Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МӨНГӨ ИДДЭГ ЗАМ

Орой ажлаа тараад гэрийн зүг яаран “Улиастай-Дэнжийн мянга” гэсэн чиглэлийн автобусанд суув. Зам хальтиргаатай байгааг ч хэлэх үү, автобус жолооч урдуур нь дайрах машинуудаас болж үе үе тоормослоно. Үүнийг нь иргэд үл тоох ч Баянзүрх  дүүргийн урдах  буудал руу орж зорчигчдоо буулгачихаад гарах гэж багагүй зүдрэх нь тэр. Учир нь, өнөөх автобусыг нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэй зорчуулах үүрэгтэй тусгаарлагч түмбэ нь орсон бол бандан тас гэдэг шиг тээглээд болдоггүй.
 Жолооч “Энэ тусгаарлагч түмбийг автобусны буудалд тавих шаардлага байсан юм уу. Хэтэрхий ойрхон байрлуулснаас шүргэж, гэмтээчих гээд байх юм. Мөргөчихвөл хоолны хэдэн төгрөгөөсөө торгуульчих гээд байдаг. Гэмтээхгүйн тулд худалч хүнд замын хашлага давж гарах нь шахуу байх юм” хэмээн бухимдаж гарав. Үнэхээр ч хажуугаар сүнгэнэн гарах авто машинууд зам тавьж өгөхгүй бол автобус тусгаарлагч түмбийн “биед” гэмтэл учруулахаас ч аргагүй мэт.
Үнэндээ дэлхийд хамгийн их замаа гоёдог улс бол Монгол байх. Барьсан замаа жил бүр засна, шинэчилнэ, дээр нь гоёлыг нь солино. Худалч хүнд замаа тавих гэж багадаа тав, зургаан сая зарцуулна, дараа нь засах гэж бас л ийм хэмжээний мөнгө зориулна. Тэгчихээд жил бүр гоёдог гэхээр дэндүү баян уу гэлтэй.  Жилд авто замд зарцуулж буй засвар, гоёлынх нь хөрөнгийг нь бодож үзвэл хэдэн төгрөг гарах бол... Гэхдээ хүний бүтээл болох замд ч буруу байхгүй  л дээ. Гол нь, замыг жил бүр гоёж, гангалдаг эрх мэдэлтнүүдэд л учир байгаа хэрэг. Бод л доо. Замын түгжрэл 20-30 хувиар нэмэгдснээс авто ослын тоо өсч, хүний амь нас үрэгдэж байна гээд л хэн нэгэн цэцэн мэргэн нь авто замын дундуур янз бүрийн өнгөтэй, төмөр хашлага тавьчихна. Тэрийгээ авто ослоос урьдчилан сэргийлэхээс гадна гэрлэн дохио үл харгалзан авто машин дундуур сүлжин харайгчдад зориулсан гэнэ. Гэвч тусгаарлагч хашааг янз бүрийн загвар, дизайнаар хийж тавилаа гээд байдал дээрдсэнгүй. Харин ч хийсэн байгууллага нь хэдэн төгрөгөөрөө шатаад хэсэг сайхан харагдуулсан гэх замын гоёл нь ч гундаж эвдрээд төмрийн хог болно. Жишээ нь, Сансарын туннелийн эвдэрч, хугарсан төмөр тусгаарлагч хашааг хэлж болно.
Залгамж халааг нь өнөөдөр авто замын тусгаарлагч түмбэ гэгч авсан хэрэг. Энэ нь, хотын мэрийн 532 тоот захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд. Өөрөөр хэлбэл, том оврын автобуснуудыг нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэй зорчуулахын тулд ийнхүү тусгаарлагчийг байрлуулсан аж.  Нэг бүр нь 18 мянга, 75 мянган төгрөгийн үнэтэй тусгаарлагч түмбийг нь том оврын автобусны жолооч нар эвдэж байна хэмээн “Улаанбаатар зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-ынхан гомдоллоод байгаа. Энэ талаар тус газрын дарга Ж.Орхон ”Нийслэлийн Засаг даргын 2012 оны захирамжаар авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр наймдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний автобус, троллейбусыг давуу эрхтэй зорчуулах  болсон. Саадгүй зорчуулах хүрээнд нэгдүгээр эгнээг бусад эгнээнээс тусгаарлах түмбэ байрлуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар дийлэнхийг нь том оврын автобусны жолооч нар гэмтээж, хугалж байна. Тиймээс цагдаагийн байгууллагатай хамтран гэмтээж, бэртээсэн том оврын автобусны жолооч нарыг тогтооно” хэмээн гомдоллож буй.
Нийтдээ бараг 20 гаруй сая төгрөгийн үнээр боссон замын эл гоёлыг нь санаатай, санамсаргүй байдлаар хугалах, гэмтээх явдал гаарч, 95 гаруй хувийг том оврын автобус эвдэлсэн гэдэг нь баримтаар нотлогдсон, хөдөлшгүй юм гэнэ. Гэхдээ  хэнд, хэзээ, юу зориулж хийх гэж байгаа гэдгээ бас л бодмоор юм шиг. Нэгэнт нийслэлийн Засаг даргын шийдвэрээр нэгдүгээр эгнээгээр автобус зорчино гээд тунхагласнаас хойш заавал тусгаарлагч түмбэ байрлуулах шаардлага байсан уу, үгүй юү. Нэг үеэ бодвол иргэд авто замын хөдөлгөөнд соёлтой оролцож буй талаар ч нийслэлийн Замын цагдаагийн газраас магтаад байгаа шүү дээ. Гэтэл тооцоо судалгаагүй хийчихээд тэр миний хийсэн юмыг эвдчихлээ гэх нь хэр зохилтой юм бол доо. Хатуухан хэлэхэд, нүдээ олоогүй ажил гэдэг бусдад тус болохоосоо ус ч болдог бололтой. Учир нь, том оврын автобусны жолооч нар буудал руу орж, гарахын тулд уран жолоодлого шаарддаг гэдгийг дуу нэгтэй ярьж байгаа. Энэ талаар “Автобус нэгдэл” ХХК-ийн захирал П.Ган-Очироос тодруулахад ”Замын тусгаарлагч түмбийг хугалсан тохиолдолд нэг ширхгийг нь 54 мянган төгрөгөөр төлүүлнэ гэсэн мэдэгдэл ННТГ-аас манайд ирсэн. Гэхдээ манай жолооч нарын ярьж буйгаар автобусны зогсоолтой хэтэрхий ойр байрлуулснаас нэгдүгээр эгнээнээс гарах эсвэл орохын тулд автобусных нь дугуй замын хашлага шүргэж шахуу явдаг гэж байна лээ. Ялангуяа, Бөхийн өргөө, Мэргэжилтний 20-ийн буудал. Том оврын автобус гэмтээж байна, торгоно гээд ярихын оронд хэмжээг нь нарийн сайн тогтоогоод тавибал асуудалгүй л дээ. ННТГ-ын холбогдох хүмүүст энэ тухайгаа хэлсэн” гэв.  Бусад автобус компанийн захирлууд ч энэ талаар дуу нэгтэй ярьж, жолооч нараа аль болох мөргөж, гэмтээхгүй байхыг анхааруулсан гэнэ.  Харин энэ талаархи гомдол автобус компаниудаас хэр ирж буйг ННТГ-ын Диспетчерийн албаны дарга Г.Доржпаламаас асуухад “Тусгаарлагч түмбийг Улаанбаатар зам засвар, арчлалт компаниас авто замуудад байрлуулсан. Жолооч нар тусгаарлагч түмбийг хэтэрхий ойрхон байрлуулснаас гэмтээж, хугалчих гээд. Автобусны зогсоол руу орох эсвэл гарах гэхээр тулаад байна. Холбогдох газарт нь хэлж болиулж өгөөч гэсэн хүсэлт ирж байгаа” гэв.
Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр жил бүр гоёдог замдаа бус гоёх дуртай эрх мэдэлтнүүдэд хандаж хэлэхэд хэнд зориулж, юу хийх гэж байгаа бодолцон тооцоо судалгаатайгаар төсвийнхөө мөнгийг үр бүтээлтэй зүйлд зарцуулж байх юмсан даа...

Т.Оюунбаяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан