Монголбанкнаас жижиглэнгийн нефтийн бүтээгдэхүүнийг хамгийн бага зардлаар санхүүжүүлэх, хил дээрх өртгийн ханшаас хамаарах нөлөөг бууруулж, жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой байлгах нөхцөл бүрдүүлэх зорилгоор “SIFS” дэд хөтөлбөрийг Уул уурхайн яамтай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Энэ дэд хөтөлбөрийн дөрөв дэх зээлийн шугамаар “Голомт” банкаар дамжуулж “Магнай трейд” ХХК-д жилийн 3.8 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай 14.6 тэрбум төгрөгийн санхүүжилт өчигдөр өглөө. Түүнчлэн дэд хөтөлбөрт заасны дагуу Монголбанк дээрх төгрөгтэй тэнцэх ам.долларыг хоёр сарын дараа худалдах форвард хэлцлийг хамгийн бага зардлаар гүйцэтгэж, ханшийн эрсдэлийг нь бууруулсан байна. Ийнхүү зээлийн шугамын болон санхүүгийн үүсмэл хэрэгслийн гэрээгээ оролцогч банкуудтай байгуулсан хэрэгжүүлэгч дөрвөн компани нь нийтдээ 41.4 тэрбум төгрөгийн зээлийн шугамыг ашиглаад байна.