Монгол Улсын эдийн засаг дунд хугацаандаа орлого ихтэй, өндөр өсөлттэй байх төсөөлөл бий. Учир нь, нүүрс, алт, зэс, төмрийн хүдрийн томоохон ордуудаа ашиглаж эхлэх юм. Харин богино хугацаанд дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр хүндэрч магадгүйг экспортын үзүүлэлт сануулсан. Өнгөрсөн наймдугаар сард манай улсын экспорт сүүлийн гурван жилд байгаагүйгээр унасан. Өөрөөр хэлбэл, 39 хувиар багассан судалгааг Дэлхийн банкнаас хийсэн билээ. Үүний нөлөөгөөр нэгдүгээр улиралд 16.5 хувьтай гарсан эдийн засгийн өсөлт 11 болж буурав. Одоо оны сүүлчээр 10 хувь дээр тогтож үлдэх нь үү, үгүй юү гэдэгт тулаад байгаа. Энэ бол дэлхийн эдийн засгийг сүүлийн жилүүдэд доройтуулж буй хямралын сүүдэр манайд тусч эхэлсний илрэл. Угтаа урд хөршийн эдийн засгийн өсөлт удааширч барилга, гангийн үйлдвэрлэл нь буурсан тул манай коксжих нүүрсний экспорт зогсонги байдалд орсон хэрэг. Ингээд улсын нэгдсэн төсвийн орлого буурч, зарлага тогтмол өсөх болов. Дэлхийн банкны эдийн засагчдын гаргасан тооцоогоор энэ оны төсвийн алдгадал ДНБ-ий 4.2 хувьтай тэнцэх нь. Мөн тус банкнаас төгрөгийн ханшийг хамгаалж уян хатан тогтоохын тулд Монголбанк валютын захад интервенц хийж ирсэн. Иймд улсын гадаад валютын орлого саарсан үед нөөц аажмаар буурахад нөлөөлж 1.4 тэрбум ам.доллар болсон нь сүүлийн хоёр жилд хамгийн доод үзүүлэлт боллоо хэмээсэн. Энэ нь манай улсын эдийн засаг, улсын төсөв мөчлөг дагасан, үрэлгэн бодлого баримталж ирсэнтэй холбоотой аж.
Ирэх жилийн улсын төсвийг УИХ батлаад удаагүй бөгөөд хэд хэдэн онцлогтой ажээ. Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шаардлагууд бүрэн хэрэгжинэ. Өмнөх жилүүдэд төсвийн орлогыг тэнцвэржүүлж тооцох, улсын өрийн тухай тусгай шаардлага үйлчилж байсан. Харин ирэх оны төсөвт зарлагыг зохистой төвшинд байлгах тусгай шаардлага бий. Иймд төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөжээ. Мөн нормын хувцасны зардлыг нэмэгдүүлэхгүй, шинэ төрлийн хангалтыг хойшлуулахаар болсон аж. Бас макро эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг хангах, бэлэн мөнгөний нийлүүлэлтээр өдөөгдсөн эдийн засгийн халалт үүсгэхгүй байх үүднээс ашигт малтмалаас олох орлогоо хуримтлуулан баялгийн сан үүсгэх зарчим баримтлах юм. Үүнээс гадна орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор “Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан”-тай болох нь.
Уг сангаас олгох хөрөнгө, санхүүгийн дэмжлэгийг тодорхой аргачлалд үндэслэн засаг захиргааны нэгжүүдэд хуваарилах зарчим баримтлах юм. Ингэснээр орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, төсвийн төвлөрлийг сааруулна гэж үзжээ.
Орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангахаар зорьж буй. Энэ хүрээнд орон нутгийн төсвийн орлогыг “суурь орлого”-оор тогтоожээ. Өөрөөр хэлбэл, УИХ-аас баталсан татварын хувь, хэмжээний доод хязгаараар төлөвлөсөн гэсэн үг. Иймд ИТХ нь орон нутгийнхаа онцлогтой уялдуулж татварын хувь хэмжээг өөрсдөө тогтоох нь. Ингээд татварын орлого нь дээр тогтоож өгсөн хувь хэмжээнээс илүү гарсан тохиолдолд түүнийгээ “Орон нутгийн хөгжлийн сан”-д төвлөрүүлж өөрсдөө захиран зарцуулах боломжтой болох аж. Мөн эдийн засагт зохих үр дүнгээ өгсөн цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй болсон зарим хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгаж, татварын орлогыг нэмэгдүүлэхээр ирэх оны төсөвт тусгажээ.
Ирэх онд дээрх маягаар эдийн засгийн хямралын үед төсвийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах нь. Эдийн засагч, судлаачид дэлхийн эдийн засгийн байдал сайжрах төлөв ажиглагдахгүй байна. Гэхдээ томоохон эдийн засагтай орнуудын Засгийн газар, төв банкууд хямралыг гэтлэх талаар тодорхой арга хэмжээ авч буй тул ирэх жилээс сэргэх найдлага бий гэж үзэж байгаа. Нөгөө талаар, улс орнуудын эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний нөлөөгөөр ашигт малтмал, түүхий эдийн үнэ ханш өнөөгийнхөөсөө төдийлөн унахгүй гэсэн төсөөлөл гаргасан. Ямартай ч, энэ хүнд үеийг дэлхий нийтээрээ давчихвал манай эдийн засаг өсөлтийн хурдаа нэмэх боломжтой болох юм.