Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.ЭРДЭНЭБАЯР: ХЭЗЭЭ НЭГЭНТ ЦАГТ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРИЛГЫГ НУРААХ Л БАЙСАН

Монголын Барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяртай барилгын салбарын өнөөгийн байдал болон цаашид ямар ажил хийх ёстой талаархи халуун яриа өрнүүллээ.
 

-Нийслэлийн шинэ удирдлагууд барил­гын салбарт удаа дараа осол гарсантай хол­богдуулан замбараагүй барилгажилтыг зог­соосон. Энэ үед  ассоциациас ямар ч мэдэгдэл гараагүйг хүлээн зөвшөөрч буйн илрэл үү?
-Хотын удирдлага солигдсон гэхээс барилгын салбарт эмх замбараагүй байдал хэрээс хэтэрсэн  байсны л илрэл. Үүнтэй зэрэгцээд хотын удирдлага солигдсон, хяналт шалгалт чангарсан, замбараагүй байдлыг цэгцлэх үйл ажиллагаа эхэлсэн. Энэ салбар тартагтаа тулчихсан, хэцүүхэн болжээ гэдэг нь олон нийтэд ил болсон болохоос биш барилгын салбарын хяналтын механизм нь ажиллахаа больчихсон, төрийн байгууллагын хүнд суртал бүтээн байгуулалтад саад, чөдөр тушаа болж, үндсэн үүргээ хийж чадахгүй байсан нь илэрч гарч байгаа юм.
МБҮА-иас энэ асуудалд барилгынхны буруу эсвэл ажилд садаа болж байна гэдэг утгаар хандахгүй байна. Эрт орой хэзээ нэгэнт цагт зайлшгүй болох л байсан. Харин ч барилгын улирал дуусахаас өмнө эртхэн шиг шийдсэн нь дараагийн барилгын ажилд сургамжтай зүйл боллоо.

-Энэ салбарын өнөөгийн эмх замбараагүй байдал нь эрэлтийг далимдуулан барилгыг мөнгөний ажил болгосонтой холбоотой гэж ярьдаг л даа?
-Үнэн. Өнөөдөр барилгын салбарын бүтээн байгуулалтын ажилд оролцож буй хүний ихэнх нь мэргэжлийн гэхээсээ цэвэр ашиг харсан байдаг.  Барилга баривал хурдан ашиг олно гэсэн ойлголттойгоор олон хүн орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор дүрэм, журам, стандарт зөрчигддөг, хянаж шалгадаг газрууд нь дутуу хянадаг. Эсвэл танил тал, хээл хахуулийн журмаар явж буйг нүдэн балай чихэн дүлий юм шиг явж ирсэн. Ингэж олны анхааралд өртөж байгаа нь зөв. Нэг удаагийн тариур үйлдвэрлэдэг үйлдвэрийн байрыг хүн бүхэн барьж болохгүй шүү дээ. Тэрэнтэй адил хүний насан туршдаа амьдрах, үр хүүхдэдээ өвлүүлэх орон сууцыг онцгой анхаарч барих ёстой. Байгалийн гамшиг болбол хэрхэхийг нь хэн ч хэлж мэдэхгүй их хэмжээний барилга байна. Хүнд суртал, олон шат дамжлагаас хамаарахгүйгээр зайлшгүй тавих ёстой шаардлагыг тавьж л бариулах ёстой. Мэргэжлийн байгууллагын давааг давж байж сайн барилга хүмүүст очино.

-Гэхдээ барилгын салбарын мөрдөж буй норм стандарт журмууд өнөөгийн шаардлагыг хангаж чадахгүй байна. Шинэ технологи нэвтрүүлэн хөгжих боломжийг нь хааж байна гэж барилгачид ярьдаг?
-Барилгын норм, стандарт цаг үеэсээ хоёр чиглэлээр хоцорч байгаа. Нэгд, орчин үед өнөөгийн техник технологиор шийдэж болохоор зүйлийг аль 1970,1980 оны норм, стандартаар шахаад илэрхий болохгүй байна. Хоёрд, шинэ дэвшилтэт технологиудыг ашиглах гэхээр манай норм стандартад тусгаагүй учраас ашиглаж болохгүй гэдэг. Гэхдээ огт өөрчлөхгүйгээр хөшүүн хэвтээд байна уу гэвэл бас биш. Норм, норматив шинэчилдэг бүхэл бүтэн сан гэж бий. Уг санд барилгын компаниуд ажлынхаа гүйцэтгэлээс мөнгө төлдөг. Тэр санг хэрхэн ашиглаж байгаа, өнөөдрийн эрэлт, стандартад нийцэхээр норм гаргаад байна уу гэдэгт шүүмжлэлтэй хандах зүйл бий. Угаасаа ч, үе үеийн яамны асуудал хариусан хүмүүс хойрго хандаж ирсэн. Норм, нормчлолын санд төвлөрч буй хөрөнгийг зориулалтынх нь дагуу ашиглахгүй арга хэмжээ эсвэл туршлага судлах нэрээр гадаад томилолтыг санхүүжүүлдэг. Тиймээс энэ сангийн мөнгийг зориулалтынх нь дагуу ашиглан шаардлагатай шинэ стандартыг оруулж ирэх, хойш нь чирж буй хуучныг нь болиулах эсвэл орлохыг нь оруулж ирж яаралтай арга хэмжээ авмаар байгаа юм.

-БХБЯ салбараа зөв хөл дээр нь босгохын тулд дөрвөн чиглэлээр ажиллахаар болж, холбогдох хуулиудад өөрчлөлт, шинэчлэлт хийхийн тулд санал авч байгаа гэсэн. Ассоциацийн зүгээс саналаа хэлсэн үү?
-Яахав. Өнөөдөр гэхээсээ ер нь л яригдаад гараас гардаггүй хуулиуд байхгүй юу. Манайх өмнөх Засгийн газрын үед энэ хуулийн ажлын хэсэгт орж санал бодлоо хэлж, аль болох хурдан гаргах юмсан гэж явж байсан. Гэхдээ Шинэчлэлийн Засгийн газрын хувьд энэ хуулиудад өөрчлөлт оруулна, оруулахаар ажиллаж байна гэхээсээ илүү барилгын салбарыг хэрхэн өөрчлөх, ямар шинэчлэл хийж байж ямар зорилтод хүрэх, юу нь алга болоод, юу нь сайжрах юм үндсэн концевнцээ гаргах хэрэгтэй. Өнөөдөр хуульдаа байнга жижиг засвар хийж байна л даа. Тэгсэн мөртлөө зөв эсвэл буруу ч юм шиг системээ өөрчилж чадахгүй байна. Нөгөөтэйгүүр, төрийн бус байгууллага, яамд ажлын уялдаагүй, нэгдсэн ойлголтод хүрээгүйгээс болж буй хэрэг. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа Шинэчлэлийн Засгийн газар тайлагналаа. Их зүйл амжуулж. Одоо жаахан амсхийгээд үйлдвэрлэл рүү чиглэсэн ажлыг хэрхэн яаж зохион байгуулах, яаж дэмжих вэ гэдэгт илүү цаг зав гаргаж, бодлого боловсруулна гэж бодож байна. Энэ ажилд туршлагатай мэдлэгтэй хүмүүс, төрийн бус байгууллагынхныг татан оролцуулна гэдэгт эргэлзэхгүй байна.

-Бизнесийн чанар нь давамгайлсан эл салбарт цэвэрлэгээ хэрэгтэй. Тэгэхдээ хүчээр шахах биш ангилал бий болгосноор эмх цэгцэндээ орж, эрүүлжинэ гэж албаныхан үзэж байгаа юм билээ?
-Ер нь, барилгын чанар гэхээр хяналтын систем яригдана. Өнөөдөр нэг нь барилга барьдаг, төр нь хянах гэдэг. Нөгөөдөх нь хянуулж байгаа, нөгөө нь хянасан нэр зүүдэг.  Нэг нь зугтаадаг, нөгөө нь хянах гэж хөөцөлддөг муур хулгана шиг л байдалтай байна. Бизнесийн гол зарчим нь хяналтыг барилгад хөрөнгө оруулагч, эзэмшигч тавьдаг.Тэгэхээр хөрөнгө оруулагч барилгаа чанартай бариулахын тулд санаа зовох ёстойгоос биш төр биш. Одоогийн системээр миний хяналтыг төр хийж байна, болчихжээ гээд хөрөнгө оруулагч санаа амардаг. Энэ бол зах зээлийн өнөөгийн нөхцөлд ажилладаггүй систем. Хоёр төрлийн үндсэн том хяналт байх ёстой юм. Барилгын үйлдвэрлэл өөрөө аюулгүй ажиллагааг хэрхэн хангасан, нөгөө нь үйлдвэрлэлийн үр дүнд бий болсон объект хэр аюулгүй болсон вэ гэдэг хяналт. Аль ч хяналт нь хөрөнгө оруулагч, мэргэжлийнхэнд төлбөр өгөөд барилгынх нь явцыг хянуулдаг, баталгаа гаргуулдаг зөвлөх үйлчилгээний системээр явах юм. Манайхан оролдож байгаа. Гэхдээ мэргэжлийн хяналт юм дуугараагүй бол нөгөө зөвлөх үйлчилгээ өгсөн хүмүүсийн үг хэнд ч хамаагүй, ямар ч үнэ цэнэгүй байх юм. Мэргэжлийн хяналтын ганц үг л хамгийн үнэ цэнэтэй юм шиг санадаг. Хяналт тэнд байгаа юм шиг хүмүүс ойлгоод байх юм.

-Хянах үүргийг Мэргэжлийн хяналтын газар тавина гээд хуульдаа заачихсан болохоор хэцүү байх л даа.  Тэгээд ч хувийн хэвшлийнхэн нэгнийгээ  хянана гэдэг эргэлзээтэй байж мэдэх юм?
-Хянах гээд байгаа МХЕГ ямар ч боломжгүй. Энэ жил түүхэндээ их барилга баригдаж байна. Дараа жил үүнээс ч их баригдана. Гэтэл мэргэжлийн хяналтын байцаагч хаана ч хүрэхгүй. Нэг байцаагч олон барилгад өдөртөө очиж хянаж чадахгүй. Яаж хянасан ч гэж итгэж суух юм. Харин мэргэжлийн зөвлөх компаниуд эрхээ аваад тухайн барилгад очоод хянадаг байх юм. Тэгэхийг нь улс шаарддаг, гарсан үр дүнгийн нь хүлээн зөвшөөрдөг байх ёстой. Тэгэхийн бол мэргэжлийн компаниуд ч нэр хүндээ бодоод алдаа гаргах ёсгүй. Тэгээд ч байцаагчаас илүү насаараа барилгад ажилласан инженер хүн гарсан алдааг нь нүдээ аниад өнгөрөөхгүй гэж бодож байна. Хүссэн, хүсээгүй ийм систем рүү явах ёстой. Хүмүүс хувийнхан хоорондоо холилдоод нэгнийхээ алдааг хэлэхээ болиод завхарна гэдэг. Үгүй ээ, тийм биш. Тэр зөвлөх үйлчилгээ ч бизнес, би ч хуйвалдан нүглийн нүдийг гурилаар хуурах ямар шаардлага байна. Ийм систем аяндаа тогтоно. Одоо бол төрийн хяналтыг яаж давах тухай бодоод байгаа шүү дээ. Тэгэхээр ийм л хяналттай явж байж бодитой хяналт, чанарын ахиц гарна.

-Гэвч хяналт шалгалтаас улбаалаад байрны үнэ өртөг нэмэгддэг юм биш үү.Тэгж ярьдаг шүү дээ?
-Хяналт шалгалтаас болж барилгын үнэ өснө гэж би бодохгүй байна. Барилгын үнэ өсч буй шалтгаан нь технологийн хоцрогдол. Монголд ашиглаж байгаа технологи хоцрогдсон. Талбай дээр нойтон ажил, улирлын чанартай цутгалт хийдэг. Тэрний тод жишээ нь Улаанбаатарт баахан карказ өвөлжиж байна. Энэ чинь цаанаа санхүү, материал, элэгдэл хорогдлын зардал дагуулдаг. Орон сууцны үнэ барилгын компаниуд хөөрөгдөж байна гэж хий лоозон яриад байлгүй яавал барилгын үйлдвэрлэлийн өртгийг бууруулах боломжтой гэдгийг нь харах ёстой. Дэлхийн бусад улс орнын хандлага хаашаа явж байна гэхээр аль болох барилгын бүтэцийг үйлдвэр дээр нь хийгээд талбайд нь угсраад, аль болох нойтон ажил, хүн хүч бага шаарддаг богино хугацаанд баригддаг технологи рүү шилжиж байна. Бид  шилжих ёстой. Ирэх жил хуучныхаар байшин үйлдвэрлэх комбинат үйлдвэрүүд бий болно гэдэгт эргэлзэхгүй байгаа шүү дээ.

-Барилгын салбарт тулгамдсан бүхий л асуудлыг шийдэхийн тулд нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлбэл байдал дээрдэнэ. Авлига хээл хахуулиас урьдчилан сэргийлэх нэг арга гэсэн?
-Үнэн. Барилга барина гэдэг хэр баргын аавын хүү хийдэг ажил биш болчихсон шүү дээ. Хэдэн зуун хүний гарын үсэг зуруулахын  тулд мөнгө өгдөг гэдгийг хэн ч хэнээсээ нуугаад байх юмгүй. Нэг цэгийн үйлчилгээ гарвал болж байна. Би зөвшөөрөл авахын тулд яахаараа хэдэн дарга нарын үүдийг сахиж суух ёстой юм. Байгууллага ч гэсэн хүн бүрийн зовлонг сонсоод, өгнө, өгөхгүй гэж яагаад наймаалцах гэж. Байх ёстой юм нь бүрдсэн бол байгууллагынхаа дотоод журмаар тодорхой хугацаанд шийдэх ёстой. Болохгүй бол яагаад гэдгийг мэдэх хэрэгтэй. Ингэвэл цаг хугацааны маш том хэмнэлт гарна. Улирлын чанартайгаар энэ салбарынхан бичиг, баримт нь гарахгүй байснаас цаг хугацаа алддаг. Үүнээс болоод зөвшөөрөлгүй барилгын ажлаа эхэлдэг, дараа нь  нураана гээд асуудал үүсдэг. 

-Ийм маргааны жишээ нь зөвшөөрөлгүй баригдсан барилгыг нураана гэж анхааруулсан хотын даргын шийдвэрийг хэлж болох байх?
-Шалтгаан нь тодорхой шүү дээ. Үнэхээр хэнийх нь буруугаас болсон бэ гэдгийг тогтоогоод том толгой гарган улсын хууль дүрэм зөрчиж барьсан бол нураах ёстой. Нурааж бусдад нь харуулах ёстой.  Нэг хэсгийг нь ч нураах хэрэгтэй. Тэгж байж хууль дүрэм үйлчилнэ. Нөгөө талаас төрийн албан хаагч, эрх мэдэлтэн тэр барилгыг барих нөхцөл бүрдүүлсэн байхад шийдэж өгөөгүй, саад болсон гэм буруутай байвал хариуцлага тооцох ёстой. Тэгээд тэр барилгыг үлдээх хэрэгтэй. Яагаад гэвэл, тэр хүний буруугаас биш төрийн үйлчилгээ үзүүлж буй хүнээс болсон учраас. Харин бүтээн байгуулалт  хийж буй хүнийг шийтгэж болохгүй.

-Та ирэх жил маш их бүтээн байгуулалт явуулж магадгүй гэлээ. Гэтэл ЭХЯ-наас эрчим хүч,  дулааны хомсдол орж байна гэж мэдээлсэн. Одоо байгаагаа байтугай шинээр барихыг нь хангаж чадахгүй гэсэн шүү дээ?
-Хэтэрхий харамсалтай л даа. Өнөөдөр бид дахиад л яриад сууж байна. Түрүүчийн Засгийн газрын үед “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг батлахад манайхаас хамгийн түрүүнд тавьсан асуудал бол хэрвээ бүтээн байгуулалтад орооч гэж байгаа юм бол 2013-2015 онд бий болох дэд бүтцийн хомсдлыг өнөөдрөөс эхэлж шийд. Баахан хүнийг уриалж бариулчихаад ашиглалтад ороход нь техникийн нөхцөл нь хүрэхгүй байх вий. Нөгөөтэйгүүр, зөвшөөрөл өгдөг хүмүүс нь хаданд гараад хахуулийн том уурхай бий болж, байгаа нөөцийг нь булаацалдах болно. Тиймээс ТЭЦ-5 хурдан шийдээч гэж байнга л шаарддаг байсан. БХБЯ-ныхан ойлгож байна, бидний хариуцдаг асуудлын хүрээнд биш тендер нь зарлагдсан, бүтэх байх аа гэсэн. Одоо алга л байна.  Энэ бол аль эрт санаа зовоосон асуудал. Нөгөөтэйгүүр, Улаанбаатар хотын дулаан, эрчим хүчний үр ашиггүй байдал гэж нэг юм бий. Ялангуяа, дулаан. Хотын төвийн 40,50 мянгатынхан хэт халуун байдгаас цонхоо хаадаггүй. Барилгуудаас гарч буй дулаан алдагдлыг зогсоох дорвитой арга хэмжээ авбал богино хугацаанд маш их хэмжээний дулаан хэмнэх, хэмнэснээ нөгөөд нь өгөх бололцоотой. Нэгэнт л цахилгаан станцаа барьж амжихгүй юм чинь наана нь дулаан алдагдлыг багасгах талаар ажиллах ёстой. Тэрнээс хий хоосон яриад суугаад байвал хэзээ ч асуудал шийдэгдэхгүй. Төр барилгын үйлдвэрлэл явахад шаардлагатай, өөрөөсөө хамаарах, хувийн компаниудын хийж чадахгүй юмыг л хийгээд өгөх хэрэгтэй.

-Дулааны тухайд га­даа­дынхан төвлөрсөн биш хэсэгчилсэн системд шилж­сэн байдаг. Хөрөнгө мөнгө хэм­нэсэн энэ л систем ма­найд хэрэгтэй юм болов уу?
-Улаанбаатар хот байнгын төвлөрсөн дулаанд найдах боломжгүй. Тусдаа, тусдаа шинэ суурьшлын бүс бий болгоно гэж байна. Тэгэхийн тулд хаа байсан хотын зах руу  турба холбох уу. Хөрөнгө мөнгөнөөс авахуулаад хүндрэлтэй шүү дээ. Тиймээс хэсэгчилсэн дулааны эх үүсвэр хэрэгтэй. Тэр нь хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж, хангалтаа өөрөө хийх ёстой. Тийм дулааны эх үүсвэрт хөрөнгө оруулаад барилгуудыг дулаанаар хангаж байгаа улсуудыг татвараар дэмжихээс гадна үнийг нь зөвшилцдөг байх ёстой. Би л дулааны эх үүсвэртэй гээд тэр хавьдаа монополь болчихоод дуртай үнэ хэлээд сууж байх болохгүй. Үнэхээр гадаадын орнууд төвлөрсөн гэхээсээ хэсэгчилсэн дулааны руу шилжсэн. Үр ашигтай, засч сэлбэж, янзлах боломжтой, дараа дараагийнх нь хангах боломжтой байх юм. Ийм юмыг ингэж шийдсэн бол урамшуулна гээд урамшууллын бодлого явуулах хэрэгтэй. Тэгвэл өнөөдрөөс бодож судална, ажлаа эхэлнэ.

-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн талаар та бид хоёр ярилцаж байсан. Тэр үед судалгаа, тооцоогүй эхэлж байна гэсэн таны үг өнөөдөр биелэлээ оллоо?
-Үнэхээр Засгийн газраас гарч байгаа шийдвэр хүмүүсийг хөлдөө чирж балламааргүй байна. Зургаан хувийн хүүтэй зээл өгөхөд ассоциац хатуу байр суурьтай байсан. Өнөөдөр барилгын нийлүүлэлт бага байхад зургаан хүүтэй зээл олгоно, тэрийгээ 100 мянган хүнд өгчихмөөр, хүн болгонд хүртээмжтэй байх юм шиг ярьж болохгүй. Дээр нь, зөвхөн шинэ барилга гэж битгий туйлшир. Ингэвэл чанаргүй олон барилгыг эзэнжүүлчихнэ.

Цөөхөн баригдаж байгаа байрныхаа үнийг өсгөнө. Ингэж болохгүй гэж эсэргүүцэж байсан. Тухайн үед Засгийн газар сонгуулийн өмнө шаардлагатай гэж шийдвэр гаргасан байх. Үүнээс болж олон хүнийг хөлдөө чирлээ, үнийн хөөрөгдөл бий болголоо. Одоо орон сууцжуулах хөтөлбөрийг хэрхэн, яаж, хэрэгжүүлэх, санхүүжилт, моргейж очих талаар хоёр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Эндээс арай нэг эрүүл бодлого гарах болов уу гэж найдаж байна. Гэхдээ ямар ч тохиолдолд төр дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа тууштай хий. Тэрийг дагаад ажил байр бий болно, барилга баригдана, амьдрал бий болно шүү дээ.

-Орон сууцны үнийг барилгын компаниудын захирлууд нэмдэг гэж ярих юм?
-Ер нь, хомсдол байвал үнэ өснө. Огцом, олуулаа өсгөсөн байна уу гэхээсээ илүү эрэлт нь байгаа цагт үнэ нь өсөөд л байна. 2-3 жилийн өмнө нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжихээр орон сууцны үнэ буурна гэж хүмүүс яриад байсан. Өнөөдөр үнэ нь буурах ямар ч нөхцөл бүрдээгүй. Ямар ч ажил хийгдээгүй. Ирэх жил өснө шүү, энэ ондоо яаран байр аваарай гэж хэлж байсан. Одоо ч гэсэн үнэ нь буурах нөхцөл огт бүрдээгүй. Ирэх жилийн бүтээн байгуулалт эхлэхээр ахиад л өснө. Хэзээ үнэ тогтох уу, буурах уу гэхээр дэд бүтцийн их ажил хийгээд олон зуун барилга зэрэг баригдахын цагт үнэ буурна. Хоёрд, барилгад шинэ технологи орж байж карказан байшингийн үнэтэй өрсөлдөнө. Тэр үед үнэ нь буурна. Харин хотын төвд баригдаж буй байрны үнэ буурах байх гэж найдах хэрэггүй. Учир нь, Улаанбаатар хөгжиж яваа ирээдүйтэй хот учраас захынхаас төвийн орон сууцны үнэ өндөр байх нь дэлхийн л чиг хандлага. Гэхдээ хотоос зайдуу цоо шинэ орон сууц хямдхан байх ёстой. Авахын тулд моргейжийн бага хүүтэй зээл үйлчилдэг. Маш олон хүний орон сууцны асуудлыг ингэж шийдвэл сая ажлын байрны тогтвортой байдал, хариуцлага яригдана.

-Гэхдээ бодит үнээсээ илүү хөөс байгаа учраас шийдэж өгөөч гэсэн хүсэлт ШӨХТГ-ын дарга О.Магнайд ирсэн гэсэн. Ер нь, орон сууцны үнийг төр хүчээр барих ёстой юу эсвэл зах зээлийн жамаараа буух уу?
-Компаниуд өнөөдрийн эрэлтийг далимдуулаад үнээ өсгөж байгаа тал бий. Тэрийг өмөөрч, хамгаалах юм байхгүй. Яагаад үнэ өсгөөд байна вэ гэхээр авах хүн олдож байгаа учраас. Хяналт байх ёстой. Яахав. Төлбөрийн нөхцөлөөс хамаараад эрт захиалга өгсөнөөр ялгаа байдаг л даа. Гэхдээ хэрээс хэтэрч болохгүй. Ер нь, мэргэжлийн салбартаа олон жил ажиллаж байгаа компаниуд үнэ хөөрөгдөхдөө гайгүй байдаг. Яагаад гэвэл, үйлдвэрлэл нь тогтвортой, их хэмжээгээр үйлдвэрлэл явуулдаг болохоор үнээр хөөцөлдөж, ашиг олохоосоо илүү байнгын найдвартай үйл ажиллагаа явуулж, нэр хүндээ хамгаалдаг. Тэгээд ч тухайн компанийн хэлсэн үг жинтэй байдаг. Хэн үнэ хөөрөгддөг вэ гэхээр барилга ашигтай гээд энэ салбарт орж ирсэн нөхөд. Нэг барилга барьж дуусган овоо ашиг олонгуутаа дараагийнхаа барихдаа тэнгэрт тулсан үнэ хэлдэг. Ерөнхийдөө судлаад үзэхээр жижиг компаниуд үнэ өсгөдөг хандлагатай байдаг.

-Байрны үнэ өсөх нэг шалтгаан нь барилгын материалын хомсдол байх. Тиймээс ч компаниуд хажуудаа үйлдвэртэй болж эхэлсэн байна лээ?
-Монгол Улс бодлогын арга хэмжээгээ татвараар дамжуулж хийх ёстой. Яагаад манайд барилгын том үйлдвэрлэл хөгждөггүй. Орж ирж байгааг нь гаалийн татвараар хааж болдоггүй юм бэ. Үйлдвэрлэл хөгжихгүй байна гэдэг чинь хөрс суурь бий болоогүй гэсэн үг. Өнөөдөр Монгол Улсад тоосгоны олигтой үйлдвэр байна уу. Цагаа тулахаар Налайхын хэдэн хятадын тоосгоны үйлдвэрийн гарт байгаа биз дээ. Тоосгоны үйлдвэрлэл явуулах орчин нөхцөл байхгүйгээс барилгын компаниудыг бүхэлд нь хангах үйлдвэрлэл алга.  Уг нь, тоосгоны үйлдвэрийг татварын механизмээр дэмжвэл үйлдвэрлэл нь өргөжин барилгын компаниудыг хангаад зогсохгүй хомсдлыг шийднэ. Өнөөдөр Налайхынхтай өрсөлдөхүйц үйлдвэр ажиллуулж чадахгүй л байна шүү дээ. Бодитой арга хэмжээ авахгүй бол бахь байдгаараа байгаад л байна. Тэрнээс төр үйлдвэр бариад явж байж таарахгүй. Тэгээд ч барилгад хөрөнгө оруулагч, барилгын угсралт хийдэг компани чинь тусдаа ойлголт. Манайд бол холилдчихсон. Констракшн гэхээр өөрөө ч хөрөнгө гаргаад, барилга ч бариад зуурмагаа хийгээд байдаг. Зүй  нь тусдаа байх ёстой. Яваандаа зах зээлийнхээ жамаар явах байх л даа. Хүчээр салгах нь тохиромжгүй.

-Гэр хорооллыг орон сууцжуулах ажил нийгэмд хүлээлт үүсгээд байгаа. Гэтэл барилгын компаниуд ханцуй шамлан орохгүй юм. Юутай холбоотой вэ?
-Манайхан дор бүрнээ л анхаарч байна. Гэр хороолол гэж байгаа болохоос биш хотын төв шүү дээ. Зарагдах боломжоо харсан ч сайн газар. Хэрхэн, яаж барилгажуулах учраа л олохгүй байна. Төр хэнээс ч хамаарахгүй хийх ажил бол дэд бүтцээ татах. Газрын эзэд ерөнхий төлөвлөгөөнөөс гажиж болохгүй. Энэ газрын тал нь хот төлөвлөлтөөр орон сууцны хороолол байна гээд тусгасан байхад үйлдвэр барина гээд сууж болохгүй. Нөгөөтэйгүүр, хуучных шиг газраа чөлөөл гээд хөөж болохгүй. Яахаараа ч чөлөөлөх ёстой юм. Харин дэд бүтцийн хүрээнд газар чөлөөлөхтэй холбогдуулан үнэ ханшийг нь тогтоогоод хүчээр чөлөөлүүлэх ёстой. Тэр айлын хашааны газрын тал нь зам байна гэвэл мундаг байхгүй юу. Замын хажуугийн айлын газар хамаагүй үнэд хүрнэ. Ирээдүйд миний газар бүр үнэ хүрэх нь гээд алга ташаад сууж ёстой байхгүй юу. Тэгэхгүй танай хажуугаар зам явна гэхээр үгүй гээд гүрийгээд суугаад байдаг. Тийм үнэ цэнэтэй газарт монгол гэр бариад сууж байдаг айл байхгүй. Харин ч зараад цаахна талд 3,4 хашаа авчих мөнгөтэй болно шүү дээ.

-Орон сууцны үнэ хэзээ буурах бол. Энэ асуултыг асуухгүй өнгөрөөж чадахгүй нь?
-Ойрын хоёр жилдээ буухгүй. Жилд 10 мянга орчим барилга ашиглалтад орж байна. Энэ бага тоо. Эрэлт бол их байна. Зөвхөн жилд хэдэн залуус гэрлэж байгаа билээ дээ. Шинэ гэр бүлүүдэд байр хүрэхгүй байхад монгол гэрт амьдарч байгаа хүмүүсийг орон сууцаар хангана гэдэг хэцүү. Орон сууцны барилгууд зэрэг баригдаж байж хангамж нь нэмэгдэнэ. Түүнээс биш өнөөдрийнх шиг барилга компанийн өөрийнхөө чадлаар газар олоод тэрэндээ дулаан олоод есөн давхар 32 айлын орон сууц бариад ч эрэлтийг хангахгүй.  Тэрнээс төрөөс дэд бүтцийг нь шийдээд өгвөл өнөөдөр энэ салбарт үйл ажиллагаагаа явуулж буй 200-300 компани барилгаа барина. Олон барилга барих чадахгүй гэх юм байхгүй. Барилга барих нөхцөл бүрдвэл чаддаг нь чаддаггүйгээ доороо аваад, дутагдвал шинэ залуусыг сургаж аваад барина. Гол нь, хийх ажил алга. Би өнөөдөр орон сууц баръя гэвэл газар нь хаана байгаа юм. Хэн ч газар өгөхгүй. Хотын захиргаа, яам  ч. Долоон буудлын газрыг өглөө гэхэд өнөөх нь хувийн өмчийнх болж таарна. Дандаа тэгж хүмүүсийг хуурдаг. Бодит байдал дээр хэн нэгэн хүний мэдэлд оччихсон байдаг. Тиймээс шинэ суурьшлын бүсээ тогтоогоод дэд бүтцээ татах юм бол барилгын компаниуд дуртайяа хамтран ажиллана. Бодитой ажил хийж байж байрны үнэ хямдрах байх даа.

0 Сэтгэгдэл
УИХ-ын гишүүн М.Батчимэгийн нөхөр нь байна. Одоо л дараачийн цус ойртолт явагдаж эхэлэх нь дээ.
Хамгийн их уншсан