УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүдэд Санхүүгийн зохицуулах хорооныхон өчигдөр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл өглөө. Энэ сарын эхний байдлаар хөрөнгийн зах зээл нэг их наяд 588 тэрбум 735 сая төгрөгийн үнэлгээтэй байна. Энэ нь ДНБ-ий 16 хувьтай тэнцэж буй аж. Монголын хөрөнгийн бирж одоогоор 210 удаагийн арилжаагаар 143.6 тэрбум төгрөгийн хувьцаа арилжсан нь өмнөх үеийнхээс 39 тэрбум төгрөгөөр давсан үзүүлэлт гэнэ. Зах зээлд брокер диллерийн 94, хөрөнгө оруулалтын зөвлөх 18 компани ажиллаж байна. Энэ жил 29 компани 79.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан бол бүртгэлтэй хувьцаат компанийн тоо 328. Өнөөдрийн байдлаар Лондонгийн хөрөнгийн бирж Монголын хөрөнгийн биржтэй хамтарч ажиллах гэрээний дагуу олон улсын систем байршуулан ажиллаж байгаа аж.
Энэ үеэр байнгын хорооны гишүүд болон сэтгүүлчдийн асуусан асуултад Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хариуллаа.
-1990-ээд оны үед манай улс 400 гаруй компани хувьчилсан. Эдгээр компанийн хувьцаа иргэдэд одоо ч бий. Ногдол ашгаа өгдөггүй компаниудыг хэзээ цэгцлэх вэ?
-Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсанаас хойш хийсэн томоохон ажил бол нийт хувьцаат компанид үзлэг хийж, 166 компанийн үйл ажиллагаагаа зогссоныг илрүүлсэн. Өнөөдрийн байдлаар 50 гаруй компани татан буугдаад байна. Үлдсэн 119 нь хаалттай компани болсон. Тухайн үед бид олон нийтэд нээлттэй мэдээлэл хийж, дансаа шалгаад хувьцаагаа байгаа эсэхийг шалгахыг иргэдэд сануулсан юм. Үүний үндсэн дээр 1000 гаруй гомдол ирснийг шийдвэрлэсэн. Саяхан батлагдсан Компанийн тухай хуулиар бид компаниудыг ногдол ашгаа хийхийг шаардах, биелүүлэхгүй бол татан буулгах арга хэмжээг шүүхэд нэхэмжлэх эрхтэй боллоо. Хувьцааны төвлөрөл их хэмжээтэй байсан, компаниудын 25 хувь нь нээлттэй зарагдах ёстой гэсэн шаардлага тавьж ажиллаж байгаа. Энэ бүхний үр дүнд компаниудын 90 хувь нь хувь нийлүүлэгчдийн хурлаа хийж байгаа. Арилжаа нь зогссон компаниудыг оруулахгүйгээр энэ жил 163 компани хувь нийлүүлэгчдийнхээ хурлыг хийсэн. Өмнө нь 80-аадхан компани л хурал хийдэг байсан юм.
-Цэнхэр, ягаан тасалбартай хүмүүсийн хувьцааг зөвшөөрөлгүй зарсан тохиолдол их бий. Үүнийг ямар хэлбэрээр шийдвэрлэж байна?
-Хувьцааны зөвшөөрөлгүй зарагдсан тохиолдолд шууд манайд хандана. Өргөдлийг брокер дилерийн компанид хандах болон хууль хяналтын байгууллагад шалгуулах зэргээр ажиллаж байна. Ямартай ч бид асуудлыг шийдэж байгаа. Ардчилал гарсны дараа Монгол Улсын бүх иргэнд цэнхэр, ягаан тасалбар өгсөн.
Иргэд өөрсдөө мэдэхгүй боловч дансанд нь мөнгө орчихсон байгаа. Хувьцааны ногдол ашиг хэлбэрээр мөнгө байгаа гэсэн үг.
Нөгөө талаар хувьцаа нь үхмэл байдалтай хэсэг ч бий. Тухайн компани татан буугдсан байж болно. Ямар нэгэн хохирол гарсан тохиолдолд манайд хандаж болно.
-Хуульд уул уурхайн компаниудын 10 хувийг Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалах ёстой. Гэтэл өнөөг хүртэл хэрэгжихгүй яваа?
-Стратегийн ач холбогдолтой орд газруудын 10 хувийг Монголын хөрөнгийн биржээр худалдана гэж заасан. Энэ дагуу “Багануур”, “Шивээ овоо” ХК хувьцаагаа худалдаж байгаа. Үнэт цаас гаргагчаас бидэнд асуудлаа тавих ёстой. Үүнийг байнга шаардан ажиллаж байна.
-Иргэд мэдээлэл муугаас ногдол ашгаа авч чадахгүй, тухайн хувьцаат компани дампуурсныг мэдэхгүй хохирдог. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар?
-2007 онд хийсэн үзлэгийн дараагаас иргэдийг дансаа шалгаач гэхтэй зэрэгцэн өргөдөл гомдол тоогоо алдсан. Дараа нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг иргэдэд эзэмшүүлэхтэй холбоотойгоор Монгол Улсын бүх иргэн данстай болж, данстай нь дансаа шалгаж эхэлсэн. Иргэд хангалттай мэдээлэлтэй байгаа. Одоо ч хувьцаагаа алдсан иргэд гомдлоо шийдүүлсээр байна.
-Иргэд брокер диллерийн ямар компаниар дамжуулж дансаа нээлгэхээ мэдэхгүй байна. Мөн компаниудын хувьцааны өсөлт, уналтын талаар мэдээлэл хүртээмжтэй биш. Харин гадаадын хэвлэлүүдэд манай хөрөнгийн зах зээлийн мэдээлэл өндөр төвшинд гардаг. Энэхүү мэдээллийн ялгаа монголын хөрөнгийг гадаадынхан эзэмшихэд илүүтэй дэмжлэг болж байх шиг?
-Мэдээллийн хомсдол бий. Бид Компанийн засаглалын үндэсний зөвлөлтэй хамтран компаниудын талаар хувьцаа эзэмшигчдийн мэдэх ёстой мэдээллийг ил тод байх ёстой гэсэн шаардлага тавьж ажиллаж байгаа. Ирэх онд бүрэн хийж дуусахаар төлөвлөөд байна. Иргэдэд брокер диллерийн компанийн мэдээлэл хүртээмж хүрч чадахгүй байна гэсэн шүүмжлэл бий. Энэ хүрээнд сумдад салбартай банкуудаар дамжуулан иргэд хувьцаагаа авч болно. Одоогоор “Голомт”, “Хас”, “Худалдаа хөгжлийн банк” гадаадын томоохон хөрөнгө оруулагчдад зориулан брокер диллерийн компанийн эрхээ аваад байгаа. Бусад банк ч хандах байх. Дээр нь Лондоны хөрөнгийн биржийн шаардлагын дагуу барьцаа хөрөнгөө байршуулсан брокер диллерийн 47 компани байгаа. Эдгээр компанийн арилжаа улам баталгаатай болсон гэсэн үг.
-“Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны дансыг брокер диллерийн компаниар дамжуулан нээж байгаа. Иргэдийн хэдэн хувь нь данс нээлгэсэн бэ?
-УБЕГ-ын мэдээллээр 524 мянган иргэн дансаа нээлгэсэн, хувьцаа нь байршсан байгаа. НХҮЕГ-аас 2.1 сая иргэн хишиг хувь хүртсэн болон сая төгрөг авах өргөдлөө гаргасан мэдээллийг авсан. Энэ мэдээллийг одоогоор шалгаж байна. Урьдчилсан байдлаас харахад 1072 ширхэг хувьцаа авах 724, 536 ширхэг хувьцаа эзэмших 11 мянган иргэн бий. Сая төгрөг авах хүсэлт гаргасан сая 65 мянган иргэний нэг тэрбум 171 сая ширхэг хувьцааг иргэдээс хасч тооцно. Мөн хишиг хувь хүртсэн иргэдийн 355 тэрбум төгрөгт тэнцэх нэг тэрбум 22 сая ширхэг хувьцааг иргэдээс хасч тооцохоор болсон.
-Лондонгийн хөрөнгийн бирж манай хөрөнгийн биржийн менежментийг хийж байгаа. Лондонгийн хөрөнгийн биржид хэр хэмжээний төлбөр төлж байгаа бол?
-Лондонгийн хөрөнгийн бирж манайд үйл ажиллагааны шинэчлэлийн зөвлөгөө өгөх, бүтцийн оновчтой хэлбэр бий болгох, технологийн цогц шийдэл нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны нийт өртөг нь 14.2 сая ам.доллар. Бид санхүүгийн эх үүсвэрээ зургаан банкнаас жилийн зургаан хувийн зээл авах замаар шийдсэн. Эргэн төлөлтийг төсөвт суулгана. Улсын төсвөөс 2011 онд 5.4 сая ам.долларын санхүүжилт авсны 5.2-ыг нь Лондонгийн биржид төлсөн. Одоо бидэнд 200 мянган ам.доллар үлдсэн. Энэ жил 1.7 орчим сая ам.долларын зээл зургаан банкнаас авч Лондонгийн хөрөнгийн биржид төлсөн. Энэхүү зээлийн эргэн төлөх нөхцөл төсөвт суугаагүй байгаа. Төслийн нийт үлдэгдэл зээл болох 8.7 сая ам.долларын эх үүсвэр шийдэгдээгүй. Ерөнхийдөө төсөвт суулгах замаар шийдвэрлэнэ гэсэн Засгийн газрын чиглэл байгаа.