Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.ЧУЛУУН: ТАВДУГААР СТАНЦЫГ БАГАНУУРТ БАРЬСАН БОЛ ДЭЭР БАЙСАН ДАА

Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Чулуунтай ярилцлаа. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш дөрвөн сарын нүүр үзлээ. Яамны зүгээс ялангуяа,  ногоон хөгжлийн ямар бодлогуудыг цаашдаа хэрэгжүүлэхээр зорьж буйг сонирхсон юм.

-Байгаль орчны яам ногоон хөгжлөөр хачир нэмж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.  Таны албан тушаал ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга учраас ярилцлага авахаар зорьсон юм л даа. Эхлээд таны ажил мэргэжлийн туршлагыг сонирхвол?

-Москвагийн их сургуульд доктор хамгаалснаас хойш АНУ-ын Колорида их сургуулийн байгалийн нөөц экологийн лабораторт  эко систем судлаачаар 10 гаруй жил ажилласан. Энэ хугацаанд докторын дараахь сургалтуудад хамрагдаж, дэд профессорын зэрэг хамгаалсан.
Америк болон Монголын хээрийн болон  бэлчээрийн экосистемийн  томоохон судалгааг хийсэн. Мөн дэлхийн тогтолцооны судалгаанд оролцсон. Өөрийн олж авсан сурч мэдсэн бүхнээ Монголдоо нэвтрүүлье гэж бодоод 2002 онд эх орондоо ирж МУИС-д багшлах болсон. Монголын бүх аймаг сум, бүс нутаг, Ази номхон далайн бүсийн хэмжээнд олон судалгаа хийсэн дээ. Хүний хөгжлийн индекс зөвхөн нийгэм, эдийн засгийн үзүүлэлт ордог. Энэхүү үзүүлэлтэд нэмж байгаль орчны үзүүлэлтийг оруулж байж тогтвортой  болох юм гэдэг санааг дэвшүүлсэн нийтлэл маань дэлхийн хамгийн том шинжлэх ухааны сэтгүүл болох “Science nature”-д хэвлэгдсэн.
-Тэгэхээр экосистемийн судлаач доктор маань төрийн ажилд дарагдаад нэг хэсэгтээ л завсарлага авах нь уу эсвэл бүр илүү их судалгааг хийх болов уу?
-Тивийн нэлээд хэд, хэдэн судалгаа байгаа. Шинжлэх ухааны байгууллагын Ази, номхон далайн хорооны гишүүн гэхчлэн тивийн хэмжээнд хэд, хэдэн үүрэгт ажил бий. Одоогоор гэхэд “Ирээдүйн дэлхий” гэсэн 10 жилийн тогтвортой судалгааг Ази, номхон далайн хэмжээнд хөгжүүлэх асуудалд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. Монголын ирээдүйн тогтвортой байдлыг дэлхийн төвшинд судлах судалгааг хийж байгаа.  
-Яамны зүгээс энэ талаар хэрэгжүүлэх эхний бодлого юу вэ?
-Шинэчлэлийн Засгийн газар ногоон хөгжлийн арай өөр нөхцөл байдлаар хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Ногоон хөгжлийн суурийг тавьж, ногоон соёл иргэншил, хөгжлийн загваруудыг бий болгохоор ажиллаж байна. Ногоон соёл иргэншил хөтөлбөрийн боловсруулахаар шамдаж байгаа. Хаврын чуулганаар өргөн бариад батлуулчих болов уу.
Тэгэхээр хамгийн том ажлын гараа маань энэ хөтөлбөр байна даа. Баруун аймгуудын нэлээд том газар нутгийг дэлхийн байгалийн өвд бүртгүүлэхээр зорьж байна. Нүүдлийн соёлыг дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр төлөвлөсөн. Увс нуурын сав газар дэлхийн байгалийн өвд багтдаг бол Орхоны хөндий соёлынх хамрагддаг. Байгалийн өвд багтахуйц газар нутгуудаа уул уурхайн нөлөөнөөс хамгаалж баймаар байна.
-Төрийн болон төрийн бус байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллана гэдэг үнэхээр хэцүү юм шиг. Усны хувьд гэхэд л Усны газар, Ус сувгийн удирдах газар, Усны зөвлөл гээд гурван тусдаа бие даасан том бодлого байх жишээтэй. Цаашдаа энэ мэт олон газрыг яаж нэгдсэн бодлогоор зангидаж зохион байгуулалтад оруулж ажиллах вэ?
-100 хувь санал нэг байна. Байгуулагдаад удаагүй ч төрийн байгууллагуудын уялдаа холбоо үнэхээр хангалтгүй ажиллаж ирснийг мэдэрч л байгаа.  Яах аргагүй хамгийн том тулгамдсан асуудал учраас дөрвөн жилийн хугацаанд хамтарч ажиллах механизм аа сайжруулж бэхжүүлэх болно. Үүний эхлэл нь ч тавигдаж байгаа. Ерөнхий сайдаар ахлуулсан тогтвортой хөгжлийн үндэсний хороо байгуулагдсан. Хоёр дэд даргаар нь манай яамны сайд Оюун, Эдийн засгийн хөгжлийн сайд Батбаяр гээд олон яамны төлөөллөөс бүрдсэн. Энэ утгаараа өнөөх механизмын эхлэл тавигдаж байгаа гэсэн үг.  
-Таны хийсэн ажлуудаас бэлчээрийн талаархи судалгаа анхаарал татаж байна. Уул уурхай, цөлжилт хүрээгээ тэлж малын тоо ч жилээс жилд нэмэгдсээр байгаа. Бэлчээрийн даац ер нь ямар байдалтай байна вэ?
-Судалгааг мал аж ахуй, ган зудны давтамж, бэлчээрийн даац, талхалт ямар төвшинд зэрэг үнэлгээгээр хийсэн. Ерөнхийдөө зах зээлд шилжсэнээс хойш экологийн эмзэг байдалд шилжиж, бэлчээрийн талбай шинэ төвшинд гарч ирсэн. Бэлчээрийн мал аж ахуй байгалийн бүс нутгаас шалтгаалан өөр, өөр нөхцөл байдалд байгаа. Малчдын амьдрал, бэлчээрийн даац, цөлжилт гээд үнэхээр чамлалттай үр дүнтэй гарсан. Үүнээс шалтгаалаад экологийн нөхцлөөс шалтгаалан бүс бүрт өөр бодлого явуулах шаардлага гарч ирж байгаа юм. Жишээ нь, уул уурхай, хот суурин газраас хол бүс нутагт уламжлалаа дагаж мөрддөг ч хөгжүүлэх бодлого барих шаардлагатай.
-Уул уурхайн компаниуд­ын хийж буй нөхөн сэргээлтэд экосистемийн судлаач хүний хувьд үнэлэлт вэ?
-“Нинжа” нарын эвдэж сүйтгэсэн газруудын нүдээр үзчихээд ёстой л зүрх шимшрэх шиг болсон. “Нинжа” нарыг ингээд цаашдаа хараад байж болохгүй. Үүнийг зогсоох цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Уул уурхайн нөхөн сэргээлтийг өмнө нь хоёр төрлийн үнэлгээгээр авдаг байсан. Үүнийг шинэ хуулиар дөрвөн төрлийн үнэлгээг нөхөн сэргээлт өгөхөөр болсон. Үнэлгээний компаниудад тавьдаг шаардлага шалгуурт өндөр босго тогтоосон.
Томоохон хэмжээний үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол стратегийн үнэлгээ хийдэг болохоор хуулийн заалт оруулсан. Нөхөн сэргээлт хийх мөнгөө эхэлж банкинд байршуулж, үнэхээр шилдэг хийж чадвал мөнгөө эргүүлэн авахаар зарчмын өөрчлөлтүүд орсон.  Байгаль орчны багц хуулиуд батлагдчихсан, одоо дүрэм журмаа нарийн сайн цэгцэлчихвэл шинэчлэл, эрс өөрчлөлт хийгдэх боломжтой.  
-Та уул уурхайн нөхөн сэргээлтийн үнэлгээнд хариулт өгсөнгүй?
-АНУ-д би уул уурхайн компаниудын хийсэн нөхөн сэргээлтийг үзэж сонирхож байсан л даа. Монголын тавьж буй шаардлагуудаас эрс тэс өөр гэх үү дээ. Ургамлын ургац, экосистемийг зохих төвшинд  өмнө нь ямар байсан тэр хэмжээнд заавал хүргэ. Тэр битгий хэл, биологи, ургамлын төрөл зүйл урьд нь ямар хэмжээнд байсан ядаж 50 хувьд хүргэ гэдэг нарийн шалгуур тавьдаг. Үүний хажууд Монголын уул уурхайн компаниудын нөхөн сэргээлтийн хувьд юун ийм төвшинд яригдах манатай. Голын ай савын дагуу уул уурхайн компаниудын үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон урт нэртэй хууль бол хамгийн оновчтой зөв амин судас болсон хууль батлагдсан даа. Усгүй болчихсон цагт алт уух юм уу, нүүрс уух уу. Ус бол яах аргагүй нандин эрдэнэ. Ялангуяа, Монгол орон хуурай бүс нутагт оршдог, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас усны асуудал улам хүндэрнэ. Уул уурхайн компаниудаас нөхөн төлбөр авах талаар яриад л байгаа. Шинэ дүрэм журмаар экосистемд учруулсан хор хөнөөлийг нь тогтоож байж торгууль тавьдаг байх хэрэгтэй.
-Зуны улиралд мартаад өвөлдөө гэнэтхэн санадаг утаа маань хотыг нэгэнтээ бүрхээд эхэлчихлээ. Агаарын бохирдлыг бууруулах талаар домог болтол нь ярьж аргацаасан арга хэмжээнүүд л баахан сунжирлаа. Шинэхэн яамнаас ямар шинэлэг санаа байгаа бол?
-Системтэй хандах шаардлага тулгарч байгаа. Шинэчлэлийн Засгийн газар хүн төвтэй түүндээ чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар амласан. Монгол хүн бүр аюулгүй орчинд амьдрах ёстой учраас энэ талаар арга хэмжээ авахаас өөр аргагүй. Тавдугаар цахилгаан станц барих цаг хугацаа нэгэнт тулчихсан хэдий ч Багануурт сүндэрлүүлэх шийдвэр гаргачихвал дэвшилтэй байсан юм даа.
-Баянзүрхийн товчооны цаахна талд Ургах наран хорооллын эсрэг талд барих гээд бараг тогтчихсон юм биш үү?
-Харин тийм шийдвэр гаргачих шиг л боллоо. Яах аргагүй тулгамдчихсан учраас ийм шийдэлд хүрчихэв үү дээ.  Олон өнцгөөр, цогцоор нь харсан бол Багануурт баривал их зүгээр байсан юм. Яам болгон өөр, өөрийн өнцгөөс харсан байх. Ногоон хөгжлийн яамны бодлогын газрын харж буй өнцгөөр олон гамшиг Улаанбаатарт нүүрлээд байгаа юм. Байгаль, ус, экосистемийн даацанд тохируулж хотын хөгжлийн төлөвлөгөө байх ёстой. Баянзүрхийн товчоонд барилаа гэхэд Багануураас нүүрсээ тээвэрлэж эхэлнэ. Хэчнээн тонн нүүрс тээвэрлэх вэ бодоод үз дээ.
30, 40 жил болсон дулааны шугам нь ачааллаа дийлэх үү. 500 мянган хүн амын даацтай төлөвлөгдсөн нийслэл өнөөдөр ямар байдалд орчихоод байна. Дараа, дараагийн дагуул хотоо хөгжүүлэхийн тулд зарим бүтээн байгуулалтаа ойролцоохь суурингуудад төлөвлөж барих хэрэгтэй. Энгийн мөртлөө нэг чухал том үг байдаг л даа. Том ангал дээгүүр хоёр жижиг алхам хийж гарах аргагүй гээд. Ус, эрчим хүч, дулаан, агаарын бохирдол, хүний төвлөрсөн байдал, нийтийн тээврийн бөөгнөрсөн байдал гээд том ангал үүсчихээд айдастай л байна.  Том ангал дээгүүр зоригтой том алхмууд хиймээр байна. 120 мянган байсан өрхийн тоо 180 мянгад хүрлээ. Тавдугаар цахилгаан станцаа дагаад дахиад л орон сууц нэмэгдэж, хүн ам өснө шүү дээ.  
-Утаатай, утаагүй зуух төслүүд ер нь цаашдаа хэрэгжээд л байх нь зөв үү?
-2006 онд гэр хорооллын утааг бууруулах зорилгоор Мянганы сорилтын санд нэгэн төслийг гардан бичиж өгсөн л дөө. Тухайн үед би барилга хот байгуулалтын яаманд ажиллаж байсан. Агаарын бохирдол нэг сая гаруй хүний эрүүл мэндэд зэрэг нөлөөлж буй учраас яах аргагүй тулгамдаж буй асуудал. Амьжиргааны төвшин доогуур 60 мянган айлд зуух тарааж өгөх төсөл бичсэн ч тухайн үед нэг л явж өгөөгүй. Тэгэхээр нь ядуурал, агаарын бохирдлыг бууруулах гэсэн хоёр логиктой ядуу айлуудад 100 ам.долларын халаагуур өгье гэсэн. 60 мянган ядуу өрхөд ийм халаагуур тараахад зургаан сая ам.долларын төсөл шүү дээ.
Тэгсэн атлаа сайжруулсан зуух төсөл нь хэрэгжээд л эхэлчихлээ. Гэхдээ яг ядуу айл өрхүүд авч чадсан эсэх судалгаа тоо баримт алга л даа. Энгийн боловч энэ бол чухал л асуудал. Ядуу айлуудад цахилгаан халаагуурыг цогцоор тавьчихаж яагаад болохгүй гэж.  

У.Бадамцэцэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан