Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЯМРАЛ АМ.ДОЛЛАР, ТӨГРӨГ ХОЁРЫН ДУНД ЯС ХАЯВ


Гадаад валютын ханшаас импортын барааны үнэ ихээхэн шалтгаалдаг. Чухам­даа ам.доллар, юанийн нийлүүлэлт, эрэлт ямар байгаа нь үүнд нөлөөлдөг  гэсэн үг. Өнөөдөр манай улсын хувьд гадаад валютын орлого саарч, эрэлт нь давамгайлах шинжтэй болсон гэхэд хилсдэхгүй л болов уу. Яагаад гэвэл, экспортын хувь хэмжээ буурч, импорт сүүлийн жилүүдэд өссөөр иржээ. Тэр дундаа нефтийн бүтээгдэхүүний импорт жил бүр нэмэгдэж, толгой цохиж яваа. Энэ жилийн есдүгээр сарын байдлаар нийт импортын 49 хувийг нефтийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн орц эзэлж буй.  Үүнийг задлаад үзвэл их сонин тоо гарах байх. Учир нь, манайд үйлдвэрлэл хэр хөгжсөн билээ гэдгийг хүн бүр мэднэ. Харин шатахуун, тослох материалын хэрэглээ өдрөөс өдөрт өсч байгаа нь тодорхой. Сүүлийн жилүүдэд манай улс жилд нэг сая тонн шатахуун хэрэглэдэг болсон. Тэр дундаа дизелийн түлшний хэрэглээ эрс өсчээ.

Тухайлбал, нэг жилийн шатахууны хэрэглээний 58.4 хувийг эзэлж буй юм. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар импорт зургаан хувиар өссөн судалгаа гарсан. Түүний таван хувийг нь шатахууны хэрэглээ эзэлж байгаа. Мөн нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ энэ жил 256 сая ам.доллараар нэмэгджээ. Шатахууны хэрэглээ тэр дундаа дизелийн түлшнийх ингэж огцом нэмэгдэж байгаа нь уул уурхайн салбарын хүрээ тэлсэнтэй холбоотой.

Нөгөө талдаа тус салбарын экспорт, хөрөнгө оруулалтаас хэдий хэмжээний гадаад валют орж ирж байна вэ гэдгээс гадаад худалдааны алдагдал, валютын ханш тодорхойлогддог гэж хэлж болох нь. Гадаад валютын орлого буурахаар эрэлтийн график өндөр гарах магадлалтай.  Өөрөөр хэлбэл, хэрэглээ нь хэвийн, олдоц нь ховордсон зүйл илүү үнэд хүрдэг шиг. Өнөөдөр Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 1396 төгрөгийн орчимд тогтож байна. Энэ нь сүүлийн хоёр, гурав хоногт  дөрөв, таван төгрөгөөр  нэмэгдсэн үзүүлэлт. Харин валют солих зах дээр 1400-1402 төгрөгт хэлбэлзэж байна. Төв банкнаас гаргасан судалгаагаар энэ оны эхний найман сарын байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш харьцангуй тогтвортой бөгөөд 1.2 хувиар чангарсан дүн гарсан. Иймд дундаж ханш нь 1242 төгрөг бөгөөд өдөрт 0.01 хувийн хэлбэлзэлтэй байж. Тухайн үед өнгөрсөн оныхтой харьцуулахад манай улсын эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал 1.08 хувиар нэмэгджээ. Энэ оны эхний хагас жил хүртэл манай улсын ашигт малтмалын экспорт тэр дундаа нүүрсний үнэ гэрэлтэж байсан. Тухайн үед нэг ам.доллар дунджаар 1328 төгрөг  байв. Эдүгээ зугуухан өссөөр 68 орчим төгрөгөөр нэмэгдчихэж. Дэлхийн банк энэ оны наймдугаар сараас хойш манай эдийн засаг ямар байгааг дүгнэхдээ Монголбанк интервенц хийж буй нь ханшийн эрсдэлийг хязгаарлах үр дүн өгч байгааг дурдсан. Төв банк аравдугаар сарын байдлаар нийт 83 сая ам.доллар дуудлагаар худалдаж  валютын захад нийлүүлжээ. Үүнээс гадна арилжааны банкуудаас 64 орчим сая ам.доллар худалдан авсан дүн мэдээ байна.

Манай улсын гадаад худалдааны голлох валютын нэг нь яах аргагүй юань. Хагас жилийн байдлаар нэг юань дунджаар 208 төгрөг байв. Эдүгээ 220 төгрөг болчихож. Аравдугаар сарын байдлаар төв банк арилжааны банкуудад 519 сая юань худалдсан тооцоо бий.  Гэтэл өнөөдөр төсвийн орлогын чамгүй хэсэг тэр дундаа сүүлийн хоёр жилд улсын валютын сан хөмрөгийг арвижуулахад чухал нөлөө үзүүлж буй нүүрсний экспорт зогсонги байдалд орчихлоо. Мөн бусад ашигт малтмалын үнэ ч дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөгөөр уруудах янзтай байгаа. Тэгэхээр манай  улсын  орлого багасч,  валютын захын тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Валютын захын эрэлт, нийлүүлэлт энэ оны нэг болон гуравдугаар улиралд тэнцвэргүй  болжээ. Үүнээс үүдэн  гадаад худалдааны алдагдал нэмэгдэх, валют гадагшлах урсгал ажиглагдсан төдийгүй шатахууны үнэ өсөх шалтгаан болсон билээ.  Энэ нь хөрөнгө оруулалтын тодорхой бус байдал, гадаад худалдааны нөхцөл муудсантай холбоотой хэмээн эдийн засагчид хэлж байгаа.  Тэгэхээр манай улсын экспортын бүтээгдэхүүний гол худалдан авагч Хятад болон дэлхийн эдийн засгийн байдал манай улсын гадаад валютын орлогыг тодорхойлно. Харин валютын эрэлт, ханш, импортын барааны үнэ гадаад худалдааны алдагдлыг илэрхийлэх ажээ.

Аливаа зах зээлд эрэлт, нийлүүлэлтээс шалтгаалж үнэ ханш тогтдог. Иймд үүнийг тэнцүүлэхийн тулд Монголбанк төгрөгийн гадаад валюттай харьцах ханш макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох ёстой гэсэн зарчим баримталж байна. Өөрөөр хэлбэл,  төгрөгийн ханшийг хэт чангарах, унах эрсдэлээс хамгаалж тогтвортой байлгана гэсэн үг. Нэг ёсондоо  иргэдийн халаасан дахь төгрөг ханшийн эрсдэлд өртөж үнэгүйдэхгүй байх бололцоог бүрдүүлэх аж.  Ерөнхийдөө төгрөг бусад валюттай бяраа үзэхгүй тогтуун байх нь бидэн ашигтай хэмээн эдийн засагчид хэлдэг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан