Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”100 мянган айлын орон сууц хөтөлбөр” иргэдэд молиго үмхүүлэв үү

Хахир өвлийн хүйтэнд орох орон, оочих аягагүй болсон иргэд ёстой л дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу болчихоод байна. Учир нь, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжин орон сууцтай болохыг мөрөөдсөн иргэдийн хүслийг биелүүлнэ хэмээн тууз хайчилж байсан нь саяхан. Энэ сургаар ч  орон сууцтай болохыг хүссэн иргэд хашаа байшингаа зарж, байрны урьдчилгаа төлбөрт өгсөн нь цөөнгүй. Тухайн үеийн Засгийн газар юу юугүй л иргэдийг орон сууцанд оруулчих юм шиг сэтгэгдлийг нийгэмд төрүүлсэн. Иргэд ч Засгийн газар нүдээ олсон ажил хийлээ хэмээн ам сайтай байсансан. Гэтэл өвлийн хүйтэнд орох оронгүй болгоод хаяна чинээ хэн санах билээ. Харин хөтөлбөр хэрэгжихгүй байгаа шалтгааныг холбогдох албаныхан өнөө л санхүүжилттэй холбон тайлбарлаж байгаа аж. Иймд дээрх маягаар хохирсон иргэд аргаа барахдаа хэвлэлийнхэнд хандлаа.
Тэд нэгдэж холбоо байгуулсан бөгөөд Засгийн газарт гурав хоногийн дотор энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авахыг шаардсан бичиг хүргүүлэхээр болж. Хэрэв дээрхи хугацаанд Засгийн газрын зүгээс ямар нэгэн ажил хийхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэв.
Мөн уг хөтөлбөрт хамрагдана гээд хохирсон иргэдийг нэгдэхийг ч уриалж байсан юм.  Хөтөлбөрийг санхүүжүүлэгч нь Төрийн банк. Гэтэл тус банкныхан иргэдээс зугтаж нүүр тулан уулзахгүй байгаа гэнэ. Уг нь, жилийн зургаан хувийн хүүтэй зээл нь өнөөгийн монголчуудын амьдралд хамгийн ойр  сонсогдож байгаа. Гэвч “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж шинэ байрандаа орлоо гэсэн мэдээ ойрын хугацаанд лав дуулдаагүй. Гэтэл Төрийн банкны зүгээс өнөөдөр 800 гаруй иргэн орон сууцтай болсон хэмээж байгаа. Өнөөдөр бидний амьдралд хамгийн ойр хэрэгжих боломжтой уг хөтөлбөр хэрэгжихгүй байгаа нь иргэдийн орон сууцтай болно гэсэн урмыг хугалж орхилоо. Иргэдийн хувьд бусад арилжааны банкны орон сууцны зээлд хамрагдах эрх нь нээлттэй ч, авч байгаа цалин нь банкуудын зээлийн нөхцөлийг даван гарч чадахгүй. Арилжааны банкуудын хувьд орон сууцны урьдчилгаа 30 хувиа төлөөд, үлдсэнийг нь 15-20 жилийн хугацаанд лизингээр төлнө хэмээдэг. Харин жилийн хүү нь 19-25,2 хувь байгаа. Тэгвэл 50 сая төгрөгөөр нэг өрөө байр авлаа гэхэд 15 сая төгрөг урьдчилгаанд төлөөд, үлдсэн 35 саяыг жилийн  25,2 хувийн хүүтэй төлнө гэхээр сард 801  мянга 886 төгрөг төлнө. Үүнээс 52 мянга 790 төгрөг нь үндсэн зээлэнд, 749  мянган 96 төгрөг нь хүүндээ төлөгдөнө. Ингээд бодохоор сард 800 гаруй мянган төгрөг төлөх чадвар бидэнд бий юү. Харамсалтай нь үгүй. Тэгээд ч банк зээлд хамруулахдаа өрхийн нийт орлогын 40 хувь нь зээлдээ явж байхаар тооцдог. Тэгэхээр дунджаар 800 мянган төгрөгийг тухайн өрхийн орлогын 40 хувь гэж бодохоор энэ нөхцөлийг давж гарах иргэн манай улсад цөөн.
 
М.Мөнхзаяа: Захиалга өгсөн байрандаа ормоор байна

Иргэн М.Мөнхзаяа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахын тулд Толгойт дахь хашаа байшингаа зарж, байрны урьдчилгаанд 15 сая 700 мянган төгрөг төлжээ. Түүнээс  зарим зүйлийг тодрууллаа.

-Та ямар барилгын компанид, хэдэн хувийн урьдчилгаа өгсөн юм бэ?
-Би зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл шийдэгдэхэд нөхөртэйгээ ярьж, сайн судалсны эцэст Толгойтод байрлалтай хашаа байшингаа 25 сая төгрөгөөр зарж, тал мөнгөөр нь цалингийн зээлээ төлөөд, орон сууцны урьдчилгаанд 15 сая 700  мянган төгрөг төлсөн. Бид  “Жоннатан” ХХК-ийн “Саруул  тэнгэр-2” хотхоноос байр авахаар 23 хувийн урьдчилгаа төлсөн юм. Гэтэл өнгөрсөн сард Төрийн банкнаас санхүүжилт зогссон тул материалаа авна уу гэсэн.
-Тэгээд одоо хаана толгой хоргодож байна вэ?
-Айлын хажуу өрөөг сард 250 мянган төгрөгөөр түрээслэн амьдарч байна. Төрийн банкнаас материалаа ирж ав гэхэд нь бид бусад арилжааны  банкны орон сууцны зээлийг  судалсан. “Хас” банк 12 хувь, “ХААН” банк 21, “Худалдаа хөгжлийн банк” гэхэд 19.2 хувийн хүүтэй юм байна билээ. Ингэхээр бидэн шиг бага, дунд орлоготой өрх энэ зээлд хамрагдах боломжгүй. Харин зургаан хувийн хүүтэй зээл боломжийн байсан юм.
-Захиалга өгсөн компанийн зүгээс ямар хариулт өгч байх юм?
-Барилгын компани бидэнд уян хатан хандсан. Хамгийн гол нь, санхүүжилт шийдэгдэнэ гэсэн  шийдвэр гарвал зээлийн болзол хангасан зээлдэгчийг 12 сард ашиглалтад орох байрандаа оруулахад бэлэн гэсэн.
-Та материалаа өгөөд хэр удаж байна?
-Төрийн банк материал өгснөөс хойш сарын дотор шийднэ гэсэн ч одоо зургаан сар болж байна. Бидний зургаан хүний төлөөлөл Төрийн банкны захирал Лувсанпэрэнлэй гэдэг хүнтэй уулзсан. Гэтэл “Жоннатан” ХХК-ийн лимит дууссан байна гэсэн. Тэгээд ч санхүүжилт зогссон тул баталгаа гаргаж та бүхний материалтай танилцах боломжгүй хэмээн цааргалсан.
-Урьдчилгаанд төлсөн мөнгөө буцаан авч болох уу?
-Болно. Гэхдээ бид мөнгөө буцааж авахаасаа илүү байрандаа орох сонирхолтой байна.
-“Жоннатан” ХХК-ийн лимит дууссан гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Бид “Жоннатан” компани мэхэллээ л гэж бодсон. Гэтэл тус компани 346 айлын квоттой, дөрвөн тэрбум төгрөгийн санхүүжилт орсон юм билээ.
Гэхдээ зөвхөн 160 гаруй өрх л хандсан учраас 2013 онд  ч хамаагүй санхүүжилт шийдэгдэнэ гэвэл ирэх сард ашиглалтад орох байрандаа оруулж болно гэсэн. Одоо “Жоннатан” компанийн 80 өрхийн асуудал болон бусад компанийн 3000 өрхийн зээл шийдэгдээгүй байгаа.
-Зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдахад урьдчилгаа 10 хувийг төлнө гэж байсан шүү дээ?
-Уг нь тийм. Гэхдээ амьдрал дээр 10 хувийн урьдчилгаа авах компани алга. Манайх 43.8 метр кв, хоёр өрөө байр захиалсан. Энэ компани Төрийн банктай гэрээтэй учир биднээс барьцаа хөрөнгө нэхээгүй.

Б.Мягмар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан