Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХ “УЯА СОЙЛГЫГ” ИНФЛЯЦ ТААРУУЛНА

Монголчууд нэг хэсэг Хадгаламж зээлийн хоршоодын амласан өндөр хүү, урамшуулал, сугалаанд нь болж мөнгөө хадгалуулж хохирч үлдсэн гашуун туршлага бий. Иргэд банкинд ямар учраас мөнгө хадгалж буй талаар 2005 онд хийсэн судалгаагаар найдвартай итгэж болно гэсэн үзэл бодол маш бага, харин өндөр хүүнд нь болж хадгалуулах явдал давамгайлж байжээ. Тухайлбал, судалгаанд оролцогчдын 0.28 хувь нь л банкинд итгэж мөнгөө хадгалуулдаг гэсэн аж.
Гэтэл өнөөдөр илүү найдвартай, тогтвортой банкинд мөнгөө хадгалахыг эрмэлзэх болжээ.  Энэ бол иргэд санхүүгийн мэдлэгтэй,  эрсдэлгүй байх нь чухал гэдгийг ойлгож буй хэрэг.  Өөрөөр хэлбэл, эдүгээ хадгаламж дунджаар 13 хувиар өссөн дүн бий. Ирэх оноос хорин сая хүртэлх хадгаламжийг даатгана гэж байгаа. Учир нь, дунджаар нийт  хадгаламжийн 80 гаруй хувийг эзэлдэг бөгөөд банкинд итгэл хүлээлгээд хадгалж байгаа, хуримтлалтай болох гэсэн иргэдийн хувьд даатгалын тогтолцоо асар их ач холбогдолтой ажээ.  Сүүлийн жилүүдэд иргэдийн хадгаламж жигд өссөн дүн бий. Нэг жишээ татвал, эдүгээ хүүхдэд сар бүр өгч буй 20 мянган төгрөгийн 70 орчим хувь нь банкинд хадгаламж хэлбэрээр байрших болсон байна.

Банкуудын өөрийн хөрөнгө 34 хувиар өсчээ

Энэ жил арилжааны банкуудын санхүүгийн чадавхи чамгүй нэмэгдсэн байна. Жишээ нь, энэ оны гуравдугаар улирлын байдлаар арилжааны банкуудын нийт актив 17 хувиар өссөн дүн гарчээ. Мөн банкуудын өөрийн хөрөнгө нь 34 хувиар нэмэгджээ. Монголбанк арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн зохистой харьцааны  үзүүлэлт 12.5 хувь байлгах шалгуур тавьдаг.  Уг үзүүлэлт нь одоо  15.3 хувь болсон судалгаа энэ оны гуравдугаар улиралд гарсан. Үүнээс гадна төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлтийг  төв банкны журмаар  25 хувь байлгах ёстой гэдэг. Өнөөдөр арилжааны банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар дунджаар 35.5 хувь болжээ. Энэ бүгд манай арилжааны банкууд эрсдэл даах чадвартай болж буйн илрэл юм. Банкуудын олгож буй зээл өнгөрсөн онд 72 хувиар өсч байсан. Харин энэ жил буюу оны эхний гуравдугаар улирлын байдлаар зээл буурч дунджаар 22 орчим хувь болжээ. Чанаргүй зээл өнгөрсөн жилээс тогтвортой байж ирсэн. Энэ нь эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан. Нөгөө талаар, банкууд болон зээл авч буй иргэд өөрийн мөнгөн урсгалаа зөв төлөвлөхөд анхаардаг болсонтой холбоотой хэмээн банкны салбарынхан дүгнэж буй юм.  
Өндөр хадгаламжаас хүүгийн татвар авах талаар нэг хэсэг яриа гараад намжсан. Үүнд,  зарим эдийн засагч болгоомжилж нэг хэсэг нь дэмжиж байгаа. Өнөөдөр хадгаламжийн хүүнээс татвар авлаа гэхэд өндөр хадгаламжтай иргэд мөнгөө банкнаас татаж авч болзошгүй гэж болгоомжилж буй билээ.
Гэвч энэ талаар хийсэн  тооцоо судалгаа байхгүй аж.  Мөн  банкууд хүүгийн тогтвортой байдлаа хэрхэн хадгалах ямар арга хэмжээ авах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй гэж зарим судлаач хэлдэг. Өөрөөр хэлбэл, татвараас зугтаасан тэр их хэмжээний хадгаламжийн мөнгө үл хөдлөх хөрөнгө болон эдийн засгийн өөр салбарт орох, гадагшаа гараад  эхэлбэл ямар асуудал гарах вэ гэдгийг  олон талаас нь бодож үзэх хэрэгтэй гэж байгаа юм. Энэ нь баялгийн хуваарилалт жигд бус байгааг илтгэж буйн жишээ ажээ.
 
Инфляц бага үеийн 100 төгрөг өнөөдөр 115 төгрөгтэй тэнцэж байна

Арилжааны банкуудын өнөөдөр тогтоож буй хадгаламж болон зээлийн хүү нь эрэлт нийлүүлэлт дээр тулгуурладаг гэдэг. Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах судалгаа хийж байгаа. Тэгвэл судлаачид Монгол Улсын эдийн засгийн үндсэн суурь нөхцөлүүд сайжирч байж хүү буурна хэмээдэг билээ. Тухайлбал, төгрөгийн эх үүсвэр арилжааны банкуудын санхүүгийн гол хөдөлгүүр нь. Иймд өнөөдөр төгрөгийн зээлийг  бага хүүтэй  олгох боломжгүй гэж байгаа юм. Учир нь, инфляц одоогоор 15 хувьтай байгаа.  Энэ нь хүү буурахгүй байхад гол нөлөө үзүүлж байна.
Жишээ нь,  инфляц бага үеийн 100 төгрөг  өнөөдөр 115 төгрөгтэй тэнцэх болсон.  Ингээд энэ хэмжээгээр тухайн арилжааны банк харилцагчдаа өгөөжтэй байх үүднээс хадгаламжийн хүүгээ өндөр тогтоохоос  өөр арга байхгүй гэдэг. Манай улсын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирч, инфляц буурч  байж зээлийн хүү доошлох үндэс болох нь. “ХАС банк”-ны Эрсдэлийн нэгдсэн удирдлагын газрын захирал Д.Болор-Эрдэнэ эдийн засгийн сэтгүүлчидтэй уулзахдаа “Шатахуун, барилга, импортын барааны үнийн гэнэтийн өсөлтийг хязгаарлах шаардлагатай.  Ирэх жилийн мөнгөний бодлого өмнөхөөсөө шинэлэг өөр болсон. Инфляц буурахад гацаанд оруулаад байгаа сувгуудыг  тэлэх, түүнд үүсч буй зардлыг багасгана гэдэг нь зөв алхам. Инфляц буурвал хүүгийн төвшин доошлох боломжтой. Засгийн газар, Монголбанк томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Статистикийн мэдээллээр зах зухаасаа нааштай үр дүн гарсан тооцоо бий. Нөгөө талаар, суурь инфляц гэж байдаг. Өөрөөр хэлбэл, хүнсний бүтээгдэхүүн, үнийн их хэлбэлзэлтэй өргөн хэрэглээний барааг хасч тооцсон инфляц.
Гэтэл энэ нь байнга өсч байгаа. Түүнийг цаашид тогтоон барих бодлого хэрэгтэй байгааг илэрхийлж буй хэрэг. Тухайлбал, бид урд хөршөөс импортолж байна” хэмээсэн билээ.  Тэгэхээр инфляц төв банкны дэвшүүлсэн нэг оронтой тоо буюу найман хувь руу ороод ирвэл зээлийн хүү буурах нь.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан