Манай улсын гадаад цэвэр актив өмнөх жилийн аравдугаар сараас 15.8 хувиар буурсан дүн гарчээ. Үүнд, Хөгжлийн банк гадаадын банкинд буй эх үүсвэрээрээ дотоодын төслүүдээ санхүүжүүлж эхэлсэнтэй холбоотой аж. Манай улсын гадаад цэвэр активын дийлэнх хувийг валютын нөөц эзэлдэг байна. Сүүлийн жилүүдэд манай гадаад валютын нөөц аажмаар нэмэгдэж ирсэн. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 2.9 тэрбум ам.долларт хүрсэн. Гэвч эдүгээ буурчээ. Дэлхийн банкны судалгаанд дурдсанаар долоо, наймдугаар сард 2.4 тэрбум ам.доллар болжээ. Харин есдүгээр сард 110 сая ам.доллараар нэмэгдэж, 2.5 тэрбумд хүрсэн аж. Гэвч өнгөрсөн сард 2.2 тэрбум болж эргээд буурсан байна. Тухайлбал, өмнөх сараас 11.5 хувиар буюу 290 сая ам.доллараар багасчээ. Үүнийг өмнөх онтой харьцуулбал 8.6 хувиар буурсан аж. Уг нөөц нь импортын 20 орчим долоо хоногийн хэрэгцээг хангахад хүрэлцэх гэнэ. Импортын барааны үнийн дүн эдүгээ өнгөрсөн жилийнхээс 386.9 сая ам.доллараар нэмэгдсэн судалгаа бий. Тэр дундаа нефтийн бүтээгдэхүүний импорт 224 сая ам.доллараар өсчээ. Үүний 140 орчим сая ам.доллар нь хэрэглээний өсөлт бол 83 сая нь хилийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой аж. Одоогоор нэг тонн шатахууны үнэ дунджаар 1200 гаруй ам.доллар болсон гэдэг. Харин үйлдвэрлэлийн орцын импортын хэмжээ, үнийн дүн нь буурсан байна.
Өнгөрсөн сард нэг ам.доллар 1397 төгрөгийн ханштай байж. Энэ нь өмнөх оны мөн үеэс 100 төгрөгөөр суларсан үзүүлэлт. Оны эхэнд юань 210 орчим төгрөгтэй харьцаж байсан бол аравдугаар сард 220 гаруй төгрөг болж өсчээ. Төв банк валютын захын эрэлт, нийлүүлэлтийг харгалзан үзэж ам.доллар, юанийн дуудлага худалдаа хийж байгаа. Энэ нь валютын ханшийг тогтворжуулахад гол нөлөө үзүүлж буйг Дэлхийн банкны эдийн засагчид хэлдэг.
Аравдугаар сарын байдлаар суурь инфляц сарын 1.6 жилийн 11.4 хувьтай гарчээ. Үндэсний статистикийн хорооны судалгаагаар хэрэглээний үнийн улсын индекс 15 хувьтай гарсан. Монголбанк өргөн хэрэглээний бараа, шатахууны үнийг тогтвортой барих бодлого хэрэгжүүлж буй. Ингэснээр инфляцыг хазаарлаж улмаар нэг оронтой тоонд орох эхлэл тавигдана гэж үзэж байгаа. Иймд ирэх оны өдийд манай инфляц нэг оронтой тоонд орсон байх төлөв бий.
Инфляцыг барихын тулд Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн. Энэ арга хэмжээний үр дүнд хэдэн сарын дараа манай эдийн засагт мэдрэгддэг гэдэг. Үүний нөлөөгөөр зээл буурч буй бололтой. Тухайлбал, зээл өнгөрсөн сард өмнөх сараасаа 11.9 тэрбум төгрөгөөр буурчээ. Гэвч өнгөрсөн жилийнхээс 1.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Ингээд нийт зээлийн хэмжээ 6.8 их наяд төгрөгт хүрчээ. Арилжааны банкуудын зээлийн дундаж хүү эдүгээ 2.8 нэгж хувиар өсч, жилийн 18.7 хувь болсон аж. Мөн гадаад валютын зээлийн хүү 1.1 нэгж хувь буюу жилийн 14.4 хувьд хүрсэн байна.
Хадгаламж аравдугаар сарын байдлаар өссөн дүнтэй гарчээ. Өнгөрсөн оны мөн үеэс 917 тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Одоогийн байдлаар нийт хадгаламж 4.6 их наяд төгрөгт хүрсэн судалгаа гарлаа. Мөнгөний нийлүүлэлт 7.1 их наяд төгрөг болжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 39.6 нэг хувиар буурсан дүн ажээ.