Монгол Улс хөрөнгийн зах зээлд хүч түрэн орж ирлээ гэсэн мэдээлэл дэлхийн санхүүгийн зах зээлд түгэж байна. Ийм мэдээлэл тарах үндэс болсон Засгийн газраас олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж буй бонд, түүний үр өгөөжийн талаар МICC, Монголын Хөрөнгө оруулалтын банкны захирал Д.Ачит-Эрдэнэтэй ярилцлаа.
-Монгол Улс хөрөнгийн зах зээлд 1,5 тэрбумын бонд гаргалаа гэсэн мэдээлэл дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Зарлагдсан дариуд 80 гаруй хувь нь зарагдсан гэж мэдээлээд байна?
-Бонд гаргах асуудал 2000 оноос яригдсан. Гадаадын хөрөнгө оруулалтын банкууд Сангийн яам, Монголбанкны удирдлагатай уулзаад бонд гаргаач гэсэн санал тавьж байсан юм билээ. Гэвч тухайн үед Монголын эдийн засаг өсөөгүй, зээлийн хүүгийн дарамтаас айгаад гаргаагүй юм. Тэгээд ч монгол хүний сэтгэхүй сонин шүү дээ. Өргүй бол баян гэж бодон аль болох өр тавихгүйг хичээдэг. Харин энэ Засгийн газар асуудлыг өөр өнцгөөс харсан юм шиг байна. Яг үнэндээ өнгөрсөн Засгийн газрын үед эхлэл нь тавигдсан. Хөгжлийн банк 580 сая ам.долларын бонд гаргахад маш их захиалгатай зарагдсан. Тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр Засгийн газар нь бонд гаргавал бүр бага хүүтэй гарч, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах юм байна гэж бодсон байх. Нөгөөтэйгүүр, бүх улс орны Засгийн газар бонд гаргасан байдаг. Манайх л үлдсэн гэхэд буруудахгүй.
-Лондон дахь “Ashmore Investment”-ийн судалгааны хэлтсийн дарга Жан Ден “Монгол Улс дэлхийн хөрөнгийн зах зээлд маш том алхам хийлээ” хэмээн хэлж?
- “Ashmore Investment” гэдэг маань хөрөнгө оруулалтын сан. Бонд худалдан авсан нэг байгууллага гэсэн үг. Дэлхий даяар үүн шиг олон хөрөнгө оруулалтын сан бий. Тэд аль болох өгөөж ихтэй, эрсдэл багатай хөрөнгө оруулалт хайдаг. Монголын хувьд 4,5 хувийн хүү өгч байгаа ч өндөрт тооцогдоно. Яагаад гэвэл, дэлхийн улс орны төв банкууд хүүгээ бууруулсан болохоор хөрөнгийн зах зээлд Засгийн газрынх нь үнэт цаас бага байдаг болчихсон энэ үед Монголын бонд бага хүүтэй гарсан учраас авч байгаа хэрэг. Гэхдээ бусадтай нь харьцуулахад өндөр. Учир нь, Монголынх Испанийхтай адилхан байна гээд дэлхий нийт ярьж байна. Испани улс их эрсдэлтэй. Тус улсын эдийн засаг хямарч байхад Монголынх өнгөрсөн жил дэлхийд хамгийн өндөр өсөлттэй байсан. Ингэж эдийн засаг нь өсч буй улс дэлхийд ховор.
-Гэхдээ уул уурхайн салбарын өсөлт нөлөөлсөн гэж яриад байгаа. Тиймээс ч бонд гаргах нөхцөл бүрдсэн болов уу?
-Тийм. Уул уурхай хөгжиж буй болохоор эдийн засаг нь өссөн юм байна гэсэн ерөнхий ойлголт байгаа. Гэхдээ хөрөнгө оруулагчид цэвэр эдийн засгийн өсөлтийг л хардаг. Тэд эдийн засаг нь өсч байгаа болохоор бүтээн байгуулалтдаа зарцуулаад эргүүлэн төлчих юм байна гэж ойлгож буй.
Ихэнх улс орны Засгийн газар 5,10 жилийн хугацаатай бонд гарган хугацаанд нь төлчихөөд дахин гаргадаг. Хувь хүн арилжааны банкнаас ахуйдаа, компаниуд үйл ажиллагаагаа явуулах гэж зээл авдаг. Харин Засгийн газар улс орныхоо эдийн засгийг дэмжих, бүтээн байгуулалтдаа зарцуулах гэж бонд буюу зээл авдаг юм.
-Тэгэхээр бонд гэж юуг хэлээд байна вэ?
-Бонд гэдэг маань нэг ёсондоо өрийн бичиг гэсэн үг. Маш олон хөрөнгө оруулагч мөнгөө хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлсэн байдаг. Тэрнээсээ Монголын Засгийн газрын бондод, заримыг нь Америк, Хятадад гээд хуваарилдаг. 100 тэрбум ам.доллар хуваарилчихсан нэг хөрөнгө оруулалтын сангийн менежер мөнгөө жилд дунджаар 3-4 хувиар өсгөсөн ч ашигтай. Иймэрхүү маягаар хөрөнгөө өсгөдөг. Дээрээс нь, Монгол Улсын эдийн засаг сайн байна гэсэн мэдээ гараад байвал хоёрдогч зах зээлд бондынх нь эрэлт дахин өснө. Тэгэхээр хөрөнгө оруулалтын сангууд хүү авахаас гадна худалдан авсан бондынх нь үнэ өсөх тул маш ашигтай.
-Авах нь сайхан ч, өгөх нь хэцүү байдаг хэмээн монголчууд ярьдаг. Хэдий эрт ч гэлээ одооноос л эргэн төлөлтөө хаанаас босгох вэ гэдгээ бодох хэрэгтэй болов уу?
-Эргэн төлөх хөрөнгөө татварын орлогоос л босгоно. Тэгэхээр татварын орлого маань баталгаатай байх ёстой. Харин татварын орлогыг юу бүрдүүлдэг вэ гэхээр компаниуд болон хувь хүмүүс. Эдийн засаг өсч байх үед татвар илүү төвлөрдөг. Өнөөдөр Оюу толгойг ярьсаар байна. 64 эсвэл 36 юу гээд... Угтаа хэн эзэмших нь хамаагүй. Гол нь, татвараа төлж байвал бид зээлээ төлөх орлоготой байна гэсэн үг. Дээр нь, Эрдэнэт үйлдвэр татвараа төлж байвал бондоо төлнө, нээгдэж байгаа бүх уурхай энэ өрийг төлөхөд нэмэр болно гэсэн үг. Мэдээж, бүх орлогоо өрөө төлөхөд зориулахгүй. Жишээ болгоход, эдийн засаг энэ олон тоглогч нарын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, баялгаас шалтгаалдаг. Шинээр хүн ажилд ороход л орлогын татвар төлнө. Ерөнхийдөө, эдийн засгаа тогтвортой, өсөлттэй байлгах ёстой. Бас нэг учирч болох эрсдэл нь бид ам.долларын бонд гаргаж байгаа.
-Тийм ээ. Татварын орлого төгрөгөөр орж ирэхээр зөрүү гэж нэлээн гарах байх?
-Хөрвүүлээд ам.доллар болгож явуулна. Манай эдийн засаг, экспорт эсвэл гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн тохиолдолд төгрөгийн ханш чангарна. Тэгэхээр бондын хүү бараг төгрөг дөрвөн хувиар чангарахад л хүүгүй юм шиг болчихож байгаа юм. Эсрэгээрээ төгрөгийн ханш 10, 20 хувиар унавал эргээд 20 хувиар илүү мөнгө төлнө. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалт маш чухал. Гадаад валют их орж ирвэл бид валютаар тооцоогоо хийнэ. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээгээд төгрөг унавал бондоо төлөхөд хэцүү байдалд орно л доо.
-Бонд гаргаж байна гэхээр Монгол Улсын эдийн засаг сайжирсан, хямралд сөхрөхгүй гэж ойлгож болох уу?
-Ер нь, бонд гаргана гэдэг нь уул уурхай хямарвал энэ салбараас гэхгүйгээр зарцуулах томоохон эх үүсвэртэй болж байна гэсэн үг. ДНБ-ий тавны нэгтэй тэнцэх мөнгө оруулж ирээд бүтээн байгуулалтдаа зарцуулна гээд байгаа. Тэгэхээр эдийн засгийн хөгжлийг үргэлжлүүлж явуулах мөнгөтэй болж байна л даа.
-Угтаа зээлийн зэрэглэлээрээ ч манайх өрийн бичиг гаргах цаг нь болсон байх?
-Хамгийн сүүлийн орон манайх болсон ч байж магадгүй. Хуучин социалист орнуудаас харахад Орос, Казахстан цаашлаад Киргизстан хүртэл бонд гаргачихсан байсан. Монгол гаргаагүй л байсан. Гаргасан нь ч зөв. Энэ жил Зимбабе улс бонд гаргасан гэсэн байна билээ. Монголтой адилхан зээлийн зэрэглэлтэй бүх улс орон гаргачихсан. Зээлийн зэрэглэл чинь эрсдэл буюу Монголын зээл авах мөнгөний хүүг тогтоодог. Монголын зээлийн зэрэглэл өнгөрсөн Засгийн газрын үед хамгийн өндөртөө 3В зэрэглэлд очиж байсан. Тэр үед дээр дурдсан Хөгжлийн банкны бонд гарч байлаа. Монголтой адилхан зээлийн зэрэглэлтэй Филиппин гэхэд 20,30 жилийн хугацаатай бонд гаргасан байдаг. Манайх хоцроод л байна гэсэн үг.
-Гадаадын зээл тусламжаас татгалзан, бонд гаргаж хөрөнгө оруулалт олж ирнэ гэсэн зорилго өвөртөлсөн. Үүнийгээ ч засгийн газрынхан биелүүллээ?
-Монгол Улс 2000 он гараад хамгийн муу зэрэглэлтэй, эдийн засгийн засгийн өсөлт муу, Засгийн газрынх нь орлого бага байсан. Бонд гаргавал хүү нь өндөр болох байлаа.
Тиймээс тухайн үед Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас тусламжийн мөнгө авах шаардлагатай байсан цаг. Яагаад гэвэл хүү нь 10,12 хувь. Одоо бол эсрэгээрээ Монголын эдийн засаг өсөөд, хүн амын орлого нэмэгдэж буй учраас зээл тусламж өгч байсан байгууллагууд илүү ядуу буурай оронд өгье гээд багасгаж байгаа. Монголын хувьд жам ёсоороо хөгжөөд бонд гаргах цаг нь болчихсон. Магадгүй, эрт орох ёстой байсан ч юм уу. Эргээд харахад Монгол Улс, Улаанбаатар хотод дэд бүтэц, зам, барилга гээд хийх ажил явагдсаар л байна. Дэлхийн улс орнуудын Засгийн газар нь санхүүждэг арга нь энэ.
-Бид зах зээлийн жинхэнэ тоглогч байхын тулд юу анхаарах хэрэгтэй вэ?
-Улс төр, эдийн засгийн байдлын хувьд тогтвортой байх ёстой. Ийм байвал дахиад 2-3 хувийн хүүтэй бонд гаргаж болно. Өнөөдөр монголчууд Оюу толгой, Таван толгой гэх мэт уул уурхайн компаниараа дэлхийтэй холбогдсон бол бонд гаргаснаар дэлхийн санхүүгийн зах зээлтэй уялдаатай болчихлоо. Дэлхийн эдийн засаг анхаарлаа хандуулж эхэлж байна. Тиймээс улс төрчид юу гэж хэлэхээс бидний төлөх бондын хүүд нөлөөлнө. Монгол Улс хөрөнгө оруулагчдын өмнө нэр хүндээ сайн хамгаалахгүй бол эргээд бонд төлөх эсвэл дахиж гарган зээл хүсэхэд итгэхгүй эвгүй байдалд орно.
-Эдийн засагт ямар өсөлт авчирдаг юм бэ. Хоёрдогч санхүүгийн зах зээлийн талаархи мэдээллийг харахад дандаа том улс орнууд бонд гаргасан хэмээн мэдээлдэг. Итали, Грек гэх мэт?
-Нэг эрсдэлтэй зүйлийг нь дурдахад, эргээд төлөх мөнгөө сайн тооцохгүй бол зах зээл муудах эсвэл Монгол Улсад итгэл алдарвал хэцүү. Таван тэрбумын бонд авна гэдэг бол таван жилийн дараа улсынхаа сан хөмрөгөөс төлнө гэсэн үг. Тэр үед мөнгөө хуримтлуулаагүй байвал дахиад зээлэх болно. Одоо Грек гэх мэт хямраад байгаа орнуудад ямар аюул нүүрлэж байна вэ гэхээр зээлээд буцааж төлөх маягаар явна гэсэн ойлголттой байсан чинь хөрөнгө оруулагч нар танай санхүү үнэхээр замбараагүй учраас дахиад мөнгө өгмөөргүй байна гэж хэлснээс өрөө төлж чадахгүй, улс дампуурах хэмжээнд хүрч байна.
-Бонд гаргаад хөрөнгө оруулалтаа тооцоогүй зарцуулснаас дампуурч байсан улс байдаг уу?
-Орос, Аргентин байна. Мөнгө зээлчихээд юунд зарцуулж, хэрхэн төлөхөө байнга бодохгүй бол хэцүү. Зээл олдохоор зарим улс орон хэтэрхий их авдаг. Грекийг ингэж л харж байна. Бүх юмаа зээлээр хийсэн, сүүлдээ буцаад төлөх магадлалгүй болчихсон. Монголчууд хэтэрхий их зээлчихвэл эрсдэлтэй гэдгээ санах хэрэгтэй. Хувь хүн ч гэсэн төлж чадахаасаа илүү зээл авчихвал дампуурдаг. Монгол Улс дэлхийд нэрээ гаргаад, хөрөнгийн зах зээлд тоглогч болж орж ирлээ. 1,5 тэрбум гэдэг бага хэмжээ биш.
-Бонд гаргах нь олон эерэг зүйл авчирдаг ч, их хэмжээгээр удаа дараа гаргасан тохиолдолд эдийн засгийн хувьд аль нэг улсын хараат болох магадлалтай хэмээн хашир хандах нэгэн ч байна?
-Дэлхийд хамгийн их өртэй орнуудын тоонд АНУ ордог. Тус улс ДНБ-ээсээ давсан зээлтэй. Энэ зээлийн ихэнхийг нь Хятадын Засгийн газар авсан байдаг. Ерөнхийдөө АНУ-ын улс төрийн маш том асуудал нь. Учир нь, Хятад, АНУ хоёр дэлхийн хоёр том гүрэн бас өрсөлдөгч. Санхүүжилт хэрэгтэй байна гэхэд Хятад өгөхгүй гэвэл АНУ хэцүү байдалд орно. Иймд Хятадаас хэтэрхий их хамааралтай болж байна гэж улстөрчид нь шүүмжлээд, иргэд нь айж түгшдэг. Монголын хувьд том хэмжээний зээл аваагүй, хөрөнгө оруулалтын сангууд л авсан. Аль нэг улсаас хөрөнгө оруулсан нь бага болов уу гэж бодож байна. Зарим төв банк авсныг үгүйсгэхгүй. Бүгдийг нь нэг газар авбал эрсдэлтэй.