Оросын Засгийн газрыг төлөөлж манай “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшдэг “Ростехнологи”-ийн ерөнхий захирал Сергей Чемезов уулын баяжуулахх Эрдэнэт үйлдвэрийн захирлуудын зөвлөлд оросын эзэмшдэг 49, монголын эзэмшдэг 51 хувийг хорогдуулан гуравдахь түншид худалдах санал тавьжээ. Гэхдээ яг хэдий хувийг нь худалдах талаар тодорхой тоо хэлсэнгүй. Эрдэнэт бол Ази дахь зэс, молибдений олборлох, боловсруулах томоохон үйлдвэр. Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 мянган тонн зэсийн, 4500 тонн молибдений концентрат үйлдвэрлэдэг үйлдвэр. Хамтарсан үйлдвэрийн энэ жилийн цэвэр ашиг 145,9 сая ам.доллар болох тооцоо байгаа. “Ростехнологи”-ийн төлөөлөгчийн хэлж байгаагаар бол 2008-2011 онд Эрдэнэтийг дахин тоноглож шинэчлэл хийхэд 402,2 сая ам.доллар зарцуулсан бол 103,2 сая нь цэвэр ашиг байжээ. Энэ гурван жилд нийтдээ 140 орчим сая ам.долларын ногдол ашиг тараасан байна. Сергей Чемезов “Гурав дахь түнш олсноор хамтарсан үйлдвэрт үйлдвэрлэлийн дамжлагыг шинэчлэх, сайжруулахад оруулах хөрөнгийг өсгөх боломжтой болно” гэсэн байна. Гэхдээ тэрээр олон улсын томоохон тоглогч байвал дээр гээд тухайлбал Оюу толгойг эзэмшдэг Рио Тинто ч юм уу, BHP Billiton ч юм уу, Glencore, эсвэл Оросын зэс үйлдвэрлэгч “Норникель”, Уралын зэсийн үйлдвэр, Удаконы лиценз зээмшигч “Металлоинвест” байж болох юм гэжээ. “Норникель”-ийн ойрын эх сурвалж хэдийгээр монголын тал сонирхолтой байгаа ч “Эрдэнэт”-ийн хувийг худалдан авахаар одоохондоо яриа хэлэлцээ хийж эхлээгүй байгаа гэж байна. Харин энэ хувийг худалдсан мөнгөө “Ростехнологи” Орост зэс боловсруулах шинэ үйлдвэр барихад оруулах бодолтой байгаагаа төлөөлөгч нь цухуйлгасан байна. “Зэс боловсруулах хамтарсан шинэ үйлдвэр байгуулах нь зах зээлд гарах шинэ боломж бий болгоно” гэж Сергей Чемезов тэмдэглэсэн байна.