ШӨХТГ-ын дарга О.Магнай “НИК”, “Петровис” компани зах зээлийн давамгай байдалтай аж ахуйн нэгж. Тийм учраас үнэ тогтоохдоо зохих тооцоо судалгаагаа ШӨХТГ-т албан ёсоор мэдэгдэх ёстой. Өнөөдрийн байдлаар “НИК”, “Петровис” компани шатахууны үнийг 200-230 төгрөгөөр нэмэх гэдэг тооцоо судалгаагаа ирүүлээгүй. Ирүүлээгүй байж өнөө маргаашгүй үнээ нэмчихвэл Өрсөлдөөний тухай хуулийг зөрчлөө гэж ойлгож хуульд заасан арга хэмжээг авч, хариуцлагын асуудал яригдана гэдгийг хэлэх нь зүйтэй. Тиймээс тооцоо судалгаагаа ирүүлнэ гэж найдаж байна” хэмээн ярьсан. Мөн тэрээр “Стратегийн бүтээгдэхүүнд төрийн оролцоо зайлшгүй байх ёстой. Гэвч үнэ нэмж буй нь гол нь бус нэмэх хэлбэр нь өөрөө зөв байх, бодит өртөгт суурилсан байх ёстой гэх нөхцөлийг тавьж байгаа” гэдгийг онцоллоо. Өнгөрсөн жил шатахуун импортлогчид үгсэн хуйвалдаж үнэ нэмсэний улмаас 17 тэрбум төгрөгөөр торгох хариуцлага ногдуулсан.
Гэвч ШӨХТГ-ын хуучин зөвлөлөөс энэ торгуулийг хүчингүй болгосных нь төлөө О.Магнай дарга тэднийг АТГ-т өгч ажлаас нь чөлөөлсөн. Өнөөдрийн байдлаар уг зөвлөл шинээр бүрдээгүй учраас 17 тэрбумын төлбөрийг дахин сэргээж торгууль ногдуулах асуудал хүлээгдэж байгаа гэнэ.
ШӨХТГ-ын удирдах зөвлөлийг Ерөнхий сайд томилдог хэдий ч өнөөдрийг хүртэл таг чиг байгаа гэдгийг О.Магнай дарга хэлсэн юм.
М.Халиунбат: ШӨХТГ-аас үнэ нэмэх зөвшөөрөл авах ёсгүй
-Шатахууны үнийг 200-230 төгрөгөөр нэмнэ гэдгээ мэдэгдсэн. Ямар шалтгаанаар нэмж байгаа юм бол?
-Манай компанийн хувьд шатахууны үнийг дор хаяж 200-230 төгрөгөөр нэмэхээс өөр аргагүй болчихоод байна. Ингэж байж жижиглэнгээр борлуулдаг үнэ эдийн засгийн хувьд тогтвортой болж, дараагийн татан авалтаа хийх боломж бүрдэнэ. Энэ хэмжээний алдагдалтай яваад байвал татан авалтаа хийж чадахгүйд хүрчихнэ. ОХУ-аас нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний үнэ есдүгээр сараас эхлэн тасралтгүй нэмэгдсээр өнөөгийн нөхцөл байдалд 100-110 ам.доллараар өсчихсөн. Ам.долларын ханш өнөөдөр 1400 гарчихсан болохоор нэмэхээс өөр аргагүй.
-Хэзээнээс нэмэх вэ?
-Болдогсон бол өнөөдөр ч нэмчихмээр л байна. Янз бүрийн шахалт дарамт ирээд байх юм.
-Юутай ч 200-230 төгрөгөөр нэмэгдэх л юм байна. А92, А80, дизель түлш гээд тус бүр яг хэдэн төгрөгөөр нэмэгдэхийг хэлээд өгөхгүй юү. ШӨХТГ-аас урьдчилсан байдлаар судалгаа хийж үзэхэд 40-50 төгрөг нэмэгдэхээр байна гэсэн?
-Би дундаж үнээ л хэлсэн. Үнийн задаргааны талаар хамаагүй яримааргүй байна.
-ШӨХТГ-аас мэдээлэл хийхдээ нефть импортлогч компаниудыг үнэ нэмэх талаархи санал, тооцоо судалгаагаа ирүүлээгүй гэсэн тайлбар өгсөн. Яагаад үнэ нэмэгдэх үндэслэлээ хүргүүлээгүй юм бэ?
-Хуулиараа ШӨХТГ-аас үнэ нэмэх зөвшөөрөл авах ямар ч хэрэггүй. Ард түмэн үүнийг ойлгох хэрэгтэй. Тэд ер нь үнэ хянадаг газар биш шүү дээ. Энэ газар ерөнхийдөө шударга өрсөлдөж байна уу, өрсөлдөөнийг хязгаарлах ямар нэг алхам хийж байна уу гэдгийг хуулиар хамгаалах ёстой газар. Иймээс бид ШӨХТГ-аас үнэ нэмэх үү, яах уу гэдэг зөвшөөрөл авах ёсгүй.
-ШӨХТГ-аас үнийг нь хянана гэж хэлээгүй л дээ. Үнийн саналаа ирүүлэх ёстой. Үнэ нэмэх үндэслэл, тооцоог нь харах хэрэгтэй гэдэг тайлбар өгсөн л дөө?
-Бид сайн дураараа энэхүү мэдээллээ тэдэнд өгсөн. Би бүр тодорхой санаж байна. Аравдугаар сарын 25-нд албан бичгээр ийм нөхцөл байдал үүсээд байгаа учраас үнэ нэмэхээс өөр аргагүй байдалд орлоо гэдгээ мэдэгдсэн. Тооцоо судалгааг хавсаргасан албан бичиг очсон.
-Уул уурхайн яам, Монголбанк шатахуун импортлогч компаниуд шатахууны үнийг дөрвөн жил тогтвортой байлгах гэрээнд гарын үсэг зурсан. Танай компанийн хувьд тухайн өдөр зураагүй. Сүүлд уг гэрээнд гарын үсэг зурсан уу?
-Тэр гэрээнд гарын үсэг зурсан юм байхгүй.
-Яагаад?
-Монгол Улсын Засгийн газар тодорхой хэмжээнд нефтийн салбарыг дэмжих гэж байгаа юм байна гэж ойлгосон. Тухайлбал, бидэнд тодорхой хэмжээний хөнгөлөлттэй үнэтэй зээл олгох. Валютын ханшны зөрүүг тогтворжуулах арга хэмжээ авч өгөх нь гэж ойлгосон. Яг өнөөдрийн байдлаар эдгээр арга хэмжээ нь бодит байдлаар хэрэгжээгүй байгаа. Мэдээж, ирээдүйд илүү сайхан болох байх л даа.
-Бусад компани ч адилхан нэмэх үү?
-Мэдэхгүй.
-Шатахууны үнэ нэмэгдчихээр бүх зүйл дагаад өсчихдөг уламжлалтай. Шатахууны үнэ 200 төгрөгөөр нэмэгдэх сургаар такси өнөөдрөөс нэг км нь 800 төгрөг болчихсон?
-Би үүнийг гайхдаг. Бензиний үнэ 70 төгрөгөөр нэмэгдэхээр бусад бараа бүтээгдэхүүний үнэ 100 төгрөгөөс дээш үнээр өсчихдөг. 100 хувь бензинээр хийсэн мах, талх байна гэж байхгүй биз дээ. Энэ бол цэвэр зохиомол өсөлт юм болов уу. Эдийн засагч хүний хувьд бодоод үзэхэд арван хувиас илүү өсмөөргүй л юм.