Уул уурхайн салбарт сайн цагийг дуудаж байна хэмээгддэг Сайншанд аж үйлдвэрийн паркийн ажлын явц нам жим байгаа. Тиймээс эл хүнд аж үйлдвэрийн цогцолборын талаар ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын орлогч дарга Д.Батмөнхтэй ярилцлаа.
-Сайншанд аж үйлдвэрийн паркийн ТЭЗҮ гарсан хэмээн танилцуулснаас хойш сураг нь алдарсан. Өнөөгийн байдлаар төслийн ажлын явц хэдэн хувьтай байна вэ?
-Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын төсөл эрчимтэй явж байгаа гэж хэлж болно. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах энэхүү паркийн толгой буюу “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” нэртэй компани байгуулчихсан. Дээр нь, цогцолборын ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий зөвлөл байгуулагдаад байна. ҮХААЯ-наас 2013 онд хийх ажлын төлөвлөгөөгөө боловсруулаад ажлын хэсэгт танилцуулсан. Одоо Засгийн газрын хуралдаанаар оруулахаар бэлтгэж байна.
-Цогцолборын ТЭЗҮ-ийг АНУ-ын “Бэктэл” компани гаргалаа хэмээн ҮХШХ танилцуулсан. Тэгэхээр ажлын хэсэг гараад ажиллаж эхэлсэн бол тэдний тооцоо судалгаагаар барих уу. Эсвэл өөрчлөгдөх үү?
-”Бектел“компанийн тухайд Сайншанд аж үйлдвэрийг бүхэлд нь 10 тэрбум 986 сая ам. долларын хүрээнд барих боломжтой гэсэн дүгнэлт гаргасан. Тэгэхдээ кокс хими, төмрийн хүдрийн, цемент, цахилгаан станц, дэд бүтэц, нийтийн болон туслах иргэний байгууламж гээд цогцолбор хэлбэрээр барина гэсэн байгаа. Монгол Улсын хувьд нэгэн зэрэг бүгдийг нь барих боломжгүй учраас эхлээд аль үйлдвэрийг нь барихаа шийднэ. Мөн том эсвэл жижиг байх уу гэсэн зүйл ч яригдана байх. Яагаад гэвэл, дотооддоо цаашлаад бүс нутаг Япон, Солонгосын зах зээлийг хангах эдийн засгийн ач холбогдолтой бүтээгдэхүүн экспортлох учраас тэр. Иймээс олон улсын байгууллага, хөрөнгө оруулагч, сонирхсон компанитай уулзалт, семинар зохион байгуулна. Тэр үед л тодорхой шийд гарах болов уу.
-Ирэх онд цогцолбор байгуулах цааснаас амьдралд буух нь гэж ойлгож болох нь?
-Тийм ээ. Бүх судалгаа хийгдэн олон улсын байгууллагатай хамтран чанарын өндөр төвшинд барих ажлын суурийг нь тавина. Ерөнхийдөө эл цогцолборын дэд бүтцийн ажилд ойролцоогоор 2,8 тэрбум орчим ам.доллар зарцуулах тооцоо бий. Ирэх онд хамгийн түрүүнд усны хайгуул хийнэ. Хэдий хэмжээний усны нөөц байгаа, тухайн газар нутгаас татах болон цогцолбор барих талбайд ус цуглуулах боломж бий юү, дээр нь цас, борооны усыг хуримтлуулж ашиглаж болох уу гэх мэт судалгаа хийгдэнэ. Ямар ч гэсэн 2013 онд суурийг нь тавихгүй ч үндсэн бэлтгэлээ хангачихна гэж хэлж болно.
-Энэ төслийг олон нийтэд мэдээлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн. Хөгжлийн банкинд эл төслийн мөнгө үхмэл хэвээр байна гэсэн мэдээлэл цацагдсан шүү дээ. Хугацаа алдаад байх шиг?
-Хөгжлийн банкны санхүүжилтийн асуудлыг сайн мэдэхгүй юм. АНУ-ын “Бектел” компани мастер төлөвлөгөөг нь л хийсэн. Мастер төлөвлөгөө гэдэг маань ерөнхийдөө ТЭЗҮ-ийн өмнөх шатны ажил байхгүй юу. Яг өнөөдрийн байдлаар тэнд баригдах үйлдвэрүүдийн ТЭЗҮ хийгдсэн байгаа. Гэхдээ Бектелийн судалгааны хүрээлэнд байхгүй шүү дээ. Харин Сайншанд аж үйлдвэрийн цогцолборт оролцъя, ТЭЗҮ-ээ хийсэн компани байна уу гэвэл байна. Тэр компанийн удирдлагуудтай бид ярилцаж зөвлөлдөн сонгоно, техник технологи бүх судалгаагаа хийнэ. Үүний дараа паркийн ерөнхий төлөвлөгөө гарна. Яг үнэнийг хэлэхэд, өнөөдрийг хүртэл 2010-2012 онд Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд мастер төлөвлөгөө л хийгдсэн. Дорвитой судалгааны ажил эхлүүлсэн юм байхгүй. Хүмүүс бүх ажил нь бэлэн болчихсон, яагаад бүтээн байгуулалтын ажил нь эхлэхгүй байна гээд буруу ойлгож яриад, бичээд байна. Харин Засгийн газрын тогтоолоор 2013 оны улсын төсөвт Дорноговийн Сайншандын аж үйлдвэр барихтай холбогдуулан усны эх үүсвэрийг тогтоох, хайгуул судалгааны ажлыг Бор-Хөөвөр гэдэг газарт явуулна, нийтдээ нэг тэрбум 500 сая төгрөг зарцуулна гэж тогтлоо.
-Уг хүнд аж үйлдвэр ашиглалтад орсноор Оюу толгой, Таван толгойгоос урд хөршийг зорьсон экспорт багасна хэмээн яриад буй. Экспортын хурд хэр саарах бол?
-Стратегийн энэ хоёр орд болон орон нутаг дахь уул уурхайн ашигт малтмалыг маш оновчтой ашиглахаар төлөвлөж байгаа. 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт зааснаар эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг хангахын тулд ашигт малтмалыг түүхий хэлбэрээр гаргахыг үе шаттайгаар бууруулна гэсэн. Тэгэхээр Оюу толгой, Таван толгой компанийн түүхийгээр экспортолж буй ашигт малтмалын хэмжээ багасна гэж ойлгож болно. Бидний зорилго ч түүхийгээр нь экспортлохыг багасгах. Яагаад гэвэл, түүхийгээр гаргах нь манайд бус худалдан авагч талд ашигтай. Гэхдээ дэд бүтцээ шийдэн 1800 км замаа тавьснаар Япон, Солонгос зэрэг Азийн орнуудын зах зээлд нэвтэрч боловсруулсан бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой. Нэг бус хэд хэдэн зах зээл рүү гаргах боломж бүрдэж байгаа учир өрсөлдөөн бодит утгаараа бий болно гэсэн үг.
-Тэгэхээр стратегийн ордуудын ашигт малтмалд нэмүү өртөг шингээн гадаад зах зээлд гаргахаар Монгол Улсын төсөвт хэдий хэрийн хөрөнгө хуримтлагдах вэ?
-Тооцоогоор 2021 онд Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 41 тэрбум ам. долларт хүрнэ гэсэн байгаа. Энэ судалгааны үр дүнд Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого гэж 2008 онд гаргасан. Энэ бодлогоор Монгол Улс макро бодлогоо тодорхойлж, 2015-2016 он гэхэд ДНБ 14 хувиар өсч, нэг хүнд ногдох ДНБ –ий хэмжээ 5000 ам. доллар, 2021 онд 12 мянган ам. доллар болж өснө гэж тодорхойлсон байгаа. Тэгэхээр үүнийг юугаар хангах вэ гэхээр аж үйлдвэрийн бүтээгдэхүүний өсөлтөөр. Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлснээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Цаашлаад хүнд үйлдвэрийг даган хөнгөн аж үйлдвэр ч хөгжих юм. Сайншандын аж үйлдвэрийг даган 200 гаруй хөнгөн үйлдвэр хөгжих боломжтой гэдгийг судалгаагаар баталсан шүү дээ. Нөгөөтэйгүүр, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэхийн сацуу дотоодын зах зээлээ үндсэнд нь хангах юм. Цаашлаад дэлхийн зах зээлийн түүхий эдийн хэлбэлзлээс ч айхаа болино. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхлэхээр эдийн засаг солонгорон төрөлждөг юм байна. Авто болон төмөр зам гэх мэт. Одоо бол юун төрөлжих. Ухаж гаргаад л хил давуулна. Аж үйлдвэр хөгжөөгүй энэ сул талаасаа болж эрчим хүч, зам харилцаа, төмөр зам гээд дэд бүтэц хөгжөөгүй, бусдаас хараат болоход нөлөөлж байгаа юм.
-Импортлогч компанийн удирдлагуудын хэлснээр далайд гарцгүй манай улсын хувьд тээвэрлэлтдээ өртөг нь шингээд ашиггүй болдог. Тиймээс урд хөрш рүүгээ л экспортлох гарц харагддаг гэдэг?
-Мастер төлөвлөгөөгөөр эдийн засгийн тооцоо гаргасан байна л даа. Манай улс Таван толгой-Сайншанд- Чойбалсан гэсэн маршрутаар төмөр зам барьж байгуулснаар зах зээл нээлтэй болж, уул уурхайн бүтээгдэхүүний томоохон хэрэглэгчдэд импортолж болох юм. Эдийн засгийн тооцоолол нь ч ашигтай гарсан. Өнөөдөр түүхийгээр нүүрсээ гаргах нь Монгол Улсад ямар ч ашиггүй. Тэгээд ч Хятадын зах зээл дотроо маш их өрсөлдөөнтэй байдаг учраас нэг улсыг экспортлогчоороо сонгох нь эрсдэлтэй. Тиймээс дотоодынхоо төмөр замыг ашиглаад далайд гаргах, нүүрсээ зөөх нь хоёр асар их ялгаатай. Дэд бүтцийн асуудлаа шийдвэл 100 хувь түүхий эдээ гадаадаас авдаг Солонгос, Япон гэх мэтийн орнууд авъя гээд байгаа.
-Боловсон хүчний асуудлаа яаж шийдэх вэ. Оюу толгой компани орон нутгийнх нь залуусыг сургаж, дадлагажуулан ажлын байраар хангаж нийгмийн хариуцлагаа биелүүллээ гэж мэдээлдэг?
-“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-ын цементийн үйлдвэрт 270, зэс хайлуулахад нь 500 гээд нийтдээ 21 мянган хүн ажиллана. Тэгэхээр энэ хэмжээний ажлын байр гарна гэсэн үг. Харин энэ цогцолборыг хөдөлгөх хүч буюу боловсон хүчнийг МУИС, ШУТИС болон хувийн хэвшлийн сургууль бэлтгэж байгаа. Харин нарийн мэргэжлийн ажилтнаа гадаадаас авах нь ойлгомжтой. Оюу толгойн хувьд өөр асуудал шүү дээ. Үндсэндээ баяжуулдаг үйлдвэртэй. Баяжуулах, боловсруулах үйлдвэрийн хооронд асар их ялгаа бий. Баяжуулна гэхээр зөвхөн хүдрийг нь угаагаад баяжуулдаг бол аж үйлдвэрийн парк эцсийн бүтээгдэхүүн болгон экспортолно. Нэг ёсондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн юм. Нөгөө талаар Оюу толгой дээр Монгол Улс өөрсдийнхөө хөзрийг бараг алдсан гэж хэлж болно. Ус, замаа зүгээр л өгчихсөн. Манайх менежментээ сайн хийж чадаагүй гэсэн үг. Тиймээс усны нөөц, хайгуул судалгаа, зам барихад нь бидний оролцоо байхгүй. Оролцоогүй болохоор бидэнд ажлаа үзүүлэхгүй, хил гааль, татварын мөнгөө төлөхөөс өөр эдийн засагт нөлөөлөх юм алга. Харин Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор бол шал өөр.
-Тэгвэл та нарын оролцоо гэрээ хэлэлцээрт тусгагдаагүй байхад бид олборлосон нүүрс, зэсээ энэ цогцолборт чинь өгөхгүй гэвэл яах вэ. Тийм эрх мэдэл нь бий юм биш үү?
-Ер нь, Монгол Улсын Засгийн газар яагаад парк барьж байна вэ гэхээр энэ стратегийн орд болон ашигт малтмалаа түүхийгээр нь гаргах хэмжээг багасгах зорилготой. Нөгөөтэйгүүр, гадаадын хөрөнгө оруулагч, техник технологийг оруулахдаа бид өөрсдийнхөө давуу талыг ашиглах ёстой. Ус, зам нь энэ байна гээд зохицуулж өгнө. Энэ нь Монголын давуу тал. Үүнийг зохицуулна. Зохицуулахаас өөр арга байхгүй. Ингэж чадвал бидний давуу тал болно. Оюу толгой дээр оролцоо байсан уу байхгүй. Энэ хоёрын хооронд ялгаа байгаа биз. Уг нь усных нь хайгуулыг хийгээд крант дээр нь өөрсдөө сууж байх ёстой. Гэтэл зүгээр өгчихсөн учир бидэнд эрх мэдэл алга. 34 хувь гэдэг хоосон тоог л хараад сууж байна.
-Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг барих сургаар гадаадын олон хөрөнгө оруулагч нар хамтрах хүсэлт илэрхийлсэн гэж сонссон. Манай улсын хувьд энэ талаар ямар байр суурь баримталж байгаа вэ?
-Олон компани санал ирүүлсэн. Тухайлбал, кокс химийн үйлдвэрт Германы “Тайсан” групп, БНХАУ-ын “Эм Си Си”, Зэс хайлуулах дээр Австралийн “Рио Тинто”, Төмрийн хүдрийн хоргол бэлдэх үйлдвэрт “Сил” гээд Энэтхэгийн компани гэх мэт. Компаниудын саналыг судалж үзээд аль аль талын боломж, бололцоог ярилцаад барьж байгуулах асуудлыг бүхэлд нь ярилцах юм. Хамгийн гол нь, гадаадын хөрөнгө оруулагч нартай гэрээ хэлцэл хийхээсээ өмнө Монгол Улс усныхаа асуудлыг шийдэх ёстой. Тэгээд хэлцлийнхээ үед Монгол Улсын хувь оролцоог түлхүү тооцох, хамтарч ажиллах болон татвар, хил гаалийн хөнгөлөлт үзүүлэх, дээр нь төмөр болон авто замын үйлчилгээг үзүүлье гэсэн чиглэлтэй байгаа. Мэдээж хэрэг, бид хөрөнгөө шууд гаргаад үйлдвэр барьж чадахгүй. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагч, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах учраас Засгийн газар төслийн удирдах баг ажиллуулах. Эл төслийн удирдах баг нь олон улсын хэмжээний гэрээ хэлцэл бусад менежментийн асуудлыг зохион байгуулна. Монголын талаас “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” компани ажиллана.
-Хүнд аж үйлдвэрийн эхлэл гэсэн утгаар эл цогцолборт дэд бүтцийн асуудал чухал. Гэтэл том төслүүд хэрэгжүүлнэ гээд зарладаг ч төмөр замд парк шинэчлэл, өргөтгөх, толгой нэмэх талаар дурсдаггүй гэж төмөр замынхан ярьдаг?
-Төмөр замын тухайд Таван толгой- Сайншанд-Чойбалсан гэсэн чиглэлтэй “Төмөр замын эдийн засгийн үнэлгээ мастер төлөвлөгөө” гэсэн нэртэй төсөл явж байгаа. Энэ төслийн хүрээнд 1800 км урт төмөр зам тавих судалгаа хийгдээд зарим зүйл нь тодорхой болсон. Тухайлбал, Таван толгойгоос-Сайншанд-Чойбалсангаас цаашаа Япон, Солонгос гэх мэт дэлхийн томоохон зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломж бүрдэнэ. Өнөөдөр бидэнд тулгамдаж буй асуудал бол хөрөнгө. Өнөөдөр шууд Сайншанд аж үйлдвэрийн авто замыг 5,10 тэрбумаар барих эдийн засгийн боломж Монголд байхгүй шүү дээ. Гэхдээ төслөө хэрэгжүлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар 2013 онд гэхэд хөрөнгө гаргаад судалгааны ажлуудаа хийх ёстой юм.
-Энэ паркийг монголчууд өөрсдийн хүч, оюунаар барина гэсэн утгаар нь хувьцаа гаргаж дэмжье гэсэн санал санаачилга гарсан байх юм?
-Одоохондоо энэ талаар яригдсан юм байхгүй. Юм болгон ээлж дараатай явах биз дээ. Хамгийн гол асуудал нь барина гээд энэ талаар их ярилаа. Гэтэл өнгөрсөн хугацаанд усны хайгуулаа хийгээгүй л байгаа байхгүй юу. Тэгээд яаж барих гэж байсан юм. Одоо л тэр хайгуул судалгаанд хэдэн төгрөг зарцуулъя гээд тавьчихаад Засгийн газрын хуралдаанаар оруулах гэж байна. Энэ төслийг түргэтгэх хэрэгтэй.
-Энэ төслийг танилцуулснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн. Харин биднийг бодит ажил болгох гэсээр байтал газар маань байх уу. Иймэрхүү асуудал мэр сэр гардаг шүү дээ?
-Өнгөрсөн есдүгээр сард дэд сайдаар ахлуулсан баг Сайншандад ажиллаад ирсэн. Тэр хүрээнд Дорноговь аймгийн Засаг даргын хэлснээр 3520 га газар бэлэн гэсэн. Өмнө нь, ҮХШХ-ныхонтой хамтарч ажиллаад ерөнхий талбайн байршил бүх зүйлээ тогтоогоод ирсэн юм билээ. Газрын хувьд маргаантай асуудал байхгүй. Цогцолбор байгуулах газар гэж тусад нь бэлэн хадгалсан. Ганцхан тэр талбайгаа ашиглах усны хайгуулын судалгаа, геодези, инженер геологи, байр зүйн зураг хийгдэх учиртай. Энэ ажлууд 2013 онд бодитоор хэрэгжинэ.