Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.ЖАМБАЖАМЦ: ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ДАЛБААТАЙ ИРАНЫ НЭГ Ч ХӨЛӨГ ОНГОЦ БАЙХГҮЙ

Ираны хөлөг онгоцууд Монголын далбаатай явж буй нь  манай улс НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан хоригийг зөрчлөө хэмээн өмнө нь хэвлэлээр мэдээлж байсан. Энэ талаар ЗТЯ-ны Далай ашиглалт, усан замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Жамбажамцтай ярилцлаа.

-НҮБ-с хориг тависан Иран улс Монголын далбааг ашиглаж байна гэсэн яриа гарсан. Гэвч өнөөг хүртэл танай яамнаас мэдэгдэл хийгээгүй байна?
-2012 оны наймдугаар сарын 8-ны өдөр “Маритайм энд Шип Режистрейшн Бюро” компаниас манайд хандснаар харилцан уулзалт хийж, онгоц бүртгүүлье гэсэн санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Тэдгээр онгоц нь Хонконг-д бүртгэлтэй “Global Paradise Holding limited” компанийн нэр дээр шилжсэн, Молдав улсын далбаан дор үйл ажиллагаагаа явуулж байсан юм билээ. Бичгээр ирсэн хүсэлтийг нь бид судалж үзээд хөлөг онгоцон дээр нь радио холбооны шугам ашиглуулах Монгол Улсын кодтой эрхийг олгосон. Тус компани ч журмын дагуу таван онгоцоо хоёр сарын хугацаа тай түр бүртгэсэн байдаг.
-Ямар зориулалтын онгоц байсан юм бэ?
-Худалдааны задгай ачаа тээвэрлэдэг онгоц л доо. Гэтэл өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр тэрхүү онгоцууд нь Иран улсынх гэдгийг АНУ Монгол Улсад суугаа элчин сайдын яамаараа дамжуулан манай яаманд мэдэгдсэн. Тэгэхдээ НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс Иран улсад хориг арга хэмжээ авсан тогтоолыг хэрэгжүүлэхийг сануулсан юм.
Ингээд өнгөрсөн есдүгээр сарын 27-ны өдөр “Мартитайм энд Шип Режистрейшн Бюро” компанид онгоцуудыг нь бүртгэлээс хасах болсныг мэдэгдэж, тус компанийн бүртгэх  эрхийг цуцлахаас эхлээд шуурхай арга хэмжээ авсан. АНУ-ын элчин сайдын яаманд ч авсан арга хэмжээний тухай мэдээллийг утсаар болон албан ёсоор өгсөн.
-“ Wall Street journal”-аас энэ тухай утасдаж асуусан гэсэн байх аа?
-Энэ тухай тус хэвлэлийн газраас над руу утасдаж, бүртгэлийн талаар тодруулж асуусан. Тэгэхэд нь би тэдгээр онгоцыг бүртгэлээс хассан тухай мэдэгдсэн. Тус сэтгүүл ч маргаашийнхаа дугаартаа “Ираны улсад 2010 онд НҮБ-ын Аюулгүй зөвлөл хориг тавьсан байдаг. Харин  Монгол Улс Ираны хөлөг онгоцуудыг бүртгэсэн байснаа мэдэнгүүт  НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан тогтоолыг хэрэгжүүлэн, бүртгэлээ  даруй цуцалсан байна” гэж мэдээлсэн байсан. Албан ёсоор хэлэхэд өнөөдөр Монголын далбаатай  Ираны  нэг ч хөлөг онгоц байхгүй гэдгийг хэлье.
-Ираны талаас энэ асуудалд байр сууриа мэдэгдсэн үү. Өөрсдийн онгоц гэдгээ хүлээн зөвшөөрсөн үү эсвэл...?
-Тэрхүү бүртгэгч компани журмынхаа дагуу эзэмшигч компанид онгоцуудыг нь Монголын бүртгэлээс хасч, цуцалсан тухай мэдэгдэл хүргүүлсэн гэсэн. Мөн өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдөр БНХАУ-д суугаа Иран улсын элчин сайд манай элчин сайдын яамынхантай уулзсан байсан. Манай онгоц танай орны далбааг ашиглан тээвэр хийж байгаад бүртгэл нь цуцлагдсанд тун харамсалтай юм боллоо гэдгээ мэдэгдсэн байна билээ. Тэгэхдээ тус улсын элчин сайд танай онгоцны далбааг ашиглах бүртгэлээ үргэлжлүүлэх  талаар нааштай хандаж, шийдвэртэй арга хэмжээ авч өгөөч гэсэн хүсэлтээ тавьсан. Бидний хувьд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс энэ асуудалд дахин хамтарч ажиллах боломжгүй. Харин хөлөг онгоцыг нь бүртгэж байсан компани хоорондын тооцоогоо  дуусгах,  бүртгэлийн хураамжийг нь эргүүлэн төлөх талаар албан бичгээр мэдэгдсэн байгаа.
 -Хойшид ийм асуудал гарч ирвэл яаж хандах вэ. Хөлөг онгоцны бүртгэлийг сайжруулах талаар ямар арга хэмжээ авч байгаа бол?
-Хөлөг онгоцны бүртгэлийн хяналт хийдэг Олон улсын далайн байгууллагаас зөвшөөрөгдсөн олон улсын ангиллын нийгэмлэгүүдтэй гэрээ хийж, хамтарч ажиллах нь чухал байна. Уг нийгэмлэг нь хөлөг онгоцны түүх, насжилт, техникийн бүрэн бүтэн байдлыг сайн судалж нягтлаад зөвшөөрсөн үед бид бүртгэдэг юм. Хөлөг онгоцны намтар түүх дээр Ираны онгоц шиг НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс гарсан хориг арга хэмжээ авсан улсын нэр байхад л бид бүртгэхээс татгалзана. Ингэснээр ямар нэг зөрчилгүй, техникийн шаардлага хангасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн онгоцоор хуулийн дагуу тээвэр хийснээр далайн салбарт Монгол Улсын нэр хүнд өснө. Мөн Зам, тээврийн сайдын тушаалаар хөлөг онгоцны журам, далайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна. Ингэснээр олон улсад суугаа Монголынхоо элчин сайдын яамны болон консултай хамтран ажиллаж, хөлөг онгоц бүртгэхдээ тэднээс мэдээллийн туслалцаа авч ажиллаж байх юм.
-Манай улс уул уурхайн бүтээгдэхүүнээ дан ганц урд хөрш гэлтгүй гуравдагч орнууд руу экспортолно гэж яриад байгаа шүү дээ. Энэ талаар танайхаас ямар ажил хийж байна вэ?
-Далайд гарцгүй улсын хувьд уул уурхайн бүтээгдэхүүнээ хөрш хоёр улсаар дамжуулан гурав дахь орны зах зээл рүү гаргахад дэд бүтцийн оновчтой шийдэл чухал. Хөлөг онгоцны бүртгэлээс гадна харилцагч улс орнуудын боомтыг ашиглах, далайн тээвэр хамтран эрхлэх, цаашлаад боловсон хүчнээ бэлтгэх асуудал ойрын зорилт болж буй. Энэ талаар ч багагүй ажил хийж байна.
Ер нь, гадаад их далайг дэлхий нийтийн өмч гэж тунхагласан “Далайн эрх зүйн тухай” НҮБ-ын конвенци бий шүү дээ. Тэгээд ч Монгол Улсын “Далайд гарцгүй байдлын сөрөг нөлөөллийг саармагжуулах, далайн гарцтай болох” зорилт бий. Тиймээс Монгол Улсын далайн салбарын үйл ажиллагааг идэвхижүүлэх, хөгжингүй улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллахад Монгол Улсаас гадаадад суугаа Элчин сайдын яам, консулын газруудтайгаа нягт хамтран ажиллана.

Т.Оюунбаяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан