Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДУЛААНЫ ЭРЭЛД МОРДСОН НЬ

ДУЛААНЫ ЭРЭЛД МОРДСОН НЬ
Энэ жил олон жилийн дунджаас хүйтэрнэ хэмээн цаг уурчид хэлж буй. Гэтэл нийслэлийн зарим орон сууцны хороололд халаалт доголдож байгаа талаархи гомдол гарах болжээ. Ингээд станцуудын нүүрс зарцуулалт хэр байгаа, яагаад орон сууцны хорооллуудад дулаан муу ирж буй шалтгааныг олох гэж хичээлээ.

Нэг л айлын дулаан муу байвал ДЦС-тай холбон ойлгож болохгүй

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын захирал Б.Цэвээнээс энэ талаар тодрууллаа.
 
-Зарим орон сууцны хорооллын дулаан доголдож байна гэх юм. Энэ юутай холбоотой юм бэ?
-Манайх ном, журмынхаа дагуу дулаанаа үйлдвэрлэж байгаа. Станцаас гарч буй дулаан орон сууцны хороололд очихын тулд олон шат дамжлага дамждаг. “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” компани,  контор, СӨХ зэргийг дамжаад орон сууцны хороололд дулаан очдог. Нэлэнхүйдээ дулаан муу байвал дулааны цахилгаан станцтай холбож ойлгож байна. Харин орон сууцны хорооллын нэг байр, нэг айлын паар халахгүй байх эсвэл хоёр өрөө байрны нэг нь халахгүй байвал ДЦС-тай холбож ойлгож болохгүй.
-Өнөөдөр станцаас дулаан хэдэн градустай гарч байгаа вэ?
-Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын үйл ажиллагаа хэвийн явж байна. Усаа 125 градус хүртэл халаан гадаах температуртай зохицуулан 118 орчим градустай халуун усыг явуулж байгаа.
-Энэ жил олон жилийн дунджаас хүйтэрнэ гээд байгаа. Танай станцын нүүрс зарцуулалт хэр нэмэгдэж байна вэ?
-Өвөл болохоор дулаан, эрчим хүчний хэрэглээ нэмэгддэг. Станц хоногт 5000-6000 тонн  нүүрс зарцуулж байна. Энэ нь, хоёр дахин илүү нүүрс түлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 10-12 мянган тонн нүүрс зарцуулж байна.
-Эрчим хүчний хэрэглээ хэр өссөн гэсэн үг вэ?
-Сүүлийн хэдэн жилтэй харьцуулахад эрчим хүчний хэрэглээний өсөлт 6-8  хувиар өсөөд байгаа шүү дээ. Энэ бол өндөр өсөлт. Өвөл эрчим хүчний хэрэглээ эрс өсдөг л дөө.

Манайх горимынхоо дагуу дулаанаа өгч байна

Дулааны гуравдугаар станцын ерөнхий инженер н.Ганбаатараас тодруулав.

-Нийслэлийн зарим хүйтэн байна гэсэн гомдол ирлээ. Танай станцын хувьд байдал ямар байна вэ?
-Манай станц Диспечерийн үндсэний төвийн горимын дагуу эрчим хүч, дулаанаа өгөн ажиллаж байна. Цаг агаар хүйтэрч байгаагаас үйл ажиллагаа доголдоод, байдал хүндэрсэн юм алга. Үйл ажиллагаа хэвийн, дулаанаа горимынхоо дагуу өгч байгаа.
-Нүүрс зарцуулалт хэр байна вэ. Цаг агаар их хүйтэрнэ гээд байгаа шүү дээ?
-Нүүрс зарцуулалтынхаа хэмжээгээрээ л хоногийнхоо нүүрсийг хэрэглэж байгаа. Одоогоор нөөц 60 мянган тонн нүүрс байна. Энэ бол 12 хоногийн нүүрс.  Хүндэрсэн юм алга аа. Станц бол дулаанаа горимынхоо дагуу өгч байна.

Станцаас гарч буй дулаан 120 градустай байгаа

Дулааны хоёрдугаар цахилгаан станцын гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг ийн ярилаа.
-Орон сууцны хорооллын дулаан муу байна гэсэн гомдол ирэх юм. Танай станцын үйл ажиллагаа хэр байгаа вэ?
-Манай станцын үйл ажиллагаа хэвийн явж байна. Диспечерийн үндсэн төвөөс өгсөн горимын дагуу явж байгаа. Доголдсон зүйл алга. Станцаас гарч буй дулаан 120 градустай гарч байгаа.
-Ойрд цаг агаар хүйтэн байна. Станцын нүүрс зарцуулалт хэр нэмэгдэж байна вэ?
-Хотын дулааны ачааллыг хэдэн станц л үүрдэг шүү дээ. Тулсан ачааллаараа л ажиллаж байгаа. Манайх суурилагдсан хүчин чадлаараа ажиллаж байна. Хоногт 700 тн нүүрс түлж байна. Үйл ажиллагаа хэвийн гэв.


Ямартай ч, станцуудын хувьд Диспечерийн үндэсний төвөөс өгсөн горимын дагуу дулаан нийлүүлж байгаа аж. Чухам юунаас болж дулаан доголдож буйг “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” компанийн Шуурхай зохицуулалт горим, тохируулгын албаны дарга А.Эрбараас асуулаа.
 
-Энэ жил хүйтэн байгааг ч хэлэх үү нийслэлийн зарим орон сууц  халахгүй байна. ДЦС-ууд бол хүчин чадлаараа дулаанаа үйлдвэрлэж явуулж байгаа гэх юм?
-Орон сууцны халаалттай холбоотой гомдол их ирж байгаа. Энэ нь олон шалтгаантай.  Эх үүсвэрт барьж байгаа сүлжээний параметр, төв шугамын нэвтрүүлэх чадвар,  тохируулга, дулаан дамжуулах төвийн болон хоёрдугаар хэлхээний тохируулга, орон сууцны дотор системийн тохируулга, халаах хэрэгслийн дулаан өгөлт, бохирдол, тухайн барилгын дулаан алдагдал гэх олон хүчин зүйлээс хамаарна. Эх үүсвэр буюу ДЦС-уудын хувьд бүрэн ачааллаж ажиллаж байгаа. Дулааны гуравдугаар цахилгаан станцын хувьд дулаан үйлдвэрлэх хүчин чадлаасаа 20 хувиар илүү ачаалласан, өндөр даралтын хэсэг дээр гэхэд бэлтгэл бойлергүй байгаа. Харин Дулааны хоёрдугаар цахилгаан станцын хувьд бэлтгэл зуухгүй, өвлийн оргил ачаалалд ажиллаж байна. Аль нэг тоноглолд саатал гарахад дулаан хангамж шууд доголдоно. Ер нь аваарийн байдалд ажиллаж байна.

-Танай байгууллага өвлийн бэлтгэлээ хэр базаасан юм бэ. Энэ жил олон жилийн дунджаас хүйтэрнэ гээд байгаа шүү дээ?
-Цаг агаарын мэдээгээр арванхоёр, нэгдүгээр сард олон жилийн дунджаас 1,5-2 хэмээр хүйтэн байна гэж байгаа. Бид зуны засвараар төлөвлөсөн ажлуудаа хийсэн. Гэхдээ энэ нь шугамд гэмтэл гарахгүй гэсэн баталгаа биш. Дамжуулах төв шугамын 15.2 хувь нь эдэлгээний хугацаа дууссан буюу 1977 оноос өмнө ашиглалтад орж 35-аас дээш жил ашигласан, 1978-1987 онд ашиглалтад орсон буюу 25-35 жил ажилласан 300-1200 мм-ийн голчтой 70.4 км шугам буюу нийт шугамын 20,4 хувийг эзэлж байна. Газар доор байгаа ашиглалтын хугацаа нь дууссан шугамд гэмтэл гарахыг үгүйсгэхгүй.

-Тэгвэл дулаан алдагдал яагаад үүсдэг юм бэ?
-Дулааны алдагдал нь барилга байгууламжийн болон шугамын дулаалга, шугамд гарч байгаа гэмтэл зэргээс үүснэ.

-Хэрвээ байр нь хүйтэн байвал иргэд хаана хандах ёстой юм бэ. СӨХ, контор бол манайтай холбоогүй гэж байна гэсэн?
-Эхний ээлжинд харьяа СӨХ, орон сууц ашиглалтын компанийн ээлжийн инженерт хандах нь зөв. Хэрвээ шийдэж өгөхгүй байвал манай Шуурхай удирдлагын төвийн 343047 дугаарын утсаар лавлаж болно. Манай байгууллагын хувьд хотын бүх дулааны эрчим хүч хэрэглэгч бүх ААН, иргэдэд үйлчилдэг. Ойрд ачаалал их байгаа.
Харин нийслэлийн орон сууцны конторуудыг хариуцдаг ОСНААУГ-ын Инженерийн бодлогын хэлтсийн дарга П.Баатартуулаас энэ талаар тодруулахад ”Өнөөгийн байдлаар 15,16 дугаар хороолол, УС-15 дугаар байранд даралтын зөрүү гарч байгаа. Нөгөөтэйгүүр, “Улаанбаатар цахилгаан сүлжээ” компаниас цахилгааны хязгаарлалт хийж байгаатай холбоотойгоор эрчим хүч 4-5 цаг тасалдангуут дулаан доголдож байна. Тэрнээс эх үүсвэрээсээ бол дулаан сайн ирж байгаа. Дээрх байрнуудын хувьд хүндрэлтэй байна” гэв. Ямартай ч, тус газарт 21 контор харьяалагддаг. Хэрвээ танай байрыг хариуцдаг контор тус газарт харьяалалтай бол тус газарт хандаж болох нь. Харин хувийн хэвшлийн конторт хамааралтай бол компанид нь хандах ёстой юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан