Нефть импортлогчдыг үнийн өсөлтийн далайлтаас бултах гэж Монголын төр ёстой 13 мэхээ гаргаж, арга чаргаа барж дууслаа. Өнгөрсөн жилүүдэд нефть импортлогчдыг төр засаг дэндүү их эрхлүүлсэн. Өнөө хэдийнх нь эрх нь ч дэндэж, хайр даахгүй жаахан хүүхэд шиг л аашилсаар байх юм. Ёстой л тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг шиг. ОХУ-д гаалийн болон онцгой албан татвар нэмэгдэнгүүт л манай нефть импортлогчид хошуугаа унжуулаад эхэлдэг. Арга буюу зөрүүлээд Засгийн газраас гаалийн болон онцгой албан татваруудыг энэ оны эхэнд тэглэсэн.
Өөрөөр хэлбэл, өмнөх Засгийн газрын мэх ч шавхагдсан, дөрвөн жилийн хугацаа нь ч дуусгавар болсон. Байгуулагдаад дөрвөн сарын нүүр үзэж буй шинэчлэлийн Засгийн газар ямар шинэ мэх хэрэглэх нь вэ гэдгийг нефть импортлогчид сүүлийн хэд хоногийн дотор мэдчихэв. Засгийн газар маань арай л хурдан мэх хийж өвдөг шороодчихов уу гэлтэй. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг нь болох вий дээ. “Петровис”-оос бусад компани үнэ нэмэх талаар ганц ч үг ганхийгээгүй дээ уул нь. ШӨХТГ-аас үнэ нэмэх үндэслэл тооцоог нь судлаад шалгая гэсэн ч нэг компани тэдэнд албан бичгээ явуулаагүй шүү дээ. Шатахуун түгээх станцууд хомсдол үүсгэж тоглолтоо эхлэнгүүт Монголбанк 120 сая ам.долларын хөнгөлөлтэй нөхцөлтэй зээлээ яаравчлан олгохоор боллоо. Гэхдээ ингэснээр шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж холбогдох газрынхан ялангуяа Уул уурхайн яам, Газрын тосны газар, Нефть импортлогчдын холбоо хэн ч ам бардам дуугарч чадсангүй. Уул уурхайн яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү “Уул уурхайн яам болон Монголбанк, шатахуун импортлогч компаниудын хооронд үнэ тогтворжуулах гурван талт гэрээ байгуулсан. Нефтийн жижиглэнгийн үнийг огцом өсөлтийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 120 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг шийдвэрлэж байгаа. Газрын тосны газарт 15 компани хандсан. Үүнээс гурав нь нефть импортолдоггүй байсан учир 12 компани хөтөлбөрт хамрагдъя гэсэн” гэв. Төр засгаас 120 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор байдгаа шавхсан ч компаниудын хувьд илүү ихийг хүсчээ. Өөрөөр хэлбэл, компаниудын зүгээс нийт 235 сая ам.долларын зээлийг хөнгөлөлттэй үнээр авах хүсэлтээ гаргажээ. Ингээд Газрын тосны газраас дээрх компаниудын сүүлийн нэг жил импортолсон шатахууны хэмжээг гол шалгуураа болгожээ. Хэчнээн хувийг нь жижиглэнгээр борлуулдаг, шатахуун түгээх станцын тоог нь давхар үндэслэж үзээд компаниудад олгох зээлээ тодорхой хэмжээгээр хуваарилжээ. Гэхдээ компаниудын нэхсэн 235 сая ам.доллар хэтэрхий даварсан тоо гэдэг нь албаныхны хэлсэн ярианаас анзаарагдсан. Өгч буй зээл нь тухайн компанийн шатахууны импортын худалдан авалтын 0.8-1.8 сарын худалдан авалттай тэнцэхүйц мөнгө байгаа гэв. Үүний 50 нь жижиглэнгээр борлуулдаг гэж үзвэл 1.6-2.8 сарынх нь жижиглэнгийн шатахуун худалдаж авах мөнгийг нь шийдэж өгсөн гэдгийг албаныхан хэллээ. Газрын тосны газрын дарга үүрэг гүйцэтгэгч, орлогч дарга Г. Өлзийбүрэн “Маргаашаас /өнөөдрөөс / эхлээд 120 сая ам.долларын санхүүжилт банкуудаар дамжин компаниудад очно. Жижиглэнгийн үнийг тогтвортой байлгахын тулд жилийн маш бага буюу дөрвөн хувийн хүүтэй зээлж буй мөнгө. Компани мэдээж ихийг хүсэх нь ойлгомжтой. Бидэнд үүнээс өөр мөнгө алга. Төр засгаас нефть импортлогчдод анх удаа валютын хөнгөлөлтэй нөхцөлтэй дэмжлэг үзүүллээ” гэв. Албаныхан энэ бол гал унтраах төдий арга биш гэсэн тайлбарыг өглөө.
ҮНИЙН ЗӨВЛӨЛИЙН АНХНЫ ШАЛГУУР
Шатахуун цаашдаа нэмэгдэхгүй гэж ойлгож болох уу гэсэн асуултад Б.Батхүү дарга “Компаниудын тухайд шатахууны үнийн талаар сая яриагүй. Гадуур үйл ажиллагаа нь доголдож, зарим нь өгөхгүй байгааг болиулах талаар шийдсэн. Картаар олгоно гэсэн хязгаарлалтыг болиулсан” гэв. 120 сая ам.долларын зээл олгосноор зээлийн хүүнээс хамаарч шатахууны үнэд өөрчлөлт орохгүй болж байгаа. Хоёрдугаарт, валютын ханшийн хэлбэлзлээс шалтгаалж үнэ нэмэгдэхгүй байх боломжтой гэнэ. Гэхдээ хамгийн гол аюул гадаад эх үүсвэрээс ирэх үнийн өсөлтийг яаж ч зохицуулж чадахгүй нь ойлгомжтой ч, огцом үнийн өсөлт хийхгүй гэдгээр нефтийн компанийнхантай тохиролцсон. Юутай ч, эхний хоёр шалтгаанаар үнийг тогтвортой байлгаад байх боломжтой. Бодит байдал ямар байгааг хүн бүр мэдэж буй. Сүүлийн хоёр сарын турш ОХУ хилийн үнэ нэмсэн” гэдгийг тэрээр нэмж хэлэв. Үнийн зөвлөл маргааш хуралдаж нефтийн бүтээгдэхүүний хангамж болон үнийг тогтвортой байлгах талаар хуралдана. Өөрөөр хэлбэл, шинээр байгуулагдсан үнийн зөвлөл анх удаа хуралдах гэж байгаа учраас тэдний хувьд нэлээд том шалгуур байх болов уу. Тус зөвлөл Уул уурхайн яам, нефть импортлогчдоос дангаар бүрдээгүй. Сангийн яам, ОБЕГ, ШӨХТГ, МҮЭ гээд бүх төлөөллөөс орж, тал бүрээс нь ярилцаж нэг шийд гарах биз ээ.