УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар арьс ширний үйлдвэрлэлийг дэмжих Засгийн газрын үнэт цаас гаргах төслийг хэлэлцэн дэмжлээ.
Монгол Улсад арьс шир боловсруулах 35 үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 178 компани байдаг аж. Харин малчдын зүгээс жилд 178 сая ширхэг арьс шир бэлтгэн нийлүүлдэг бөгөөд үүний 25 хувийг үндэсний үйлдвэрлэгчид боловсруулж, үлдсэн 75 хувийг экспортолдог гэсэн тоо баримтыг салбарын яамнаас өгсөн юм.
үндэсний үйлдвэрлэгчид тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа шалтгаан нь үйлдвэрүүд эргэлтийн хөрөнгөгүйн улмаас түүхий эд нийлүүлэлтийн оргил үеэр хангалттай нөөц бүрдүүлж чадахгүйтэй холбоотой гэнэ. Тиймээс Засгийн газраас таван жилийн хугацаатай 200 тэрбум төгрөгийн бонд гаргах нь зүйтэй гэж байнгын хороо дэмжлээ. Хэрэв энэ бонд амжилттай хэрэгжвэл 25 мянган хүн тогтвортой ажлын байраар хангагдах боломжтой болох юм байна.