ДЦС-4 ХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 100 мВт-аар өргөтгөх төслийн хүрээнд ОХУ-ын Уралын турбины заводоос уурын турбин худалдан авах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Уг гэрээнд гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, ОХУ-аас МУ-д суугаа элчин сайд В.В.Самойленко нар оролцлоо.
ОХУ-ын УТЗ-аас уурын турбин худалдах, худалдан авах гэрээнд хоёр талаас “ДЦС-4” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэвээн “УТЗ” компаний ерөнхий захирал Сорочан Игорь Павлович нар гарын үсэг зурж байна.
Эрчим хүчний шинэ эх үүсвэр ашиглалтад оруулахаас өмнө салбарын яамнаас хэд хэдэн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ. Үүний нэг нь 70 сая ам долларын өртөг бүхий энэ төсөл юм. 2012 оны 9 дүгээр сард Дөрөвдүгээр ДЦС-ийн төлөөлөгчид “Уралын турбины завод”-д айлчилж турбиныг нийлүүлэх гэрээний үнийг эцсийн байдлаар тохирсноор төслийг хэрэгжүүлэх нийт өртгийг 70 сая ам долларт багтаахаар болсон байна.
Энэ төсөл хэрэгжсэнээр жилдээ цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 500 сая гаруй кВт.цаг, дулааны үйлвэрлэл 400 мянган Гкал/цагаар нэмэгдэх ба энэ нь өнөөгийн хэрэглээний 10 гаруй хувь буюу 2014-2015 онуудын хэрэглээний өсөлтийг хаах буюу шинэ эх үүсвэр ортол хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийг тасалдуулахгүй найдвартай хангах хэмжээ юм.
Нүүрсний зарцуулалт 800 гаруй мянган тонноор, усны хэрэглээ 70 мянган тонноор өсөх боловч станцын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэмжээ даруй 2 хувь буурснаар Дөрөвдүгээр цахилгаан станцийн эдийн засгийн үр ашиг нэмэгдэхийн зэрэгцээ, найдвартай ажиллагаа дээшлэх болно.