Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЯПОНООС 16 МЯНГАН ТОНН ЦАГААН БУДАА ИРЛЭЭ

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “КР-1” төслийн хүрээнд Монгол Улсад 14,1 тэрбум төгрөгийн үнэтэй 16 мянган тонн цагаан будаа өгөх ёслол өчигдөр боллоо. Нээлтэд Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэл, ТЭДСангийн гүйцэтгэх захирал Л.Дүйнхэржав, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такенори, тус элчин сайдын яамны хоёрдугаар нарийн бичгийн дарга Ичимото нар оролцов. Энэ үеэр ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл хэлсэн үгэндээ “Хүнсний тусламжаар нийлүүлдэг улаан буудай, цагаан будаа нь манай улсын гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг. Зарж борлуулсан мөнгөн орлогоос бүрддэг хуримтлалын сангийн хөрөнгөөр газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлийн  төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Монголчуудын хүнс­ний хэрэглээнд сүүлийн үед ихээхэн өөрчлөлт орж 2011 оны байдлаар манай улс 12 мянган тонн цагаан будаа импортолсон. Хэрэглээ нэмэгдэж цаашид ч өсөх хандлагатай байна” гэв. Энэ удаагийн тусламжаар нийлүүлж буй цагаан будаа нь уг бүтээгдэхүүний импортоос 100 хувь хараат манай улсын хувьд дотоодын хэрэгцээний 40 хувийг хангаад зогсохгүй дотоодын цагаан будааны хангамжийг нэмэгдүүлж, үнийг нь тогтворжуулна хэмээн албаныхан хэлж байлаа. Энэ удаагийн “Хүнсний буцалтгүй тусламж /КR/” нь өнгөрсөн оны хоёрдугаар  сарын 28-нд нот бичигт гарын үсэг зурснаар хэрэгжиж эхэлжээ.
Тухайн үед Япон улсын зүүн хойд бүс нутагт болсон газар хөдлөлтийн улмаас хойшилсон байна. 1990 онд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс Япон Улс нь хүнсний хангамж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх буцалтгүй тусламжийн КР-1, КР-2 төслийн хүрээнд хүнсний болон техник, тоног төхөөрөмжийн тусламж үзүүлж манай улсын үйлдвэр хөдөө аж ахуйн салбарын хөгжилд  хувь нэмрээ оруулсаар иржээ.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан