Засгийн газар аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавьсан. Баянхонгор аймгийн төвийг Өвөрхангай аймгийн Арвайхээртэй холбох хатуу хучилттай замыг хэсэгчлэн ашиглалтад оруулаад байгаа. Баянхонгор-Нарийн тээл чиглэлийн 44 км хатуу хучилттай замын нээлтийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дундуур хүлээлгэн өгсөн билээ. Тэгвэл энэ удаад үлдсэн зургаан км замын хатуу хучилтыг бүрэн дуусгаж, нутгийн иргэд болон холбогдох албан тушаалтнуудад хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо. ҮХАА-н сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Р.Бурмаа нар Баянхонгор аймагт томилолтоор ажиллахаар явах замд уг арга хэмжээ давхцсан юм. 2008 онд ЗТБХБЯ-ны захиалгаар “Улаанбаатар АЗЗА” ТӨХК зам барилгын ажлыг эхлүүлж, ийнхүү ашиглалтад хүлээлгэж өгч байгаа юм. ҮХАА-н сайд Х.Баттулга “2008 онд ЗТБХБЯ-ны сайдаар ажиллаж байхдаа Баянхонгор-Өвөрхангайн чиглэлийн энэхүү замын хөрөнгө мөнгийг тусгаж өгсөн. Хөрөнгө мөнгө дутах зэрэг асуудал гарсан ч замын компаниуд өөрсдөө хичээл зүтгэлтэй ажилласан. Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 128 км хатуу хучилттай зам гэхэд Говь-Алтай аймгаас эхлээд явж байна. Одоогийн байдлаар гэхэд 87 орчим км зам тавигдчихсан байна” хэмээн ярилаа. Замын нээлтэд оролцож буй Өлзийт сумын иргэн С.Гонгор “Манай Өлзийт сумын иргэд, малчдын хувьд Улаанбаатар хоттой холбогдох хамгийн дөт зам байх болно. Баянхонгор аймгаас Өвөрхангай ороход хэдхэн цаг зарцуулах болсонд бид баяртай байгаа. Нутгийн иргэдийн аж амьдралд томоохон тус нэмэр болох энэхүү замыг барьж байгуулах хөрөнгө мөнгийг шийдэж хувиасаа хүртэл мөнгө олгосон УИХ-ын гишүүн Х.Баттулгад баярласнаа сумынхаа ард олны өмнөөс илэрхийлье” хэмээн ярьсан юм.
“Улаанбаатар АЗЗА” ТӨХК-ын захирал Б.Батмөнхөөс зарим зүйлийг тодрууллаа.
-Баянхонгор-Нарийн тээл чиглэлийн 50 км замыг бүрэн ашиглалтад оруулж дуусгалаа. Нийт ямар өртгөөр зам барилгын ажил гүйцэтгэсэн бол?
-Нийтдээ 15 тэрбум төгрөгийн өртгөөр баригдсан. 2008 онд тендерт шалгарч, тухайн үед нэг км замыг 195 сая төгрөгөөр бодож нийт таван тэрбум 265 сая төгрөгөөр барих тооцоо гарсан ч үнэ тарифын өөрчлөлтөөс шалтгаалж өртөг нэмэгдсэн. Энэхүү зам барилгын ажилд Х.Баттулга сайд анхнаас нь тусалж өдий хүртэл дэмжиж ажилласан. ЗТБХБ-ын сайд байхдаа 44 км замын хөрөнгө санхүүг шийдэж өгсөн. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараахан үлдсэн зургаан км замын хөрөнгийг шийдсэн. Есдүгээр сарын 20-нд санхүүжилт шийдэгдснээр бид хурдан хугацаанд ажлаа гүйцэтгэн хүлээлгэн өгч байна.
-Танай компанийн хувьд өөр ямар зам барилгын ажил гүйцэтгэж байсан бол?
-Манай компани зам засвар, арчлалт, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани. Олон улсын чанартай 400 км замын засвар, арчлалтыг байнга хариуцдаг. Баянхонгор аймгийн нисэх буудлын талбайн хатуу хучилтыг хийсэн. Хайрган хучилттай 13 км замыг барьсан. Баянхонгор-Нарийн тээл чиглэлийн 50 км зам хамгийн том бүтээн байгуулалт юм уу даа.