Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.БАТЖАРГАЛ: ӨЛСЧ, ЯДАРСАН АРД ТҮМЭН АЖИЛЛАЖ, ХӨГЖИЖ ЧАДДАГ

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн захирал, эдийн засгийн ухааны /Ph.D/ доктор Д.Батжаргалтай Монголын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар ярилцлаа.
 
-Манай урд хөршийн эдийн засгийг ирэх жил хямарч мэдэх нь гэх яриа гарах боллоо. Тэгвэл экспортын бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг бүрдүүлдэг манай улсын эдийн засаг хүнд байдалд орох нь дээ?
-Хятадын эдийн засаг хямраад, Орос нефтийн бүтээгдэхүүнээрээ чангалбал манай эдийн засаг хүнд байдалд орно. Сүүлийн 20 жилд манай улсын эдийн засаг яг л ийм бүтэцтэй явж ирлээ. Өмнө  нь ч гэсэн Монгол Улсыг хуучнаар ЗХУ-ын түүхий эдийн бааз гэж нэрлэж байсан.
Ер нь, том гүрнүүд баялаг ихтэй жижиг улсыг ийм байлгах сонирхолтой байдаг юм. Өөрөөр хэлбэл, Монголоос түүхий эдээ хямд үнээр хангаж байхыг урд хөрш сонирхоно гэсэн үг. Бид энэ янзаараа байвал тэдний үгэнд орж, хямд үнээр баялгаа зарахаас өөр аргагүй.
Одоогийн байдлаар Хятадын экспорт, эдийн засгийн өсөлт буурснаас манай түүхий эдийн эрэлт, үнэ буурч орлого багаслаа. Үүнээс болоод манай эдийн засаг хямрах дээрээ туллаа. Магадгүй, үүний цаана зориуд чангалах гэсэн арга ч байхыг  үгүйсгэхгүй.   Эрсдэлийг  зориуд бий болгодог эдийн засгийн арга байдаг. Манайд хамгийн ойрын жишээ гэвэл нефтийн бүтээгдэхүүн импортлогчид  шатахуунаа зарахгүй зогсоочихлоо. Тэгэхээр эрэлт бий болно биз дээ. Тэгээд аргагүйн эрхэнд өндөр үнийг зөвшөөрнө.
Үүнтэй адил Хятад нүүрс авахгүй гэвэл манай эдийн засаг яах вэ. Тэдний аманд орж хямдхан үнээр зарна шүү дээ. Өнөөдөр бид ийм байдалтай л сууж байгаа юм.
Тэгэхээр монголчууд эдийн засгийн хувьд бусдаас хараат, тусгаар тогтнож чадаагүй нь сул тал байх нь ээ?
-Эдийн засгийн аюулгүй байдал, өөрийгөө хамгаалах дархлаатай болно гэдэг манай улсын  чухал асуудал. Үүнийг одоо шинэ төр засаг хийгээсэй. Энэ нь юу гэвэл, бид хоёр хөршөөсөө гадна хөгжингүй орнуудад үндэсний брэндээ  нийлүүлэх  ёстой. Би үүнийг  Монголын унаган байгалиас гарсан эрүүл бүтээгдэхүүнээ экспортлох нь зөв шийдэл гэж боддог. Энэ нь монголчуудад ойр зүйл байх хэрэгтэй. Жишээлбэл, хөдөө аж ахуй манай гол баялаг. Үүнээс Монголын төрөл бүрийн брэнд  гарна шүү дээ. Гэхдээ маш өндөр технологи нэвтрүүлж хөгжүүлэх  ёстой. Ингэж чадвал эдийн засгийн хямрал гээч зүйл манайд нүүрлэхгүй.  Яагаад гэвэл, тэр эрүүл бүтээгдэхүүнийг хамгийн өндөр орлоготой хүмүүс хэрэглэдэг болно. Тэд эдийн засаг хямралаа гээд худалдаж авахаа болихгүй. Үнэ ханшийг нь ч тоохгүй. Ийм худалдан авагч дэлхий даяар байгаа. Харин түүхий эдээ их хэмжээгээр зарсаар байвал бид цааш хөгжихгүй. Мөчлөг дагаж хямарч, амьдардаг орон болж хувирна.  
-Сүүлийн үед уул уурхай манай мөнгө олох ганц арга. Ашигт малтмалаа зарж амьдарлаа залгуулна гэж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Тийм. Уул уурхайгаас олж буй орлогоо зөв хувиарлах асуудал чухал. Сүүлийн хэдэн жил манайхан энэ орлогоо албан тушаал худалдаж авах, халамжинд зарсан. Энэ нь элсэнд ус асгаж байгаатай адил шингээд ямар ч тэжээлгүй өнгөрч байгаа юм.
Тиймээс энэ орлогоо халамжинд бус үндэсний үйлдвэрлэлд зарцуулах нь зөв гарц гэдгийг хэн, хэн нь ойлгох ёстой. Монголчууд газрын баялгийн эхний орлогоо үрэн таран хийх зохисгүй замыг сонгосон нь харамсалтай. Цаашдаа энэ замаар явбал  “Баялгийн хараал, Голланд өвчин” тусна гэсэн үг.  Одоо эхний шинж тэмдэг илрээд манай эдийн засаг хүнд байдалд орж байна шүү дээ.  
-Дэлхийн эдийн засгийн лагшин тааруу гэж хүн бүр мэдэж буй. Хэдий хугацаанд сэргэх төлөв байна вэ?  
-Ялангуяа, Европын холбооны хувьд байдал хүндрэх тал нь илүү жин дарж байна. Гэхдээ эдийн засаг хүндэрлээ гээд аливаа зүйл сөнөөд алга болдоггүй. Тодорхой хугацааны дараа эргээд сэргэдэг. Манайхан эдийн засаг хямраад дэлхий сүйрэх юм шиг ойлгоод байх юм, тийм биш шүү дээ.
 Аль ч улс орны эдийн засаг өсөлт, уналтын үе шат туулдаг. Уналт саарсан үеэ эдийн засгийн хямрал гэж нэрлэдэг. Тэр нь олон улсыг  хямрахаараа хурдаа нэмдэг асуудал. Энэ хямралын үед бид юу хийх ёстой вэ гээд өөрөөсөө асуугаад үз.  Бид суралцах, ухаарах хэрэгтэй. Юу хийх  ёстой  вэ гэдгээ ойлгох нь чухал.
-Төсвийн орлого бүрдэхгүй байна. Бид эдийн засгаа яаж аврах ёстой вэ?
-Орон нутгийн сонгууль одоо болох гэж байна. Бид их сонин ард түмэн. Сонгууль болохоор л бие биедээ  хайртай болдог. Тэгээд хангамж үзүүлэхээ урьтал болгодог. Үүнийгээ зогсоох хэрэгтэй. Нэг жил тэсчих. Мөнгөтэй болохоороо хайрлаж болно.  Улс орон өөрийн эдийн засаг, хараат бус байдлаа арилгах хэрэгтэй биз дээ. Чухамдаа  ядаж л эрчим хүч, шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэж сур л даа. Бие биенээ загнаад суух юм. Монголчууд өлмөн зэлмэн амьдарч нэг үзэх хэрэгтэй. Бид ийм амьдрал туулж үзээгүй учир зовлон даах чадваргүй болж. Дэлхийд өнөөдөр хөгжсөн улс орон дандаа гүн гүнзгий хямрал,  өлсгөлөн, гуйланчлал, гамшиг туулсан ард түмэн байдаг. Монголчууд өнөөдөр тарган цатгалан дандаа халамж нэхдэг болчихож.  Нэг ёсондоо амьдрал үзэж, хат суусан ард түмэн хөгждөг жамтай.
-Тэгвэл бид баян айлын эрх хүүхдүүд юм уу. Өнөөдөр нүүрсний үнэ ханш унаад мөнгөөр тасрах нь?
-Ашигт малтмалын үнийг төд, эд байна гэж тодорхойлдог газар дэлхийд байхгүй. Чадах ч үгүй. Яагаад гэвэл, өнөөдөр дэлхийн эдийн засаг таахын аргагүй  нөхцөл байдлаас хамаарч амьдардаг. Үүнд, маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Жишээлбэл, Испани, Грекийг  хар. Европын холбооноос гаргах  тухай ч хөндсөн.  Ийм олон таахын аргагүй асуудал дэлхийн эдийн засагт байнга гарч байна. Тэгэхээр эдийн засаг ингэж өснө,  тэгж барина гэж хэн ч тодорхой хэлж чадахгүй. Өнөөдөр дэлхийн эдийн засаг саарсан хэвээр.  Тэгэхээр манай гол экспорт зэс, алтны үнэ унахгүй гэх баталгаа байхгүй. Ер нь,  үнийн өсөлт ажиглагдахгүй гэсэн дүгнэлт бий.
-Тэгвэл та энэ жилийн төсвийн төсөөллийг харсан уу?
-Харсан. Юу харагдаад байна вэ гэхээр миний ойлгосноор халамжийг жаахан хязгаарласан бол их зүгээр байсан. Энэ бол миний заах зүйл биш. Хоёрдугаарт нь, Засгийн газрын бонд гаргаж зөвхөн бүтээн байгуулалтад зарцуулна гэдэг их зөв. Үүнийг заавал хийх ёстой. Тодорхой ойлгомжтой байх хэрэгтэй юм.
Жишээлбэл, Сайншандын аж үйлдвэрийн парк,  төмөр зам, эрчим хүч, шатахууны үйлдвэр гээд тулгамдсан ажил их байна. Алийг нь эхэлж хийх ёстой вэ гэсэн дэс дараалал тогтоогоод түүндээ богино хугацаанд шаардлагатай хөрөнгө оруулалт хийсэн нь оновчтой шийдэл.
Ийм л оновчтой бодлого манай эдийн засгийг хөл дээр босгож эдийн засгийн аюулгүй байдлаа тогтоох үндэс болно. Миний бодож буйгаар эрчим хүч чухал. Үүн дотор шатахуун багтана. Монгол Улс өнөөдөр эрчим хүчгүй, шатахууны хараат байдалтай үед бид яаж аж үйлдвэрийн парк, төмөр зам барьж чадахгүй. Хөрөнгө оруулалтын дэс дарааллаа сайтар бодож зарцуулах юм бол улсын төсөв зөв тийш эргэнэ гэж бодож байна. Монголбанк, Засгийн газар бие биеэ ойлгож хамтарч ажиллаж эхэллээ. Энэ бол  зөв алхам.
-Монгол Улсын 2013 оны төсөвт ашигт малтмалын үнийг их өндөр тооцсон гэдэг шүүмжлэл байдаг. Таны бодол?
-Мэдэхгүй. Энэ чинь аливаа улсын төсөв батална гэдэг улс төрийн тоглоом байдаг. Төр засаг бол тэр улс төрийн цаана гарцаагүй барьж байх ёстой бодлого.
Ингээд халамжийг танана. Тэгээд улс орны эдийн засгийг урт хугацаанд дэмжих тулгуур, аврал болох салбарт хөрөнгө босгоно. Үүнийг Засгийн газрын бондоор гаргана гэж боддог. Энэ хоёр өнөөдөр манай улсын эдийн засгийн тулгын чулуу. Гэтэл улсын төсөв батлахаар олонхи нь улс төр болоод хувирдаг. Эцэст нь, аргаа бараад батлуулдаг. Үүний төлөө УИХ хариуцлага хүлээдэггүй.
-Манай улсын эдийн засаг 2008 оны хямралаа давтах нь гэх юм. Та юу гэж үзэж байна вэ?
-АНУ-ын эдийн засаг жаахан тогтворжоод ирсэн чинь Европын холбооны улсуудын эдийн засаг хүнд байдалд орчихлоо. Уг бүс нутгийн улсууд манайх шиг урт удаан хугацаанд алдагдалтай төсөв баталж явсаар ийм байдалд хүрлээ.  Энэ нь маш их халамж өгч ирсэн төсөв юм. Тэгээд ард түмнийх нь бүтээх чадвар муудсан гэсэн үг. Халамжинд зарсан өрийн бүтээх чадвар муудсан гэдэг нь эдийн засгийн чадавхи муудахаар Засгийн газар улсын төсвийн алдагдлаа нөхөж чадахгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, засаг нь баахан мөнгө аваад халамжинд зарсан гэсэн үг.  Ийм байдлаар олон жил явсан. Тэгээд манайх шиг улсын төсвөө бүрдүүлж чадахгүй зовлон Европын орнуудад тулгарч байна. Хэдэн арван жил ужгирсан зүйл нь л сэдэрлээ. Энэ нь дэлхийн санхүүгийн зах зээлийг донсолгож байна. Иймд урт хугацааны хямрал болно гэж яриад байгаа юм. Монгол Улс таван их наяд ам.долларын хөрөнгө босгоод үүнийгээ оновчтой бүтээн байгуулалтад оруулбал эдийн засаг тэгж их хямрахгүй. Тухайлбал, мөнгө байхгүй гэж бүх зүйл зогсохгүй.
Уг мөнгийг гадаадын зах зээлээс босгоно. Хэнд, хаана, найдвартай хөрөнгө байна түүнд өгөх юм сан гэсэн мөнгө дэлхий даяар хаа сайгүй байгаа. Монгол Улс цөөхөн хүн амтай, газар дороо асар их баялагтай гэдэг нь танигдсан тул манай Засгийн газрын бонд зарагдах магадлал их өндөр. Энэ мөнгөөр бид дотооддоо бүтээн байгуулалт хийх учиртай. Тэр бүтээн байгуулалтад зөвхөн монголчууд оролцоосой. Гол логик нь энэ шүү дээ.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
sanal neg baina
Хамгийн их уншсан