Хэдхэн хоногийн өмнө шатахууны үнэ нэмэх сургаар Монгол даяар л нэг хэсэг шуугиад авлаа. Төрөөс 120 сая ам.долларын хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгох замаар тэтгэлэг үзүүлсний хүчинд үнэ нэмэгдсэнгүй. Өөрөөр хэлбэл төр дотоодын зах зээл дээрх шатахууны үнэ тогтооход шууд оролцож, импортлогчдоо дэмжин тэтгэлэг олголоо гэсэн үг. Төрөөс шатахууны үнийг энэ мэтээр удаа дараалан арга хэмжээ, тэтгэлэг олгосны хүчинд өсөхөөс сэргийлж байгаа. Ингэж төрийн шууд оролцоо заавал байх шаардлагатай гэсэн бодлыг олон нийтэд ойлгуулдаг хэд хэдэн гол төөрөгдөл байдаг гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хамгийн нэгдүгээрт нь газрын тос боловсруулалтын бүтээгдэхүүн, түүний дотор шатахууны үнэ өсөх нь инфляц нэмэгдэхэд хүргэдэг гэх. Үнэхээр безиний үнийн өсөлт нь инфляцад нөлөөлдөг. Гэтэл цор ганцаар инфляцыг хөөрөгдөөд байдаг цорын ганц хүчин зүйл биш юм. Инфляц нэмэгдэхэд асар олон тооны хүчин зүйл нөлөөлж байдаг. Жишээлэхэд, Венесуэл нь 1998 оноос хойш бензинийнхээ үнийг нэмээгүй яваа атал инфляц нь жилдээ 15-30 хувь байх юм.
Үр дүнд нь литр бензиний үнэ Венесуэлд литр цэвэр ус, эсвэл литр сүүнээс ч хямд. Нөгөө талаас шатахууны үнийг төрөөс зохицуулдаггүй АНУ, Европын холбооны улсуудад бензиний үнэ үе үе огцом нэмэгддэг ч инфляцын төвшин бага, таван хувь орчим байна.
2010 онд АНУ-д шатахууны жижиглэнгийн дундаж үнэ 30 хувь орчим өссөн ч инфляц нь ердөө хоёр хувьтай байжээ. Үүний дээр төрөөс байнга шатахууны үнийг хямд байлгах гэж тэтгэлэг, татварын хөнгөлөлт үзүүлэх нь Төсвийн алдагдал нэмэгдэх нэг чухал хүчин зүйл. Тиймээс Энэтхэг, Индонез, Иран зэрэг улсуудад нь үнийн асуудалд оролцохоос аажмаар татгалзах бодлого баримтлаад эхэлчихсэн. АНУ, Япон, Европын холбооны улсууд төрийн зүгээс шатахууны үнийн өөрчлөлтөд бүр 80-90-ээд оноос оролцохоо байсан. Гэтэл манайд дэлхийн жишиг гэж цээжээ дэлдэх улстөрчид олшорсон ч өнөөг хүртэл дэлхий нийтийн жишгээс олон жилээр хоцрогдсон эдийн засагт ашигггүй бодлогыг олон жилийн турш идэвхтэй бөөцийлөөд яваа нь харамсалтай. Шатахууны үнэ өндөр байх нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө шүү дээ гэх бас нэг шалтгаан гарч ирэх нь зүйн хэрэг.
Гэтэл дэлхийд бензиний үнэ хамгийн өндөр орнуудын нэг Туркийн эдийн засгийн өсөлт нь газрын тосны үнэ огцом өсөөд байсан 2010 онд 7.8 хувь байсан байх юм. Гэтэл яг энэ онд хамгийн хямд бензинтэй Венесуэлийн эдийн засаг 2.1 хувиар унаж. Манайх шиг өөрөө шатахуун үйлдвэрлэдэггүй улсад бол мэдээж өндөр үнэ сөрөг нөлөө үзүүлнэ.
Харин энэ бол төрийн зүгээс нэг улс, нэг компаниас хамааралтай байхыг зогсоох, шатахуун экспортлогчдын дунд өрсөлдөөн бий болгох, өөрөө шатахуун үйлдвэрлэдэг болох, био дизель гэх мэт өөр эх үүсвэрийн шатахууны үйлдвэрлэлд онцгой анхаарал тавих зэрэг бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай боллоо л гэсэн үг.
Таван жилийн өмнө буюу 2007 онд манай хойд хөршийн Кемерово мужийн Яя тосгонд жилдээ 1 сая тонн өндөр октантай шатахуун үйлдвэрлэх үйлдвэр барихад 300 сая орчим долларын хөрөнгө оруулалт хийгээд бариад эхэлчихсэн. Манай улсын шатахууны хэрэгцээ жилдээ нэг сая орчим тонн гэдэг. Хэдэн өдрийн өмнө хэдий хэмжээний мөнгийг хөнгөлттэй зээл хэлбэрээр олгосон тухай дээр дурдсан.
Шатахууны үнэ нэг нэмэгдэхээр л хөнгөлттэй зээл өгч, эсвэл татвараас чөлөөлөн хэдэн сар үнийг догуур барьсан болох нь алсдаа явуургүй. Цаашдаа дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ тогтмол нэмэгдэх хандлагатай байгаа. Тэгэхээр тухай бүрт үнэ нэмэгдэхээр төр нь дандаа хөнгөлттэй зээл өгөөд, эсвэл татвараас чөлөөлөөд байх уу. Тэгэхээр шатахуун импортлогч компаниудыг өөрийн хөрөнгөөр шатахуун боловсруулах үйлдвэр барьвал татварын хөнгөлөлт, хөнгөлттэй зээл өгөх арга хэмжээ авах гэх мэт илүү алсын хараатай бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байх.
Өөрөө газрын тос олборлодог л бол бензиний үнэ заавал хямд байна гэсэн бас нэгэн төөрөгдөл байдаг. Гэтэл дэлхийн хэмжээнд газрын тос олборлогч хамгийн том хоёр улс болох Саудын Араб ба ОХУ-ын дотоодын хэрэгцээ нь бараг адилхан, ойролцоогоор 25 хувь байлаг. Саудын Арабд бензин литр нь 16 цент, ОХУ-д 95 цент байна. Төрийн зүгээс бодлогын чанартайгаар дотоод дахь бензиний үнийг хямд барьдаг 14 улс байна. Туркмен - литр нь хоёр цент, Венесуэл - гурван цент, Иран - есөн цент гэх мэт. Гэтэл энэ 14 орон бүгд хаант, эсвэл авторитар засаглалтай. Ард түмнээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг байнга цагдаж, хорьж байдаг. Иймдээ ч шатахууны үнийг хямд барих замаар иргэдийнхээ орлого доошлохоос хамгаалах, бизнес эрхлэхийг нь дэмжиж бослого үймээн дэгдээхээс сэргийлж байдаг газрын тос олборлогч орнууд гэж мэргэжилтнүүд үздэг.
Тэгэхээр бензиний үнийн өсөлтөд хамгийн ихээр нөлөөлж байгаа зүйл газрын тос олборлодог, шатахуун боловсруулах үйлдвэрлтэй эсэх нь гол биш харин тухайн улсын төрөөс явуулж байгаа бодлого, улс төрийн тогтолцоо, эдийн засгийн онцлого, хүн амын, өөрөөр хэлбэл сонгогчдын хүлээлт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна гэвэл хэтрүүлэг болохгүй биз.
Иймд шатахуун нийлүүлэхтэй холбоотой бүх гэрээ, хэлэлцээрийг олон нийтэд ил, тод болгоё. Нууцлал бага байх тусам хардалт, үл итгэсэн байдал бага.
Хувийн бизнесийн салбарыг төрөөс хамааралгүй өөрийгөө аваад явах чадвартай хэмжээнд хүргэхэд тус болох тэтгэлэг үзүүлье.
Уншигч та өнөөдрийн байдлаар Азийн улсууд дахь шатахууны дундаж үнийг зураг дээрээс сонирхоорой.