“Баянзүрх” захаар өчигдөр ороход төмс кг нь 650-800 төгрөг байлаа. Харин Борнуур, Жаргалантын төмс 900, таван кг-аас дээш 800 төгрөгийн үнэтэй. Ченжүүдийг хазаарлаж өгөөч гэсэн хүсэлтийг Жаргалантчууд тавихаас өөр аргагүй юм гэж шуудхан л бодогдлоо. Учир нь, Жаргалантынх гэдгээр брэнд болсон шар төмсийг намар ченжүүд 60-80 төгрөгөөр худалдан авчээ. Хүн бүр ургацаа хураан авсан цаг үе учраас ченжүүдийн аманд багтаж төмсөө өгөхөөс өөр арга байгаагүй аж. Зоорь, агуулах барих хөнгөлөлттэй зээл олгооч. Айл болгон дор бүрнээ өөрсдийн боломж бололцоогоор нүхэн зоорь барьцгаасан. Гэхдээ алийн болгон тарваганы нүх шиг юманд өдөр бүр орж, гарч байхав дээ. Саалиа их бэлдсэнээс биш савандаа анхаарал хандуулж чадаагүй учир намар илүүдсэн үрийн төмсөө их хэмжээгээр гуу жалганд хаяж, үхэр малдаа өгсөн. Ногоочдын зах зээлийг хамгаалж өгөөч. Ченжүүд хямд үнээр авдаг атлаа 6, 7 дахин нугалж зардаг. Бид төмсөө ядаж 300 төгрөгөөр борлуулдаг болмоор байна гэсэн хүсэлтийг жаргалантчууд ҮХАА-н сайд Х.Баттулгад тавилаа.
Салбарын сайд “Яамны зүгээс энэ бүх зовлон бэрхшээлийг мэдэж байгаа. Тиймээс эхний ээлжинд олон улсын стандартад нийцсэн агуулахууд барихаар болсон. Зоорь, агуулахаар дэмжинэ. Эрээний ногоо яагаад хямд байна вэ гэхээр хүлэмжээр жилдээ 2-3 ургац авчихдаг. Манайхан намар нь ургацаа аваад өвлийн турш хадгалдаг болохоор зардал өндөр болчихоод байгаа. Ченжүүдийн ч буруу биш. Төрийн бодлого алдагдсан учраас тэр орон зайд ченжүүд тоглолт хийж байгаа. Бизнесээс хөндийрээд есөн жил болж буй хэдий ч надад туршлага, ухаан нь бий. Хүнсний үйлдвэрлэлээр амьдралаа залгуулж явсан хүний хувьд би үүнийг зохицуулчихаж чадна” гэсэн хариултыг өглөө. Улаанбаатарын төмсний хэрэгцээний 50 хувийг хангадаг жаргалантчууд салбарынх нь сайд уулзаж, санал бодлыг нь хуваалцаж хүндрэл бэрхшээлээс гарах гарц эрэлхийлсэнд тун ч баяртай байлаа. Учир нь, тус суманд өмнө нь сайд битгий хэл нутгаас нь сонгогдсон төрийн түшээд нэг ч удаа ирж ийм нүүр тулсан уулзалт хийж байгаагүй гэдгийг ярьж байсан юм.
Төрийн байгууллагууд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хорих газар газар хаа сайгүй төмсний хэрэгцээ бий. Гэтэл ченжүүд “Барс” захаас хятад төмс авчихаад 700 төгрөгөөр дээрхи байгууллага, аж ахуй нэгжид шахдаг гэдгийг ногоочид янз бүрийн баримтаар нотлон ярьцгаасан юм. Х.Баттулга сайд Жаргалантын хэмжээнд нийт хэдэн тонн төмс байгаа вэ гэж асуухад 30 мянга орчим гэв. “Би зохион байгуулж хүмүүс авчраад газар дээр нь арга хэмжээ авъя. Та нар харин төмсөө хэдэн төгрөгт өгөх вэ” хэмээн сайдыг асуухад иргэд 500 төгрөг гээд зэрэг шахуу хэлцгээв. Өнөөдрийн байдлаар Жаргалантын ногоочид төмсөө 120-150 төгрөгт бөөндөж байгаа аж. “Яагаад та нар 150 төгрөгт өгч болоод байгаа төмсөө 500 болтол нэмчихэв ээ. 150 төгрөгийн төмсийг яахаараа бид 500-аар авдаг юм гээд надаас асуухаар юу гэж хариулах вэ” гэсэн Х.Баттулга сайдын асуултад тоймтой хариулт өгсөнгүй. Хураалтын зардал, түлш шатахууны үнэ бодохоор ядаж 300-350 төгрөгт өгөхөөс өөр аргагүй гэж хэлэх нэгэн байлаа.
Ногоочдын гурван жилийн хөдөлмөр ченжийн нэг өдрийнхтэй тэнцдэг гэв
“Дэлгэр буян” компанийн захирал Л.Болдбаатар тун ч аятайхан гарц олсноо ярьсан юм. Түүний хувьд 34 жил газар тариалангийн салбарт ажиллаж байгаа гэнэ. Хэчнээн өндөр сортын төмс байлаа ч ченжүүд 200 төгрөгөөс дээш гаргаж авахгүй. Харин төмсөө тав, зургаа дахин нугалж зарах нь зах зээлийн бичигдээгүй хууль. Хөрсөө боловсруулаад тариалалтаа хийж, ургацаа хурааж аваад үр ашгийг нь хүртэхэд гурван жилийн хугацаа шаарддаг. Ногоочдын гурван жилийн хөдөлмөр лангууны ард зогсч буй хүний нэг өдрийн хөдөлмөртэй тэнцээд байгаа нь шударга бус зүйл. Үүнийг хазаарлах шаардлагатай гэдэг саналыг тэрээр хэлсэн юм. 60-80 төгрөгөөр өгсөн төмсийг нь 900 төгрөгөөр борлуулж байгаа болохоор гоморхохоос өөр яалтай ч билээ. Ченжүүдэд хямдхан ногоогоо өгөхгүйн тулд хүнсний зах, томоохон худалдааны төвөөр лангуу авах гэж олон жил хөөцөлдсөн ч тусыг эс олжээ. Иймээс бодлогоор хүнсний зах, худалдааны төвийн лангууны 20-30 хувийг нь ногоочдод олгох талаар арга хэмжээ авах санал гаргав. Захын эздэд түрээсийн мөнгөө л цагт нь төлж байвал чухал болохоос хэн байх нь ямар ч хамаагүй болохоор энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой гэв.