Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.ДЭМБЭРЭЛ: МОНГОЛ МААНЬ СЭРГЭЛЭН УХААНТАЙ Ч ЖААХАН ХАЛАМЦУУ ХҮН ШИГ БАЙНА

Оюуны хөгжил, IQ гэдэг ойлголтыг Монголд нэвтрүүлж, хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм бол Ц.Дэмбэрэл. Түүнийг Цэрэнгийн Дэмбэрэл гэхээсээ илүү “IQ” Дэмбэрэл гэвэл олон хүн таних биз. “Оюуны хөгжлийн IQ” төвийн тэргүүн, Математикийн багш нарын академийн ерөнхийлөгч, “Хан-Уул” дээд сургуулийн захирал, Ирээдүй судлалын нийгэмлэгийн тэргүүн гээд түүний нэрийн өмнө уртаас урт тодотгол бий. Энэ бүх ажил нь өнөөх Оюуны хөгжлийг дэлгэрүүлэхтэй холбогдон бий болсон гэдэг.

-Таны хийдэг ажил, хэлдэг зүйлийн дотор “Монгол оюун ухаан” гэсэн нэр томьёо их байдаг. Монгол оюун гэж онцлохын учир юу вэ?
-Дэлхий дээрх зөвхөн хүн ч гэлтгүй амьтан ч оюун ухаантай юм. Африк оюун ухаан гэж нэг өөр, америк, европ, хятад хүний ухаан сайн, муу гэх ч зүйл байхгүй. Харин энэ ойлголт тархитай холбогдоод ирвэл өөр өөр байж болох. Африкчуудын тархи харьцангуй жижиг байхад монголчуудын тархины дундаж хэмжээ том байдаг. Тархины хэмжээ өөр болохоор оюун ухаан ялгаатай болдог. Том тархинаас том оюун ухаан л гарна. Жишээ нь, нэг эсийн хоёр ихрийн нэг нь эрдэмтэн байхад нөгөө нь хулгайч болчихсон байдаг. Энэ нь оюуны чадвараас хамаарч байгаа хэрэг.
Монгол оюун гэж тодотгоод байдгийн хувьд дэлхийн хамгийн том тархитай хүмүүс гэдэг ойлголттой холбогдож ирнэ. Мэдээж монголчуудын дунд жижиг тархитай нэгэн бий л байх, гэхдээ эрдэмтдийн тогтоосноор нийтлэг хэмжээ нь гадаадынхнаас арай том юм.

-Том байдаг гэдгийг нь баталсан судалгаа, баталгаа байдаг уу?
-1930-аад оны үед Германы тархи судлаач Оскар Фаогтс гэж дэлхийд алдартай хүн байжээ. Тэр Лениний тархи судалсан. Москва хотод онцгой, маш нууц хадгалалттай газар, зөвхөн Сталины гарын үсгээр үзэх зөвшөөрөлтэйгээр Лениний тархийг шинжилж, олон дүгнэлт, тайлан гаргаж байж. Дэлхийд алдартай энэ хүн “Хэрэв 21 дүгээр зуунд байгалийн онцгой үзэгдэл болж хүн төрөлхтөн устчихгүй бол монголчууд оюун ухаанаараа тэргүүлнэ. Учир нь 21 дүгээр зуун оюун тархины зуун байх болно. Энэ үед хамгийн том тархитай үндэстэн оюун ухааны оройд гарна” гэж хэлжээ. Ингэж хэлсэн үг, материал нь өнгөрсөн зуунд нууц байсаар 1998 онд тодорхой болсон байдаг.

Тэгэхээр О.Фаогтс монгол хүний тархийг олоод, судалж үзжээ. Тэр үед манай улсын Ерөнхий сайд байсан хүмүүс, том том лам нарын тархийг О.Фаогтс судалсан байдаг. Ийм дүгнэлт хийхэд ядаж 1000 хүний тархийг судалсан байхыг шинжлэх ухаан шаарддаг. Тэгвэл О.Фаогтсын гарт мянган монгол тархи очсон гэсэн үг. Орост тусгай лагерьт Монголын 800 гаруй шилдэг лам нарыг байлгаж байсан гэдэг мэдээлэл ч бас бий. Үүнээс үзвэл сор болсон лам, ухаантай хүмүүсийг устгасан гэхээс илүүтэй тархийг нь судалж байсан байх нь.
Энд хийсэн О.Фаогтсын дүгнэлт зөв бол бидний үе ирж байгаа байх нь, тийм үү...

-21 дүгээр зуун гарчихсан байдаг. Гэтэл энэ хүн маань хэддүгээр зуунд судалгаа хийсэн билээ гээд бодвол арай өөр судалгаа хэрэгтэй биш үү?
-Тийм. Орчин үед тархи судалдаг Ирландын судлаач Ричард Лүн, Финляндын судлаач Лассо Ван Харн гэж том эрдэмтэн бий. Техникийн дэвшил ашиглаад гавлаар нь шууд тархины хэмжээг гаргадаг л даа. Тэд сүүлд Монгол хүний тархийг судалж том гэдгийг нь дахин нотолсон.

Тархи судлалаар дэлхийд Харвард, Кембриж, Калифорнийн сургууль тэргүүлж байна. Калифорнийн сургууль хүний тархийг биетээр барьж судалдаг бол боловсролтой холбож судалдаг нь Харвард юм. Харин Кембрижийн сургууль оюун ухаантай холбон судалж байгаа. Бусад сургууль нь технологийн талаас нь судалдаг. Энэ бүгдээс үзэхэд монгол оюуныг том тархитай холбож ярьж болох үндэс нь харагдлаа.

-Хэмжээний хувьд тийм байдаг байж, хүмүүсийн бодит амьдрал дээрх жишээ гэвэл юу хэлэх вэ?
-Монголчууд хаана ч очсон ухаанаа ашиглаад алзахгүй явчихдаг. 1990 онд Монгол Улс хилээ нээгээд, эрх чөлөөгөө зарлаад дөнгөж хоёр сар болтол өмнөд Америкийн Чили улсын урд эрэгт монгол хүн оччихсон байсан гэдэг. Тэр хүн дэлхийг тойроод айх, эмээх зүйлгүй тэнэж өгчээ. Хоёрдугаарт, манайхан Солонгос руу ажил хийх гэж нэг их олноороо явсан. Эргэж ирсэн хүмүүсийн яриаг сонсохоор “Миний ажиллаж байсан солонгос эзэн үнэхээр муу сэтгэдэг” гэж ам бардам хэлдэг. Уг нь ажил хайж очсон хэрнээ баян солонгосыг голж байгаа биз. Ажлаа жаахан тогтвортой хийхээр л дэргэдээ авчих гээд байдаг, даанч монголчууд архи уугаад, бүдүүлэг загнадаг шүү дээ. Тэр чинь монгол хүн хийвэл оюунаа зараад сайн ажиллаж чаддагийг харуулж байгаа юм.
Монгол охид сүүлийн үед гадаад эртэй их сууж байна. Үүнийг сайшааж байгаа биш л дээ, суух гэрлэх нь хувь хүний асуудал байх. Гэхдээ дараа нь бүсгүйчүүд маань тэр эрчүүдийг үндсэндээ гартаа оруулсан байдаг.  Баян чинээлэг, өөрийгөө аваад явчихаар, ирээдүйтэй хүнийг олж хараад гэрлэж байгаа шүү дээ. Очоод нэг их удаагүй байтал тэр гэр бүлийн ихэнх юмыг эхнэр мэддэг болчихсон л байдаг. Тэгэхээр тэр монгол охины тархи нь гадаад эрийн тархинаас илүү сэтгэж байгаа учраас мань эр гэргийнхээ өмнө нь бууж өгдөг байгаа юм. Энэ чинь монгол ухааны илрэл байхгүй юу.

Өөр нэг зүйл нь монголчууд юмнаас дандаа сайныг нь олж авдаг. Өнөөдөр байгаа хувцас, гар утас, цүнхнээс илүү сайн нь гарвал түүнийг л авна гэж үзнэ. Сэтгэл нь ханадаггүй, хамгийн сайныг авч байж л сая болдог. Хамгийн сайныг авна аа гэдэг чинь оройд нь гарсан гэсэн үг биз. Энэ монгол хүний их онцгой чанар юм.

Боловсролыг л харвал анх орос боловсролтой байсан. Дараа нь Япон, Солонгос, Герман, Францын боловсрол хажууд нь байхад явж явж дэлхийд номер нэг гэгдээд байгаа Кембрижийн боловсролыг бариад авлаа. Монгол хүн авбал хамгийн томыг, дуурайвал хамгийн сайныг л сонгодог. 8848 метр өндөртэй Эверестийн оргилд л гарахгүй бол санаа нь амрахгүй гэх жишээтэй.
Тэр бүү хэл монгол хүн өөртөө ашигтай хоёр гурван утастай байна. Гэтэл гадаад хүн ганц утастайгаа л насан туршдаа явдаг шүү дээ.Энэ хэвээрээ цаашаа явбал монгол оюун ухаан мөдхөн дэлхийн оройд гарна. Үгүй бол сэтгэл нь ханахгүй. Тодорхой жишээ гэвэл япончууд яагаад манай улсад ирээд үндэсний бөхөөр барилдахгүй байна вэ. Гэтэл гурван монгол хүн өнөөгийн сумод нь аварга цолтой явж байгаа биз дээ. Энэ чинь нэг юм хэлж байна. Япончууд нь өөрсдөө хэлдэг юм билээ “Та нар айхтар хүмүүс, чадахгүй юм байхгүй” гэж. Даанч хоорондоо эв түнжин, харилцаа муутай гэдэг л дээ.

-Монголчууд IQ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байна. Гэтэл эдийн засаг, хөгжлийн үзүүлэлтээрээ бусад улсын ард яваад байдаг. Тэгэхээр IQ-ийнхаа тусыг нь  бид гаргаж чадахгүй байна гэсэн үг үү?
-Оюуны чадавхи сайтай, ухаантай хүмүүс бидний дунд олон. Гэтэл амьдрал нь их ядуу байгаа биз. Хөдөөд их ухаантай хүн зөндөө боловч хэдхэн малтай, архи тамхинд баахан дуртай байх жишээтэй. Эсвэл баахан дэмий юм яриад л, хааяа шүлэг зохиочихоод хайнгадуу амьдардаг. Тэдний дэргэд оюун ухаанаар хавьгүй доор ч гэлээ сүрхий амьдарч байгаа хүн ч олон байна шүү дээ. Яг үүний адил өндөр оюун ухаан заавал бийлэгжүү амьдралын баталгаа байх албагүй.
Ухаантай ч түүнийгээ ашиглаж чаддаггүй гэж л хэлэх гээд байна. Архи уугаад, зодолдоод, энд тэнд унаад л яваад байгаа юм уу даа. Гэхдээ одоо бидний цаг үе ирчихсэн, оюун ухаанаа ашиглах монголчуудын эрин эрин эхэлсэн шүү.

-1930 онд оюун ухааны сор болсон хүмүүс үгүй болсноос хойш 70 шахам жил нэг шугамаар сэтгэсэн болохоор монгол оюун алга болсон болов уу гэж бодлоо. Гэтэл буруу боджээ гэдгийг одоогийн монголчуудын дэлхийн тавцанд гаргаж байгаа амжилтууд бататгаж байна?
-Оюун ухаан төлждөг юм. Жишээ нь Амар сайд нас барлаа гэвэл сайдын оюун ухаан бас үгүй болох нь мэдээж. Гэхдээ Амарын хүүхэд, ач, зээ үр удам гэж бий. Үүгээр уламжлаад л ирсэн. Энэ оюун ухаан чинь төлжөөд, өвс шиг ургаад байгаа юм. Ингэж ургаж байгаа болохоор залуучуудын эрч хүч байнга урагшаа тэмүүлж байдаг.

-IQ гэдэг ойлголт бидэнтэй саяхнаас л ойр болсон?
-Тийм ээ. Ардчилал гарсан боло­хоор тэр. Оюун ухаан, ардчилал гэдэг зоосны хоёр тал. Оюуны эрх чөлөө гэдэг ардчиллын хамгийн том давуу тал. Монголд оюуны эрх чөлөө байна. Дуртай үгээ хэлж, чөлөөтэй сэтгэж, хэвлэн нийтэлж байна. Эх орноо хөгжүүлье гээд санаа гаргаж, ажил эрхэлж болж байгаа биз. 1990 оноос өмнө улс орноо хөгжүүлэх шинэ санаа гаргаж болдоггүй байлаа. Намын бодлого, Марксизмын замаас гажиж болохгүй. Р.Чойном, М.Цэдэндорж яруу найрагч байна. Мундаг сэтгээд л, түүнийгээ цаасан дээр буулгаад л шоронд орчихдог.
Харин одоо ардчилал эрх чөлөө монголчуудад ирлээ. Ардчилал өөрөө их гүн ойлголт юм байна. Түүнийг ойл­гохын тулд монгол хүнд гүн оюу­ны хөгжил хэрэгтэй. Хүмүүсийг хэдий чинээ оюунжуулна төдий чинээ ард­чилал руу хандаж, тэмүүлдэг байх нь.

-Хүмүүс IQ түвшнээ тогтоо­чихоод юунд, хэрхэн ашиглахаа мэддэггүй. Оюуны чадамжийг яаж ашиглаж болох талаар...?
-Одоо бол ажлыг оюун ухаанаар хийдэг болчихжээ. Манай улсад дээд сургууль төгссөн дипломтой хүмүүс маш олон. Гэтэл ажлын байрны шаардлагад тэнцэх хүнгүй болчихсон. Ажлын шаардлага гэдэг нь оюуны чадварыг хэлж байна. Би гэхэд IQ төв дээрээ оюуны өндөр чадамжтай 10 хүн ажилд авахыг хүссэн ч ердөө тав л олдоод байх жишээтэй.
Америк, баруун европт үүнийг хэдийнэ шийдчихсэн. Энэ нь Канадаас эхтэй оюуны чадвар шалгах стандарт. Диплом, мэргэжлийн үнэмлэхний зэрэг, дүн оноо огт хамаарахгүй. Гагцхүү хүний нөөцийн чадварын шалгалтыг давж л байвал ажилтай болдог юм.

-Хэдэн жилийн өмнө таныг бо­ловс­ролын хөндлөнгийн шал­гал­тын тухай ярьж байсныг санаж байна. Энэ шал­гал­т­­­­ыг оюутнуудын элсэлтийн е­рөн­­хий шалгалт гэж үзэж болох уу?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын мэргэжлийн зөвлөлийн гишүүн нь би өөрөө. Энэ шалгалтаар сурагчдын сурах чадварыг тодорхойлох ёстой. Хуулинд хүртэл ингэж заасан байгаа. Гэтэл миний ажилласан найман жилд огт тэгсэнгүй. Шалгах аргаа  мэдэхгүй, тестийг нь боловсруулж чадахгүй байна. Ердөө л мэдлэгийг шалгасан жилүүд байлаа.
Сурах чадвар гэдэг чинь амьтанд ч байдаг юм. Маш хурдан хөдөлгөөнтэй муурыг яагаад циркт байлгадаггүй юм. Уг нь жижигхэн биетэй, хурдан хөдөлгөөнтэй, үсэрч дүүлдэг амьтан биз. Гэтэл муур хэзээ ч сурдаггүй юм. Тархи нь жижиг учраас санах ой хариуцдаг эд эс байхгүй. Харин нохойнд бий. Муу сурвал загнана, хоолыг нь хасдаг эсвэл сайн сурахаар нь гоё хоол өгөөд байвал тэр чинь юм тогтоогоод үсэрч, харайдаг. Морь бол том тархитай учраас бүр ч сайн сурдаг. Тэгэхээр оюун ухаан чинь тархины хэмжээнээс хамаарч байна шүү дээ. Сурах чадварыг шалгана гэдэг бол мэдлэг шалгахаас ондоо.

-Гэхдээ сурах чадварыг шалгах тес­тийг та боловсруулчихсан биз дээ?
-Боловсруулаад бэлэн болчихсон ч батлуулж чадахгүй байгаа. Манай ажлын хэсэг үүнийг хүлээж авдаггүй. Учир нь Монголын боловсролын систем сурах чадварт ойртож очих болоогүй. Иймээс боловсролын тогтолцоо уруу харчихсан. Уруу харчихсан тогтолцоог чинь өөдөө харсан шалгуураар шалгаж болдоггүй юм байна.

-Уруу харсан тогтолцоог өөд нь болгох арга зам нь Кембрижийн боловсролыг эхлүүлж байгаа явдал гэж ойлгож болох болов уу?
-Энэ бол ганц алхам. Кембрижийн боловсрол Монгол хүнд бүрэн зохицох зүйл хараахан биш л дээ. Арван жилийн дараа бид нар Кембрижийг голно. Дүйж яривал гар утсыг бид цоо шинэ байхад нь авдаг ч хоёр жил өнгөрөхөд хуучраад өчнөөн олон шинэ утас бий болчихдог. Тэгвэл Кембрижийн боловсролоор 10 жил явахад зөндөө олон боловсрол гараад ирнэ. 

-Шанхайн боловсролыг таныг их дэмждэг гэж сонссон?
-Тийм ээ, Шанхайн элит боловсрол гэж тусдаа зүйл бий. Давуу тал нь тархины хүчин чадлыг бүрэн ашигладаг юм. Шанхайд байдаг тусгай сургуулиудад л заадаг хаалттай боловсрол. Хятадын хамгийн хөрөнгөтэй, өндөр албан тушаалтнууд нь тодорч гарсан газар нь Шанхай. Тийм боловсролоор дамжсан хүмүүс улсынхаа удирдлага, эдийн засаг улс төрийн өндөр албан тушаалд суудаг. Жишээ нь удирдагч асан Ху Жинтао байна.
Энэ боловсрол дэлхийн хамгийн том тархинд төгс зохицно. Би ийм нууцыг яаж мэдсэн бэ гэвэл хятадууд элит боловсролоо өвөрмонголчуудад зааж эхэллээ. Хятадуудын тархи монгол хүнийхээс жижиг. Тэгэхээр өвөрмонголчуудад заагаад тэр төгс оюунаар Хятадыг дэлхийд гаргах гээд байна.
Өвөрмонгол Сүвэгчлэх ухаан гэдэг хичээл орж байна. Али­ваа юмны нүх сүвийг олох, сэтгэх сүв гэж хүмүүс ярьдаг нь IQ юм. Өвөр­мон­гол­чууд ингэж хийж байна, монголчууд бид юу хийгээд байна вэ. Тэрийг хуулбарлаад ч болтугай заах хэрэгтэй шүү дээ.

-IQ олимпиад сурагчдын сонирхлыг багагүй татдаг. Боловс­ролын салбарт оюуны чадварын хичээл оруулж чадсан уу?
-Оруулах гээд оролдож л байна. IQ олимпиадыг Боловсролын яамнаас дэмжсэн нь сайшаалтай алхам. Одоо цаашид сурах чадварын хичээл заах хэрэгтэй ч дөнгөж туршиж эхэлсэн. Яам шинээр байгуулагдаж, Л.Гантөмөр сайд эхлүүлж байна. Тэр бүү хэл Л.Гантөмөр саяхан “Явж явж ерөнхий боловсролын гол зүйл нь сэтгэн бодох чадвар дээр тулгуурлаж байна шүү” гэж хэлсэн. Энэ бол зөв юм.
Яаж үүнийг тогтоосон бэ гэвэл 1995 онд боловсролыг судалж үзэхэд хүүхдийн сүвэгчлэх ухааны /IQ/ 20 хувийг идэвхжүүлж, 80 хувийг хаачихаад байна гэсэн дүн гарчээ. Дараа нь 2007 онд Дэлхийн банкны төслийн шугамаар нэг сая долларын хөрөнгө зарцуулаад математик, байгаль шинжлэлийн хичээлд үнэлгээ хийхэд 46 хувьтай /F/ гарсан. Өнгөрсөн жил БСШУЯ-наас үзэхэд улам буураад 26 хувь, энэ жил судалтал 1995 оны 20 хувь дээр дахиад уначихжээ. Ингэж нотлогдож байгаа болохоор сайд Л.Гантөмөр тэр үгийг хэлж байна шүү дээ.

-Та сургалтын хөтөлбөрт бүтээлч сэтгэлгээний хичээл бараг байхгүй гэлээ. Үүнийг өөрчлөх тал анхаарал тавьдаг байх. Хэрхэн өөрчилж болох талаар тайлбарлахгүй юу?
-Бараг бүх хичээлийг өөрчилмөөр болдог юм. Би 1997 оны үед Дархан-Уул аймгийн 22 дугаар сургуулийн нэгдүгээр ангид өөрийн хүчээр туршилт хийж үзлээ. Нэгдүгээр ангиас нь оюуны хөгжлийн хичээл дөрвөн жил эрэмбэтэй заасан юм. Дөрөвдүгээр ангиа төгсөх жил нь математик, монгол хэлний улсын шалгалтын комисс ирлээ. Математикийн шалгалт эхэлтэл 34 хүүхэд маань нэг их удсангүй гараад явчихав аа. Багш нар гайхаад дүгнээд үзтэл бүгд онц авсан байсан юм. Дараа нь монгол хэлний шалгалтад хоёр хүүхэд сайн дүнтэй, бусад нь онц авсан бодит жишээ надад бий.
Тэгээд хичээлийг нь өөрчлөх гэхээр дүрэм, журманд тийм орон зай байдаггүй. Тэрнээс биш багш нар хийхгүй байгаа юм биш, бичиг баримтууд л хуучин тогтолцоогоороо батлагдчихдаг. Өөрчлөгдөхгүй тэр механизмд л асуудал байна.

-Монголын ирээдүй судлалын нийгэмлэгийг тэргүүлдэг шүү дээ. Тэгэхээр танд манай улсын ирээдүй ямар байдлаар харагдаж байна вэ?
-Монголын ирээдүйг би эерэгээр, сайнаар харна гэж шууд хэлэхгүй. Хэрэв бид оюунаа хөгжүүлээд байвал манай улсад маш сайхан ирээдүй харагдаж байна. Харин ухаанаа хөгжүүлэхгүй, газраа ухна гээд хоорондоо хэрэлдээд, засаг төрөө үймүүлээд байвал бид хохироод л үлдэнэ шүү дээ.
Одоогийн Монголыг тал дээгүүр морь унаад давхиж байгаа, сэргэлэн ухаантай, том толгойтой мөртлөө жаахан халамцуу маягийн, гандсан даавуун тэрлэгтэй, уртын дуу аялсан хүнтэй л зүйрлэдэг юм. Тэр хүнийг зогсоогоод ном эрдэм зааж өгөөд, хувцас хунарыг нь солиод, байнга унадаг морийг нь ядаж машин болгочихмоор санагддаг юм. Тэгээд дээр нь интернэтэд холбоод өгчихвөл сайхан хүн болно доо.

0 Сэтгэгдэл
bas nutgarhag uvs hvn hogjlin hotolbor edr gd. jiriin hvmvvsig vl toodog. neg l ih bi gj yrisan yur ni jaahan henhegtei zonog.
алдаг газар байна даа
IQ tuvd handazh 2000 ond handazh baihad baahan angli helnees orchuulsan nomnuudaa unetei zarzh hudlaa uursdiiguu reclamdazh busdiig hulhidan shulzh baisan. Ene hun sunduu olon zhil surgalt sudalgaa hiisen yum bol IQ tuviig tugssun geh tom erdemten aldartan haana baia. Ene uvgun uneheer buyantan yum uldsen nasandaa mongolchuudaa hugzhuulvel aldar ner ni usnu gehees bus hudlaa helen luivardan olson mongoo nogoo ertonc ruu avch odohgui nucgen bucah bolno shu gedgiig ahin sanuulai.
bas nutgarhag uvs hvn hogjlin hotolbor edr gd. jiriin hvmvvsig vl toodog. neg l ih bi gj yrisan yur ni jaahan henhegtei zonog.
алдаг газар байна даа
Oskar Vogt
Хамгийн их уншсан