Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Арьс ширний үйлдвэрлэлийг дэмжих 200 тэрбумын бонд гаргахаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна

Арьс ширний эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл олгох, арьс ширэн түүхий эдээ стандартын дагуу бэлтгэж, үндэсний үйлдвэрт  нийлүүлсэн малчин хоршоологчдыг урамшуулах чиглэлээр Засгийн газрын үнэт цаас гаргах тухай асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна.

Арьс ширний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал:
Арьс ширэн түүхий эдийн нөөц одоогийн байдлаар мөнгөн дүнгээрээ 150 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна. Үүнээс үндэсний үйлдвэрүүд  25 хувь буюу 38 тэрбум төгрөгийн түүхий эдийг авч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байхад дотоод, гадаадын худалдаачид 75 хувийг 112 тэрбум төгрөгөөр худалдан авч түүхий болон анхан шатны боловсруулсан байдлаар экспортод гаргаж байгаа нь 800-900 тэрбум төгрөгийн эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг алдаж байна.

Монгол Улсын Засгийн газар, Монгол Улсын Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн Зөвлөлөөс хамтран зохион байгуулсан “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” сэдэвт арга хэмжээний хүрээнд Монголын арьс ширний үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх  төслийг боловсруулж  ЭЗХЯ, ҮХААЯ-ны хамтарсан Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Уг төслийг хэрэгжүүлэхэд арьс ширний салбарын үйлдвэрүүдэд 140 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө шаардлагатай байгаа асуудлыг  Засгийн газрын үнэт цаас гаргах замаар шийдвэрлэхээр УИХ-ын ЭЗБХороогоор 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хэлэлцүүлж дэмжүүлэн,  УИХ-ын нэгдсэн чуулганы 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ цаашид хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.

Мөн үүний зэрэгцээ арьс ширэн түүхий эдийг стандартын дагуу боловсруулж, хорио цээрийн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хуурамч бараанаас сэргийлэх, гадаадын зах зээлд Монгол улсаас гарч байгаа экспортын барааны өрсөлдөх чадвар, нэр хүндийг өргөх зорилгоор “Арьс ширний экспортын техникийн зохицуулалт”-ын асуудлыг боловсруулж, яамдын санал авч байна.


Бонд гаргасны үр дүнд:
Бондын зээлийг авч үйлдвэрлэл явуулснаас гарах үр дүн нь гутал, хувцас, цүнх, жижиг эдлэл үйлдвэрлэх оёдлын 200 үйлдвэр орон нутагт бий болно.
Арьс ширний үйлдвэрлэлийн салбар нийт 1,01 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 450 сая америк долларын бүтээгдэхүүнийг ОХУ, Европын холбооны улсууд, БНХАУ болон бусад орнууд бэлэн бүтээгдэхүүн болон боловсруулсан арьс хэлбэрээр экспортолж, зах зээлээ өргөжүүлнэ. Арьс ширний үйлдвэрлэлийн салбарт 2016 он гэхэд 25 мянган хүнийг ажлын байраар хангана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан