Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Энхбаатар: Хоёр улсын хамтарсан компани байгуулна

Манай улс далайн тээврийн компанитай болно. Энэ талаар ЗТЯ-ны Далайн захиргааны дарга Х.Энхбаатартай ярилцлаа.
 
-ЗТЯ, Солонгосын Засгийн газартай хамтарч ажиллахаар болсон гэж сонслоо?
-2009 онд манай яам, Солонгос улсын тээвэр далайн хэргийн яамтай хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэх зорилгоор хоёр тал удаа дараа уулзаж далайн тээврийн салбарыг хөгжүүлэх, түүний дотор ашигт малтмал, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлоход далайн тээврийг ашиглах талаар дурдсан юм. Түүнчлэн хөлөг онгоц түрээслэх, худалдан авах,  тэдгээрийг ашиглах, удирдлага зохион байгуулалт хийх, далайн тээврийн санхүүжилтийг шийдвэрлэхэд эрчимтэй ажиллаж байна. Харин Солонгосын талаас боомт ашиглах, далайн тээвэр ложистик, боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтэн солилцох зэргээр дэмжлэг үзүүлэхээр болсон. Ингээд 2011 онд санамж бичигт гарын үсэг зурж, далайн тээврийн компани байгуулах тухай хэлэлцсэний дагуу энэ онд гэрээ байгуулахаар болж байгаа.
-Тэгэхээр сүүлийн үед манай улс уул уурхайн бүтээгдэхүүнээ экспортлох тухай яриад байгаа. Тэгвэл энэ ажил эхний алхам гэж ойлгож болох уу?
-Тийм. Компанийн зорилго бол хөлөг онгоц худалдан авч, далайн тээврийн хамтарсан үйл ажиллагаа явуулах юм. Монгол Улсын байгалийн баялгийг гуравдагч орнууд руу тээвэрлэж, уул уурхайн компаниудын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн түлхэц болох учиртай. Тиймээс бэлтгэл ажлын нэг гэж хэлж болно. Өөрийн гэсэн тээврийн компаниараа ачаа бараагаа гуравдагч орнууд руу гаргах нь томоохон түлхэц болно. Учир нь, зардал бага байхаас гадна эдийн засгийн үр ашиг нэмэгдэнэ. Үүнээс гадна хөлөг онгоцны ажилчид нь монгол хүн байх юм.
-Өнөөдөр манай улсын далбааг ашиглан хэдэн орны хэчнээн онгоц тээвэр хийж байгаа вэ. Манай улсын компани үйл ажиллагаагаа явуулахаар эдгээр онгоцны тоо буурах уу?
-Хөлөг онгоц бүртгэх үйл ажиллагааг 2003 онд эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл дэлхийн 30-аад орны давхардсан тоогоор 2112 хөлөг онгоц нээлттэй бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Харин байнгын бүртгэлд өнөөдрийн байдлаар 313 хөлөг онгоцонд Төрийн далбаа мандуулах эрхийн гэрчилгээ олгож, хөлөг онгоцны бүртгэлийн олон улсын таван агент, хөлөг онгоцны ангиллын олон улсын 10 нийгэмлэгтэй зуучлалын болон түншлэлийн гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын далбаатай онгоцны тоо буурахгүй.  
-Ер нь, хөлөг онгоц бүртгэхдээ ямар шалгуур тавьдаг юм бэ. Хэдийгээр далай нийтийн өмч гэлээ ч, Монголын далбаатай саатуулагдсан онгоцны тухай мэдээлэл мэр сэр сонсогдох юм?
-Хөлөг онгоцны бүртгэлийн хяналт хийдэг Олон улсын далайн байгууллагаас олон улсын ангиллын нийгэмлэгүүдтэй гэрээ хийж, хамтарч ажиллах нь чухал байна. Уг нийгэмлэг нь хөлөг онгоцны түүх, насжилт, техникийн бүрэн бүтэн байдлыг шалгадаг. Ямар ч хөлөг онгоцыг боомтоос хөдлөхөөс өмнө хил, гаалийн ажилтнууд нарийвчлан шалгадаг. Тухайн боомтоос гараад өөр боомтод ирэх үед мөн л адил шалгана. Байнга үзлэг хийж байхад хар тамхи, зэвсэг тээвэрлэх зөрчил гарах боломжгүй юм. Харин техник, бичиг баримтын болоод ажиллагсдынх нь ажиллах, амьдрах нөхцөл муу гэсэн зөрчил гардаг. Гэхдээ зөрчилтэй байна гээд саатуулагдахгүй. Харин тухайн хөлөг онгоц галын хоргүй, ослын гэрлийн тэмдэггүй байх зэрэг жижиг зөрчлөөс болж шалгалтын үеэр боомтод саатуулагддаг. Ази Номхон далайн бүсийн орнуудын эргийн хяналтын албаны / Tokyo МОU /-аас гаргасан 2003-2011 оны тайлан, мэдээгээр Монголын далбаатай хөлөг онгоцнуудад 1449 удаагийн шалгалт хийж, саатуулагдсан онгоцны тоо 300 гэсэн судалгаа гараад байна.
-Өөр эргийн хяналтын алба гэж байдаг юм уу. Ямар чиг үүрэгтэй байгууллага юм бэ?
-Эргийн хяналтын алба гэдэг нь бүсийн орнуудынхаа хууль, дүрэм, журам, стандартыг нэг мөр ойлгож хэрэглэх, сахиулах зорилготой. Олон улсын хэмжээнд есөн эргийн хяналтын алба байдаг. Үүнээс Парис, Энэтхэг, Токиогийн бүсэд Монголын далбаатай хөлөг онгоц идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Жишээ нь, Парисын МОU нь жил бүр тайлан гаргахаас гадна гурван жилийн дүнг нэгтгэж хар, саарал, цагаан гэсэн жагсаалт гаргадаг юм. Үүнийг гаргахдаа тухайн орны хөлөг онгоцнуудыг шалгасан болон саатуулсан тооны хамаарлыг тусгай томъёоны аргаар боддог. Тухайлбал, 2007-2009 оных 2010 оны тайланд 1,97 буюу ЕF оноогоор хар жагсаалтын эрсдэлтэй хэсэгт, 2008-2010 оных 2011 оны тайлангаар 0,65 болж буурсан байсан.  Харин 2012 оны долдугаар сарын тайлангаар жагсаалтад ороогүй. Учир нь, дүрэм ёсоор тухайн улсын хөлөг онгоцнууд 30 ба түүнээс дээш удаа шалгагдсан тохиолдолд жагсаалтад оруулдаг. Монголын далбаатай хөлөг онгоцнуудад 2009-2011 онд 22 удаа шалгалт хийсэн. Энэ жилийн хувьд манай улс хар, саарал жагсаалтад багтаагүй гэсэн үг.
-Тэгвэл энэ онд хэдэн онгоц бүртгэж, хэдэн төгрөг улсын сан хөмрөгт оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа вэ?
-2012 онд байнгын бүртгэлд 320 онгоцтой, шинээр доод тал нь 30 онгоц бүртгэх төлөвлөгөөтэй ажилласан. Тооцоо судалгаагаар 2012 онд Монгол Улсад 225,000 ам.доллар орж ирэх тооцоо гарснаас 90 хувь болох 202,500 ам.доллар буюу 240 сая төгрөг улсын төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна даа. Төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэх урьдчилсан тооцоо ч гараад байгаа.

Т.Баяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан