Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.АЮУРЗАНЫН ЕРТӨНЦӨӨР ШАГАЙСАН ТЭМДЭГЛЭЛ

Зэвэргэн салхитай өдөр зуслангийнхаа байшинд гал түлчихээд, дээлээр хөлөө хучаад ном уншаад хэвтэхийг жинхэнэ аз жаргал гэж төсөөлдөг. “Би илтгэл тавих чадвар муутай. Ярихдаа ч муу. Өөрийгөө бичихдээ л жаахан гайгүй гэж боддог” гэж ярих энгийн даруухан эрхэм бол Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч, орчуулагч Г.Аюурзана. Өнгөрсөн баасан гарагт “Номын түлхүүр сэтгүүл”-ийнхний ачаар зохиол бүтээлийг нь л уншиж анх танилцсан зохиолчтойгоо одоо л нүүр тулан уулзлаа.
Утга зохиолд шимтэн дурласан хорь шүргэж яваа залуус, нухацтай нүдээр зохиолчийг ширтэж, судлаач эсвэл зохиолч байрын царайтай нөхөд шанаагаа тулан бодлогоширч, номын хорхой энгэсэгнийх нь цаанаас ч гэрэлтэнэ үү гэлтэй охид шүтээн болсон зохиолчийнхоо яриаг шимтэн сонсох аж.
Уншигчидтайгаа уулзаач гэсэн санал сонсоод “Хүн ирэх юм болов уу даа гэж бодож байлаа. Танхим дүүрэн уншигчид цугларсныг  хараад баяртай байна” гэсээр яриагаа эхэлсэн тэрээр “Надад өөрөө мэдээд ярих зүйл байхгүй болохоор уншигч та нар минь надаас асуултаа асуу” гэсэн нь уншигчдыг жаахан тулгамдуулсан.
1994 онд ОХУ-ын Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөнөөс хойш орчуулгын болоод үргэлжилсэн үг, яруу найргийн олон номоор уншигчдынхаа оюуны хэрэгцээнд хувь нэмэр оруулж өөрийн гэсэн уншигчидтай болсон зохиолч. “Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, “Non Plus Ultra”, “Сэтгэл рүү шагайгч түүнд” зэрэг яруу найргийн түүвэр, “Дурлалгүй ертөнцийн блюз”, “Амь тавьж буй шувууны далавч” хүүрнэл зохиолын эмхтгэл, “Гурамсан цадиг”, “Бөөгийн домог”, "Шүгдэн" зэрэг роман хэвлүүлсэн. Мөн олон орчуулгын зохиолтой.  Түүнээс гарах дараагийн уран бүтээлийг уншигчид чих тавин хүлээж суудаг. Ийм л зохиолч, яруу найрагч, сэтгэгч хүнээс асуухаар бэлтгэсэн хэдэн асуултаа дахин дахин харж суулаа.

Хоёр шашин зэрэгцүүлэн бичихийн учир

Гэсэн ч эхний асуулт “Бөөгийн домог”, “Шүгдэн” гээд хоёр роман бичсэн. Нэг нь бөөг, нөгөө нь шарын шашны тухай маш  дэлгэрэнгүй өгүүлдэг романууд. Энэ хоёр романаар дамжуулан чухам юу хэлэхийг зорьсныг сониучирхсан асуулт байсан юм.
Тусгаар тогтносон үндэстний хувьд өөрийн цус нэгт ард түмэн болох Түвдүүдэд бид л санаа тавих ёстой гэдгийг “Шүгдэн” романаараа хэлэхийг зорьжээ. Тэр ламын үхэл, “Шүгдэн” гэж сахиус, нохой тэжээдэг цагдаа ерөөсөө чухал биш. Хөөрхий колоничлогдчихсон ард түмнээ нэг харах юмсан гэж бодож бичсэн юм шүү. Дэлхийн олон газар хуваагдсан үндэстнүүд байдаг ч гэсэн монголчуудыг хуваагдсан гэдгийг одооноос л ярьж эхэлж байна. Миний “Бөөгийн домог”, “Шүгдэн” хоёр романыг нэгийг нь бөө, нөгөөг нь будда гэж битгий хараасай. Бөө моодонд ороод байхаар нь мөнгө олох гэж “Бөөгийн домог”-ийг бичээгүй. “Шүгдэн” гэж сахиусыг баячууд шүтээд байхаар нь баячуудад зориулж ийм роман бичээгүй шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Хамгийн гол нь монгол үндэстний хуваагдал, төр засгийн хувьд хараат болчихсон үндэстнийг оюун санааны колоничлолоор гаргах гэсэн. Чадсан эсэхийг сайн мэдэхгүй байна хэмээн энгийн даруухнаар хариулсан.  

“Гурамсан цадиг”-аас Г.Аюурзаныг хайж болно

Зохиолч хүн зохиол бичихдээ үргэлж өөрийнхөө сэтгэлийг бага багаар мэрж байдаг. Бичсэн зохиолоос нь тухайн зохиолчийн бага ч гэсэн ертөнцийг  харж болдог. “Гурамсан цадиг” зохиолоос би бага ч гэсэн харагдах болов уу гэж бодсондоо нүүрэнд нь өөрийнхөө зургийг тавьчихсан гэж ярихыг нь сонсоод нухаж, нухаж цаг хугацаа зарцуулан байж бичсэн жүжгийн зохиолоо ураад шатаачихдаг зохиолч, эсвэл өөрийнхөө очиж үзээгүй ертөнцөө зүүдээрээ дамжуулан хардаг залуугийн аль нь байж тарах бол гэж бодож суулаа.
Гэсэн ч түүний яриаг сонсоод сууж байхад “Гурамсан цадиг”-т багтсан гурван романы дүр бүхэн тэр  өөрөө юм шиг, эсвэл тэр аль нь ч биш юм шиг санагдаж суусан.
Зөн билгийн тайлал, гайхалтай хувь тавилангийн тохиол, өнөөгийн амьдрал сүлэлдсэн “Гурамсан цадиг” роман. Явж явж учир зүйгээрээ эцэстээ холбогддог гурван романыг багтаасан номыг тавьж чадахгүй шимтсээр уншиж дуусгасансан. “Гурамсан цадиг” романы төгсгөлд зүүд зохиогч Тэнгис гэж залуу Байгаль нуурын Буриадын Ойхон аралд очиж Хагдай бөөтэй учирдаг цухасхан үйл явдал жирэлзээд өнгөрдөг. Яг энэ хэсэг түүний дараагийн “Бөөгийн домог” романы эхлэл болдог.
 
Бөөгийн үхлээс эхлэн “Бөөгийн домог”-ийг бичсэн

Уншигч түүнээс “Хагдай бөөг яагаад үхүүлчихэж байгаа юм бэ”  гэж гомдонгуй асуухад анхнаасаа л Хагдай бөөгийн үхлийг хамгийн түрүүлж биччихсэн байсан. “Бөөгийн үхэл” ч гэж нэрлэж болохоор уг романы маань хамгийн цэгцтэй хэсэг нь Хагдай бөөгийн үхэлтэй төгсгөл хэсэг болсон гэж боддог. “Цуурайнаас төрөгсөд” дээр бол Хагдай бөөгийн хэсгийг оруулсан байснаа үүнийгээ үргэлжлүүлэх ёстой юм байна гэж яах аргагүй бодсоор дараагийнхаа романыг эхлүүлсэн юм л даа хэмээсэн.
Г.Аюурзана “Бөөгийн домог”-оо бичих гэж золтой л бөө болчихоогүй тухайгаа ярьж, романы үйл явдал өрнөдөг Байгаль нуурын Олхан арлын Бурхан хадыг өөрийн эрхгүй татагдам, яалт ч үгүй байгалийн ч юм уу энерги шингэсэн газар гэдгийг биеэрээ мэдэрч дөрвөн жил дараалан очиж байж романыхаа ард гарснаа ярьж байна.  

Олныг хамарсан зохиол бичих нь миний хийх зүйл биш

Олонд зориулан бүтээлээ туурвидаг зохиолч байх ёстой. Өөрийнхөөрөө хэнээс ч үл хамааран утга зохиолд дурласан зарим нь чимээгүйхэн бүтээлээ туурвиж л байх ёстой. Хамгийн чухал нь юм болгон байр байрандаа л байх учиртай болов уу гэж даруухан хэдий ч бардам үг түүний илэрхийлэл гэлтэй. Орост сурч байхад бидэнд багш нар маань олон л зүйл зааж сургасан. Гэхдээ жинхэнэ уран зохиол олныг хамрах ёсгүй гэж заасан багш нараа илүү хүндэлж дагадаг байсан хэмээн өөрийнхөө дээр хэлсэн үгээ аятайхан залруулаад авсан.
Зохиолч Г.Аюурзаныг бусдын зохиолыг ойшоодоггүй, ихэмсэг бардам гэдэг. Энэ яриа үүдэх болсны шалтгааныг ч тэрээр тайлбарласан юм. Хэдэн жилийн өмнө зохиолч, яруу найрагч Эмүжинтэй хийсэн “Өнөөдөр” сонины хоёр нүүр дамнасан ярилцлагандаа  түүвэр ботийн талаар асуухад нь, “Тэнд ч “Хар ус нуурын шагшуурга”-аас өөр олигтой юм алга байна лээ дээ” гээд хэлчихэж. Цааш яриа өрнөсөөр “Өлзийтөгс та хоёрын шүлгийг шахвал хэдэн сор бүтээл гарах бол” гэсэн асуултад “Надаас 10, Өлзийгөөс 20 шүлэг гарна” гээд хэлчихсэн гэнэ. Түүнээс үүдэн “Дэлхийн уран зохиолд миний 10, Өлзийгийн 20 шүлэг, Явуугийн шүлгүүд л үлдэнэ. Бусад нь бүгд хогийн саванд орж арчигдана” хэмээн хэлсэн гэсэн яриа гарсан гэнэ. Гэхдээ л үнэндээ бол Монголд утга зохиолын гол хэмжүүр гэгдээд байгаа роман бол 1950-аад оноос л шангаа татаж эхэлсэн, дэлхийн шилдгүүдтэй харьцуулах аргагүй гээд л хэлээд тавьчихна билээ.
 
Москваг их санадаг

Би хөдөөний хүүхэд л дээ. Баянхонгороос 17 настайдаа Улаанбаатарт ирээд удалгүй Москва явсан. Тийм болохоор Москвагийн төв, Баянхонгорын төв хоёр л их дотно байдаг юм. Улаанбаатарт байж дасахгүй хотоос зайдуухан зуслан дээрээ амьдраад удаж байна. Зуслан гэж дээ өвөл, зунгүй байдаг болохоор одоо өвөлжөө болчихсон юм хэмээн яриагаа үргэлжлүүлсэн тэрээр Москвагийн тухай ярихдаа бодлогоширно.
“Өнгөрсөн жил том хүүгээ оюутан болоод Москвад очиход нь хүргэж өгөнгөө  тэнд хоёр сар  амьдрахад сайхан санагдсан шүү” хэмээн инээмсэглэсэн түүний харцнаас Москвагийн дурсамжийг нь харах шиг болов.

“Би хөлдүү зохиолч”

Зохиолчид ямар нэг зүйлээс онгод авдаг гэсэн. Та юунаас зохиолоо бичих сэдэл санаа авдаг вэ. Жишээ нь,  А.Дюма цэнхэр өнгөтэй цаасан дээр зохиолоо бичдэг байсан гэж сонссон.
“Би нэг тийм хөлдүү зохиолч юм шиг. Юунаас ч тийм зүйл мэдэрдэггүй. Зарим зохиолч үрчгэр цаасан дээр бичихгүй л гэдэг юм. Ингээд ярьсан чинь нэг дурсамж санаанд орчихлоо. Урианхай ах нэг талдаа бичгийн машинаар цохисон цаасны ард талд бичээд, багтахгүй бол бичигний нь мөрний хооронд бичдэг. Нэг удаа би “Та одоо хүн ойгогдохгүй юм хийж байх юм аа” гэсэн чинь “Удахгүй тэнгэрт халихын хооронд жаахан хэмжээтэй юм л хэрэглэж байгаад явах юмсан гэж боддог” гэж маш гүн ухааны шинжтэй хариулж билээ гээд инээв.
Түүнийг хурцалж байдаг  зүйл яах аргагүй найрагч эхнэр нь гэж ойлгодог. Тэр ч гэсэн Өлзийтөгсийг  өөрөөс нь илүү найрагч гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ “Өөр хэн нэгэнд илүү мөнгө төлөхгүйн тулд эхнэрээрээ номоо редакторлуулдаг” гээд бяцхан хошигноод авна билээ.
Түүний бүтээлээс олон хэл рүү амжилттай  орчуулагдаж байгаа ном нь “Цасны роман” гэдгийг ч энэ уулзалтын үеэр мэдэж авлаа. Одоо зургаа дахь хэл рүү орчуулагдаж  байгаа  гэсэн.
 
Айдас

Түүний зохиолоос яасан ч яахав гэсэн хүний дүрийг олон удаа уншиж байсан. Хорвоогийн мөн чанарыг ойлгочихсон. Айдасгүй нэгнийг аль ч романаас нь олж болно. Гэсэн ч зохиол дотроо их том айдас тээж явдаг. Өөрөө сайхан зохиол бичлээ гэж баясаад хөөрөөд, дахин дахин бичээд л байдаг. Гэтэл хэн нэгэнд ийм ч юм бичих гэж дээ гэсэн бодол төрүүлэм өрөвдөлтэй нэгэн болох вий гэж айдаг. Ийм айдас зохиолч хүн болгонд байдаг болов уу гэлээ.
Г.Аюурзана гэхдээ яруу найрагч гэж хэлүүлэх дургүй. Яруу найрагч хүнийг хүн болгон дэврүүн, хөөрүү сэтгэлтэй. Хаана ч очсон шүлгээ уншаад л баясаж явдаг гэж төсөөлдөг учраас зохиолч гэж хэлүүлэх дуртай. Тэр нь надад арай илүү тохироод байдаг гэсэн юм.
Уулзалтын төгсгөлд таныг гадаад зохиол орчуулахгүй гэсэнд баяртай байна. Би таны зохиосон романуудад илүү дуртай гэхэд “Аугаа хүний мундаг бүтээлүүдийг орчуулах гэж юу ч биш болгоод байдаг болохоор баяртай байгаа юм биш үү” хэмээн егөөдөв.
Түүний мэдлэг оюунаа хэмлэн байж туурвисан бүтээлүүдийг нь уншиж амжаагүй нь шинээр авч, уншсан нэг нь өөрийнхөө номон дээр гарын үсгийг нь зуруулахаар дугаарлацгаав. Өөрийнхөө нэрийг монгол бичгээр чадварлаг нь аргагүй татлах зохиолч Г.Аюурзаны  дараагийн шинэ уран бүтээлийг уншигчид хүлээсээр л байгаа.
Б.Цэдэвсүрэн

0 Сэтгэгдэл
Эгэ тэнэг заар үнэртүүлсэн Аюурзана тангад түвд цустай,элэг нэг юм байгаа биз.Бид хөх толбот монголчууд тэнгэр заяатай,тэнгэрийн үрс.Хормойн дон шүгэлсэн хар өвөртэй хүүхэнтэйгээ балайртаад түвдээр золбирох мөрөөрөө явахгүй хор тарьж явсан ***** байжээ.Мэдэхгүй юмаараа бүү оролд гэдгмйг мэддэгүй мал юм байжээ.
Хөөрхөн шар хүү байж билээ сайн яваад тань баярлаж байна
uin mah tsusnii tasarhai tovd geh meteer soliordog bainaa, hazgar huuhenhadamsag gedeg shig horvoo delhiin hamgiin archaagui uls guren, guilgachin tuulegchin, oroh orongui, bool amidraltai iumnuudtai ooriimshino, ichij uheech, tegehed taivanii hiatad Hongkong-n hiatad 2 ijil hel iariatai soioltoi baij 1 negee toohgui, hen ni iluu hiij buteej chaddagaaraa gaihuulna, iaduu guilgachnii bool amidral, ter minii hamaatan sadan geed ene delhiin bulai buhentei udam ugsaagaa hegtgeh gej oroldono
mundag mundag margaangui, bas bolor-erdene baihaa sain bichdeg harin menejment duttdaguu er alga bolchihloo, zarim aviyas baihgui shuvt piardaj zohioloo shahdag shuudertzetzeg gesen nuhdiig bodohod haritzuulashguee
баярлалаа
"Тусгаар тогтносон үндэстний хувьд өөрийн цус нэгт ард түмэн болох Түвдүүдэд бид л санаа тавих ёстой гэдгийг “Шүгдэн” романаараа хэлэхийг зорьжээ..." Энэ юу болж байна аа. Түвдүүдтэй бид хэзээ ч цэс нэгтэй байгаагүй. Өвөр монголчууд гэж бичих гээд алдсан гэж найдъя
цэгцтэй сайхан бичжээ. Аюурзанын бүтээлийг уншдаг хүн ингэж бичилгүй яахав ээ. Энэ сайтын сэтгүүлчид жаахан юм уншаасай. Ядаж бичиж байга юм нь нэг иймэрхүү байвал ойлгоод баймаар байхын. Үнэндээ юу гэж эхлээд яагаад төгссөнийг нь ойлгохгүй юм их байдаг шүү. За энэ ч яахав. Аюурзана, Өлзийтөгс 2 бол гэгээрсэн, боловсролтой зохиолчид л доо. Номыг нь нэг их амархан ч уншчихгүй л дээ. Ахин дахин хараад л. Улам их амжилт хүсье.
баярлалаа
Романууд нь үнэхээр бусдаас өөр санагдсан.Бид мэтийн хөгшчүүл ойлгоход хэцүү юм билээ.
Гэрч-д: БҮтэн бичлэг нь байгаа юм уу? Хэдээр зарах юм. Үнэ, холбоо барих хаягаа үлдээчих.
Уулзалт дээр байсан гэрчийн хувьд энэ тэмдэглэл харин бусад сайтуудаар гараад байгаагаас хамаагүй дээр бичигджээ. Ярианых нь бичлэгийг зарна шүү
az jargal nusii
Яахын аргагүй өнөө цагийн сайн зохиолч. Турвисан бүтээлүүдийг нь алгасалгүй уншдаг.
Хамгийн их уншсан