн хэндээ амар, хурдан ачиж буулгаж цаг хугацаа, мөнгө хэмнэх юм.
-Ачаа барааг богино хугацаанд шилжүүлэн ачихад хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай юм бол?
-Шинэчлэлийн Засгийн газар манай Замын-Үүдийн шилжүүлэн ачих ангид 45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Үүнийг ирэх дөрөвдүгээр сарын 1-ний дотор өгнө гэсэн.

С.АМГАЛАНБАЯР: ТЭЭВРИЙН ЗАРДАЛ ХЯМДАРЧ, НИЙЛҮҮЛЭЛТ НЭМЭГДСЭНЭЭР ИНФЛЯЦ БУУРНА

Монголбанкны Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн С.Амгаланбаяр “Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний өртөгийг бууруулж ,үнэ хямдруулах дэд хөтөлбөр”-ийн талаар ийн ярилаа.


-Өргөн хэрэглээний барааны үнэ өртөгийг бууруулах ажилд Монголбанк яаж оролцож байна вэ?
-Засгийн газар, Монголбанк хамтарч “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны  хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд импортын гол нэрийн бараа бүтээгдэхүүний өртөгийг бууруулахаар ажиллаж байна.  Тэгээд  ЗТЯ, Улаанбаатар төмөр зам санхүүжилт шаардагдахгүй зохион байгуулалтын ажлаасаа ийнхүү эхэлж  байгаа юм.
-Энэ хөтөлбөрийн хүрээнд  төв банк хэдэн төгрөгийн санхүүжилт гаргаад байгаа бол?
-Дэд хөтөлбөрийн ажлын эхлэлтэй Замын-Үүдэд очиж танилцаад ирлээ. Хоногт ачааны хоёр галт тэрэг явуулах ажил жигдэрчээ. Бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэн ачих, хугацаа алдахгүй байх явдал нэг хэмнэлд орсон байна. Одоо холбогдох яам, агентлагууд өөр, өөрийн төслүүдээ ойрын хугацаанд гаргаад ирвэл Монголбанк гурван жилийн хугацаатай 303 тэрбум төгрөгийн санхүүжилтийн зээлийн шугамыг нээхэд бэлэн байгаа. Тэгэхээр инфляцыг бууруулахад энэ ажил чухал үүрэг гүйцэтгэх юм. 

Р.БАТСҮХ: ШАТАХУУНАА ӨӨРСДӨӨ ИМПОРТЛОХООР ТЭЭВРИЙН ЗАРДАЛ 17 ХУВИАР БУУРНА

Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Р.Батсүхээс  гол нэрийн бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг хэрхэн бууруулах талаар тодрууллаа.

-Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг бууруулахад тээвэрлэлтийн зардал, хугацаа маш чухал. Энэ талаар ямар арга хэмжээ авав. Барааны үнийн хямдрал иргэдэд хэзээнээс мэдрэгдэж эхлэх вэ?
-ЗТЯ, Монголбанктай хамтарч “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах” дэд хөтөлбөр баталж хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрт таван зорилт  тавьсан. Эхнийх нь Замын-Үүд боомтоор орж ирж буй бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх хугацааг богиносгох юм. Энэ хүрээнд Зам тээврийн яам, Улаанбаатар төмөр зам хамтарч хатуу графиктай галт тэрэг аялуулсан. Энэ хугацаанд 91 галт тэрэг 5214 вагоноор 287 мянга гаруй тонн ачаа тээвэрлэсэн. Ийм галт тэрэг явахаас өмнөх хоногт 110 вагон ачдаг байсан бол одоо 180 вагоноор нэмэгдсэн байгаа. Тэгэхээр үр дүнтэй ажил болж байгаа гэж бодож байна.
-Үүнээс өөр ямар ямар арга хэмжээ авах бол. Ялангуяа, урин дулаан цагт Замын-Үүд боомтод ачаа барааны түгжрэл болдог шүү дээ?
-Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн шатахууны зардлыг зуучлалгүйгээр импортлох болсон. Тэгээд гурван сарын нөөц бүрдүүлэх мөнгийг нь шийдэж өгсөн юм. Ингэснээр тээврийн зардал 17 хувиар буурна гэсэн тооцоо бий. Бас Замын-Үүдийн шилжүүлэн ачих ангийн хүчин чадлыг сайжруулна. Судалгааг нь хийж байгаа. Ойролцоогоор 27 орчим тэрбум төгрөг шаардлагатай.  Ачих буулгах механизм, тоног төхөөрөмж, замын байдлыг сайжруулж зуны ид ачааллыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Үүнээс гадна ачааны 600 вагон нэмж авах болсон.
-Ачаа тээврийн эргэлтийн хурд сайжирснаар барааны үнэ хямдарч чадах болов уу. Өргөн хэрэглээний бараа нийлүүлэгчид үнээ хямдруулахгүй байвал яах вэ?
-Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар зохицуулагдах учиртай. Өөрөөр хэлбэл, Замын-Үүд боомтоос богино хугацаанд бага зардлаар бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэвэл нийлүүлэлт нэмэгдэж, эрэлт буурч, гол нэрийн барааны үнэ хямдрах боломжтой гэсэн эдийн засгийн томъёололд үндэслэж байгаа юм. 
Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Залуусын нэгдсэн Портал сайт ороод нэг үзээрэй. Манай сайт нь Шинэ соргог мэдээ мэдээлэл, Шилдэг шинэ кино, клип , дуу зэргийг таньд хүргэхийг зорьдог. Их хотын өнгө төрхийг бид тодорхойлно. Та яг одоо ороод нэг үзээрэй. http://ubwarez.net
Залуусын нэгдсэн Портал сайт ороод нэг үзээрэй. Манай сайт нь Шинэ соргог мэдээ мэдээлэл, Шилдэг шинэ кино, клип , дуу зэргийг таньд хүргэхийг зорьдог. Их хотын өнгө төрхийг бид тодорхойлно. Та яг одоо ороод нэг үзээрэй. http://ubwarez.net
Хамгийн их уншсан