“100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхлээд ямар ч хяналтгүй явсаар ирсэн. Харин сүүлийн хэдэн сар барилгын салбарт хөдөлмөр аюулгүй ажиллагаа хангаагүйгээс олон хүний амь эрсэдсэн. Иймээс энэ нь уг салбарт “дохио” болсон. Үүнтэй холбогдуулан нийслэлийн удирдлагууд болон МХЕГ барилга, дэд бүтцийн салбарт тавих хяналт шаардлагаа өндөрсгөсөн. Энэ хүрээнд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж буй барилгын компаниудыг шалгасан байна. Шалгалтад 15 аймаг, зургаан дүүргийн 66 төслийн 156 объект, 435 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулсан байна. Хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд оруулсан зураг төслийн дагуу ажлаа гүйцэтгээгүй, инженерийн шугам сүлжээний шийдлээ хийгээгүй хэрнээ барилгын ажил гүйцэтгэж байжээ.
Мөн 33 объект барилга эхлүүлэх зөвшөөрөлгүй, зөвшөөрлийн хугацаа дууссан байхад барилга угсралтын ажил гүйцэтгэжээ. Тухайлбал, “Пума Яармаг” орон сууцны хороолол, “Маршал таун” Баянгол дүүргийн “Цоглог хотхон-2”, Сонгинохайрхан дүүргийн “Морьтны өргөө” Дорнод аймгийн “Залуус” хороолол гэх мэт барилга барилгын норм журмыг зөрчжээ. Үүгээр ч зогсохгүй гурван объектын ажлыг тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж гүйцэтгэж байсныг улсын байцаагч нар илрүүлсэн байна. Үүнд, Дархан аймгийн “ОССК”, “Дархан шар бүрд” ХХК, “Минж проперти”ХХК-ийн орон сууцны барилгууд байлаа. Хэдийгээр “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг улс даяар хэрэгжүүлнэ гэж байгаа ч зургаан аймагт төсөл огт хэрэгжээгүй байж. Харин зөвхөн хүн томилоод хэрэгжүүлнэ гээд орхисон үзэгдэл нэлээд гарчээ. Шалгалтад хамрагдсан объектуудаас 60 гаруй нь хэрэгжүүлж, 80 гаруй нь орхиж. Энэ мэт алдаа дутагдлууд нь хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байна гэдгийг батлаад өглөө. Ямартай ч, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хамрагдсан ч ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй байгаа барилгын компаниудад хариуцлага тооцохоор болж. Барилгын компаниудын зүгээс барилгын ажлаа эхлүүлээгүй шалтгаанаа олон шат дамжлагатай зөвшөөрлөөс болсон хэмээн ам тагладаг.
Иргэдийг орон сууцжуулахад учирч буй “но”-г илрүүлэв
Төрийн зүгээс “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд газрыг чөлөөлж, дэд бүтцийг нь татаж өгнө хэмээн барилгын компаниудыг хошууруулсан. Гэвч дэд бүтцийг нь татаж өгөөгүйгээс хөтөлбөр гацжээ. Тухайлбал, Баянзүрх, Хан-Уул дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад инженерийн бэлтгэл ажил хангагдаагүй байжээ. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт энэ мэт зөрчлүүд шил дараалан илэрсээр байна. Харин хөтөлбөрт хамрагдаж буй барилгын компаниудад хэн хяналт тавьж, иргэдийн эрх ашгийг хамгаалах вэ гэдэг нь одоо ч тодорхойгүй. Энэ талаар ОССК-ын холбогдох албаны хүнээс тодруулахад ”Манайх Буянт-Ухаа хороолол болон өөрийн ажилчдад барьж байгаа барилгуудад хяналт шалгалт хийдэг. “100 мянган айлын орон сууц” гэхээр ОССК хяналт тавих юм байна гэж ойлгоод байна. Уг нь, барилга ашиглалтад орсны дараа бид иргэдэд зээл олгох, моргейжийг хариуцдаг юм” гэв. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах талаар Засгийн газарт оруулахаар болсон тухай МХЕГ-ынхан мэдэгдсэн. Иймд хөтөлбөр хэрэгжихэд юу саад болоод байгааг гаргаж тавилаа. Одоо гаргасан алдаа дутагдлаа арилгаж цааш нь хэрэгжүүлэх л үлдлээ.
П.Мэндсайхан: Улс дэд бүтцээ хурдан шийдээд өгөөсэй
Яармаг хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг “Пи Эй Эм Эм” ХХК хэрэгжүүлж буй. Тус компанийн гүйцэтгэх захирал П.Мэндсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Яармагийг орон сууцжуулах ажлыг танай компани гүйцэтгэж байгаа. Орон сууцжуулах ажил хэр явж байна вэ?
-Гэр хорооллыг орон сууцжуулахад Засгийн газраас дэд бүтцийг нь шийдэж өгнө гэсэн. Гэтэл өнөөг хүртэл шийдэж өгөөгүй. Иймээс өөрсдөө хөрөнгөө гаргаад асуудлаа шийдсэн. Экспедицийн ажил хэсэгчилсэн байдлаар явж байгаа. Биднийг барилгын ажлаа эхлэхэд ерөнхий төлөвлөгөө бүрэн хийгээгүй байсан учир үерийн далан нь шийдэгдээгүй. Тиймээс мөн л өөрсдөө хөрөнгөө гаргаж үерийн далангаа барьж дуусгасан.
Одоогийн байдлаар карказаа барьсан.
-Засгийн газраас эхний ээлжинд Яармагийг дэд бүтэцжүүлнэ гэж байсан. Гэтэл өнөөдөр үүнийг нь шийдэж өгөөгүйгээс эмнэлэг, орон сууцны барилгууд түр тэжээлээр дамжуулан эрчим хүчээ авч байгаа гэсэн?
-Манайх “Пума констракшн”-тай хамтран 27 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар цахилгаан, дулаантай болгосон. Одоо цэвэр усны асуудал байгаа. Ус сувгийн удирдах газраас болохоор одоохондоо гүний худгаар өөрсдийгөө тэжээж бай, дараа нь БНСУ-ын “Койка”-ийн төслөөр хэрэгжүүлж байгаа төсөлд хамруулна гэсэн. Ер нь, орон сууцжуулах ажил хөрөнгө мөнгөний асуудлаас болоод гацаад байна. Ямар ч байсан бид барилгаа үргэлжлүүлэн барина. Улс дэд бүтцийн асуудлаа хурдан шийдээд өгвөл орон сууц хурдан л ашиглалтад орно.
-Нийслэлээс болон Барилга хот байгуулалтын яамнаас дэд бүтэцжүүлэх тал дээр ямар хариу хэлж байх юм бэ?
-Бид нийслэл, Барилга хот байгуулалтын яамтай хамтран ажиллах гэрээтэй. Хот бол дэд бүтцийн тал дээр дэмжлэг үзүүлнэ гэсэн. Гэтэл одоо болтол алга. Харин Барилга хот байгуулалтын яамнаас Хөгжлийн банкнаас хөрөнгө шийдэж өгнө гэсэн.