Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.БОЛД: ТӨРИЙН БАНКИЙГ ЯАРАЛТАЙ ХУВЬЧЛАХГҮЙ БОЛ ГАЖУУДАЛ ҮҮСГЭЖ БАЙНА

Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч, “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал М.Болдтой банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-Хүүхдэд мөнгө өгөх сургаар арилжааны банкууд “Манайд данс нээгээрэй” хэмээн их л идэвхтэй ажиллаж байгаа харагдсан. Гэтэл өмнө нь 21 мянган төгрөг олгоход арай өөрөөр хандсан даа?

-Монголд арилжааны 14 банк ажилладаг. Энэ жижиг зах зээлд ахадсан олон банк байна. Дээр нь, 14 банкинд эргэлдэж буй мөнгө хангалтгүй. Яагаад гэвэл, дотоодын болон компаниудын хадгалуулсан хадгаламж, мөнгөний хэмжээ жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд хүрэлцэхгүй байгаа. Тиймээс мөнгөний хомсдол зах зээлд байна гэж хэлж болно. Бага мөнгөн дээр олон банк ширүүн өрсөлдөж байна гэсэн үг. Гэхдээ олсон ашгаасаа хүүхдэд үнэ төлбөргүй үйлчилье гэсэн санаачилгыг банкууд хүлээж авсан гэж ойлгосон. Нэг талаар нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байна. Нөгөөтэйгүүр, харилцагчдаа алдахгүйн тулд банкуудын хийж байгаа алхам.
-Цөөхөн хэдэн төгрөгийн төлөө өрсөлдөж буй энэ олон банк хямралын үед яах бол. Урд хөршийн эдийн засаг чилээрхээд манайд нөлөөлнө гэж яриад байдаг?
-Хямрал болно гэдэг чинь мөнгө багасна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр арилжааны банкуудын өрсөлдөөн улам ширүүсч, эрсдэлийн удирдлага сайтай, холын бодлоготой нь хямралыг сөрж гарна. Удирдлага муутай, эрсдэлтэй банкны хувьд давалгаанд нь өртөж болзошгүй. Гэхдээ зөвхөн банк бус монголчууд үргэлж хямралын орчинд ажиллаж, амьдарч ирсэн шүү дээ. Яагаад гэвэл, дэлхийн стандартаар гаргасан судалгаагаар Монголын хүн амын гуравны нэг нь нэн ядуу гэсэн шүү дээ. Энэ бол хүмүүнлэгийн гамшиг. Ядуу гэхээр л бидний санаанд Африкийн өлсгөлөнд нэрвэгдсэн балга ус, халбага хоолны төлөө дугаарлаж зогсч байгаа гэдэс нь цүдийж, нүд нь томорсон хүүхдүүд буудаг. Үнэндээ бид өөрсдийгөө анзаарахаа больсон. Болж байна л гэж боддог. Хоол унд нь хүрэлцэхгүй, халуун, хүйтэн усгүй хүнд нөхцөлд хүмүүс амьдарч л байна. Гэр хороололд амьдарч байгаа айлууд хүмүүнлэгийн гамшигт амьдарч байна гэж хэлж болно. Ийм орчинд ажиллаад, амьд­раад сурчихсан банк, компани, ир­гэд өөр л дөө. Өндөр хөгжилтэй ор­ны байгууллагууд биднийг бодвол хавь­гүй аятай, таатай эдийн засгийн ор­чинд үйл ажиллагаа  явуулдаг уч­раас шал ондоо. Манайхан бор зүр­­хээрээ бизнесээ явуулахдаа хэ­зээ, хаана зогсох, хөдлөх, хурдаа саа­руулах вэ гэдгээ сайн ойлгодог бол­сон.
-Манай банк санхүүгийн систем хадгаламж дээр суурилсан гэдэг. Цөөн хэдэн хүнээс хамааралтай байгаа нь эрсдэлтэй. Тиймээс өөрчлөх цаг болсон гэх юм?
-Монголд эргэлдэж байгаа мөнгө хүмүүсийн халаасанд, компаниудын түр зуур ашиглаагүй мөнгөн хөрөнгө л дөө. Тэр хөрөнгийн төлөө банкууд өрсөлдөж байна. Харин энэ хадгаламж нь цөөхөн хүний мэдэлд байдаг, тэднээс хамааралтай гэдэг нь үнэн. Дийлэнх хадгаламж эзэмшигч данстай боловч өчүүхэн мөнгө байдаг. 10, 20, 100  мянган төгрөг гэх мэт. Тэгэхээр 2,8 сая хүнд 1,9 сая хадгаламжийн данс  байна гэдэг чинь маш их гэсэн үг. Яагаад ийм их данс үүссэн бэ гэхээр хүүхэд, хөгшдийн болон бэлэн мөнгө тарааснаар хадгаламжийн данс олноор нээсэн. Гэтэл тэр дансанд нь мөнгө байхгүй, ерөнхийдөө хоосон нь олон. Тэгэхээр хадгаламж банкуудын гол эх үүсвэр мөн боловч өөр эх үүсвэр нь одоохондоо байхгүй.
-Нийгмийн даатгалын хуримт­лалыг хэлж байна уу. Энэ мөнгийг эргэлтэд оруулах ёстой гэдэг ч эрх зүйн орчин бүрдээгүй гэж нийг­мийн даатгалынхан хэлж байсан?
-Сүүлийн хэдэн жилд нийгмийн даатгалын шимтгэлээр хуримтлагдсан хөрөнгө 2-3 их наяд төгрөг байх ёстой гэдэг. Гэвч энэ хөрөнгийг төсвийн цоорхойг бөглөхөд ашигласан. Уг нь, эл мөнгийг хуримтлуулаад банкуудаар дамжуулан урт хугацааны зээл болгох ёстой байсан юм. Эрх зүйн орчин  байхгүй нь үнэн. Тэгэхдээ монголчууд бий болгох ёстой биз дээ. Хэн нэгний буруу биш шүү дээ. Хууль тогтоогч, бодлого гаргагч нар  эрх зүйн орчныг нь бүрдүүлэх ёстой. Дэндүү удаж байна. Монгол Улс зах зээлд орсноос хойш 20 гаруй жил болоход одоо хүртэл хуулийн орчин бүрдээгүй л байна. Үүнийгээ ашиглахгүй байгаа нь санхүүгийн салбар, үйлдвэр үйлчилгээ, эдийн засгийн хөгжлийг хойш татсаар. Зөвхөн хадгаламжинд найдахгүйгээр хөрөнгийн хоёр дахь том эх үүсвэр гарч ирэх ёстой. Мөн банкууд гадаадаас зээл авч аж ахуйн нэгжүүдэд зээлдүүлж эргэлдүүлдэг. Зээл авах таатай орчныг бүрдүүлэх үүднээс улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь эрх баригчдын анхаарах маш том асуудал. Хариуцлагагүй мэдэгдэл хийх, өмнө нь тохирчихсон гэрээг эргэж харах, гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн алхмууд хийвэл Монголд орж ирэх гадаадын зээл багасна.
-Үүний илрэл нь Стратегийн хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль гэж яриад байгаа. Гадаадаас орж ирэх хөрөнгө оруулалтыг хумих нөхцөл бүрдүүлсэн гэх юм?
-Монголчууд өөрсдийгөө хохи­роо­сон хууль гаргасан л даа. Мон­голын эдийн засагт хөрөнгө оруулъя гэ­вэл хоёр зөвшөөрөл авах ёстой болсон. Нэг нь,  Засгийн газрын каби­нет, нөгөө нь УИХ-аас. Улстөр­чид хүний бизнесийг хэлэлцэнэ гэдэг гадаадын хөрөнгө оруулалтыг хаачихаж байгаа юм. Ийм байвал хэн ч хөрөнгө оруулахыг хүсэхгүй. Ашиг сонирхлын зөрчилдөөнтэй байж магадгүй хүмүүсээр хэлэлцүүлээд  сууж байна гэдэг байж болохгүй зүйл. Үндсэндээ дотоодын хөрөнгө хомс мөртлөө гадаадаас орж ирэх хөрөнгө оруулалтын замыг сайн дураараа хаачихсан. Тийм болохоор Монгол Улс хөгжинө гэж ярихад хэцүү.  
-Их хэмжээний хөрөнгө оруу­лалт хяналтгүй байна гэж гаргасан юм биш үү?
-Тэрэнтэй холбоогүй. “Саусгоби Сэндс” компанийн хувьцааг “Чалко” авах гэж байгаатай холбоотойгоор үүдэж гарсан хууль. Нэг орны хөрөнгө оруулалт хэтэрхий  их жин дарж байна гээд. Тиймээс гадаадын хөрөнгө оруулагчдыг тэнцвэртэй байлгах үүднээс УИХ-ын гишүүд сонгуулийн өмнө гаргасан. Тэр маань эцэстээ Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоочихож байна. Одоо гадаадын  хөрөнгө оруулалттай 60 орчим компани  уул уурхайн бизнес явуулахын тулд гадаадад хувьцаа гаргадаг. Ойролцоогоор 30-40 тэрбум ам.доллар төвлөрүүлсэн байх юм. Тэгвэл хувьцаагаа 100 хувь гадаадад гаргасан тэр компаниудыг яаж хянах гэж байгаа нь ойлгомжгүй. Гадаадын биржийг хянаж чадахгүй л байхгүй юу. Тэр 30, 40 тэрбум ам.долларын Монгол руу орж ирэх замыг хаачихаад. Гэтэл Монголын эдийн засаг уртаашаа 10 тэрбум орчим. Гэтэл тэрнээсээ 3-4 дахин их мөнгө орж ирэх гэж байхад замыг нь хаана гэдэг байж болохгүй зүйл.
-Хөрөнгө оруулалт гэснээс энэ нэршлийг нь ашиглаж мөнгө угаасан хэмээн нэгэн томоохон банктай холбоотой хэрэг гарч байсан шүү дээ?
-Мөнгө угаах гэдэг асуудал есдүгээр сарын 11-ний дараа их хүчтэй болсон шүү дээ. Их наймын орнуудын зүгээс мөнгө угаахын эсрэг дэлхий нийтээрээ анхааръя, тэмцье гээд бодлого гарган ажиллаж буй. Гэхдээ юуг мөнгө угаах гэх үү, угааж байвал яаж хянах юм гэдэг нь маш ээдрээтэй.  Жишээлбэл, Монголын нөхцөлд 1,9 хадгаламжийн дансыг байнга хяналтандаа авна гэсэн үг. Энэ дансаар орж гарч байгаа мөнгө буруу, зөв үү гэдгийг шалгана. Төв банкинд мөнгө угаахтай тэмцэх тусгай алба байдаг. Гэвч 1,9 сая хүний хадгаламжийн дансыг өдөр тутам хянана гэхээр техникийн хувьд хэрэгжүүлэх бараг боломжгүй гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, таны дансаар мөнгө орж, гарахад энэ хаанаас гаралтай вэ гэж асуухаар бухимдана биз дээ. Олон улсын дүрэм, журмыг баримталбал ийм л болно. Байж болшгүй асуудал. Харилцагчийн өдөр тутам хийгээд байдаггүй гэв гэнэт сэжигтэй их хэмжээний мөнгөний гүйлгээ гарлаа гэхэд хяналт тавьдаг систем бий. Гэхдээ тэр маань хэрэгжүүлэхэд хэцүү.
-Тэгвэл найдваргүй зээлдэгч гэж хэнийг хэлэх вэ гэдэг өнөөг хүртэл хэцүү байна шүү дээ. Ганц хоног хугацаа алдаад зээлээ төлөхөөр найдваргүй зээлдэгч гээд хар дансанд  бүртгэгдчихдэг?
-Төв банкинд зээлийн мэдээллийн сан гэж бий. Тэр мэдээллийн санд тулгуурлаж банкууд зээл авах гэж буй аж ахуйн нэгж, иргэний зээлийн түүхийг хардаг. Харин арилжааны банкууд нийлээд хувийн хэвшлийн салбарын зээлийн мэдээллийн сангийн төв байгуулахаар ажиллаж байна. Уг төв байгуулагдахаар зээлдэгчдийг онооны системд оруулах юм. Тухайлбал, компьютерийн системд Дорж, Дулмаагийн зээлийн төлбөрийн сахилга батаар нь өндөр, бага оноогоор нь жагсаана. Тэр оноогоор банкууд  дүгнэлтээ түргэн гаргаж, зээл өгөх, өгөхгүйгээ шуурхай шийдэх юм. Ийм мэдээлэл байхгүйгээс өнөөдөр бүдүүлэг аргаар буюу тухайн хүний унаж буй машин, амьдарч буй гэр, цахилгаан хэрэгслийг нь барьцаалдаг. Ирэх жилээс эл мэдээллийн төв ашиглалтад орохоор байдал өөрчлөгдөх байх аа.
-Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг банкууд ашиггүй гээд татгалзсан. Шалтгаан нь тодорхой ч гүйцэтгэх үнэхээр боломжгүй гэж үү?
-Монгол Улс болон банкуудын мөнгөний хэмжээ нэмэгдэж байна. Жишээлбэл, гуравдугаар улирлын байдлаар 14 банкинд эргэлдэж байгаа нийт хөрөнгө ДНБ-ий 90 хувьтай тэнцэж байна. Энэ үзүүлэлт жилийн өмнө 85 орчим, 2000 онд 20 хувьтай байсан. Тэгэхээр үнэмлэхүй болон хувийн жингээрээ бусдад зээлдүүлэх мөнгө өсч байна гэсэн үг. Гэхдээ орон сууцны санхүүжилтийг хийх мөнгө банкуудад байхгүй. Ялангуяа, зургаан хувийн хүүтэй хөрөнгө. Яагаад гэхээр, иргэдээс 15 хувийн хүүтэй хадгаламж авч зургаан хувийн хүүтэй зээл олгохоор есөн хувийн алдагдал хүлээнэ шүү дээ. Боломжгүй зүйл. Өнөөдөр яагаад 15 хувийн хүүтэй хадгаламж авч байна вэ гэхээр инфляц 15 хувь байна. Үнийн хөөрөгдлөөс доогуур мөнгө хадгалуулахыг хүмүүс хүсэхгүй. Бага хүүтэй төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол банкнаас тусдаа эх үүсвэрээр орон сууцны зээл гаргахаас өөр аргагүй. Эсвэл Засгийн газар гадаадаас зээл авч болох юм. Авлаа гэхэд хэдэн жилийн дараа 2,8 сая хүн төлнө л дөө. Нийгмийн салбарын ийм хөтөлбөрийг арилжааны банкаар дамжуулах бол уялдаа холбоотой ажиллах нь чухал. Сэтгэл хөдлөлөөр судалгаа шинжилгээ муутайгаар ийм шийдвэр их гаргадаг л даа.
-Та хадгаламжийн хүүний орлогоос татвар авна гэсэн бод­логыг хэлж байна уу. Энэ  бодлого одоохондоо Монголд нутагших боломжгүй гэж банкны удирдлага, бизнес эрхлэгчид хэлж байсан?
-Тийм. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авбал ямар эерэг сөрөг тал байдаг юм бэ гэсэн судалгаа хийгээгүй. Хар ухаанаар бодоход банкинд байгаа хадгаламжийн зарим нь гадагшлах сөрөг үр дагавартай. Тэртэй тэргүй хомс хөрөнгө гадагшлахаар хяналтгүй болж байна гэсэн үг. Нөгөө талаар, банкууд давхар татвар төлж байна гэсэн үг. Банкууд олсон ашгаасаа улирал тутам татвараа төлдөг. Гэтэл хадгаламжийн хүүний орлогоос татвар авахаар дахиад л татвар төлөх болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, банк санхүүгийн байгууллагыг эрсдэлд оруулж байна гэсэн үг. Уг нь, өндөр хүүтэй хадгаламжийг банкууд гуравдагч этгээдэд зээлдүүлснээр ачааллыг нь зээлдэгч үүрч, эцэст нь банк олсон ашгаасаа улсад татвар төлж байгаа. Тэр татварыг нь нэмэгдүүлж байна.
-100 саяас дээш төгрөгт татвар ногдуулна гэж байгаа. Ингэснээр банк санхүүгийн зах зээлд ямар сөрөг үр дагавар гарах вэ?
-Тэгж яриад байгаа. 200 саяас дээш төгрөгийн хадгаламжтай хүн хоёр банкинд 100, 100-гаар хувааж хийнэ. Өөрөөр хэлбэл, нэг банкинд байсан хөрөнгө нөгөө рүү нь зугтана гэсэн үг. 300 сая төгрөгийн хадгаламжтай хүн гурван банкинд хуваана.  Эсхүл өөр хүний нэр дээр хийнэ гэсэн үг. Энэ нь ил тод байдлыг арилгаж, мөнгөний жинхэнэ эзэд нь тодорхойгүй болно, төвлөрсөн хөрөнгийг бутраах сөрөг үр дагаварт хүргэнэ. Хөрөнгийн төвлөрөл саарахаар зээлийн хүү нэмэгдэнэ. Уг нь, бид зээлийн хүүг бууруулна гэж мөрөөдөөд яваа шүү дээ. Хөрөнгө саараад гурав хуваагдахаар гурван банкны зардал 100,100,100 сая дээр нэмэгдээд хүү улам нэмэгдэнэ. Нөгөө талаар, банкнаас гадагшилсан  мөнгө орон сууц худалдаж авахад зориулагдана. Ганц найдвартай хөрөнгө оруулалт гэж үздэг учраас үнэ нэмэгдэх нь тодорхой. Яагаад гэвэл, өөрт ямар ч хэрэгцээгүй орон сууц худалдан авч байгаа юм чинь. Ингээд тал бүрийн хор хохиролтой үзэгдэл гарах магадлалтай. Судалгаагүй гарч байгаа бодлого, шийдвэр манай нийгмийн эмзэглэл шүү дээ.
-Банкууд хувьцаа гаргаж хөрөнгө татах гэж байгаад бүтэлгүйтсэн. Дахиад оролдлого хийх болов уу?
-Өнөөдөр Монголын бүх банк хязгаарлагдмал компани гэж явж байгаа. Өмнө нь хоёр банк хагас дутуу хувьцаагаа борлуулах гээд амжилтгүй болсон. Олон нийт сөрөг дохио авсан учраас нийтэд хувьцаа гаргах цаг үе нь болоогүй байж магадгүй. Мөн Монголын банкуудын хөрөнгийн хэмжээ болоогүй, томрох шаардлагатай л даа. Ялангуяа, гадаадын зах зээлд жижигдэнэ. Тэгэхээр банкуудыг томруулахын тулд нийгмийн даатгалын хуримтлалаас сох дутсан 2-3 их наяд төгрөгийг эргүүлэн бий болгож, хөрөнгийн зах зээл, арилжааны банкаар дамжуулан эргэлдүүлэх ёстой. Тэгж байж банкуудын томрох эх үүсвэр тавигдаж, урт хугацаатай, бага хүүтэй зээл олгох анхны эхлэлийг тавина. НД-ын хөрөнгө засгийн мэдэлд байдаг шүү дээ. Засгийн газар, УИХ, иргэд хамтраад хийх ёстой л доо.
-Төрийн банкийг нэг хэсэг хувьчилна гэж ярьж байгаад чимээгүй болчихлоо. Ер нь, төр банктай байх нь зөв үү?
-Монголын банкуудын холбооны гишүүний хувьд төрийн эсвэл хувийн байна уу гэдэг нь хамаагүй. Бид аль ч банкинд хүндэтгэлтэй ханддаг. Гэхдээ нэг банк бусдаасаа давуу эрх эдлэхийн эсрэг байдаг. Төрийн банкны хувьд Сангийн яам, Төрийн өмчийн байгууллагад хамаардаг учраас хадгаламж авах ёсгүй. Учир нь, банкны цаана төр байгаа учраас давуу талаа ашиглаад хувийн банкуудтай хадгаламжаар өрсөлдөх нь шударга бус. Нөгөөтэйгүүр, төрийн өм­чинд банк байх нь маш зохимжгүй гэ­дэг нь өнгөрсөн 20 жилийн турш­лагад харагдсан. Сэргээн босголт гэж төрийн мэдэлд байсан банк дампуурсан. Удирдлага нь төрөөс то­ми­логддог. Яг энэ банктай адилхан үүсгэн байгуулагдсан Хадгаламж банкнаас найман жилийн дараа 4 тэр­бум төгрөг сох дутсан. Энэ мэт таа­гүй жишээ олон бий. Тэгэхээр Төрийн банк яаралтай хувьчлагдах ёстой. Тэгэхгүй бол зах зээлд га­жуудал үүсгэж байна. Банк жирийн компаниудыг бодвол хамаагүй давуу эрх эдэлсэн байгууллага шүү дээ. Нийт хүн амтай харьцах эрхээр хангагдсан. Ийм онцгой эрхтэй байгууллага онцгой үүрэгтэй байж ард иргэдийн мөнгөн хөрөнгийг аюулгүй авч явж байх ёстой. Онцгой эрх гэдэг нь засаглал зөв байх ёстой. Энэ онцгой эрх үүрэгт бүтэц нь нийцэхгүй байгаа юм.
-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг зөвхөн Төрийн банкинд даалгасан нь үүний жишээ болох уу?
-Улс төрийн даалгавар болчихож байгаа юм. Хүчээр даалгадаг. 1990 онд хүчээр зээл олгуулдгийг захир­гаадалтын зээл гэдэг байсан юм. Хуучин ХАА-н  банкыг захиргаадалтын зээл өгснөөс үүд хаалга барихад тулсан шүү дээ. Энэ зээл сэргэж байна гэж хэлж болно. Хүний ой ухаан их богинохон. Өмнө нь  болохгүй гэж мэдэж байсан юм аа  мартаад ахиад хийгээд эхэлдэг. Засгийн газар биенесийн үйл ажиллагаанд хэтэрхий их хутгалдвал аюултай гэдгийг сайн санаж явах хэрэгтэй.
-Төв банкны удирдлага солигд­лоо. Хэрэгжүүлж байгаа бодлого нь банкуудад хэр таатай орчин бүрдүүлж байна вэ?
-Монголбанкны шинэ удирдлага ирснээс хойш зарчмын нэг шинэ өөрчлөлт гарсан. Бидний байнга ярьдаг байсан нийлүүлэлтийн бодлогыг анхаарч эхэлсэн. Өмнө нь зөвхөн эрэлт талын бодлогыг анхаараад инфляцтай тэмцэх ганц арга мөнгөний нийлүүлэлттэй тэмцэх гэж үздэг байсан. Инфляцыг үүсгэж байгаа барааны хомсдлыг анхаардаггүй, манайд хамааралгүй гэдэг бодлогыг үндсээр нь өөрчилсөн. Гэхдээ нийлүүлэлтийн талыг нэмэгдүүлэхдээ боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь их чухал. Тухайлбал, малчдын гар дээр бэлэн мөнгө тавиад нөөцийн мах бэлтгэх нь тийм ч оновчтой зүйл биш. Энэ нь эргээд бараа, бүтээгдэхүүн болон Улаанбаатар, Дарханы орон сууцны үнийг нэмэгдүүлнэ. Нийлүүлэлтээ их анхаарах хэрэгтэй.
-Инфляцыг яаж тогтвортой барих вэ. Тийм боломж байна уу?
-Монголчууд өөрсдөө бий болгож байгаа шүү дээ. Хэн  нэгэн Хятад, Оросоос ирээд бий болгоогүй. Сар, Марсаас харь гаригийн хүн ирээд бий болгочихоогүй. Монгол Улсын нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, бодлого тогтоогч  нарын уялдаа холбоогүйгээс үүсч байна. Гадаадын улс орнууд  2-3 хувийн инфляцтай яваад болдог, Монголынх яагаад хоёр оронтой тоонд байдаг юм. Бидний урагшгүй үйл ажиллагаанаас болж байгаа юм. Наад зах нь бэлэн мөнгө тарааж болохгүй юм байна гэж ойлгосон мөртлөө тараагаад байдаг. Эцсийн дүндээ инфляц нэмэгдэж л байгаа биз дээ. Ахар богино хугацааны сонирхол давамгайлснаас буруу шийдвэр гаргаж байгаа байхгүй юу. Ингээд бүгдээрээ хохирдог. Ялангуяа, бага орлоготой хүмүүс. Чинээлэг хүмүүст нөлөөлөхгүй, мэдрэгдэх ч үгүй шүү дээ.
-Сангийн яамтай банкууд шүүхдэлцэж байгаа гэж сонссон?
-2008 онд төрөөс хадгаламжинд батлан даалт гаргасан. Хямрал болж байсан учраас эл бодлогыг хэрэгжүүлснээр банкны салбарыг тогтворжуулахад их үүрэг гүйцэтгэсэн. Гэтэл 2010 онд баталгаа гаргасныхаа дараа банкуудаас шимтгэл авна гэж хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм байна. Тэр нэмэлт, өөрчлөлт орсныг банкууд огт мэдээгүй. Гэтэл энэ онд өнгөрсөн гурван жилийн шимтгэлийг авна гээд Сангийн яамнаас албан бичиг ороод ирсэн. Банкууд төлөхөд бэлэн ч гол нь хууль гарснаас хойш гурван жилийн дараа гэв гэнэт яагаад авах гэж байгаа юм бэ гэдэг сонин. Хоёрт, банкуудын жилийн санхүүгийн тайлан баланс олон улсын аудитын байгууллагаар шалгагдаад дотоод, гадаадын харилцагчдад хүргүүлчихсэн байгаа. Өнгөрсөн 2-3 жилийн шимтгэлийг авна гэхээр баталгаажсан тайлан балансад өөрч­лөлт орно. Өөрчлөлт орохоор итгэл эвдсэн асуудал үүсч, худал санхүүгийн тайлан өгсөн болно. Банк итгэл дээр тогтсон байгууллага учраас Монголын банкны системд асар их хохирол учруулахаар шийдвэр гарсан. Тэгэхээр төр, хувийн хэвшлийн уялдаа холбоо маш муу байгаагийн жишээ энэ. Зүй нь 2010 онд хууль гарсан бол тухайн жилдээ шимтгэл авах журам нь гараад банкуудад мэдэгдсэн бол асуудалгүй. Гэтэл гэнэт ийм зүйл болно гэдэг харамсалтай. Одоо тэгээд банкууд, Сангийн яамтай шүүхдээд явж байна. Үнэндээ монголчууд өөрсдөө асуудал тарьдаг юм шүү дээ.
-Банкууд барьцаанд хураагд­сан бараагаа борлуулан алдагдлаа бүрэн нөхөж чадахгүй байгаа гэж үнэн үү?
-Тийм. Барьцаанд тавьсан хөрөн­гийг хураахад таван жил зарцуулж байна. Зээл маань хадгаламж эзэм­шигчийн мөнгө шүү дээ. Банк зууч­лагч нь мөн боловч эцэстээ хад­галамж эзэмшигч хохирдог. Тэр мөнгө эргэлтэд орж, ашиг олж чадах­гүй банкны төлбөрийг сулруулж бай­на. Банк эрсдэлд орно гэхээр хад­галамж эзэмшигчийн мөнгийг эрсдэлд оруулж байна гэсэн үг. Тэгэ­хээр хууль тогтоогчид шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг боловсронгуй болгож, шийдвэрийг нь түргэн гүй­цэт­гэдэг  байхгүй бол нүдэнд үл үзэг­дэх хохирол нэмэгдээд байна. Са­хилга батгүй, зарчимгүй зээлдэгч олшроод хөрөнгөө хураалгахгүй гэж төрөл бүрийн аргаар гүрийгээд өөрийнхөө амин эрх ашгийн төлөө улс орон, хадгаламж эзэмшигчдийг хохироож байна.

Т.Оюунбаяр

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Төрийн банкны 2 жил ажиилаж олсон ашгийг Төр чухам юу хийсэн бол.Банк 4 тэр бумын ашигтай ажилласан гэж сурталчилгаа хийж байсан.Энэ талаар банкны удирдлагууд мэдээлэл өгөхгүй юм байх даа
Улсын юмыг хувьчлаад дандаа л ард түмэнд ашиггүй, хувь хүний хөрөнгө болдог. Жишээ нь Циркийг хувьчлаад өнөөдөр хүүхдүүд нэг ч цирк үзэж чадахгүй харин Асашёру л хөлжсөн, Ард кино театрыг хувьчлаад ардын хүүхэд тэнд орох эрхгүй болж Сосорбарам түүнийг банкинд түрээслэн бондойсон бол Ард, Даатгал банкийг АН-хан аваад Голомт банк болгоод ард түмнийг хүүлж байгаа. Ер нь Монголын банкнууд өндөр хүүтэй зээл олгож ард түмнээ хүүлдэг. Ийм банкнуудаар яах юм. Тэгэхээр энэ бүх банкуудыг татан буулгах хэрэгтэй. Бүгдийг улсын болго. Гэтэл дахиад нэг ард түмэнд ашиггүй хувийн банк байгуулах гэж гэнэ. Одоо бас МИАТ ашиггүй, Эрдэнэт ашиггүй гээд л ард түмний өмчийг хувьдаа авах гэсэн ноход хуцаад байх болж.
Төрийн банкыг эртхэн хувьчлахгүй бол хэдэн ажилчдынхаа ажиллаж олсон ашгийг хуваагаад идсэн сурагтай байсан.
Төрийн банкийг хувьчлах хэрэгтэй.
Хамгийн их уншсан