Өөрсдийн гэсэн орон сууцтай болохыг хүссэн Монголын олон залуу гэр бүлийн мөрөөдөл замхрав бололтой. Ингэж хэлэх хэд хэдэн учир байна. Эхний шалтгаан нь байрны үнийн хэм хэмжээгүй өсөлт. Хэдийгээр сүүлийн хэдэн сард байрны үнэ харьцангуй тогтвортой байсан ч гэлээ өнгөрсөн ганцхан сарын хугацаанд ам.метрийн үнэ 200-300 мянган төгрөгөөр нэмэгдлээ. Энэ үзэгдэл дундаж орлоготой, төсвийн цалинтай өөрөөр хэлбэл Монголын ихэнх залуу гэр бүлийн хувьд байртай болох хүслийг нь мохоосон эдийн засгийн дарамт болж байна. Жилээс жилд өсөн нэмэгдэж буй байрны үнийг хэзээ бууруулах бол гэж хүлээх нь нэгэнтээ “бухын доодхыг харж үнэг турж үхэх”-тэй адил болсон цаг.
Ядаж байхад ганц итгэл найдвар байсан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр таг зогсчихсон нь нэгэн шалтгаан нь. Урт хугацаатай, бага хүүтэй хамгийн тааламжтай нөхцөлтэйгээр моргейжийн зээл олгоно гэж иргэдийн өргөдлийг авчихаад сураггүй боллоо.
Өргөдлийн материал бүрдүүлэх гэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын үүдийг цаг заваа алдан дараалалд зогссоны хэрэг юу болов...
Хүсэхэд хясал гэгчээр өмнө нь орон сууцанд амьдарч байгаагүй байх зэрэг утгагүй, хэтэрхий өндөр босго тавьсан нь бас л бухимдал төрүүлж байсан. Иргэд ч “буга ирж эврийг нь өгөхийг хүлээсэн тэмээ” шиг чимээ чагнаж, харуулдсаар одоо горьдлого тасрав. Эцсийн дүндээ бага хүүтэй зээл олгоно гэж цагаа ололгүй мэдэгдсэн нь барилгын компаниудын олз болж, байрны үнэ өсөхөд нөлөөлснөөс өөр үр дүн гарсангүй дээ.
Одоо иргэдэд үлдсэн ганц найдвар нь арилжааны банкууд л байна. Гэхдээ арилжааны банкуудын шаардлага өндөр. Та 120 сая төгрөг хүртэлх хэмжээний зээлийг 15 жилийн хугацаатай авч болно. Хугацаа богино, хүү өндөртэйгээс гадна урьдчилгаа төлбөр шаардана. Дор хаяж 30 хувийн урьдчилгаа төлсөн байх хэрэгтэй. Орон сууцны үнэ хаданд гарсан байгаа үед ийм хэмжээний урьдчилгаа төлөх чадамжтай гэр бүл хэд билээ. Гэтэл бас зовлон дууссангүй Монголбанк саяхан зээлийн бодлогын хүүгээ нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор арилжааны банкууд зээлийн хүүгээ өсгөөд байгаа. Арилжааны банкуудын моргейжийн зээлийн сарын хүү дунджаар 0,15-0,2 хувиар нэмэгджээ. Тухайлбал, “Голомт” банкны зээлийн хүү өмнө нь сарын 1,75 хувь байсан бол одоо 1,95 хувь болж нэмэгдсэн байна. Харин “ХАС” банкны зээлийн хүү жилийн 15 хувьтай байснаа 16,5 хувь болжээ. “ХААН” банкны хувьд жилийн 25,2 хувийн хүүтэй байна.
Гол нь, арилжааны банкуудын энэ төрлийн зээл хувьсагч хүүтэй байдаг. Хувьсагч хүүтэй гэдэг нь урт хугацаанд гарч болох эрсдэлийг тооцож, хүүний хувь хэмжээ өөрчлөгдөх нөхцөлтэй гэсэн үг. Үндсэндээ бодит үнээс хэд дахин илүү мөнгөөр байр авах болж байна. “Моргейжийн зээл” нэвтэрснээр хүссэн хүн бүхэн л байртай болох юм шиг ярьж байсан. Ийм аргаар гэр хорооллынхныг орон сууцжуулах асуудлыг ч шийдэж чадсан улс, орнуудын тухай жишээгээр рекламдаж байлаа. Гэвч одоо нөхцөл байдал эсрэгээрээ. Хэрвээ “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр тэг зогсолт хийвэл компаниуд орон сууц барих гэж яарахгүй л болов уу. Харин одоо нэгэнт баригдчихсан эздээ хүлээж буй байрны үнэ улам чангарч мэдэх юм.