Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Наранцацралт: Миний хөрөг заримдаа огт өөр хүн шиг харагддаг

Түүний бүтээлүүдээс  салхи исгэрч, бүжиг бүжих шиг,  гоо үзэсгэлэнд ховсдуулах мэт тийм мэдрэмж “үнэртдэг”. Бүсгүй хүний гоо үзэмжийг магтан дуулж чаддаг нэгэн уран бүтээлч бүсгүйг бид онцлон урилаа. Түүнийг Ганболдын Наранцацралт гэдэг. Уран бүтээлийн нэр нь Zazaa.

-Таны бүтээлүүдээс өвөр­мөц гоо үзэсгэлэн “үнэрт­дэг”. Эмэгтэй хүний ялдам, энхрий байдлыг өөрийн эрхгүй мэдрэх шиг... Тэгэхээр зураач бас бүс­гүй хүнийхээ хувьд мон­гол бүсгүйчүүд маань бус­даас юугаараа давуу байж чаддаг гэж боддог вэ?
-Бүтээлийг маань үзэж байгаа үзэгчийн мэдрэмж бүхэн өөр байдаг. Уран бүтээлч хүний өөрийнх нь төрх, дотоод шинжээс тэр өнгө дүрс зохиомж төрдөг. Английн нэртэй уран бүтээлч Даймен Хирст “  Би ямар ч өөр юм хийе гэж бодсон эцэс сүүлдээ Даймен Хирст л болсон байдаг” гэж хэлсэн байдаг. Миний хувьд гоё, өөдрөг зүйлд дуртай, эерэг энерги байдагт итгэдэг, өөрийн до­тоод хүн рүүгээ өнгийж өөрий­гөө судалж, мэдэрч нээ­хийг хичээдэг. Амьдралын надад өгсөн сайхан бүхэнд нь талархаж, намайг дайраад өнгөрөх шуурганд хүртэл ямар нэгэн сайн тал бий гэж хайдаг. Мэдээж зурагнуудад маань би бүсгүй хүн гэдэг чанар байнга илэрдэг. Монгол эмэгтэйчүүдийг ха­раад, яагаад бүгдээрээ ийм сайхан юм бэ гэж дуу алдах хүмүүс зөндөө. Манай бүсгүйчүүд сурч мэдэ­хийг хүсдэг, чадалтай, гадаад гоо үзэмжиндээ анхаардаг, бардам, эрсдэлээс айдаггүй зоригтой бас их уужуухан.
-Таны бүтээлийг най­руулагч О.Машбат “Өнгө үзэмж үлэмж тансаг хийгээд хээрийн салхи үнэртэж байна” гэж үнэлсэн байдаг. Хээрийн салхи гэдэг үгийг та хэрхэн хүлээж авах вэ?
-Зарим зурагнууд маань нутгийн аялгатай, эгэлхэн хэр­нээ эрхэмсэг бас ихэмсэг төрхт­эй, хөдөлгөөнтэй зураас ихтэй, нээрээ л салхи татуулж байгаа ч юм шиг, хөнгөхөн бү­жиж байгаа ч юм шиг сэтгэг­дэл төрдөг. О. Машбат гуай маш сайхнаар үнэлж. Их баяр­лалаа.

-Онгод гэдгийг тайлбар­лаач гэвэл?

-Бүтээлч хүнд ямар нэг байдлаар сэтгэл хөдөлгөсөн өөрийн ч юм шиг, өөр нэгний ч юм шиг ертөнц рүү өөрийн мэдэлгүй дүүлээд, урсаад орох шиг… Үргэлжлүүлээд л зураад хийгээд л баймаар тийм гоё сонин таашаалтай мөчүүдийг л онгод гэж нэрлээд байгаа юм. Гэхдээ заримдаа ямар нэгэн ер бусын хүч үйлчлээд байгаа ч юм шиг бидний биеэр болон гар ухаанаар дамжуулан ямар нэгэн өнгө будаг тавилтууд ар араасаа гараад байдаг үе бий.
Онгодыг хөглөх дуудах олон янзын учир шалтгаан бий. Уул ус, байгаль ертөнц, хөгжим яруу найраг, урлагийн бүтээл цаашлаад хот барилга гудамж гээд л дурдаад барахгүй. Чи өөрөө юунаас таашаал авч, юунд хөглөгдөж байна, юуг мэдэрч байна гэдэг их чухал. Заримдаа дуулмаар, уйлмаар, гүймээр, бүжиглэн баясмаар, ар араасаа шинэ санаа төрөөд л… Энэ бүхэн миний онгод доо.
-Зураачдын жаазанд ба­ригдсан байдлыг эвдсэн хэд хэдэн бүтээлийг чинь харж байсан. Монгол хатдын тэр эртний төрхийг яагаад жаазнаас “давуулах” бодол төрөв өө. Өнөөгийн охид жаазнаас давж болох л юм. Монгол хатдын тухайд?
-Эртний Монголын хатдын зүүж эдэлдэг байсан эд өлгийн зүйлсийг деталиар нь ажиглахад гайхалтай хосгүй элементүүд, тансаг хээ хуар, өнгө материал, сонин гоё онцлогтой байдаг. Тэр бүхнээс санаа авч, монгол хатдыг орчин үеийн аргаар дүрслэн гаргахдаа ямар нэгэн хэв маяг, жаазанд баригдахгүй, хүрээнээсээ хальж дүүлэн урссан, хийссэн юм шиг элементүүд гаргахыг л зорьсон.

-Г.Наранцацралт гэдэг эмэгтэйтэй анх уулзахад зураач гэхээс илүүтэй балетын бүжигчин буугаад байсан л даа. Зураг, зураач гэсэн энэ ертөнцтэй хэрхэн холбогдов. Таны анхны бүтээл хэзээ хэрхэн анх төрж байсан бол…?
-Бүр жаахан охин бай­хаасаа л зурдаг байлаа. Ми­ний төрсөн аав их сайхан зур­даг хүн байсан. Авьяас өвлөгд­дөг удамшдаг, бурхнаас өгсөн хишиг. Ээж маань бүжигчин бас хойд аав маань хөгжимчин, их сайхан хүн бий. Урлагийн гэр бүлд өсч төрсөн чөлөөтэй хүмүүжилтэй, ээж маань юуг ч хорьдоггүй дураар нь байлгадаг тийм л орчин зураач болоход нөлөөлсөн байх. Хамгийн анх  “Дурсамж” нэртэй зургаа зурсан. Их удаан зурсаан. Цааш нь далд хийчихээд дахин гаргаж ирээд л дуусдаггүй.Тэгж тэгж анхны бүтээлээ төрүүлсэн.
-Зураач хүнд зураас бүхэн нэг өгүүлбэр байдаг биз ээ. Тэгвэл та өөрийнхөө хүссэн төгс “роман”-аа туурвиж чадсан уу?
-Чадаагүй ээ. Дөнгөж сур­гуулиа төгсчихөөд л анхныхаа үзэсгэлэнг гаргах гэж байхдаа Л.Бумандорж багшаасаа асуусан. “Багш аа хүн хэзээ яг өөрийгөө зураач гэж нэрлэдэг юм бэ” гээд л… Багш маань “За даа зураач болно гэж зүтгэж явсаар байгаад л дуусдаг юм шиг байгаа юм” гэж билээ. Ажиглаад байхад миний хувьд хийж байгаа бүхэн маань туршилт. Гол нь  хөдөлмөрч л байх хэрэгтэй, болсон ч болоогүй ч юмаа хийж, зураад, туршаад л байх хэрэгтэй гэж боддог. Гол нь үр дүндээ биш, түүнд хүрэх гээд байгаа туулах зам нь, бүтээх гэж байгаа хүсэл нь, түүнээс авч байгаа таашаал л чухал юм.
-Зураач бүр өөрийн ер­төнц, өөрийн хөргөө өвөр­мөцөөр дүрсэлсэн байдаг. Та өөрийнхөө хөргийг зур­жээ гэж би нэг зургаас чинь харсан л даа. Хэрвээ би андуураагүй бол тэрхүү хөрөгт буй мөр, маск юуг өгүүлж байгаа бол?
-Өөрийн хөрөгний эх зураг нь хүний захиалгын ажил байсан. Тэр баг нь өөр хүний дүрстэй бөгөөд нэг харахад толинд туссан тусгал юм шиг, намайг ажиглаад л  байгаа юм шиг байгаа биз. Миний хөрөг заримдаа надад их ойр, яг л би.  Заримдаа харахад огт өөр хүн шиг. Хүн  гээч амьтан их олон талтай, ямар нэгэн дүрүүдэд хувираад л байдаг. Энэ бүхнээс би хэн бэ, ямар мөн чанартай төрсөн бэ, ямар үүрэгтэй, юуг бүтээхээр энэ хорвоод ирсэн юм, амьдралын утга учир нь юу билээ гэсэн асуултууд байнга гарч ирдэг гэж би боддог юм.
-Мэдээж зураач хүн дэл­хийн олон орноор аялдаг. Одоо ч та Берлиний нэгэн өрх гэрийн эзэгтэй. Гэхдээ л эх орон бол мөнхөд зүрхэнд байдаг.  Тэгэхээр Монголоо аль талаараа хөгжөөсэй, монгол залуучууд маань ямар сэтгэлгээтэй байгаасай гэж хүсдэг вэ?
-Олон орноор аялсан. Хот тосгон бүхэн өөрийн онцлогтой гайхмаар биширмээр эртний болон орчин үеийн сонин сайхан бүхнийг дуу алдан үзэж явахдаа тэр хормыг өөртөө шингээгээд авчихмаар их л шуналтай тогтон ажигладаг. Зарим нэг мэдрэмжүүд фото хальсанд буудаггүй, гэхдээ дурсамж үлдээдэг бас уран бүтээлд маань их нөлөөлдөг.
Дэлхийн хаана ч амьдарч хаашаа ч явсан Монгол эх орон минь сэтгэл зүрхэнд уяатай байдаг. Нутгаасаа хол яваа хүн  эх оронч болчихдог.  Монгол орон маань их хөгжлийн ирмэг дээр байгаа гэж боддог. Гол нь төр засаг маань зөв бодлого явуулж энэ хэдхэн хүнээ хүний зэрэгтэй сайхан амьдруулах бүрэн боломж ирээдүйд маань байна.
Манай залуучууд өдрөөс өдөрт их өөр болж, боловсорч соёлжиж байна. Хувь хүн бүр өөрөө хийж бүтээх хүсэлтэй ухамсартай зөв бодолтой ажлын моральтай хийх ёстой ажилдаа сэтгэлээсээ ханддаг шударга байгаасай гэж хүсдэг. Хэт  өнгө мөнгөний шуналд авталгүй амьдралын үнэ цэнийг ойлгодог, мэдэрдэг байвал сайхан. Бидэнд жаахан цаг хугацаа хэрэгтэй.  Уг нь бид чинь эрх чөлөөтэй, сайхан цагт амьдарч байгаа азтай хүмүүс. Аяндаа хөгжинө дөө хэмээн итгэж найдаж явдаг.

Н.Бат

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан