Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Баярсайхан: Жижиг, дунд үйлдвэрийн зээлийг хоёр жил хөөцөлдөөд олдоогүй

Орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө мөнгө эзнээ олдоггүй, танил талаараа хуваагаад авчихдаг талаар иргэд шүүмжилдэг.
“Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”, ”Сум хөгжүүлэх сан”-гаас мөнгө авахгүйгээр бор зүрхээрээ үйлдвэрлэл явуулж байгаа хүн олон бий.
Тэдний төлөөлөл болсон Баянхонгор аймагт сарлагийн сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй   “Тунсаг” компанийн захирал С.Баярсайхантай ярилцлаа.


-Сүүний фермерийн аж ахуйгаа хэрхэн эхлүүлж байсан талаар яриагаа эхлэе?
-2008 онд аж ахуй эрхлэе гэж шийдээд сэндвичэн барилга барьж, байр саваа бэлдсэн. Засгийн газраас ч тухайн үед жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Анх 200-500  литр сүү боловсруулах хүчин чадалтай тоног төхөөрөмжийг 10 сая төгрөгөөр худалдаж аваад үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа.  Ингээд үйлдвэрээ бүрэн хүчин чадлаараа ажиллуулахын тулд “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-гаас мөнгө авах гэж хоёр жил хөөцөлдөөд авч чадаагүй.  Аргаа бараад 2010 онд өөрийн мөнгөөрөө сарлаг худалдаж авсан юм.
-Зөвхөн “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан” гэлтгүй “Сум хөгжүүлэх сан”-гаас авахуулаад төсөл, хөтөлбөр олон байгаа шүү дээ?
-“Сум хөгжүүлэх сан”-гаас 50, 60 сая төгрөгийн зээл авах боломжтой ч Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцээд өгөөгүй. Тоног төхөөрөмжтэй, өөрийн гэсэн байр савтай, үйл ажиллагаа нь 30 хувьтай ажиллаж байгаа бол зээл олгох боломжтой гэсэн дүрэм журам бий. Гэтэл манай Галуут сумын 50 сая төгрөгийг хоёр төлөөлөгч нь өөрсдөө төсөл бичээд хуваагаад авчихсан байсан. Хэл ам хийж байж, 15 сая төгрөг авч 30 тугалтай сарлаг худалдаж авснаар үйл ажиллагаагаа жигдрүүлсэн дээ. Сүүн бүтээгдэхүүнээ боловсруулаад эхний хоёрхон сарын дотор сум, аймаг, хангайн бүсээс шагнал авсан. Засгийн газраас зарласан “Нэг суурин, нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийн экологийн цэвэр бүтээгдэхүүний шагналыг хүртэл авлаа. Үүнээс хойш дахиж үзэсгэлэн энэ тэрд оролцоогүй. Нэг орсон бүтээгдэхүүнээр дахин ороод ч яах юм. Тэрний оронд шинээр юм хийж байгаа өөр хүмүүс тэр шагналыг нь авсан дээр байлгүй дээ.
-Фермерийн аж ахуйгаа яагаад сарлагт түшиглэсэн юм бэ?
-Манай сум хангайн бүсэд оршдог учраас сарлаг л зохимжтой. Нөгөө талаар, газар тариалан байхгүй учраас үнээний фермер хадлан, тэжээлээс авахуулаад зардал өндөртэй. Сарлаг өөрөө тэжээл идшээ олоод идчихдэг давуу талтай. Ашиг шимийн хувьд яалт ч үгүй өндөр. Сарлагийн 1-2 литр сүү үнээний 5-6 литртэй тэнцдэг юм.  
-Сарлагийн сүүгээр хэч­нээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ?
-Цөцгийн тос, зөөхий, масло, ааруул хийж, сүү, тарагаа савлаж худалдаанд гаргадаг. Ааруулыг гэхэд үйлдвэрийн аргаар боловсруулж хөгцрүүлдэггүй бор уутанд савладаг. Зориулалтын тугалган цаасанд маслоо ороодог байх жишээтэй. Тарагаа зориулалтын нэг удаагийн саванд савладаг. Хот руу яваад сав баглаагаа нэг удаад 20-30 мянгаар хэвлүүлчихдэг юм.  
-Борлуулалт болон үнийн хувьд хэр байдаг вэ?
-Амт чанар сайтай болохоор ааруулаа гэрээгээр нийлүүлээд дуусчихдаг. Хот, хөдөө явах гэсэн хүмүүс, найр наадамд гээд л байнга захиалгатай. Үнийн хувьд 5000-7000 төгрөг. Цөцгий маань 82 хувиас дээш тослогтой учраас 8000-9000 төгрөгөөр зарагддаг. Сүүгээ 500 граммаар савлаж, зундаа 600 төгрөг, өвөлдөө 1000 төгрөгөөр аймгийн төв рүү оруулж зарна.
-Аймаг сумынхаа “Үдийн цай” хөтөлбөрт бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломж хэр вэ?
-Эмнэлэг, сургууль, цэцэрлэгт сүү, сүүн бүтээгдэхүүнээ нийлүүлэх ямар ч боломжгүй. “Үдийн цай” гэлтгүй хүнсний хангамжтай холбоотой асуудал тухайн албан байгууллагын дарга, нягтлан бодогч хоёрын ашиг олдог бизнес болчихсон болохоор биднээс огт авахгүй. Багш нар хүүхдүүддээ амт шимтэй юм идүүлж уулгах хүсэлтэй байдаг юм билээ. Даанч нярав, захирлууд нь ч унацаа бодож аль болох хямдхан л зүйл хүүхдүүдэд өгдөг.
Хүүхдүүд гэртээ авчирдаг болохоор сайн мэднэ л дээ. Миний бодлоор төсвийн байгууллагын гал тогоог хувьчлах хэрэгтэй. Тэгсэн цагт орон нутагт аж ахуйн нэгж хөгжих, үйл ажиллагааг нь өргөжүүлэх боломжтой. ШӨХТГ-ын Магнай даргын хуурай сүүний эсрэг авсан арга хэмжээнд бид их баярлаж суугаа шүү.  
-Манай хүнсний чиглэлийн үйлдвэрүүдэд лаборатор дутмаг байдаг. Үүнд хэрхэн анхаарч ажиллаж байна. Танай үйлдвэр хүчин чадлаараа ажиллаж чадаж байгаа юу?
-Үнэнийг хэлэхэд, өөрс­дийн хэмжээнд л эрүүл аюулгүй байх талаас нь анхаарч ажиллуулаад явж байна. Наад зах нь, сүүгээ эрүүл ахуй талаас нь аюулгүй зөөвөрлөхийн тулд хөргөгчтэй машин авмаар байдаг. Гэтэл ийм машин 20-30 сая төгрөгийн үнэтэй. Үйлдвэр маань хоногтоо 200-500 литр сүү боловсруулах хүчин чадлаараа ажиллахын тулд 60-100 сарлагтай байх хэрэгтэй л дээ. Хүчин чадлынхаа тал хувьд нь л хүрч ажиллаж байгаа.
-Хэчнээн хүнийг ажлын байртай болгосон бэ?
-Хөдөө орон нутагт ажил хийх хүн олдохгүй байна. Халамжийн бодлого хавтгайрснаас хүмүүс гараа хумхиад суух дуртай болчихож. Ажил их голдог болсон. Малчин, саальчин гээд хоёр хүн ажиллуулдаг. Ажиллах хүн олдохгүй өөрсдөө ажилчдадаа тусалж, саалиа авч байна даа. Зуны улиралд цехэд нэг хүний орон тоо гардаг.  
-Сүүний  үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжид төрөөс ямар бодлого хэрэгтэй байгаа бол. Орос, Хятадаас импортолж буй хуу­рай сүүнээс хүмүүс тат­галзаад эхэлчихлээ шүү дээ?
-ҮХААЯ-наас малчдад ноос, ноолуур, улаан буудайн урамшуулал гээд олгодог. Үүнтэй адил сүү, сүүн бүтээгдэхүүнд урамшуулал олгомоор байна. Литр тутамд 500-600 төгрөг ч юм уу. Тонн тутамд нь 100 мянган төгрөг олгож байгаагийн хажууд энэ бага мөнгө. Хэрвээ ингэвэл “Сүү хөтөлбөр” хэрэгжих бүрэн боломжтой. Олон фермер, аж ахуйн нэгж хөл дээрээ босч, сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэнэ. Өнөөдөр сүү хэрэглээгүйгээс хөгшин, залуугүй кальцийн дутагдалд орцгоож байна шүү дээ. Зээл, тусламжийг юм хийж буй хүмүүст нь хүргэх талаар анхаарах хэрэгтэй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан